Эрдэнэт үйлдвэр
![]() | |
Аж үйлдвэрийн салбар | Уул уурхайн олборлолт, Аж үйлдвэр |
---|---|
Үүсгэн байгуулагдсан | 1978 | БНМАУ, ЗСБНХУ-ын Засгийн газар хоорондын 1973 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн хэлэлцээрийн дагуу байгуулагдаж, 1978 оны 12 дугаар сарын 14-нөөс үйл ажиллагаагаа эхлүүлсэн
Төв байр | Эрдэнэт хот, Орхон аймаг, Монгол Улс |
Удирдах хүмүүс | Г.Ёндон (Ерөнхий захирал) |
Бүтээгдэхүүн | Зэс, Молибденын баяжмал |
Ажилчид | +6900 |
Цахим хуудас | www |
“Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ нь Эрдэнэтийн-Овоо ордод хүдрийн олборлолт, боловсруулалтын үйл ажиллагаа явуулж, зэс, молибденын баяжмал үйлдвэрлэн, дэлхийн зах зээлд борлуулдаг 100 хувь төрийн өмчит аж ахуйн нэгж юм.
Ерөнхий мэдээлэл
[засварлах | кодоор засварлах]Эрдэнэт үйлдвэр нь Ази тивд орших Монгол Улсын төв хэсэгт, Орхон аймгийн Эрдэнэт хотод байрладаг. Эрдэнэтийн-Овоо зэс, молибденын орд газар нь Улаанбаатар хотоос баруун хойд зүгт 340 км, Дархан хотоос баруун зүгт 180 км, Булган аймгийн төвөөс зүүн хойд зүгт 60 км, мөн Оросын Холбооны Улсын хилээс 140 км-т оршдог.
"Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ нь зэс, молибденын хүдрийн олборлолт, баяжуулалтаар Ази тивдээ томоохонд тооцогддог үйлдвэр бөгөөд 2024 онд 41.0 сая тонн хүдэр олборлон, 38.0 сая тонн хүдэр боловсруулж, 568.2 мянган тонн зэсийн баяжмал, 5,498.4 тонн молибденын баяжмал үйлдвэрлэсэн.
Эрдэнэтийн-Овоо ордыг анх 1963 онд Чех, Монголын геологичид нээж, уг орд газарт урьдчилсан хайгуулын ажлыг гүйцэтгэсэн бөгөөд үргэлжлүүлэн Зөвлөлтийн геологичид орд газрын нарийвчилсан хайгуулыг богино хугацаанд хийж дуусгасан.
1972 онд Эрдэнэтийн-Овоо зэс, молибденын ордыг эзэмших Техник, эдийн засгийн үндэслэл /ТЭЗҮ/ батлагдсан бөгөөд 1973 онд БНМАУ, ЗСБНХУ-ын Засгийн газар хооронд түүхэн хоёр хэлэлцээр байгуулагдсаны эхнийх нь Эрдэнэтийн-Овоо ордыг ашиглах тухай байсан бол удаах хэлэлцээрээр нь 50:50 хувийн эзэмшилтэй, уул уурхайн баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийг байгуулж, дүрмийг нь баталсан.
1974-1978 онд их бүтээн байгуулалт өрнөж, нэн түрүүнд шаардлагатай үндсэн үйл ажиллагааны болон дэд бүтцийн 35 барилга байгууламж, обьектыг барьсны дотор Баяжуулах үйлдвэрийн жилдээ 4 сая тонн хүдэр боловсруулах хүчин чадалтай эхний ээлжийг ашиглалтад оруулж, анхны баяжмалаа 1978 оны 12 дугаар сарын 14-ний өдөр экспортод ачуулснаар “Эрдэнэт” үйлдвэрийн үйл ажиллагаа эхэлсэн түүхтэй.
XX зууны манлай бүтээн байгуулалт болох “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын өнгөрсөн цаг хугацааны түүхийг маш товчоор дүгнэвэл: Эрдэнэт үйлдвэр нь Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд жинтэй хувь нэмэр оруулан, үр бүтээлтэй ажиллаж байгаа төдийгүй уул уурхай дагасан, иж бүрэн дэд бүтэц бүхий Эрдэнэт хотыг цогцоор нь бүтээн босгосон хариуцлагатай уул уурхайн томоохон төслийн сонгодог жишиг, загвар болсон юм.
