Монголын удирдагч Ю.Цэдэнбалыг зайлуулах ажиллагаа
Монголын удирдагч Ю.Цэдэнбалыг зайлуулах ажиллагаа- ЗХУ-ын удирдагч М.Горбачёвын өгсөн зааврын дагуу ЗХУ-ын Нийгмийн аюулаас хамгаалах яамны зохион байгуулж, БНМАУ-ын удирдагын зарим хэсгээр хийлгэсэн тусгай үйл ажиллагаа юм. Зарим судлаач нар төрийн тайван эргэлт гэж үздэг.
Ю. Цэдэнбалыг нам, төрийн удирдлагаас зайлуулах болсон шалтгаан
[засварлах | кодоор засварлах]ЗХУ-ын нам болон төрийн удирдагчаар М.С.Горбачёвыг сонгосны дараа түүний шууд санаачлага, удирдлагаар социализмыг зөв болгож засаж сайжруулах зорилго бүхий "Перестройка" буюу "Өөрчлөн байгуулалт"-ыг ЗХУ-д хэрэгжүүлж эхэлсэн юм. Энэ бодлого нь цаашид хүчээ авч даамжирсанаар социалист лагерийг задлан бутаргаж, социализмыг булшилсан төдийгүй социалист ба капиталист системийн дунд болж байсан "Хүйтэн дайн"-д АНУ тэргүүтэй капиталист улсуудыг ялуулсан билээ.
ЗХУ-ын удирдагч Михаил Сергеевич Горбачёвыг удирдлагад гарч ирэхэд БНМАУ, БНСРУ, БНАГУ зэрэг социалист улсуудын нам, төрийн тэргүүнүүд нь тасралтгүй 30-40 жил ажилласан Ю. Цэдэнбал, Николае Чаушеску, Эрих Хоннеккер зэрэг олон жил төрийн удирдагч хийсэн ахмадууд байсан бөгөөд тэд нар Леонид Брежневийн үеийн аядуу социализмыг талархагч нар байсан нь үзэл бодол, зарчмын хувьд Горбачёвтай зөрчилдөж байжээ.
БНМАУ-д Ю.Цэдэнбал 40 жилийн турш нам, төрийн тэргүүний үүргийг гүйцэтгэжээ. Социализмын үед монголчууд түүнийг оройн дээд шүтээнээ болгон хүндэтгэж байв. БНМАУ-ын удирдагч Ю. Цэдэнбал нь социалист улсууд болон Дэлхийн олон улсуудад нэр хүнд бүхий удирдагч байсан бөгөөд социализмын нэг онолч гэсэн тодотголтой байсан зэрэг нь Горбачёвын хувьд тэр бүр үл тоомсорлож болохгүй хүчин болж ойлгогдсон бололтой байдаг.
Түүнээс гадна Цэдэнбалын эхнэр Анастасия Иванована Филатова нь нөхрийнхөө өмнөөс Монголын удирдлагын асуудлуудад оролцон асар их нөлөө үзүүлж байснаас эсрэг үзэл санаа бүрэлдэн аажмаар энэ нь зөвлөлтийн эсрэг үзэл бодлыг үүсгэн хөгжүүлэгч хүч болж байсан байна. Мөн Монголын удирдагчдын зарим хэсэг болох БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн дарга Жамбын Батмөнх, Улс төрийн товчооны гишүүн Д. Моломжамц нарын хэсэг зөвлөлт-Монголын хооронд байгуулсан эдийн засгийн гэрээ, хэлцлүүд нь Зөвлөлтийн талыг хэт барьсан Монголын талд эдийн засгийн үр ашиггүй дээрмийн шинж чанартай байгааг удаа дараа гарган эдгээрийг шинэчлэх тухай асуудлыг дэвшүүлж эхэлсэн байна. тухайлбал: Эрдэнэтийн уулын баяжуулах үйлдвэрийн ашгийн асуудал, монголоос ЗХУ-д нийлүүлж байгаа уул уурхайн болон мал аж ахуйн түүхий эдийн үнэ нь дэлхийн нийтийн жишгээс хэт доогуур байхад ЗХу-аас нийлүүлж байгаа өргөн хэрэглээний барааны чанар муу хэрнээ зах зээлийн үнээс хэт өндөр байсан, зөвлөлтийн мэргэжилтнүүдын зарим хэсэг нь монголын мэргэжилтнээс доогуур мэдлэг, чадвартай байсан зэрэг асуудлууд юм. Тэр үеийн нөхцөл байдлаас уламжлан Ю.цэдэнбалыг зайлуулах шаардлага нь дараах үндсэн шалтгаантай байжээ. Үүнд:
- 1. ЗХУ-ын шинэ залуу удирдагч М.Горбачёв нь Ю.Цэдэнбалд дургүй, түүнийг зайлуулах сонирхолтой байсан.
