Юмжаагийн Цэдэнбал

Юмжаагийн Цэдэнбал
ᠶᠠᠭᠤᠮᠠᠵᠢᠭ᠎ᠠ ᠶᠢᠨ ᠴᠡᠳᠡᠨᠪᠠᠯ


Монгол УлсМонгол Улс Монгол Улс Улсын Ерөнхий сайд
Албан тушаал хашсан
1952 оны 1 дүгээр сарын 26 – 1974 оны 6 дугаар сарын 11
Өмнөх Хорлоогийн Чойбалсан
Дараах Жамбын Батмөнх

Монгол УлсМонгол Улс Монгол Улс МАХН-ын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга
Албан тушаал хашсан
1940–1954
Дараах Дашийн Дамба

Монгол УлсМонгол Улс Монгол Улс МАХН-ын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга
Албан тушаал хашсан
1958–1984
Өмнөх Дашийн Дамба
Дараах Жамбын Батмөнх

Монгол УлсМонгол Улс Монгол Улс Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга
Албан тушаал хашсан
1974 оны 6 дугаар сарын 11 – 1984 оны 8 дугаар сарын 23
Өмнөх Сономын Лувсан
Дараах Нямын Жагварал

Төрсөн 1916 оны 9 сарын 17
Олноо Өргөгдсөн Монгол Улс Үнэн Зоригт Хан аймаг Зоригт ханы хошуу
Нас барсан 1991 оны 4 сарын 21
 ЗХУ Москва хот
Улс төрийн нам МАХН
Гэр бүлийн хүн Анастасия Филатова Цеденбал
Хүүхэд том хүү Владислав, хүү Зориг
Төгссөн сургууль Сибирийн Санхүү, Эдийн засгийн дээд сургууль,
Улаан-Үд хотын Санхүү, эдийн засгийн сургууль
Мэргэжил Улс төрч,нам, төр, цэргийн зүтгэлтэн
Цэргийн алба
Зүтгэсэн улс  Монгол
Алба хаасан Монголын Ардын арми
Хашсан он 1936-1984
Цол Маршал
Шагнал БНМАУ-ын баатар

Сүхбаатарын одон Сүхбаатарын одон Сүхбаатарын одон Сүхбаатарын одон Сүхбаатарын одон Сүхбаатарын одон
Байлдааны гавьяаны улаан тугийн одон Байлдааны гавьяаны улаан тугийн одон Байлдааны гавьяаны улаан тугийн одон Байлдааны гавьяаны улаан тугийн одон Байлдааны гавьяаны улаан тугийн одон Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон
Алтан гадас одон Ардын хувьсгалын 25 жилийн ойн хүндэт медаль

Юмжаагийн Цэдэнбал (1916 оны 9 сарын 17 - 1991 оны 4 сарын 21) нь 1940 оноос 1984 он хүртэл БНМАУ-ыг удирдаж байв. Тэрээр амьдралынхаа туршид БНМАУ-ын төрийн тэргүүн, Ерөнхий сайд, Монгол Ардын Хувьсгалт Намын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, Улс төрийн товчооны гишүүнээр ажиллаж байв. БНМАУ-ын маршал, БНМАУ-ын баатар, хөдөлмөрийн баатар цолоор шагнагдаж байсан.

Намтар[засварлах | кодоор засварлах]

Юмжаагийн Цэдэнбал буюу багын нэр Юмжавын Цэдэнпил нь Үнэн Зоригт Хан аймгийн Зоригт Хан хошуунд (өнөөгийн Увс аймгийн Давст сум) Дөрвөд гэр бүлд 1916 онд төржээ. Цэдэнбал нь 11 хүүхэдтэй айлд тав дахь нь болж төрсөн байна. 1925 онд Ховд хотын бага сургуульд элсэж 1929 онд төгссөн. Мөн онд Цэдэнбалын боловсролыг үргэлжлүүлэхээр Эрхүү рүү явуулжээ. 9 жилийн турш тэрээр Улаан-Үд, Эрхүүд суралцаж 1938 онд Сибирийн Санхүү, Эдийн засгийн институтыг онц дүнтэй төгсөж санхүү эдийн засагчийн мэргэжил эзэмшжээ. Оросууд "Володя" гэж дууддаг байжээ.

