Жамбын Лхүмбэ

Жамбын Лхүмбэ
Жамбын Лхүмбэ
Ж.Лхүмбэ
ТөрсөнЖамбын Лхүмбэ
1902 он
Сайн ноён хан аймгийн Сайн ноёны хошуу/Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сум/
Нас барсан1934 оны 6 сарын 25
БНМАУ, Улаанбаатар хот
Үхлийн шалтгаанЦаазлуулсан
Оршуулагдсан газарБНМАУ, Улаанбаатар хот
Яс үндэсхалх
Үндэстэнмонгол
Боловсролгэрийн боловсрол ба намын сургууль
Төгссөн сургуульНамын төв сургууль
Он жил1924-1933 он
Юугаараа алдаршсанХэлмэгдсэн
ХэргэмМАХН-ын Төв Хорооны нарийн бичгийн дарга,МАХН-ын Төв Хорооны тэргүүлэгч,МҮЭ-ийн дарга
Хугацаа1932 оны 7-р сарын 301933 оны 6-р сарын 30
Өмнөх хүнБат-Очирын Элдэв-Очир
ЗалгамжлагчДоржжавын Лувсаншарав
Улс төрийн намМАХН
Удирдах зөвлөлМҮЭ
Шүтлэгшашингүй үзэлтэн
Шашны бүлэгкоммунист
Ял зэмхуулийн дээд хэмжээ
Ялын гүйцэтгэл1934 оны 6 дугаар сарын 25
Ялын нөхцөлбуудах
Эхнэр (нөхөр)Норжмаа
Хүүхэдхүү, охин
Шагнал1932 онд Цэргийн гавьяаны улаан тугийн 1-р зэргийн одон

Жамбын Лхүмбэ 1902 онд Халхын Сайн ноён хан аймгийн Сайн ноёны хошуу одоогийн Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын нутагт Хан хөгшин уулын Тээл гэдэг газар 11 хүүхэдтэй малчин ард Жамбынд мэндэлжээ.

Намтар[засварлах | кодоор засварлах]

Эгэл борог амьдрал дунд өссөн Лхүмбэ Ханхөгшиний хүрээнд шавилан сууж байгаад мал маллах жин тээх зэргээр амьдрал ахуйгаа залгуулж, улмаар сурч боловсрохын чухлыг ухаарч гэрээр монгол бичиг заалган сурч нэг хэсэг жасын бичээчийн ажил хийж байснаа 1924 онд Улаанбаатарт иржээ. Энд гэрийн багш Жамсрангаар бичиг эрдэм заалгахын сацуу мал маллагааны газар, тахал эсэргүүцэх станцад ажил хийж, 1927 онд мал эмнэлгийн газрын дэргэдэх МАХН-ын 152-р үүрт намын гишүүнээр элсч, улмаар 1928 онд Намын төв сургууль төгсчээ. Дотоодыг хамгаалах газарт төлөөлөгчөөр ажиллаж байгаад 1929-30 онд ЗХУ-ын Москва хотын КУТВ-ын сургуульд суралцсан байна. 1930 оноос Улаанбаатар хотын барилгын хоршооны дарга, МҮЭ-ийн даргаар ажиллаж, 1930 оны эхээр хуралдсан МАХН-ын 8-р их хурлаас Ж.Лхүмбийг МАХН-ын Төв Хорооны тэргүүлэгчээр, 1932 оны 6-р сард хуралдсан Намын Төв Хороо, НХБТК-ын хамтарсан онц 3-р бүгд хурлаас МАХН-ын Төв Хорооны нарийн бичгийн даргаар сонгогджээ.

Уг онц бүгд хурал нь тухайн үеийн монгол орны улс төрийн бодлогын алдаа оноог дэнслэн үзэж, түүхэнд “Шинэ эргэлтийн бодлого” гэж алдаршсан шийдвэрийг гаргасан. Уг бодлогыг хэрэгжүүлэхийн тулд зохион байгуулалтын асуудал хэлэлцэн шийдэж, НТХ-ны тэргүүлэгчээр Б.Элдэв-Очир, Ж.Лхүмбэ, Д.Лувсаншарав, П.Гэндэн, Х.Чойбалсан, Г.Дэмид нарын 11 хүнийг сонгож, НТХ-ны нарийн бичгийн даргаар Б.Элдэв-Очир, Ж.Лхүмбэ, Д.Лувсаншарав нарыг дэвшүүлэн баталсан байна.