- 2. Филатовагийн үйл ажиллагааны үр дүнд монголчуудын дунд үүссэн зөвлөлтийн эсрэг үзлийг сулруулах шаардлагатай байсан.
- 3. БНХАУ-тай харилцаа сайжруулах үүднээс БНМАУ-ыг хаях нөхцлийг бүрдүүлэхийн тулд эдийн засгийн тэгш байдлыг шаардаж байгаа Монгол удирдагч нарыг дэвшүүлэн гаргах замаар энэ асуудлыг шийдвэрлэх зэрэг асуудлууд байжээ.
Цэдэнбалыг зайлуулах нөхцлийг бүрдүүлсэн нь
[засварлах | кодоор засварлах]1983 оноос эхлэн БНМАУ-ын удирдагч нарын дунд Филатоваг аргадан долигногч нарын буюу Сайд нарын зөвлөлийн орлогч Д.Майдар тэргүүтэй хэсэг болон Ж.Батмөнх. Д.Моломжамц тэргүүтэй "Эдийн засгийн шинэчлэгч" Бүлгийн хоорондын зөрчилдөөн эрс хурцдаж эхэлсэн байна. Ю.Цэдэнбал энэ үед дундыг баримталж байсан боловч аажимдаа эхнэр Филатовагийн нөлөөгөөр Д.Майдар тэргүүтэй хэсгийг дэмжиж эхэлсэн байна. Гэвч түүний биеийн байдал тархины судасны хатуурлаас болж эрс муудаж эхэлсэн байна. Энэ тааламжтай үеийг ашиглан ЗХУ-ын удирдлага БНМАУ-ын удирдлагад эрс өөрчлөлт хийхээр шийджээ. Юуны өмнө Цэдэнбалын нөлөөнд орсон БНМАУ-д ЗХУ-аас суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Смирновыг С.П.Павловоор солисон байна. Мөн БНМАУ дах ЗХУ-ын НАХЯ буюу КГБ-ын төлөөлөгчөөр маш их туршлагатай генерал Всеволод Радченког томилон ирүүлжээ. Филатова Цэдэнбалын биеийн байдал муудаж байгаагаас шалтгаалан эрх мэдлээ алдахаас айж, Монголын бүх салбарын ажилд хутгалдан оролцохоо эрс нэмэгдүүлсэн бөгөөд Хятадын талыг баримтлагч гэдэг нэрээр Монголын зарим удирдагч нарыг албан тушаалаас нь зайлуулахад өөрийн нөхөртөө нөлөөлөх нөлөөг ашиглаж чаджээ. Ж: Жагварал, Базарын Ширэндэв нарыг албан тушаалаас нь огцруулсан асуудлууд. Түүнээс гадна 1984 оны 8-р сард хийхээр товлосон МАХН-ын Төв хорооны Бүгд хурлаар Улс төрийн товчооны "Эдийн засгийн шинэчлэгч" бүлгийг бут ниргэн толгойлогч нарыг нь албан тушаалаас огцруулахаар урьдчилан төлөвлөж байсан байна. Энэ талаар хангалттай мэдээллийг КГБ-ын төлөөлөгч генерал Радченко авсан байна. Иймд 1984 оны 2 сард ЗХУ-ын гол удирдагч нарын нэг болох А.Громыко даргатай ЗХУКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны Олон улсын асуудал хариуцсан комисс хуралдаж монголын асуудлыг хэлэлцжээ. Хуралд А.Громыко, Батлан хамгаалах яамны сайд Д.Устинов, КГБ-ын дарга Чебриков, Төв хорооны нарийн бичгийн дарга Чебриков, КГБ-ын орлогч, Тагнуулын албаны дарга Крючков, Элчин сайд Павлов, КГБ-ын монгол дах төлөөлөгч Радченко нар оролцжээ. Тэд нар монголын удирдлагыг эрүүлжүүлэх хүч монголд өөрт нь байгаа эсэх дээр санал солилцсоны үндсэн дээр нэмэлт мэдээлэл цуглуулах шийдвэр гаргасан байна.
Энэ үед Цэдэнбал Москвад ирж шинжилгээ хийлгэсний үр дүн тун тааруу гарчээ. А.Громыко тэргүүтэй комисс дахин хуралдаж эрс шийдэмгий арга хэмжээ буюу БНМАУ-ын нам, төрийн удирдлагаас Цэдэнбалыг зайлуулах тухай шийдвэрийг гаргасан бөгөөд энэ тухай төлөвлөгөөг зохион хэрэгжүүлэхийг Төв хорооны холбогдох хэлтэс, ГХЯ,КГБ-д үүрэг болгосон байна.