Улс төрийн амьдрал[засварлах | кодоор засварлах]

1938 онд сургуулиа төгсөөд Улаанбаатар хотод ирж Санхүүгийн техникумд хичээлийн эрхлэгчээр ажиллаж байгаад 1939 оны 3 дугаар сараас Сангийн яамны дэд сайд, 7 дугаар сараас 1940 оны 4 дүгээр сар хүртэл Сангийн яамны сайдаар ажиллах хугацаандаа Монголын худалдаа аж үйлдвэрийн банкны ерөнхий хорооны даргын ажлыг хавсран гүйцэтгэжээ. 1940 оны МАХН-ын Х Их хурлаар МАХН-ын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга буюу намын даргаар сонгогдож 1984 оны 8 дугаар сар хүртэл 44 жил тасралтгүй ажиллажээ. Энэ 44 жилийн хугацаанд Улс төрийн товчооны гишүүн байв.

1945-1952 онд БНМАУ-ын Ерөнхий сайдын орлогч, Улсын төлөвлөгөөний хорооны дарга, 1952-1974 онд БНМАУ-ын Ерөнхий сайд, БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн дарга, 1974-1984 онд БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга буюу БНМАУ-ын төрийн тэргүүнээр ажилласан юм.

Ю. Цэдэнбалын БНМАУ-д байгуулсан гавьяа[засварлах | кодоор засварлах]

Түүнийг улс төрийн амьдралд орж эхлэх үед Монгол Улс азийн хоцрогдсон орон байсан, социалист нийгэм байгуулах хөгжлийн зам дээр дөнгөж гарч ирж байсан орон байсан. Ю.Цэдэнбал Монгол орныг аж үйлдвэржүүлж, хөдөө аж ахуй, газар тариаланг хөгжүүлж, хүн амаа шинэ бичиг үсэгт хамруулж, эрүүл мэнд, боловсрол, шинжлэх, ухаан, соёлын салбарыг хөгжүүлэхэд онцгой анхаарч байсан. Зөвлөлт Холбоот Улсын болон социалист орнуудын Их дээд, тусгай дунд сургуулиудад монголын олон мянган оюутан сурч дээд боловсролтой болж байв. Үйлдвэрийн Дархан, Эрдэнэт хотууд шинээр байгуулагдаж байв.

Ю.Цэдэнбал БНМАУ-ын тусгаар тогтнолыг баталгаажуулах, 1961 онд НҮБ-ын бүрэн эрхэт гишүүн болгоход чухал хувь нэмэр оруулсан. Түүнийг төрийн эрх барьж байх хугацаанд БНМАУ дэлхийн 130 гаруй улстай дипломат харилцаатай, 60 гаруй улстай соёлын харилцаатай болсон. Ю.Цэдэнбал ЗХУ болон бусад социалист лагерийн орнуудын дэмжлэгтэйгээр БНМАУ-ын нийгэм эдийн засаг, соёлыг 1960-1980 онуудад эрчимтэй урагшлуулан хөгжүүлсэн гавьяатай.

БНМАУ болон Зөвлөлт Холбоот Улсын харилцаа[засварлах | кодоор засварлах]

Ю. Цэдэнбал Хрущевыг залгамжлаад 1964 онд Леонид Ильич Брежневийг нэгдүгээр дарга болонгуут Зөвлөлтийн зээл тусламжийг Монгол руу татаж чадсан хүн.

1966 онд анх удаа Зөвлөлт холбоот улсын удирдагч Л.И.Брежнев манайд айлчлав. Энэ үед ЗХУ Монгол улс хоёрын хооронд 30 жилийн өмнө маршал Х.Чойбалсангийн үед байгуулсан гэрээний баримт бичгүүдийн хугацаа дуусч байв. Брежнев Цэдэнбал хоёр Хятадын зүгээс занал хийсэн нөхцөл байдал бий болсон тохиолдолд хоёр тал хамтран тус хоёр орны аюулгүй байдал тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хангах зорилгоор бүхий л шаардлагатай түүний дотор цэргийн арга хэмжээ авах болно гэсэн баримт бичигт гарын үсэг зурсанд Брежневийн айлчлалын гол ач холбогдол нь байсан юм.

