Jump to content

Үнэн Зоригт Хан аймаг

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Дөрвөдийн Үнэн Зоригт хан аймаг
ᠦᠨᠡᠨ ᠵᠣᠷᠢᠭᠲᠤ
ᠬᠠᠨ ᠠᠢᠢᠮᠠᠭ
1754-1923
Location of Үнэн Зоригт Хан аймаг
Шашин
Шарын шашин
Үнэн Зоригт хан 
 1754-1790
Цэрэн Увш
 1886-1923
Содномжамцой
Түүх 
 Байгуулагдсан
1754
 Дөрвөдийн Цэрэн Увш ноён Чин улсад дагаар оров.
1754 он
 Олноо Өргөгдсөн Монгол Улсад дагаар оров.
1912 он
 Тус аймгийг Дөрвөд Далай ханы аймагтай нэгтгэж, Чандмань уулын аймгийг байгуулав.
1923 он
Өнөөдөр Монгол

Дөрвөдийн Үнэн Зоригт Хан аймгийн үүсэл нь Зүүнгарын Дөрвөд аймгийн язгууртан Далай тайшийн 4-р үеийн ач Цэрэн Увш Зүүнгарын дотоодын дайн самуурлаас зайлан харьяат ардыг дагуулан 1753 онд Чин улсад дагаар орсны дараа 1754 оноос "Дөрвөдийн Сайн заяатын баруун гарын чуулган" болгон зохион байгуулагдсан. 1912 онд Олноо Өргөгдсөн Монгол Улсад дагаар орсны дараа манжийн тогтоосныг халж, "Дөрвөдийн Үнэн Зоригт ханы аймаг" гэж нэрлэсэн нь 1923 онд татан буугдах хүртэл үргэлжилсэн.

1754 онд Чин улсын хаанд бараалхаар очсонд засаг, төрийн жүн ван өргөмжилж харьяат ардаар нэг хошуу зохиожээ. Дөрвөд, Баяд нар анх Чин улсад дагаар ороход Түйн гол, Заг Байдрагаар тэднийг түр суулгаж, Зүүнгарыг эзлэн дагуулсны дараа уг нутагт нь буцаахаар төлөвлөж байжээ. Ингээд дөрвөд, баяд нар Эх аралаар дамжин Эрчист нүүн очсон боловч дайн самууны хөлөөс дайжин буцаад Алтайг давж Ховдоор дайран 1758 онд сая Улаангомын газар нүүн ирж суурьшчээ. Тус хошууны нутаг нь дөрвөдийн нутгийн өмнө хэсэгт баруун болон хойт талдаа Дөрвөд далай ханы хошуутай, зүүн болон урд талаараа Засагт хан аймгийн Сэцэн сартуулын хошуутай, зүүн урд талаараа Ховдын тариачин хошуу, Мянгад хошуу, Урианхай хошуудтай зах нийлж байв.

Монгол улс Манж Чин улсаас салж төрийн тусгаар тогтнолоо сэргээхэд тус хошууны засаг ноён Содномжамцой талархан угтаж Монгол улсдаа дагаар орсон тул Жавзандамба хутагт Богд хаанаас түүнд үе улиран Үнэн зоригт хан цол хүртээжээ. Ингээд үүнээс хойш хуучин Чин улсын үеийн Дөрвөдийн Сайн заяатын баруун гарын чуулганыг Дөрвөдийн Үнэн зоригт хан аймаг хэмээж, Үнэн зоригт ханы хошуу, Онгийн хошуу хэмээн нэрийдэх болов. 1925 оны засаг захиргааны шинэчлэлээр тус хошууг шинээр байгуулагдсан Чандмань уулын аймгийн Баянчандмань уулын хошуунд нэгтгэжээ. 1931 оны засаг захиргааны өөрчлөлтөөр тус хошууны хуучин нутаг нь Увс аймгийн Өмнөговь, Өлгий сумд Ховд аймгийн Дөргөн сумын нутагт багтан оржээ.

Засаг ноёдын үе залгамжлал

[засварлах | кодоор засварлах]
  1. Цэрэн Увш (Засаг, төрийн жүн ван, хошой чин ван), 1754-1790
  2. Гүржав (Засаг, хошой чин ван), 1790-1818
  3. Тунгалагнаран (Засаг, хошой чин ван), 1818-1829
  4. Гомбожав (Засаг, хошой чин ван), 1829-1885
  5. Содномжамцой (Засаг, хошой чин ван, Үнэн Зоригт хан), 1886-1923

Засаг захиргааны нэгж

[засварлах | кодоор засварлах]

Богд Хаант Монгол Улсын нэршил (1911-1924):

  1. Алтайн Урианхайн баруун гарын Дархан гүнгийн хошуу
  2. Алтайн Урианхайн баруун гарын Саруул гүнгийн хошуу
  3. Алтайн Урианхайн Итгэмжит засгийн хошуу (хавсран захирагдсан)
  4. Алтайн Урианхайн баруун гарын Ёст гүнгийн хошуу (хавсран захирагдсан)
  5. Алтайн Урианхайн зүүн гарын Зоригт засгийн хошуу
  6. Бишрэлт вангийн хошуу
  7. Ерөөлт засгийн хошуу
  8. Эетэй гүнгийн хошуу (хавсран захирагдсан)
  9. Зоригт ханы хошуу
  10. Захчины сэцэн гүнгийн хошуу (хавсран захирагдсан)
  11. Захчин бэйлийн хошуу (хавсран захирагдсан)
  12. Зүтгэлт гүнгийн хошуу (хавсран захирагдсан)
  13. Мянгадын дайчин засгийн хошуу (хавсран захирагдсан)
  14. Өөлдийн Үйзэн засгийн хошуу (хавсран захирагдсан)
  15. Сүжигт засгийн хошуу

Холбоотой мэдээлэл

[засварлах | кодоор засварлах]