Цэдэнбалыг зайлуулах арга хэмжээг зохион байгуулсан нь
[засварлах | кодоор засварлах]Цэдэнбалыг нам төрийн эрх мэдлээс зайлуулахын тулд тайван замаар шийдвэрлэхийг зорьжээ. Үүний тулд Ю.Цэдэнбалын биеийн байдал муу байгаа бөгөөд энэхүү тархины судасны хатуурлаас болж удирдах албан тушаалд ажиллах чадваргүй болсоныг Монголын удирдлагад сайтар ойлгуулсны үндсэн дээр монголчуудаар өөрсдөөр нь үүнийг хийлгүүлэхээр төлөвлөсөн байна. Ингээд ЗХУКН-ын Төв хорооны хариуцлагатай ажилтангууд БНМАУ-ын нам, төрийн удирдлага болон бусад нөлөө бүхий хүмүүстэй удаа дараа олон удаагийн уулзалтыг хийж Цэдэнбалын өвчний байдал, явц, түүний ажлын чадваргүй болсон тул өнөөдрийн социализмыг аврах өөрчлөн байгуулалт, ил тод байдлыг монголд хэрэгүүлэх чадвар бүхий эрүүл боловсон хүчнээр солих шаардлагатай байна. гэхдээ Цэдэнбалын олон улсын болон монголчуудын хувьд өндөр байдаг нэр хүндийг хөндөлгүй өөрийн санаачлагаар огцрох асууудлыг шийдэх нь зөв болох тухай санал хүргүүлж, ухуулга хийсэн байна. Зөвлөлтийн талын санаачлагад зоригжсон монголын удирдлагын эдийн засгийн шинэчлэгч нар Цэдэнбалтай уулзаж, биеийн байдлаас шалтгаалан сайн дураараа огцрох хүсэлтээ тавихыг зөвлөсөн төдийгүй зөвлөлтийн талаас уулзаж зөвлөмж өгсөн байна. Монголын тал Зөвлөлтийн талд Цэдэнбалын биеийн байдлаар дэлгэрэнгүй танилцуулах хүсэлт гаргасны дагуу ЗХУ-ын Эрүүл мэндийн яамны 4-р удирдах газрын дарга Е.Чазов өөрийн биеэр тусгай рейсийн онгоцоор Улаанбаатарт ирж БНМАУ-ын МАХН-ын Улс төрийн товчооны гишүүдэд эрүүл хүний тархи болон Цэдэнбалын тархины зургуудыг харьцуулан өвчлөлтийн байдлын талаар дэлгэрэнгүй танилцуулга хийжээ. Энэ нь тэд нарт гүн сэтгэгдэл төрүүлсэн тул хэд хоногийн дараа Ж.Батмөнх нар Москвад ирж эмчлүүлж байсан Цэдэнбалтай биечлэн уулзаж байдлыг танилцуулсан байдаг. үйл явдлын өрнөлийг анхааралтай ажиглаж байсан Радченко шууд дээрээс өгсөн тушаалын дагуу, Монголын удирдлагатай уулзан Цэдэнбалыг солих нь Зөвлөлтийн сонирхол болохыг нууц, хуйвалдааны байдлаар илэрхийлэн бүх талын дэмжлэг үзүүлэх тухай мэдээлсэн байна. Монголын тал цэдэнбалын монголд ирүүлэх нь асуудлыг шийдэхэд хүндрэл учруулах талаар ойлгуулсан байна. Энэ үед байдлыг ойлгосон Цэдэнбал монголд буцах тухай асуудлыг тавьж эхэлсэн бөгөөд Филатова шууд эсэргүүцэл илэрхийлэн өөрийн шугамаар асуудлыг эргүүлэх оролдлогуудыг хийж эхлэн Цэдэнбалыг хамгаалах бүлгийг бүрдүүлж эхэлсэн байдаг. Филтовад Монгол дах байдлыг НАХЯ-ны сайд Лувсангомбо шууд холбоогоор мэдээлж байсан нь үүнд нөлөөлсөн байна. 1984 оны наймдугаар сарын 20-нд Ю.Цэдэнбал ЗХУКН-ын төв хороонд захидал илгээж үхтэл үнэнч байхаа тангараглажээ. Гэвч түүнийг тоох хүн гарсангүй. Зөвлөлтийн талын шууд дэмжлэгт дулдуйдсан Монголын тал 1984 оны 8 сарын 23-д МАХН-ын Төв хорооны ээлжит бус наймдугаар бүгд хурлаас Ю.Цэдэнбалын МАХН-ын Төв хорооны улс төрийн товчооны гишүүн, МАХН-ын төв хорооны ерөнхий нарийн бичгийн даргын үүрэгт ажлаас, БНМАУ-ын Ардын Их Хурлын тэргүүлэгчдийн даргын үүрэгт ажлаас тус тус чөлөөлжээ. Энэ бүхнийг тайлбарлахдаа “намын удирдлагын залгамжлалын асуудлыг нам ард түмний өмнө хүлээсэн өндөр хариуцлагын үүднээс шийдвэрлэв” гэжээ. Түүний оронд МАХН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн дарга Ж.Бөтмөнхийг дэвшүүлэв.