Брежневтэй байгуулсан гэрээгээр урьд хилийн дагуу 100 гаруй мянган хүнтэй Зөвлөлтийн цэргийн ангийг байрлуулах асуудал тэр үед яригдсан байдаг. Хятадын байдал юунд ч хүрч болзошгүй аюултай байдалд хүрсэн тул Бал дарга ийнхүү Брежневээс Монголд байгаа цэргийнхээ тоог нэмэгдүүлэхийг гуйхаас өөр аргагүй байдалд хүрч байжээ. Хятадууд Вьетнам руу дайрч байх тэр үед орос цэргүүд манай урьд хилийн ойролцоо байрлаж, Монголчууд бидний аюулгүй байдлын баталгаа болж байсныг илэн далангүй ухуулж таниулж болохгүй улсын нууц байсанд л хэргийн гол учир оршино.

Хоёр дахь удаагаа манайд айлчлахад Брежнев даргын далан насны ой нь ойртсон үе байж. Ю.Цэдэнбал БНМАУ-ын хүндэт иргэн гэдэг цол бий болгож, давхиж яваа морьтны дүрстэй төрийн сүлд бүхий туузанд зүүдэг алтан таван хошуу гардуулъя гэсэн санал УТТ-ыхондоо гаргажээ. Одонг урлахад 80 орчим грамм /ЗХУ-ын баатарын одонд ордгоос гурав дахин их/ алт орсон гэдэг.

Зөвлөлт Холбоот Улсын БНМАУ-д байгуулсан бүтээн байгуулалтууд[засварлах | кодоор засварлах]

БНМАУ-ын барилгажилтын их ажилд Зөвлөлт холбоот улс үнэтэй хувь нэмэр оруулсан билээ. Монголд байгуулах үйлдвэр, ХАА-н олон төрлийн барилга байгууламжийг барихад хүчин дутагдаж байсан учир Ю. Цэдэнбал дарга удаа дараагаар хүсэлт тавин хоёр орны засгийн газрын хэлэлцээрээр Зөвлөлтийн барилгын байгууллагуудыг Монголд ажиллуулахаар тохиролцжээ. Ингээд Зөвлөлтийн барилгын гурван трест Монголд ирж, богино хугацааны дотор асар их ажлыг хийж гүйцэтгэсэн байдаг.

Зөвлөлтийн барилгын трестүүд нийслэлийн 1, 3, 4, 13,15-р хороололд орон сууц, сургууль, цэцэрлэг, үйлчилгээний төвүүдийг байгуулж, цардмал зам талбай, хорооллын тохижилтыг иж бүрэн хийсэн юм. Орос барилгачид нийслэлд орон сууцнаас гадна гэрлэх ёслолын ордон, залуу техникчдийн ордон, хүүхдийн ордон, үйлдвэрчний эвлэлийн ордон, шинжлэх ухаан технологи мэдээллийн төв, орбит станц, усан бассейн зэрэг олон сайхан барилгуудыг барьсан.

Монгол-Зөвлөлтийн барилгын мэргэжлийн хамт олон 1965-1989 оны хооронд нийслэл хотын хороололд нийтдээ 1,1сая ам метр талбайтай орон сууц, соёл ахуйн иж бүрэн цогцолборуудыг барьж ашиглалтанд оруулсаны дотор Шастины нэрэмжит улсын 3-р эмнэлэг, нэгдсэн 2-р эмнэлэг, гэмтлийн эмнэлэг, халдварт өвчин судлалын эмнэлэг, хавдар судлалын эмнэлэг, эх нялхсын төв эмнэлэг зэрэг цогцолборуудыг барьсан юм.

