Jump to content

Гончигийн Бумцэнд

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Гончигийн Бумцэнд

Партизан хэмээх Гончигийн Бумцэнд (1881 оны 9-р сарын 11-нд төрсөн —1953 оны 9-р сарын 23-нд нас барсан) Монголын төрийн зүтгэлтэн байв. БНМАУ-ын Сүхбаатарын одон, Байлдааны гавьяаны улаан тугийн одон, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнагдсан.

Тэрээр Түшээт хан аймгийн Эрдэнэ вангийн хошуу, одоогийн Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Дулаанхаан тосгоны нутагт ядуу ард Гончигийн гэр бүлд 1881 оны намрын эхэн сарын шинийн 17-нд мэндэлжээ.

Тэрбээр хурга, ишиг хариулж болохуйц тэр л үеэсээ баячуудад зарцлагдан мал хариулах, өвс хадах, жин тээхийн зэрэгцээ өөрийн хичээл оролдлогоор 13 настайдаа монгол бичиг сурчээ. Партизан Г.Бумцэнд удалгүй журамт цэргийн нэгэн хорооны ангийн даргаар томилогдож Хиагтыг чөлөөлөх байлдаанд гарамгай сайн байлдсан тул Хиагт хотыг сэргийлэн хамгаалах хорооны даргаар томилогдож, гамин цэргийг мөрдөн хөөх, цагаантны цэргийн довтолгооныг няцаан байлдахад удаа дараа гарамгай гавьяа байгуулжээ.Тэрбээр Хиагтыг чөлөөлөх тулалдаан, Нийслэл Хүрээ рүү хийсэн цэргийн аянд оролцжээ. Хувьсгал ялсны дараагаар Ардын Засгийн газраас Сэцэн хан аймгийг тохинуулах сайдад Магсар хурцын Дугаржавыг, Цэргийг захирах даргад Гончигийн Бумцэнд нарыг тохоон томилжээ. Энэ үед Сэцэн ханы нутагт Нийслэл Хүрээг чөлөөлөх үеэр зугтан зайлсан Жигжид Жамбалоны цэрэг, түүнтэй үгсэн хуйвалдсан Зүүн өмнөд хязгаарын цэргийг захирах сайд цахар Найдан ван нарын самуун этгээд үүрлэн байсан цаг байлаа. Хилийн гаднаас Гусай амбан Жодовжав цэргийн хүчээр заналхийлэн байжээ. Тэрхүү Жодов амбан болбоос өмнө нь Хятадын хар цэрэгт орж тулалдаж яваад Монголд олзлогдож байсан бөгөөд Баатар ван түүнийг өршөөж суллан тавьсан байдаг. Гэтэл тэрээр цагийн самууныг ашиглан Дарьгангын зургаан сумыг ард иргэдийн хамтаар Хятадад нийлүүлэхийг санаархаж байв.

1921 оны 7-р сарын 17-ны өдөр М.Дугаржав, Г.Бумцэнд нар 200 гаруй цэрэг авч Нийслэл Хүрээнээс гарч суман өртөөгөөр довтолгосоор Молцог элс хүрч, Егүзэрийн хvрээ, одоогийн Дорнод аймгийн Матад сумын нутаг Алтан Очиртын сvмийн ойрхи Могойт хэмээх газар тэдгээр самуун этгээдтэй ширүүн тулалдаан хийж зугтаалгажээ. Хар усны тохойд Найдан вангийн цэргийг цохиж, барон Унгернийн цэргийн дэд жанжин буриад Жамбалон, барга Лувсан, гүн Гомбожав нарыг олзлон авч байжээ.