Цэдэнбал-Филатоваг байцаасан байцаалт
[засварлах | кодоор засварлах]БНМАУ-ын Прокурорын газрын хэлтсийн прокурор Бат-Эрдэнэ би, Улсын прокурорын орлогч Б.Хатанбаатарын хамт БНМАУ-аас ЗСБНХУ-д суугаа Элчин сайдын яамны ажилтан Б.Балданг албан ёсны орчуулагчаар оролцуулан, эрх үүргийг нь тайлбарлан өгч доорхи нэр бүхий хүнийг байцаасан протокол. Москва хот. Элчин сайдын Яаманд. 1990-6-28 БИЕИЙН БАЙЦААЛТ АНАСТАСИЯ ИВАНОВНА ЦЭДЭНБАЛ-ФИЛАТОВА 1920 онд төрсөн, ЗСБНХУ-ын иргэн, эмэгтэй, одоо 70 настай, тэтгэвэрт суух, ам бүл -4, нөхөр Ю.Цэдэнбал, хүү Ц.Владислав-Цэдэнбалович-40 настай -ЭЗХТЗ-ийн харъяа Москва дахь Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, хүү Ц.Зориг-Цэдэнбалович-34 настай – ЗСБНХУ-ын Шинжлэх Ухааны Академийн дэргэдэх Могамоловын нэрэмжит институтэд байгаль хамгаалах асуудлаар эрдэм шинжилгээний ажилтан, гэрийн хаяг-Москва хот, Алексей Толстойн гудамжны 12-р байр, 23, 24 тоотод оршин сууж байгаа.
АСУУХ ЗVЙЛИЙН ТАЛААР:
- Асуулт: - Та БНМАУ-ын Хүүхдийн төлөө Фондын төв комиссын даргаар хэдийнээс эхлэн хэдий хүртэлх хугацаанд ажилласан ба ажил үүргийн ямар хуваарьтай байсан бэ? өөрөөр хэлбэл, ямар асуудлыг комиссын дарга дангаар буюу хамтын удирдлагаар шийдвэрлэдэг байсан бэ?
- Хариулт: - Би яг тодорхой санахгvй байна. Миний бодож байгаагаар, 1972-1984 онд би Хvvхдийн төлөө Фондын төв комиссын даргаар ажилласан. Би Хүүхдийн төлөө Фондын төв комиссын бүхий л асуудлыг хариуцдаг байсан, гагцхүү санхүүгийн талын асуудлыг би хариуцдаггvй байсан, санхүү-аж ахуйн талын асуудлыг Хvvхдийн төлөө Фондын төв комиссын opлогч дарга Дашдовдон, ерөнхий нягтлан бодох Жавзандулам нар хариуцдаг байсан. Учир нь би, нэгдүгээрт, хэл мэдэхгvй, хоёрдугаарт, ЗСБНХУ-ын иргэн болохоор мөнгөний асуудалд оролцдоггүй байсан.
- Асуулт: – Хүүхдийн төлөө Фондын хөрөнгийг чухам юунд зарцуулах ёстой гэж та үздэг байсан бэ?
- Хариулт: - Хүүхдийн төлөө Фондын хөрөнгийг зөвхөн хүүхэдтэй холбогдсон асуудалд, тухайлбал, барилга байгууламж, тоног төхөөрөмж, уралдаан тэмцээн, хүүхдийн тоглоом зэрэг асуудалд зарцуулдаг байсан. Энэ бүгдийг жил бүр тайланд тусгаж байсан. Энэ асуудлыг би ганцаар шийдэж байгаагүй, дөрвөн хүний бvрэлдэхүүнтэй Товчоо хэлэлцэж шийдвэрлэдэг байсан. Энэ тухай албан ёсны протокол, шийдвэрvvд нь байх ёстой. Хүүхдийн ясль, цэцэрлэг байгуулах, хүүхдүүдэд тоглоом төхөөрөмж олгох асуудлыг энэ Товчоо шийдвэрлэдэг байсан, жил бүрийн тайланд тусгагдаж байсан. Ясль, цэцэрлэг байгуулах, тохижуулах асуудлыг эхний үед Улсын төсөв төлөвлөгөөнд тусгадаггүй байсан, сүүлийн үед төсөв төлөвлөгөөнд тусгаж шийдвэрлэдэг болсон.
