Дарамын Төмөр-Очир

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search

Дарамын Төмөр-Очир (1921-1985 оны 10 сарын 2) нь Монголын төр, нийгмийн зүтгэлтэн.

Намтар[засварлах | edit source]

Төмөр-Очир 1921 оны намар Төв аймгийн Лүн сумын нутагт, малчин ард “гэзэгт” хэмээх Дарамын хоёр дахь хүү болон төрсөн. 1926-1936 онд бага, дунд сургууль, 1938- 1941 онд ЗХУ-д Дорно дахиныг судлах институт, 1945-1950 онд Москвагийн их сургуулийн философийн анги, 1950-1953 онд ЗХУКН-ын Төв хорооны дэргэдэх Нийгмийн ухааны академид суралцаж төгсчээ.

Аж үйлдвэрийн комбинатад ноосны мэргэжилтний дагалдангаар ажлын гараагаа эхэлсэн тэрбээр 1941-1944 онд Намын төв хорооны нарийн бичгийн дарга нарын туслах, Шинэ хүчний дээд сургуулийн философийн багш, тэнхимийн эрхлэгч, Түүхийн институтийн захирал, Төв хорооны нарийн бичгийн дарга, Улс төрийн товчооны гишүүнээр сонгогдон ажиллаж байсан юм. 1962 оны есдүгээр сард болсон МАХН-ын Төв хорооны III Бүгд хурлаас түүнийг “намын эсрэг ажил явууллага” үйлдсэн хэмээн бүх ажил, албан тушаалаас нь чөлөөлснөөр 23 жил үргэлжилсэн цөллөгө, хавчилт, хэлмэгдүүлэлт эхэлжээ.

Эцэст нь 1985 оны аравдугаар сард гэртээ бусдын гарт хэрцгийгээр алагдсан билээ.

Хэлмэгдэл[засварлах | edit source]

Тэрбээр МАХН-ын Төв хорооны II бүгд хурлын төгсгөлийн хуралдаан дээр өөрийнхөө тухай:

Миний бие хар нялхаасаа өнчин өрөөсөн өссөн тул янз бүрийн хүмүүст доромжуулахгүйг туйлын хичээдэг болсон. Зан ааш минь эвдэрсэн тал байвал үүнтэй холбоотой байж болзошгүй. Би өөрийгөө хэзээ ч улс төрийн зүтгэлтэн болно гэж бодож яваагүй.

Тиймээс МАХН-ын ХIII Их хурлын дараа хуралдсан Бүгд хуралд Төв хорооны нарийн бичгийн даргаас чөлөөлөгдөх хүсэлт тавьж байсан. 1959 онд хуралдсан III Бүгд хурлаас шинэ амьсгалтай, зарчимч шүүмжлэл өрнөсөн, ахиц дэвшил гарч магадгүй болсонд урамшин цаашид ажиллаж болмоор санагдаад үргэлжлүүлэн ажиллахыг зөвшөөрсөн юм.

Гэтэл удалгүй “Д.Төмөр-Очир бол марксист хатуужилгүй хүн” гэдэг нэр хаяг зүүх болсон. Миний хамгийн эрхэмлэдэг зүйл бол намайг үнэн бодит байдлаас хэтрүүлж битгий үнэлээсэй, надад бүү хууртагдаж, намайг бүү магтаасай гэж боддог

хэмээн дурджээ.

1962 онд хуралдсан МАХН-ын Төв хорооны II Бүгд хурал дээр Д.Төмөр-Очир өөрийгөө “авслах” үг хэлсэн юм. Тухайлбал, ЗХУКН-ын нөлөө Монголд их тусаж байгаа талаар дурдсан байдаг. Түүнчлэн нэг хүнийг тахин шүтэхийн хор холбогдлыг зоригтой тавьж, тухайн үеийн нам засгийн дээд удирдлагад байсан зарим хүнийг цаг үетэйгээ хөл нийлүүлэхгүй хоцорч байгааг, ажил хэрэгч шүүмжлэл үгүй болж, дарга нарыг магтан дуулдаг хэсэг гарч ирснийг илэн далангүй хэлжээ.

Х.Чойбалсан бол түүхийн гарамгай хүн, улс төрийн зүтгэлтний хувьд маш их зөрчилтэй. Сайн ч гэж болохгүй, муу ч гэж болохгүй. Түүнийг судлах ажил олон сар, жилээр үргэлжлэх байх.

...Нэг хүнийг тахин шүтсэнээс болж манай нам шиг тарчилсан, хэлмэгдсэн, зовж зүдэрсэн нь дэлхийд өөр үгүй болов уу. Тэр үед бид өсөж өндийж, соёолж байсан мэдлэг чадвартай хамаг сэхээтнээ хүйс тэмтрүүлсэн. Дараа нь тэднийг залгаж авах хүн олдохгүй удсан шүү дээ.

Одоо хүртэл миний мэтийн хүн эвлэлийн ажил хийж явах ёстой атал намын ажилд дэвшин ажиллаж байгаа нь үүнтэй холбоотой

гээд, "үүнийг ялгаж салгах зориг бидэнд дутлаа. Хожим засагдах биз ээ" гэсэн байна. Ю.Цэдэнбалын тухайд:

Улс төрийн аливаа зүтгэлтний намтар янз янзын зам туулдгийн адил нөхөр Цэдэнбалын үйл ажиллагаанд ч өөрчлөлт гарлаа.