Ю. Цэдэнбал даргын уйгагүй хөөцөлдлөгийн дүнд говь хээрийн бүсийн аймгуудад онцгой шаардлагатай үйлдвэр, хөдөө аж ахуйн томоохон барилга байгууламжуудыг барих зорилгоор Зөвлөлтийн барилгын 3-р трестийг 1965 онд Улаанбаатар хотод байгуулж байж. Тус трест нийслэл хотод сүлжмэлийн үйлдвэр, мянган автомашины засварын газар, барилгын машин механизмын завод, арьс шир боловсруулах үйлдвэрүүд, керамзитийн үйлдвэр, тоосгон завод, троллейбусны депо, ”Буянт Ухаа” нисэх буудал, ээрмэлийн үйлдвэрийг барьж ашиглалтанд оруулжээ.

Аймаг орон нутагт томоохоноос нь дурьдвал зөвхөн Дорнод аймагт л гэхэд адуун чулууны нүүрсний уурхай, цахилгаан дулааны станц, гурилын үйлдвэр, Халх гол САА гэх мэтийн барилга байгууламжууд, хивсний үйлдвэр, ноос угаах үйлдвэр, Борнуур, Зүүнхараа, Түмэнцогт, Өндөрхаан, Баянцогт, Заамар, Эрдэнэсант, Орхонтуул, Байдраг, Баянчандмань, Баруунхараа, Хурхын сангийн аж ахуйнууд, Улаанбаатар хотод Барилгын ТМС, сүүний үйлдвэр, Чойбалсан, Мандалговь, Сайншанд, Баруун-Уртын дунд сургуулиуд, Баруунтуруун, Хархираа, Цагаатолгойн услалтын системүүд, зэрэг хөдөөгийн асар олон газарт малын хашаа, тэжээлийн нөөцийн барилгуудыг барьж өгснийг бид мартах ёсгүй юм.

Эрдэнэт үйлдвэрийг босгосон түүх[засварлах | кодоор засварлах]

Ю. Цэдэнбал дарга Монгол орныг үйлдвэржүүлэх, эдийн засгийг өөд татах, экспортыг нэмэгдүүлж, валютын нөөцийг өсгөхөд “Эрдэнэт” үйлдвэр, шинэ хот чухал үүрэг гүйцэтгэхийг ухамсарлан Эрдэнэтийн овооны орд газарт геологи-хайгуул явуулах, зураг төсөл гаргах, техник-эдийн засгийн үндэслэлийг боловсруулах ажлаас эхлээд үйлдвэр, хот байгуулах, өндөр үр ашигтай ажиллуулахад эхнээс нь анхаарч, асар их зүйл санаачлан хэрэгжүүлсэн байдаг.

Эрдэнэт үйлдвэрийг Монголд барих эсэх талаар тэр үеийн Зөвлөлтийн удирдлагууд хоорондоо санал зөрөлддөг байж. Энэ ажлыг түргэвчлүүлэхэд Ю. Цэдэнбал дарга айхтар ухаан гаргасан талаар Уул уурхайн яамны сайд асан, хөдөлмөрийн баатар Хурц гуай дурсахдаа "1968 оны 7 сарын сүүлээр "Цагаан суварга"-ын ордыг Япончуудад танилцуулахад Цэдэнбал дарга надад хоёр зүйл захисан. Нэгдүгээрт ордын нэрийг нь хэлж болохгүй, хоёрдугаарт хаана гэдгийг нь хэлээд хэрэггүй гэсэн юм. Би ч даргын захисан ёсоор ордын талаар Япончуудад танилцууллаа. Тэгтэл сарын дараа намайг СнЗ-ийн орлогч дарга Пэлжээ гуай дуудаж байна. Яваад очтол “Цэдэнбал дарга Брежневтэй уулзахаар гэнэт явлаа. Ямар шалтгаантайг нь мэдсэнгүй. Бас ганцхан комиссартайгаа явсныг бодоход их л чухал асуудал юм шиг санагдлаа” гэв. Удаа ч үгүй дарга ирлээ. Их баяртай ирсэн. Нөгөө нэрийг нь хэлээд хэрэггүй гэсэн "Цагаан суварга"-ын ордын талаарх мэдээлэл Японы сонинд гарсныг нь Зөвлөлтийнхэн Эрдэнэт гээд бодчихож л дээ. Угаасаа нэр нь дурдагдаагүй болохоор тэгж бодох нь гарцаагүй. Тэгээд манайхыг Эрдэнэтээ Япончуудтай нийлж ашиглах нь гэж сандарсандаа Брежнев яаралтай уулзъя гэсэн юм билээ. Сигнал авсан Зөвлөлтийнхэн ч яаралтай ажилдаа орж, Эрдэнэт гэдэг их айл үндсэндээ тавхан жилийн дотор сүндэрлэн боссон доо. Ю.Цэдэнбал даргын ухаан айхавтар байгаа биз. Нэг биш, хоёр биш, нэлээд хэдэн нүүдлийн цаадахыг харж, Эрдэнэтийг шуурхай барьж байгуулсны ачаар өнөөдөр бид энэ том үйлдвэрийнхээ буяныг эдэлж байна, цаашид ч эдэлнэ. Хүнд хэцүү үед Эрдэнэт л биднийг тэжээж байлаа шүү дээ." гэсэн байдаг.