- Асуулт: - Хүүхдийн төлөө Фондын төв комиссоос бусдыг шагнаж урамшуулах, зочин төлөөлөгч урих, хүлээн авах зэрэг арга хэмжээнд зардлыг хаанаас гаргадаг байсан бэ? Зардлыг улсаас төсөв төлөвлөгөөнд тусгаж гаргадаг байсан уу? Эсхvл Хүүхдийн төлөө Фондын хөрөнгөнөөс гаргаж зарцуулдаг байсан уу?
- Хариулт: - Зочин төлөөлөгч хүлээж аваад их хэмжээтэйгээр зардал гаргаад байсан юм байхгvй. Хүүхдийн төлөө фондын хөрөнгөнөөс зардал гаргаж байгаагvй гэж бодож байна. Энэ асуудлыг санхүү аж ахуйн асуудал хариуцаж байсан хүмүүсээс асуух хэрэгтэй. Хүүхдийн төлөө фондод их хэмжээний хандив хөрөнгө оруулсан, дэмжлэг туслалцаа үзүүлсэн, энэ ажилд идэвх зүтгэл гаргаж оролцдог хүмүүсийг л шагнаж урамшуулдаг байсан. Тэгэхдээ, хэнийг юугаар шагнах, ямар барилга байгууламж барьж байгуулах, ямар тоног төхөөрөмж тоглоомоор хангах асуудлыг Хүүхдийн төлөө Фондын Төв комиссын товчоо хэлэлцэж шийдвэрлэдэг байсан. Тэгээд ч, тус комиссын санхүүгийн vйл ажиллагаанд жил бүр шалгалт хийгээд юу ч хэлдэггүй байсан. 1984 онд намайг ЗХУ руу явахын өмнө Хүүхдийн төлөө Фондын төв комиссын санхүүгийн vйл ажиллагаанд баримтын шалгалт хийгдэхэд ямар нэгэн мөнгө төгрөгний холбогдолтой асуудал гараагvй. Ямар нэг зөрчил байхгүй гэж Дашдовдон надад хэлсэн юм. Япон улсаас цаг, магнитфон, хүлээн авагч зэрэг, барааг авч ирүүлж, эдгээр зүйлээр хүмүүсийг шагнаж урамшуулдаг байсан. Японоос авч ирүүлж байсан барааг Япон-Монголын найрамдлын нийгэмлэгийн дарга Гинадо-Саво гэдэг хvний хөрөнгөөр худалдан авч байсан. Японд Элчин сайдын яаманд Зинамэдэр гэдэг хүн ажиллаж байсан бөгөөд энэ асуудлыг Дашдовдон, Зинамэдэр нар хариуцаж байсан юм.
- Асуулт: - Хүүхдийн төлөө Фондын Төв комиссын ажлыг МАХН-ын Төв хороо, БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчид, Сайд нарын Зөвлөлөөс хэн хариуцдаг байсан бэ?
- Хариулт: - Хэн ч хариуцдаггүй байсан. Хүүхдийн төлөө Фондын Төв Комисс нь жил бүр ажлаа төлөвлөж, өөрийн товчоогоор батлуулаад хэрэгжvvлдэг байсан. Хүүхдийн төлөө Фондын хөрөнгөөр ясль, цэцэрлэгүүд, Идэр техникчдийн ордон, эмнэлэг гээд олон барилга байгууламжийг барьж байгуулсан.
- Асуулт: - Дашдовдон ярихдаа “Хүүхдийн төлөө фондын төв комиссын шугамаар бусдыг шагнаж урамшуулах, гадаадын төлөөлөгчдийг урих, хүлээж авах, мэргэжилтэн авч ажиллуулах, өөрсдөө гадаадад явах, хөрөнгө мөнгө зарах, эд бараа бэлэг дурсгалын зvйл авах, зарах асуудлыг А.И.Цэдэнбал-Филатова голлох замаар шийдвэрлэдэг байсан” гэдэг юм. Үүнийг юу гэж үзэх вэ?