"Эрдэнэт” үйлдвэр нь хоёр улсын Засгийн газар хоорондын 1991 оны хэлэлцээрийн дагуу 51:49 хувийн эзэмшилтэй хамтарсан үйлдвэр, 2003 оны хэлэлцээрийн дагуу хязгаарлагдмал хариуцлагатай компани /ХХК/-ийн хэлбэрээр ажиллаж байгаад 2016 оны 06 дугаар сард ОХУ-ын “Ростех” корпорац өөрийн эзэмшлийн 49 хувийг худалдсанаар Монгол Улсын Засгийн газар 51 хувийг, “Монголиан коппер корпорейшн” ХХК 49 хувийг эзэмшиж байв.
УИХ-ын 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 23 дугаар тогтоолыг үндэслэн Засгийн газрын 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 102 дугаар тогтоолоор “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийг “Эрдэнэт үйлдвэр” төрийн өмчит үйлдвэрийн газар /ТӨҮГ/ болгон өөрчлөн байгуулж, дүрмийг баталснаар өнөөг хүртэл 100 хувь төрийн өмчит үйлдвэрийн газрын статустай ажиллаж байна.
Засгийн газрын 2022 оны 225 дугаар тогтоол, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2022 оны 25 дугаар тогтоолын дагуу “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нь “Эрдэнэс Монгол” нэгдлийн Зэс, металлын группийн бүрэлдэхүүнд ажиллаж байна.
Алсын хараа
[засварлах | кодоор засварлах]ДЭЛХИЙН ЖИШИГ, МОНГОЛЫН БАХАРХАЛ
Эрхэм зорилго
[засварлах | кодоор засварлах]БИД, ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ, ХАРИУЦЛАГАТАЙ УУЛ УУРХАЙГ ЭРХЭМЛЭН ҮНДЭСНИЙ БАЯЛГИЙГ БҮТЭЭНЭ.
Үнэт зүйлс
[засварлах | кодоор засварлах]- Аюулгүй байдал ба эрүүл мэнд: Бид ажилтан бүрийн аюулгүй байдлыг хангаж, эрүүл мэндийг эрхэмлэнэ.
- Ёс зүй, хариуцлага: Бид бие биеэ хүндэтгэн, үнэнч шударга, хариуцлагатай, ёс зүйтэй ажиллана.
- Байгаль орчин: Бид байгаль орчны тэнцвэрийг хадгалан, ногоон хөгжлийг дэмжинэ.
- Хамтын хүч: Бид хамтын шийдвэр гаргаж, багийн гишүүн бүрийн оролцоотойгоор ажлыг үр бүтээлтэй, цаг хугацаанд нь гүйцэтгэнэ.
- Инновац: Бид шинэ санаачилгыг хөгжүүлж, шинэлэг арга барилаар үнэ цэнийг бий болгоно.
Удирдлага
[засварлах | кодоор засварлах]“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлаар Г.Ёндон, Ерөнхий инженерээр Т.Батмөнх нар ажиллаж байна.
Үйл ажиллагаа
[засварлах | кодоор засварлах]“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нь Эрдэнэтийн-Овоо ордын хүдрийг олборлон боловсруулж, зэс, молибденын баяжмал үйлдвэрлэн, дэлхийн зах зээлд борлуулдаг бөгөөд зэс, молибденын хүдрийн олборлолт, баяжуулалтаар Ази тивдээ томоохонд тооцогддог үйлдвэр юм.
”Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нь Ил уурхай, Баяжуулах үйлдвэр, Авто тээврийн цех, Засвар, механикийн завод гэсэн үндсэн дөрвөн цех болон Геологи, хайгуулын экспедици, Дулааны цахилгаан станц, Ган бөөрөнцгийн цех, Тээвэр, ложисткийн төв, Цахилгаан цех, Ус хангамжийн цех зэрэг үйлдвэрлэлийн туслах, дэмжих чиглэлийн 10 гаруй цех, нэгжүүдтэй. Мөн нийгмийн цехүүдээр дамжуулан ажилтнуудын нийгмийн хамгааллын асуудал, эрүүл мэнд, боловсрол, соёл, урлаг, спорт, амралт, чөлөөт цаг зэрэг нийгмийн хариуцлагын олон талт үйл ажиллагаа явуулж байна.
Түүхэн товчоон
[засварлах | кодоор засварлах]1978 он
“Эрдэнэт” үйлдвэрийн эхний ээлж жилд 4 сая тонн хүдэр боловсруулах хүчин чадалтайгаар ашиглалтад орж, анхны баяжмалаа ачуулав.