Улс төрийн тавцанд маш цогтой хувьсгалч шинжийг агуулан гарч ирсэн ч миний багцаалснаар 1953, 1954 оноос яагаад ч юм бэ эрч нь суларч эхэлсэн. Энэ хүнийг тухайн үед дутагдлаас нь ангижруулж, дор нь засаж авсангүй. Хамт ажиллаж байсан нөхөд нь голдуу магтан өргөмжилж байжээ. Энэ нь түүнийг эвдэж сүйдлэн, амьдаар нь алахад хүрч байна. Ю.Цэдэнбалыг шүүмжилж байсан хүн сүүлдээ буруушаагдаж байснаас биш нэг ч дэмжлэг авч байгаагүй.

Малчдын тухайд:

Социалист хуваарилалтын зарчим юун дээр алдагдаж байна гэвэл, манай улсад хамгийн их хэрэгтэй ажил хийж өгөхийн тулд халуунд халж, хүйтэнд хөрч, наранд шарагдаж байгаа малчид хамгийн багыг авч, хамгаас дорой амьдарч байна. Ийм байдал цаашдаа удаан үргэжилж хэрхэвч зохихгүй. Хэзээ хийсэн үйлийн үр гэж насаа эцэслэтэл тэсвэрлэж байх вэ. Үүн дээр тал талаасаа их юм бодолгүй болохгүй нь. Эрс шийдвэртэй, дорвитой арга хэмжээ дав даруй шаардагдаж байна

гэжээ. Чухам энэ мэт шүүмжлэл, үгнээсээ болж дөрвөн сарын дараа буюу 1962 оны есдүгээр сар болсон МАХН-ын Төв хорооны III Бүгд хурлаас “Намын эсрэг ажил явуулсан” хэмээн адлагдаж, хэлмэгдсэн билээ. Ийнхүү 1963 онд бүх албан тушаалаа алдаж, Баянхонгор, Хөвсгөл аймагт цөлөгдөж байсан Төмөр-Очир хамгийн сүүлд гэр бүлийн хамт Дархан хотод 20 орчим жил амьдарч байв.

Аллага[засварлах | edit source]

МАХН-ын Төв хорооны Улс төрийн товчооны 1985 оны тавдугаар сарын 3-ны хуралдаанд МАХН-ын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Батмөнх:

Намын эсрэг бүлэгт холбогдсон хүмүүстэй ямар ч яриа байхгүй гэдэг нэгдсэн ойлголттой байх хэрэгтэй. Ц.Лоохууз, Д.Төмөр-Очир нар өөрсдийгөө хотод шилжүүлэх асуудлыг Төв хороонд тавьж гүйсэн. С.Жалан-Аажав Намын хянан шалгах хороог дайрч хэд хэдэн юм Төв хороонд бичсэн байгаа. Тэдний үйлдсэн хэрэг бол улс төрийн асуудал. Тэд намын шугамын эсрэг байсан улс. Иймд бид тухайн үед гаргасан намын шийдвэр, шугам дээр хатуу зогсох хэрэгтэй

гэж ярьжээ. “Эсэргүү” нэр зүүлгэсэн хүмүүстээ МАХН-ын удирдлага цаашид ч хатуу хандахаа илэрхийлж байсан нь эндээс харагдана. Гэсэн ч энэ явдлаас хэдэн сарын дараа тус намын Бүгд хурал хуралдах тов гарчээ. Энэ хурлаар С.Жалан-Аажав, Д.Төмөр-Очир нарыг цагаатгах, хотод шилжүүлэх асуудлыг хэлэлцэхээр намын дээд удирдлагын хүрээнд ярилцаж байсан гэдэг. Нас өндөр болсон, эрүүл мэнд нь сайнгүй байснаас хотод шилжүүлэх асуудлыг Д.ТөмөрОчир МАХН-ын Төв хороонд удаа дараа тавьж байжээ.

Тиймээс Бүгд хурлын өмнө Намын Төв хорооны нарийн бичгийн дарга Д.Моломжамц Д.Төмөр-Очирын эхнэр С.Нинжбадгарыг хүлээн авч уулзахаар болсон байна. С.Нинжбадгар гуай өргөдлийнхөө хариуг авах, Д.Моломжамцтай уулзахаар Улаанбаатар руу явахаар төлөвлөж байсан аж. Гэтэл ах нь нас баржээ. Тиймээс Д.Моломжамцтай уулзаж чадаагүй. 1985 оны аравдугаар сарын 2-ноос 3-нд шилжих шөнө Төмөр-Очир нь гэртээ бусдын гарт эмгэнэлтэйгээр амь үрэгдсэн. Түүнийг егүүтгэсэн хэргийн эзэн холбогдогч тогтоогдоогүй байна.

Гэр бүл[засварлах | edit source]

Төмөр-Очирын эхнэр нь одон орон судлаач Санжмятавын Нинжбадгар. Тэд хүү, охин хоёртой. Зээ хүү Төмөр-Очирын Эрдэнэбилэг нь 1996-2000 онд УИХ-ын гишүүнээр ажиллаж байв.