- Хариулт: - Дашдовдон худлаа ярьж байна. Санхүү-аж ахуйн талын асуудлыг Дашдовдон, Жавзандулам нар хариуцдаг байсан. Би комиссын даргын хувьд бүхий л асуудалд оролцдог байсан хэдий боловч товчоо эцсийн шийдвэрийг гаргаж байсан. Хэнийг юугаар шагнах, гадаад орноос хэнийг урих, гадаадад хэнийг явуулах, хөрөнгө мөнгө юунд зарах, юу авах зэрэг асуудлыг товчоогоор хэлэлцэж шийдвэрлэдэг байсан, албан ёсны шийдвэр, тогтоол, протоколууд нь Хүүхдийн төлөө Фондын Төв комисст байгаа. Мэргэжилтний тухай асуудал ерөөсөө яригдаж байгаагүй. Би өөрөө мэргэжилтэн шүү дээ. Энэ талаар би хэнээс ч асууж суралцахгүйгээр ажиллаж чадах мэргэжилтэн гэж өөрийгөө үзэж байсан. Карамелийн гэр бvлийг л урьснаас өөр зочин төлөөлөгчийг урьж байгаагүй. Би өөрөө Хүүхдийн төлөө Фондын Төв комиссын шугамаар гадаадын орнуудад нэг ч удаа явж байгаагүй. Харин Дашдовдон л явдаг байсан. Тухайлбал, Манагуа, Япон зэрэг улсад Дашдовдон явсан. Намайг Франц улсаас хоёр удаа урьсан боловч Аюулаас Хамгаалах байгууллага зөвшөөрөөгүй учраас би явж чадаагүй юм. Харин Финлянд руу бол Монгол-Финляндын найрамдлын нийгэмлэгийн шугамаар явсан юм шүү.
- Асуулт: - Хүүхдийн төлөө фондод дэмжлэг туслалцаа үзүүлсэн, хөрөнгө хандив оруулах ажилд идэвхитэй оролцсон тохиолдолд сайд, дарга нарыг нь шагнаад байсан атлаа байгууллага, хамт олныг шагнадаггүй байсны учир юунд байна? Ер нь ямар ажил хийлээ гэж сайд, дарга нарыг шагнаж байсан юм бэ?
- Хариулт: - Хүүхдийн төлөө ямар нэг тодорхой ажил хийсэн, манай ажилд сайн туслаж, нэмэр хандив оруулсан хүмүүсийг л шагнадаг байсан. Сайд, дарга нарыг нь л шагнаж урамшуулдаг байсан, ер нь тийм л байсан шүү дээ. Энэ асуудлыг товчоо хэлэлцээд тогтоол шийдвэр гаргадаг байсан.
- Асуулт: - 1983 онд Хүүхдийн төлөө Фонд байгуулагдсаны 10 жилийн ойгоор 56 мянган төгрөгөөр бусдыг шагнаж байсан байна. Нэг удаа ийм их хэмжээгээр шагналыг хавтгайруулж хэрэглэсний учир юу вэ?
- Хариулт: - Хүүхдийн төлөө Фонд байгуулагдсаны 10 жилийн ойгоор мөнгө төгрөг зарах нь зарсан. Энэ тухай товчоогоор хэлэлцсэн протокол, тогтоол байгаа. Дээд байгууллагаас ямар шийдвэр гарсныг болон хэнийг чухам юугаар шагнасныг одоо би санахгvй байна.
- Асуулт: - Хүүхдийн төлөө фондын төв комиссын дүрэм-д “Хүүхдийн төлөө фондын хөрөнгийг цэцэрлэг ясли барьж байгуулах, тохижуулах, материаллаг баазыг бэхжvvлэхэд зарцуулна” гэж заасаи байхад яагаад уг хөрөнгөнөөс их хэмжээтэйгээр шагнал урамшилд зарцуулж байв.Сангийн яамнаас хүүхдийн төлөө Фондын төв комиссын санхүүгийн vйл ажиллагаанд 1973-1984 оныг хамарч хийсэн шалгалтаар 224.6 мянган төгрөгийн зөрчил илэрсэн байна. Үүнийг та юу гэж үзэж байна?