Эрдэнэт үйлдвэр, шинэ хот барихад чухал ач холбогдолтой Салхит-Эрдэнэтийн төмөр зам, Дархан-Эрдэнэтийн авто замыг шинэчлэх, барилгын бааз барих, барилгачдад зориулсан орон сууц, соёл ахуйн объектуудыг 1973-1976 онд Зөвлөлт холбоот улсын хүчээр барьж, Эрдэнэт үйлдвэр, шинэ хотын барилга байгууламжид чухал шаардлагатай олон мянган нарийн мэргэжлийн ажилчид, инженер-техникийн ажилтан, удирдах хүмүүсийн гэр бүлийг ажилтай байлгаж, тогтвор суурьшилтай ажиллуулахад чиглэсэн хивсний үйлдвэр, хүнсний комбинат, сүү-ногооны чиглэлийн САА зэрэг олон том объектуудыг барьж байгуулах талаар Зөвлөлтийн талтай тохиролцон богино хугацаанд барьж ашиглалтад оруулахад Ю.Цэдэнбал даргын ач тус асар их билээ. Эрдэнэт хотын 5-р хорооллыг Ю.Цэдэнбал дарга санаачлан сүүлд нь нэмж бариулсан байдаг.

Дархан хотыг байгуулсан түүх[засварлах | кодоор засварлах]

Дархан-Сэлэнгийн бүс нутагт түлш эрчим хүчний цогцолборыг шинээр байгуулах, Дархан хотыг барьж босгох зорилгоор Зөвлөлтийн барилгын 1-р трестийг 1960 оны сүүлээр Дархан хотод байгуулсан юм. Мөн Зөвлөлтийн барилгын инженер хайгуулын институт ирж ажилласны үндсэн дээр 1961 оны 10 сараас Бурхантын хөндийн эзгүй зэлүүд газарт шав тавьж, Найрамдлын Дархан хотын ажлыг эхлүүлж байжээ. Ингэж Монгол улсын хоёр дахь том хот болох Дарханыг барих нүсэр ажил өрнөж эхэлсэн түүхтэй.

Дархан хотын орон сууцны барилгууд, үйлдвэр аж ахуйн газрууд, сургууль эмнэлэг, Дархан-Шарын голын өндөр хүчдэлийн шугам, төмөр зам гээд маш олон тооны барилга байгууламжийг богино хугацааны дотор барьсны дээр хамгийн гол нь хэдэн мянган мэргэжилтэй ажилчдыг бэлтгэж өгсөн орос нөхдийн ач гавьяаг мартахын аргагүй. Дарханы Дулааны Цахилгаан станц, Байшин үйлдвэрлэх комбинат, Барилгын нэгдэл, Хүнсний үйлдвэр, Хонгорын сангийн аж ахуй Дархан хотыг тойрсон үр тариа, хүнсний ногоо, мах сүүгээр хангах чиглэлийн дагавар аж ахуйнууд, Ерөөгийн алтны уурхай, Дархан, Номгон, Цагааннуур, Улаан толгойн САА-нууд, УГТЭШХүрээлэн гээд тоочиж баршгүй олон обьектууд энэ үеэр баригдсан байдаг. Польш улсын тусламжтайгаар Монголын анхны силикатын үйлдвэр, Нэхий эдлэлийн үйлдвэрийг Болгар улсын тусламжтайгаар, Цементийн заводыг Чех улсын тусламжаар, Мах комбинатыг Унгар улсын тусламжтайгаар Дархан хотод барьж байгуулсан байдаг.