Энэ үед Монгол орныг социалист туршилтын талбар болгосон нь олон нийтийн дургүйцлийг төрүүлж, төр засагт итгэлийг хөсөрдүүлсэн учир хил орчмын хэд хэдэн аймгийн айл өрх хэдэн мянгаараа хил даван оргож, эх орноосоо дайжин гарч байв. Судалгаагаар 11700 өрхийн 47 мянган хүн дүрвэсэн байна. Тухайн үеийн монголын удирдлага, түүний дотор Ж.Лхүмбэд хүн ардаа хилийн чинад алдана гэдэг тэвчиж болшгүй явдал байв. Нөхцөл байдал ийн хурцадсан учир монголын төр гаргасан алдаа завхралыг засах олон арга хэмжээ авч, Ж.Лхүмбэ харь улсын хилийн дээс давж одсон хүн ардынхаа хойноос олон хоног сараар хөөцөлдөж ядарч зүдэрч явсан байдаг. 1910-20-иод онд элгэн саднаа бараадсан буриад зон уван цуван хил дагуу нутагт нүүдэллэн ирэхэд Монголын Засгийн газар “Буриадын хурлын газар” хэмээх байгууллагыг бий болгон буриад хүнээр ахлуулж, тэдэнд газар нутаг олгох, аж ахуйгаа зохион байгуулахад нь дэмжлэг үзүүлэх, эрдэмтэн сэхээтнүүдийг нь төр захиргаа соёл гэгээрлийн албанд тохоон томилох зэргээр нүүдэллэн ирсэн элэг нэгтнүүдээ монгол нутагт идээшин суурьших бүхий л нөхцөл бололцоогоор хангахыг хичээж, аль болохоор дэмжиж туслах, хүн амаа олон болгох бодлого явуулж байв. Ж.Лхүмбэ монголд дагаар орсон буриадуудын улс төр иргэний эрх ашгийг хамгаалах талаар анхаарч, ажил үүргийнхээ дагуу нэлээд нааштай бодлого баримталж байжээ. Тиймээс зөвлөлтийн зөвлөх, сургагч нар, “Лхүмбийн буриадуудад тал өгч байгааг ашиглахаар шийдэж түүнийг хувьсгалын эсэргүү японы тагнуулын хэрэгт орооцолдуулан, монголчуудаар нь устгуулах арга сэдсэн ажээ. Оросууд олон жилийн турш үргэлжилсэн монголчуудын нэгдэн нийлэх хүсэл эрмэлзлийг хаан боогдуулах бодлого барьж, Монголын Засгийн газрын буриад зоноо нэгтгэж авах бодлогод цохилт өгөх, үндэсний дэвшилт үзэлтнүүдийн нийт монгол овогтныг нэгтгэх үзэл санааг бүрмөсөн тас цохиж, сайтар хашраах давхар зорилгоо ийн биелүүлсэн ажгуу.

Ийнхүү монгол ахан дүүсээ нэгэн дээвэр дор байлгахын төлөө Лхүмбэ засаг төрийн даалгаврыг нэр төртэй биелүүлж явжээ. 1931-33 оны хооронд бүрэн бус мэдээгээр 13 мянган хүн амтай 4000 өрх айл эх орондоо эргэж иржээ.