- Хариулт: - Би аж ахуй-санхүүгийн талын асуудлыг хариуцдаггүй байсан гэдгээ түрүүн хэлсэн. Миний гарын үсэгтэй, санхүүгийн холбогдолтой баримт нэг ч байх ёсгүй. Хүүхдийн төлөө Фондын төв комисст эцсийн шийдвэрийг товчоо гаргадаг байсан, мөнгө төгрөгийг зарцуулах асуудлын талаар мөн л уг товчоо шийдвэр гаргадаг байсан. Санхүүгийн талын болон ажилд идэвхитэй дэмжлэг туслалцаа үзүүлсэн хvмvvсийг шагнаж урамшуулж байх тухай асуудлыг дүрмэндээ тусгаагvй нь буруу болжээ, хэрхэн яаж тусгахыг мэддэггvй байсантай холбоотой байх л даа. Гэхдээ бусдыг шагнаж урамшуулах замаар хүүхдийн төлөө фондыг арвижуулах, барилга байгууламж тоног төхөөрөмжөөр хангах ажлыг явуулж болдоггүй юм гэж надад хэн ч хэлээгүй шүү дээ. Хэрэв боддоггүй юм бол надад хэлээд өгч болох л байсан шүү дээ. Хүүхдийн төлөө фондын төв комисст дарга, орлогч, нарийн бичгийн дарга, нягтлан-бодогч, нярав, жолооч гэх зэрэг зургаахан хүн батлагдсан орон тоогоор ажиллаж байсан. Тэгвэл байгуулсан барилга байгууламж, бий болгосон зүйл багагvй байсан байх. Хүүхдийн төлөө фонд зохион байгуулж, санаачилга гаргаж, хөөцөлдөж, бусад байгууллага, хамт олон, хүмүүс ч идэвхи зүтгэл гарган дэмжиж тусалж их ажил хийсний үр дүн гэж үздэг. Ер нь Хүүхдийн төлөө Фондын хөрөнгөөр барих барилга байгууламжийн зураг төслийг Зөвлөлтийн болон Монголын барилгын аль ч тал хамаагүй үнэ өртөггүйгээр хийгээд өгдөг байсан юм.
- Асуулт: - Та гадаад оронд ажлаар болон амралтаараа явахдаа 12 мянга гаруй төгрөгийн зүйлийг бэлэг дурсгалын зүйл нэрийдлээр авч яваад тайлан гаргаж тооцоогоо хийгээгүй байна. Яагаад тайлан тооцоог хийдэггүй байв?
- Хариулт: - Би Хүүхдийн төлөө фондоос юу ч авч байгаагүй. Нэг удаа Финлянд явахдаа (оныг санахгvй байна) зардал мөнгө ч юм уу, бэлэг дурсгалын зүйл ч юм уу, юм авч явсан байж болно. Гэхдээ бүх зардлыг Финляндын тал бүрэн даасан учир бид юу ч зараагүй, эргүүлж авч ирээд тушаасан, бэлэг дурсгалын зүйл мөн адил.
- Асуулт: - Москва хотын орчимд Жуковын тосгонд Зуслангийн байр бариулах асуудлыг чухам хэн анх санаачилж, хаанахын ямар байгууллагын шийдвэрээр хэрхэн яаж барилгын ажлыг эхэлсэн болох? Албан ёсны тогтоол шийдвэр нь барилгын ажил эхэлснээс хойно гарсны учир юунд байгааг ярьж өгнө үү?
- Хариулт: - Москвагийн орчимд зуслантай болох асуудлыг бид өөрсдөө тавьсан. Лувсангомбо хэлэхдээ: “Анастасия Ивановна та энэ асуудлын талаар хөөцөлдөөд гүйгээд байх хэрэггүй, бид Москвад байр бариулчихъя, дараа нь та нар худалдаад авчих” гэж хэлсэн юм. Барилгын ажлыг Лувсангомбо, Чулуун нар эрхлэн хариуцаж байсан. Москвад барилга барих тухай асуудлыг МАХН-ын Төв Хорооны Улс төрийн товчоо шийдвэрлэсэн. Барилгын талбайг тогтоосон хэмжээнээс нь ихэсгээд байсан юм байхгvй, гагцхүү гадна ил хоёр вирандтай байсныг нь барилгын зураг хийсэн, барих хүмүүсийн зөвлөснөөр битүүлээд өрөөний зохион байгуулалттай болгосон, мөн доод талд нь харуул хамгаалалт байлгах юм гээд давхар болгочихсноос барилгын талбайн хэмжээ (ашигт талбай), vнэ өртөг нь нэмэгдсэн юм билээ. Бидэнд тийм их мөнгө байгаагүй, бид мөнгийг гуйвуулж авч чадахгүй байсан. Тийм учраас БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн орлогч дарга С.Лувсангомбо “Москвад бид НАХЯ-ны хөрөнгөөр зуслангийн барилгыг бариулчихъя, дараа нь та нар худалдаад авчихна биз” гэсэн. Сүүлд нь Ж.Батмөнх дарга “Улсын хөрөнгөөр барьсан байр учраас хувьд худалдахгүй” гэсэн, С.Лувсангомбо ч “Би мэдэхгүй, мэдэлгүй” гэдэг болсон. Ийм учраас бид уг байрыг хувьдаа худалдан авч чадаагүй юм.
