Монгол Улсын Төрийн тамга
Монгол Улсын Төрийн тамга | |
---|---|
Дэлгэрэнгүй | |
Уриа | Монггол/Улус ᠮᠤᠩᠭᠤᠯ |
Хэрэглээ | 1992 оноос хойш |
Монгол Улсын Төрийн тамга нь Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын бэлгэ тэмдгийн нэг юм. Төрийн тамгыг Монгол Улсын Ерөнхийлөгч барина.[1] Төрийн тамгыг Үндсэн хуулийн уг эхийн хуудас бүр дээр, Монгол Улсын хууль, Улсын Их Хурлаар соёрхон баталсан олон улсын гэрээ, Монгол Улсаас гадаад улстай дипломат харилцаа тогтоох, цуцлах тухай Улсын Их Хурлын шийдвэрийн уг эхийн эхний хуудас дээр тус тус дарна.[2] Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын үед бүрэн эрх нь дуусч буй Ерөнхийлөгч шинээр сонгогдсон Ерөнхийлөгчид Төрийн тамгыг хүндэтгэлтэйгээр гардуулан өгдөг.[3]
Төрийн тамганы хэлбэр, хэмжээ
[засварлах | кодоор засварлах]Төрийн тамга дөрвөлжин хэлбэртэй, голдоо төрийн сүлдтэй, сүлдний хоёр талаар Монгол Улс гэсэн бичээстэй, арслангийн дүрс бүхий бариултай байна.[1] Төрийн тамгыг цул мөнгөөр, гар аргаар, ганц хувь үйлддэг бөгөөд 10.0 см:10.0 см:2.0 см хэмжээтэй, харин арслангийн дүрс бүхий бариул нь 8.0 см өндөртэй байна. Төрийн тамганы дөрвөн өнцөгт бат бэхийг бэлгэдсэн холбоо түмэн насан хээ байрлуулан, Монгол Улс гэсэн бичээсийг монгол үсгээр эвхэж бичсэн байна. Төрийн тамгыг үндэсний хээгээр чимэглэсэн мөнгөн тоног бүхий, зөөлөн торгомсог эдээр доторлосон зандан модон хайрцагт байрлуулна.[2]
Төрийн тамга, тамганы хайрцгийг С.Сугар, Д.Сосорбарам, З.Батжаргал нарын дархчууд 1992 онд урлан бүтээжээ.[4][5]
Мөн үзэх
[засварлах | кодоор засварлах]Эшлэл
[засварлах | кодоор засварлах]- ↑ 1.0 1.1 "Монгол Улсын Үндсэн хууль". legalinfo.mn. Татаж авсан: 2024-05-05.
- ↑ 2.0 2.1 "Төрийн бэлгэ тэмдгийн тухай хууль". legalinfo.mn. 1994-05-20. Татаж авсан: 2024-05-05.
- ↑ "Монгол Улсын зургаа дахь Ерөнхийлөгч УХНААГИЙН ХҮРЭЛСҮХ тангараг өргөлөө". president.mn. 2021-06-25. Татаж авсан: 2024-05-05.
- ↑ "Дарьганга урлалын гайхамшиг буюу Зундуй дархны гурван үеийнхэн". gogo.mn. 2015-04-13. Эх хувилбараас архивласан: 2024-06-17. Татаж авсан: 2024-06-17.
- ↑ "УРАН СУГАР". tengeriingvvr.blogspot.com. 2013-02-11. Эх хувилбараас архивласан: 2023-11-23. Татаж авсан: 2024-06-17.