Ардын хувьсгал ялсны дараа Г.Бумцэнд Цэнхэрийн гол, Хүүхэн хутагтын хүрээ зэрэг газраар цагаантны үлдэгдлийн эсрэг ангиа удирдан байлдсан байна. 1921 оны 9-р сарын дундуур тэрбээр Цэцэн хан аймгийг тохинуулах цэргийн бүрэлдэхүүнд хороогоо командлан оролцож, Егүзэрийн хийд, Бухын хашаат зэрэг газраар цагаантны үлдэгдэл хүчийг нэхэн байлдаж, Монголын дорнод хязгаарыг чөлөөлөн төвхнүүлэхэд их гавьяа байгуулсан хүн юм. 1940 он тодруулбал, Улсын Бага Хурлын Тэргүүлэгчдийн даргаар сонгогдох хүртлээ голдуу Алтанбулаг хотноо ажиллаж, орон нутагт засаг захиргаа байгуулах, харгис феодалуудын эсэргүүцлийг дарж, ангийн хувьд устгах, ард түмнийг шашны мунхруулгаас ангижруулах, тэдний дунд соёл түгээхэд идэвхийлэн оролцож, Сэлэнгэ аймаг, Алтанбулаг хотын хоршооны даргаар он удтал ажилласан байна. Г.Бумцэнд нь 1940 оны 3-р сард хуралдсан МАХН-ын Х-р Их хуралд оролцож, Намын төв хорооны тэргүүлэгч гишүүнээр сонгогдож байжээ. Мөн онд хуралдсан улсын VIII Их хурлаас түүнийг Улсын Бага Хурлын гишүүн, улмаар БНМАУ-ын Бага Хурлын Тэргүүлэгчдийн даргаар сонгожээ. Г.Бумцэндийн байгуулсан гавьяаг төр засгаас өндрөөр үнэлж, Сүхбаатарын одон, байлдааны гавьяаны улаан тугийн одон, хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор тус бүр хоёр удаа шагнажээ.

Бум хурандаагийн тухай хүмүүсийн яриа

[засварлах | кодоор засварлах]

Бум хурандаа хүнийг том жижиг гэж ялгалгүй тэгш сайхан харилцдаг, хэнтэй ч хамаагүй тоглож, нааддаг байжээ. Нэг шөнө морь харахаар босоход нь бие хамгаалагч нь буугаа ширээн дээр тавиад унтаж байжээ. Тэгэхлээр нь бууг нь авч гэрийг нь цоожлоод орхижээ. Нөгөө бие хамгаалагч нь тэр өдөржингөө бүлхи залгисан мэт царайлан байжээ. Энэ үед тэрээр бууг нь эргүүлж өгөхдөө загнаж зандарсангvй, харин ч “буундаа эзэн болж чадахгүй хүн бусдыг хамгаалж чадах болов уу” гэсэн домог мэт яриа байдаг. Тэрээр үеийн нөхөдтэйгээ их “хатуу” тоглодог байсан бөгөөд нэг өдөр Н.Янжмаа зэрэг хэдэн нөхөд нь ирж өвгөнийг зодоод, хэдэн өдөр хазгар явж байсан гэлцдэг.

Тэрбээр эрийн гурван наадамд их дуртай сонирходог байжээ. Сур маш сайн харвадаг, улсын мэргэн цолтой байсныг нь хүмүүс тэр бүр мэддэггүй юм. Охин Должинжав нь “аав сур их харвадаг, бүтэн сайн болгон сур харвана. Би сумыг нь зөөдөг байсан. Сур харвах газар нь одоогийн Эрүүлийг хамгаалах газрын өмнөхөн байсан”, хүү Б.Эрдэнэ нь “аав нум, сум хоёроо тун их нандигнан хүндэтгэж, хөнгөн тэргээр наадам дээр залж авчирдаг байсан. Харамсалтай нь аавын минь тэр сайхан нумыг хожмын төрийн нэгэн эрхтэн сайд доод тушаалтнуудаа захиргаадан гадаадын зочинд бэлэглүүлж, харь оронд гаргуулчихсан юм” хэмээн ярьж байжээ.

Бум хурандаа их л энгийн даруу аж төрдөг байсан. Голдуу гурилтай шөл, бүхэл мах идэж, сүүтэй цай уудаг. Хааяа жүнз "морь сарлаг" (конъяк) татах дуртай байжээ. Өглөө дөрвөн бэрх хаядаг зуршилтай, үлгэр домог, үүх түүх яриулах их дуртай. Хамрын тамхи их татдаг хүн байсан гэдэг. Их тэнгэрийн амны цэцэрлэгийг Бум гуай, маршал хоёр бий болгосон гэж маршалын коммисар асан Элчин сайд Пунцагийн Шагдарсүрэн гуай дурссан байдаг. Тэд л цэцэрлэгээ хоёр талаас нь ээлжлэн тарьж, битүү цэцэрлэгжүүлсэн ажээ. Сүсэг бишрэлтэй нэгэн байсан бөгөөд харин үүнээ Маршалаас нуудаг байсан гэлцдэг. Малчны хуанлийг анх санаачилж, Шинжлэх ухааны Хүрээлэнгээр бэлтгүүлэн хэвлүүлж байжээ.