- Асуулт: - Та МАХН-ын Төв Хороо, Засгийн газрын бэлгийн фондноос Ю.Цэдэнбалын нэрээр бусдыг шагнаж байсан уу?
- Хариулт: - Намын Төв хороо, Засгийн газрын бэлгийн фондын талаар комиссар Гэндэндаржаа, дараа нь Нанзад нар сайн мэдэх ёстой. Тэд энэ асуудлыг хариуцаж, гvйцэтгэдэг байсан юм. Цэдэнбал болон би уг фондноос юу авч, хэнд өгснийг мэдэхгvй, тэд л бүгдийг мэдэх учиртай. Би энэ ажилд оролцдоггvй байсан, энэ фондын асуудалтай харьцаж байгаагүй. Ер нь миний гарын үсэгтэй баримт байгаа юм уу? Хэрэв тийм баримт байвал надад үзүүлэх хэрэгтэй байна. Тодорхой баримттай байж, түүнийгээ тулгуурлаж хvнийг ялладаг биз дээ. Иймд, би баримт шаардаж байна. Хүүхдийн төлөө Фондын төв комиссын санхүүгийн үйл ажиллагаанд жил бүр баримтын шалгалт хийгддэг байсан, тэгэхэд ямар нэг хэмжээгээр надтай холбогдсон зөрчил дутагдал яригддаггүй байсан. Миний төрсөн өдрийн ойгоор байгууллага хүмүүс надад дурсгалын зүйл өгч байсан, түүнд хүлээн авагч, магнитфон зэрэг зүйл л байдаг байсан, харин үнэт эдлэл өгч байгаагvй. Манай гэрт бэлэг дурсгалын зүйлд ирсэн мөнгөн аяга нилээд хэд байсан ба түүнийг Монголд байхдаа хүмүүст эргүүлээд бэлэглэдэг байсан, одоо манайд 3-4 ширхэг мөнгөн аяга үлдсэн болов уу гэж бодож байна.
- Асуулт: - Ц.Молом, С.Лувсан нар Улсын сан хөмрөг болох алтан зоос, алтан аяга зэрэг зүйлийг Ю.Цэдэнбалд өгч байсан байна. Эдгээр зүйлс хаана байна?
- Хариулт: - Би энэ тухай юу ч мэдэхгүй, юу ч сонсож дуулаагүй юм байна.
- Асуулт: - Таны 60 насны ойгоор Геологийн яамны сайд байсан Хурц танд дотроо байгалийн цэвэр алттай чулууны цуглуулга өгсөн байна. Үүнийг яасан бэ?
- Хариулт: - Би чулууны цуглуулга дотор алт байсан эсэхийг мэдэхгvй байна. 1988 онд Монголд эргээд очиход цуглуулга байхгүй болчихсон байсан.
- Асуулт: - Та ”Зоос гоёл чимэглэлийн vйлдвэрт” Сазанов гэдэг хүнийг мэргэжилтнээр авч ирж ажиллуулаад, түүгээр алтан эдлэл их хийлгүүлдэг байсан байна. Алтыг хаанаас авч байсан бэ?
- Хариулт: - Би өөрийнхөө алтан эдлэлийг эвдлээд юм хийлгэдэг байсан юм.
Гэснээр байцаалтыг завсарлаж, протоколтой танилцаж гарын үсэг зурахыг мэдэгдэхэд, А.И.Цэдэнбал-Филатова нь “Протоколтой танилцахгүй, гарын үсэг зурах шаардлагагvй. Би ЗСБНХУ-ын иргэн болохоор намайг байцаахдаа Зөвлөлтийн талаас зөвшөөрөл авах ёстой. Энэ удаагийн байцаалтын протоколыг миний тайлбар болгох маягаар авч байна гэж ойлголоо” гэв. Байцаалтад Улсын прокурорын орлогч Б.Хатанбаатар оролцож ярилцсныг хальс бичлэгт хурааж авахад, нэг кассет болсон болно.
БАЙЦААЛТ ЯВУУЛСАН:
- 1……………..Б.Хатанбаатар,
- 2…………….. Ж.Бат-Эрдэнэ,
- орчуулагчаар ажилласан Б.Балдан
Ном зүй
[засварлах | кодоор засварлах]- В.Радченко. Гол мэргэжил-тагнуулч. Орчуулагч Ц.Гомбосүрэн. УБ. 2013 он