Ж.Лхүмбэ хувьсгалын эсэргүү бослого дарах үүрэгтэй Тусгай комиссыг даргалан ажиллаж байв. 1932 оны 4-р сарын 10-нд Хөвсгөл аймгийн Рашаанд сумын хүрээний орчмоос лам хар нийлсэн хүмүүс зэвсэгт бослого үүсгэж хамтралыг сүйтгэн хүрээ нь тэлсээр баруун аймгуудыг хамарчээ. Улмаар олныг хамарсан самуун болон даамжирч зэвсэглэн хүн алж, хоршоо дэлгүүр, сургууль соёлын газрыг талж сүйтгэсээр нөхцөл байдал хурцадсан учраас 1932 оны 4 сарын 17-ны өдөр БНМАУ-ын Бага хурлын тэргүүлэгчид, Засгийн газрын эрхлэх товчооны гишүүдийн хамтарсан Онц хурлаас Хөвсгөл аймагт гарсан эсэргүү бүлгэмийн хөдөлгөөнийг газар авахуулахгүй цохиж, даруй түргэн устгаж, олон нийтэд хорыг таниулах Тусгай комиссын даргад Ж.Лхүмбийг томилжээ. Бослогын гол хүчийг 7-р сарын сүүлчээр дарж чадсан ба 9 сарын 22-нд Хөвсгөл, Архангай, Өвөрхангай, Завхан, Алтай зэрэг аймагт тогтоосон онц байдлыг халж энх байдал тогтоосныг зарласан байна. Босогчдын тоо багаар бодоход 1932 оны 4-7-р сард 6000-8000 хүрч байсан ба бүрэн бус тооцоогоор хоёр талаас 6000 шахам хүн амь үрэгджээ. Ийнхүү Ж.Лхүмбэ бослого дарах ажилд оролцож, нутгийн олон түмний амгалан тайван амьдрах, нам засгаас явуулж буй шинэ эргэлтийн бодлогын мөн чанарыг олон нийтэд таниулах ажил хийж байгаад 1932 оны 6-р сарын эцсээр Улаанбаатарт ирээд НТХ-ны нарийн бичгийн даргын албанд томилогдсон байна.

Ж.Лхүмбэ 1930 оны 2-р сард НТХ-ны Тэргүүлэгчдийн хурлаас МҮЭ-ийн Төв Зөвлөлийн даргын албанд томилогдож юуны өмнө ҮЭ-ийн байгууллагыг үйлдвэрлэл, нутаг дэвсгэрийн зохион байгуулалтад оруулж ажил төрлийн 11 зөвлөл байгуулж, ҮЭ-ийн бүтэц зохион байгуулалтыг боловсронгуй болгох чухал арга хэмжээ авчээ. 1930-31 онд ҮЭ-ийн товчоог аймаг бүрт эмхлэн бий болгож, төлөөлөгчдийн газруудыг байгуулжээ. Аймгийн товчоо бүрт хөдөлмөрийн маргаан таслах комисс, зээлдэн туслах комисс, нийгмийн даатгалын комиссыг анх бий болгосон нь Монгол улсад нийгмийн даатгалын суурийг тавьсан явдал юм.

Монголын уугуул буриадуудын зэрэгцээ тус улсын Хэнтий, Дорнод аймагт элгэн саднаа бараадан нүүдэллэн ирсэн буриад иргэдийг төв нутагт шилжүүлэх, эрх ашгийг нь ҮЭ-ийн шугамаар хамгаалахын тулд “Буриадын хурал”-аар дамжуулан тэдэнтэй гэрээ байгуулан ажиллаж байв.

Ийнхүү ахар богино хугацаанд өөрийн хичээл зүтгэл, авъяас билгээ эх орныхоо амгалан байдлыг хангах, нам олон нийтийн байгууллагыг бэхжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж, 1932 онд Цэргийн гавъяаны улаан тугийн 1-р зэргийн одонгоор шагнасан нь зүй ёсны шагнал байжээ.

Харамсалтай нь эх оронч энэ хүнийг цэл залуу гучин гуравхан насанд нь “Лхүмбийн хэрэг”-ийн толгойлогч хэмээн зөвлөлтийн заавраар цаазлан хороожээ.

1933 оны 7 дугаар сарын 19-нд ДХГ-ын дарга “яндан” хэмээх Д.Намсрай орлогч дарга “их” хэмээх Ч.Самдан, хэлтсийн дарга “хөх” хэмээх Б.Аюуш нар мөн газрын сургагч Григорьев, Семенов нарын хамт ирээд Ж.Лхүмбийг гэрээс нь баривчилжээ. Зөвлөлтийн шууд удирдлагаар ДХГ Ж.Лхүмбэ нарыг Японы цэргийн ерөнхий штабын шууд удирдлагын доор ажилладаг, СССР улсаас монголын харилцааг таслан салгахыг оролдож, нам засгийн удирдлагыг алж хороох бэлтгэл ажил хийж явсан гэсэн зохимол 7 хуудас хэрэг хүлээлгэн, 1934 оны 6 дугаар сарын 25-нд ДХГ-ын дэргэдэх Тусгай Комиссын 6 дугаар хурлаар 33 хүний хамт буудан алах ялаар яллаж, амийг нь хороосон байна.

Мөн үзэх[засварлах | кодоор засварлах]