Цэдэнбал даргын санаачилгаар баригдсан томоохон бүтээн байгуулалтууд[засварлах | кодоор засварлах]

Зөвлөлт холбоот улс болон Ю. Цэдэнбалын хүчин зүтгэлээр Улаанбаатар, Эрдэнэт, Дархан, Багануурт шинэ хорооллууд босч, Монгол орны нарийвчилсан газрын зургууд хийгдэж, нүүрс, барилгын материал, жонш, газрын ховор элемент, өнгөт металлын шинэ орд газрууд нээгдэж байсан түүхтэй.

Ю. Цэдэнбалын ойр дотно ажиллаж байсан хүмүүс нь даргыг “Хувийн жаргал хөөцөлддөггүй, баяжих хөлжихийг огт боддоггүй, ажлаас өөр чухал зүйлгүй, ард олноо хүндэтгэдэг, үгийг нь сонсдог эрхэм хүн” гэцгээдэг байлаа. Ю. Цэдэнбалын ажлыг товчхонд нь дүгнэж хэлэхэд тэрээр Никита Хрущевтой дотносож, Леонид Брежневтэй нөхөрлөж, Зөвлөлтийн зээл тусламжийг Монгол руу их мөрөн мэт урсган оруулж чадсан Монгол түмний өмнө мартагдашгүй гавьяатай хүн. Зөвхөн Зөвлөлт гүрэн төдийгүй, Ардчилсан Германы Хоннекер, Болгарын Тодор Живков, Унгарын Янош Кадр, Югославын Броз Тито гээд социалист лагерийн бүх орны удирдагчид, тэр бүү хэл ард түмэндээ хамгийн харамч хатуу ханддаг байсан Румыны Чаушескугаас хүртэл мебелийн үйлдвэр, цирк бариулж буцалтгүй тусламж авч байв. Зөвлөлтүүдтэй хагаралдан байж Японоос дайны төлбөрт “Говь” үйлдвэрийг бариулсан нь одоо хүртэл Монголын ард түмэнд үр өгөөжөө өгсөөр байгаа билээ.

Түүний гаргасан алдаа дутагдал[засварлах | кодоор засварлах]

Тэрээр БНМАУ-д маш олон бүтээн байгуулалтыг хийсэн хэдий ч Зөвлөлтийн заавраар ард түмний мал сүргийг хүчээр нийгэмчилж, улс орны нийгэм, эдийн засгийн хөгжилд шүүмжлэлтэй хандсан улс төрч, урлаг соёлын зүтгэлтэн, эх оронч сэхээтнүүдийг хавчин гадуурхаж, үндэсний соёл шашныг хориглох, хэт зөвлөлтчлөх бодлого баримтлах зэрэг алдаа дутагдал мөн гаргаж байсан. Тэрээр МАХН-ын Төв Хорооноос өөрийн гол өрсөлдөгч болох Дашийн Дамба (1959), Дарамын Төмөр-Очир (1962), Лувсанцэрэнгийн Цэнд (1963) болон «намын эсэргүүн» Цогт-Очирын Лоохууз, Хоролсүрэнгийн Нямбуу болон Бандийн Сурмаажав (декабрь 1964) нарыг зайлуусан юм.

Социализмын жилүүдэд Монголын байгалийн баялаг, алт зэс, уран, молибден, мал сүрэг ямар ч татваргүй, бараг үнэгүй зөвлөлт рүү /орос/ гарч байв. Монголын эдийн засаг сул дорой байлаа. Ард түмний амьдралын түвшингийн хувьд нэг хүнд ногдох ДНБ дөнгөж 350 доллар байсан нь африкийн ядуу орнуудын түвшинд байлаа.

