БНМАУ-ын хөдөлмөрийн баатар

Бүгд Найрамдах Монгол Ард Улсын хөдөлмөрийн баатар

Алтан соёмбо тэмдэг

Өнөөдөр Монгол улсад одон медалийг зүүж хэрэглэх явдлыг БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1990 оны 148 дугаар зарлигаар баталсан "БНМАУ-ын цол, одон, медалийн тухай дүрэм"-ээр зохицуулж байна. Энэхүү шинэчилсэн дүрмээр БНМАУ-ын баатар, БНМАУ-ын хөдөлмөрийн баатар, БНМАУ-ын ардын зүтгэлтэн, БНМАУ-ын гавъяат зүтгэлтэн цол, одон, медаль нь БНМАУ-ын төрийн дээд шагнал мөн” гэж заагаад цол, одон, медаль тус бүрийн шагнах журмыг тодорхойлжээ. Энэ журамд БНМАУ-ын баатар, БНМАУ-ын хөдөлмөрийн баатар цол нь “БНМАУ-ын эрхэм дээд цол мөн” гэж тэмдэглээд: “БНМАУ-ын хөдөлмөрийн баатар цол”-ыг улс орноо хөгжүүлэн, хүнлэг ардчилсан социалист нийгэм байгуулах үйл хэрэгт хүчин зүтгэж, хөдөлмөрийн гарамгай амжилт гаргаж, улс ардын аж ахуй, нийгэм, соёлын салбарыг бэхжүүлэхэд хувь нэмэр оруулсан хүнд олгоно. БНМАУ-ын хөдөлмөрийн баатарт Сүхбаатарын одон, БНМАУ-ын Хөдөлмөрийн баатрын “Алтан соёмбо” тэмдэг, БНМАУ-ын хөдөлмөрийн баатрын үнэмлэх олгоно.гэж заасан байна.