Г.Бумцэнд, маршал Х.Чойбалсан хоёр энгийн хээ шаагүй тун чиг дотно харилцаатай байсан нь олон баримтаас тодордог. Х.Чойбалсан 1940 онд хуралдсан БНМАУ-ын VIII Их хурлын дундуур Г.Бумцэндийг дуудан ирүүлсэн бөгөөд түүнийг УБХ-ын Тэргүүлэгчдийн дарга буюу төрийн тэргүүнээр сонгох маршалын саналыг Их хурлын төлөөлөгчид дэмжин баталжээ”.

Х.Чойбалсан цагаан сарын шинийн 1-нд хамгийн түрүүнд Бумцэндэд очиж золгодог байсан нь нэг талаас ах захаа хүндэтгэх монгол ёс нөгөө талаар төр ёсоо дээдлэх дорно дахины ухаан билгийн хаялга байсан биз ээ хэмээн академич Ж.Болдбаатар багш тэмдэглэжээ. Г.Бумцэнд маршалыг “Монголын ард түмний жолоодогч” хэмээн үздэг байсан, тиймдээ ч түүний хэлсэн үг илтгэл нь бүгдээрээ “Чойбалсан мандтугай “ гэдэг үгээр төгсдөг байжээ.

Тэр хоёрын тухай охин Б.Должинжав “Аав Чойбалсан гуай хоёр толгойгоо нийлүүлж хэвтээд л юм ярина. Бие биенээ түлхэлцэж, авгай нараа ам хэлээр өдөөн хатгаж тоглодог байсан”, маршалын комиссараар найман жил ажилласан Б.Доржпалам “Ах маршал хоёул хөдөө явдаг байсан. Чойбалсан ахыг Бумаа гэж дуудна. Чойбалсан нэг удаа Сэлэнгэ аймагт очоод Дотоод Яамны хэлтсийн нэг өрөөнд хоёул пижигнэтэл ноцолдож билээ”, Н.Шархүү “Бум гуай маршал хоёрыг хөдөө явахад айл цай чанаж хоол хийж өгнө. Хоёр өвгөн ч ийм тийм гэхгүй сайхан идэж ууна. Айраг ч сайн ууна. Харин Цэдэнбал хөдөөний айлд юм идэж уудаггүй хүн байсан. Маршал, Бум гуай хоёр их дотно, ер нь их л сайн байсан даа. Янз бүрийн асуудал Чойбалсанд танилцуулахад Бум үзсэн үү, Бум мэдсэн үү гэж заавал асуудаг байсан. Тэр хоёр бие биеэ үгээр идэж, ёжолж их тоглодог байсан”, Ж.Санжмятав” нэг удаа Бум гуайг хурлаас хоцорч ирэхэд “за чи авгай эргүүлж яваад ирэв үү” хэмээн асуугаад жуумалзаж байж билээ”, П.Шагдарсүрэн “нэг удаа хөдөө хоноход маршал надад “чи наадахдаа задгай амтай том түмпэн тавьж өг" гэхэд Бум гуай “гайгvй чамд ийм цаг удахгүй ирэх вий” гээд инээлдэж байжээ.

Г.Бумцэнд гуай архаг бронхит, астматай байсан бөгөөд хоёр ч удаа ЗХУ-д эмчлүүлж байв. Бие нь муудаж дор ороход өөрийн голомтдоо өөд болно хэмээн дөрвөн ханатай гэрээ бариулж, байж байгаад 1953 оны 9-р сарын 23-ны үүрээр насан эцэслэжээ. Монгол Улсын төрийн тэргүүн таалал төгссөнтэй холбогдуулан мөн өдөр БНМАУ-ын нутаг дэвсгэр даяар гашуудал зарлаж төрийн далбааг бөхийлгөжээ. 9-р сарын 25-нд түүний цогцсыг Алтан-Өлгийд оршуулсан байна.