Амьдралын сүүлийн жилүүд[засварлах | кодоор засварлах]

1984 оны 8 сард хөгшрөлт, оюуны доройтол гэх зэрэг шалтагаар Цэдэнбалыг тэтгэвэрт нь гаргаж, МАХН-ын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн даргаар Жамбын Батмөнх сонгогдсон. Ю.Цэдэнбалыг Зөвлөлтийн Улсыг Аюулаас Хамгаалах Хороо /КГБ/ монголын удирдагчаар томилж байсан бол түүнийг албан тушаалаас нь зайлуулах ажиллагааг мөн л зөвлөлтийн КГБ зохион байгуулсан хэмээн зарим судлаачид үздэг. Ю.Цэдэнбал нас барах хүртлээ Москвад бараг гэрийн хорионд амьдарч байсан. Ю.Цэдэнбал Монголдоо очих талаар ЗХУКН-ын Төв Хороо, Москва дахь Монголын Элчин сайдын яаманд удаа дараа хүсэлт гаргаж байсан боловч хэн ч түүний хүсэлтийг хүлээж аваагүй юм. Ю.Цэдэнбал 1991 онд Москвад нас барахад шарилыг нь Улаанбаатарт авчирч, Алтан өлгийд оршуулжээ. Цэдэнбалын оршуулах ажиллагаанд түүний гэргий А.Филатова оролцохоор Москвагаас Улаанбаатарт ирээд байхад нь монголын прокурорын байгууллага түүнээс байцаалт авахыг оролдож байжээ.Энэ нь монголын хууль хяналтын байгууллага ёс зүй байхгүй, тухайн үед коммунист хандлагаасаа салаагүй байсан гэдгийг харуулж байгаа юм. Ю.Цэдэнбалыг нас барсных нь дараа Улаанбаатар хотод Улсын Драмын Эрдмийн Театрын өмнөх талбайг Ю.Цэдэнбалын нэрэмжит болгож, хөшөөг нь босгожээ. Мөн Улаанбаатар хотын Эрэл дунд сургуулийн өмнөх талбай, Увс аймгийн Улаангом хотын төв талбай, төрсөн сум болох Давст суманд тус тус хөшөөг нь босгожээ.

2016 оны 9-р сарын 21-ний Засгийн газрын хуралдааны шийдвэрээр Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийг түүний нэрэмжит болгожээ. [1]

Гэр бүл[засварлах | кодоор засварлах]

  • Эхнэр — Анастасия Ивановна Филатова, (1920—2001), БНМАУ-ын Хүүхдийн төлөө фондын дарга.
    • Хүү —  ? ( 1948 оны 03 дугаар сарын 11—13), төрөөд 3 хоногийн дараа нас барсан.
    • Хүү — Владислав (1949—1999), ЭЗХТЗ-ийн Монголын талын орлогч даргаар ажиллаж байсан. Социалист систем бутарч, ЭЗХТЗ татан буугдсаны дараа ажилгүй болсон. Гэртээ ээжийн хамт түүнийг нас бартал амьдарсан. 1999 онд автомашины ослоор нас барсан.
    • Хүү — Цэдэнбалын Зориг (1957 онд төрсөн) М.В.Ломоносовын нэрэмжит Москвагийн Улсын Их сургуулийн биологийн факультетийг төгсгөсөн. Хиагтад төрсөн буриад Дарьмаатай гэр бүл болсон.
      • Ач охин — Анастасия (1985 онд төрсөн) М. В. Ломоносовын нэрэмжит Москвагийн Улсын Их сургуулийн дэргэдэх Ази, африкийн сургуулийг төгссөн.

Цол, шагнал[засварлах | кодоор засварлах]

БНМАУ-ын шагналууд

Гадны улс орнуудаас авсан шагналууд

Мөн үзэх[засварлах | кодоор засварлах]

  • Монголын удирдагч Ю.Цэдэнбалыг зайлуулах ажиллагаа

Цахим холбоос[засварлах | кодоор засварлах]

 Commons: Юмжаагийн Цэдэнбал – Викимедиа зураг, бичлэг, дууны сан

Эшлэл[засварлах | кодоор засварлах]

Өмнөх
Хорлоогийн Чойбалсан
Монгол Улсын Ерөнхий Сайд
1952-1974
Дараах
Жамбын Батмөнх
Өмнөх
Сономын Лувсан
Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга
1974-1984
Дараах
Нямын Жагварал