1980-1983 он
Эдгээр он жилүүдэд 2, 3, 4-р ээлжийг ашиглалтад оруулснаар 1983 онд жилдээ 16 сая тонн хүдэр боловсруулах анхны төслийн хүчин чадлыг бүрэн эзэмшсэн тул Монгол-Зөвлөлтийн хамтарсан уул уурхайн баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн иж бүрэн цогцолборыг ашиглалтад хүлээн авах, хүлээлгэж өгөх тухай хоёр улсын Засгийн газрын актад гарын үсэг зурах ёслол Эрдэнэт хотод болов.
1991 он
БНМАУ, ЗСБНХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрээр хамтарсан үйлдвэрийн дүрмийн сангийн харьцааг 51:49 болгов.
1993 он
“Эрдэнэт” үйлдвэрийн зэсийн баяжмал олон улсын чанарын цом, сертификат хүртсэн бөгөөд бүтээгдэхүүнээ Япон, БНСУ, БНХАУ, Европын зарим улсад нийлүүлдэг болов.
2003 он
Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хооронд байгуулсан хэлэлцээрээр “Эрдэнэт” үйлдвэрийг Монгол-Оросын “Эрдэнэт үйлдвэр” хязгаарлагдмал хариуцлагатай компани /ХХК/ болгон өөрчлөн байгуулсан.
2011 он
“Эрдэнэт үйлдвэр” ХХК нь Европын Бизнес Ассамблей олон улсын байгууллагаас “Дэлхийн шилдэг аж ахуйн нэгж” цом, өргөмжлөлийг Ази тивээс анх удаа хүртэв.
2013 он
“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн 35 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнав.
2016 он
ОХУ-ын Ростех улсын корпорац өөрийн эзэмшиж байсан 49 хувийг Монгол Улсын хувийн хэвшлийн компанид худалдсанаар “Эрдэнэт үйлдвэр” ХХК 100 хувь Монгол Улсын үндэсний аж ахуйн нэгж болов.
2018 он
“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн 40 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Д.Сүхбаатарын одонгоор шагнав.
2019 он
Засгийн газрын 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 91 дүгээр тогтоолоор “Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Монголросцветмет” ХХК-д ... 6 сарын хугацаагаар онцгой дэглэм тогтоосон. Онцгой дэглэмийн хугацааг УИХ-ын 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 74 дүгээр болон Засгийн газрын 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 127 дугаар тогтоолоор тус бүр 6 сарын хугацаагаар 2 удаа сунгаж байсан.
Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 102 дугаар тогтоолоор “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийг 100 хувь төрийн өмчийн “Эрдэнэт үйлдвэр” төрийн өмчит үйлдвэрийн газар /ТӨҮГ/ болгон өөрчлөн байгуулав.
2019 оны 06 дугаар сард Монгол Улсын Засгийн газрын 224 дүгээр тогтоол, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 262 дугаар тогтоолоор Эрдэнэт үйлдвэрийн тогтвортой хөгжил, урт хугацааны бодлого, чиглэлийг тодорхойлсон чухал баримт бичиг болох ““Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ыг 2031 он хүртэл хугацаанд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийг баталсан.
1990-ээд онд үүссэн, БНКазУ-ын Балхашмыс компаниас авах 20 сая ам.долларын авлага, 2013 оноос үүссэн, Лондонгийн олон улсын Арбитрын шүүхийн шийдвэрээр “Жаст групп” ХХК-д холбогдох 120 сая ам.долларыг “АйСиБиСи Стандарт банк” ПЛС-д төлөх зэрэг хэд хэдэн хэрэг маргааныг 2017 оноос идэвхитэй хөөцөлдөж, 2019 он гэхэд Эрдэнэт үйлдвэрийн эрх ашигт нийцүүлэн эцэслэн шийдвэрлэсэн.
2021 он
Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлын улмаас улс орны нийгэм, эдийн засгийн байдал нэн хүндэрсэн 2020, 2021 оны амаргүй цаг үед айл өрх, аж ахуйн нэгж, байгууллагын цахилгаан, дулааны эрчим хүч, дулааны уурын хэрэглээ, цэвэр, бохир усны болон энгийн хог хаягдлын үйлчилгээний төлбөр, хураамжийг төрөөс төлж, дэмжлэг үзүүлэх Засгийн газрын түүхэн шийдвэрийг Эрдэнэт үйлдвэрийн уурхайчид, хамт олон нэр төртэй биелүүлж, 1.1 их наяд төгрөгийн санхүүжилт хийснээр байгалийн баялгийнхаа үр шимийг хүртэх боломжийг ард иргэддээ олгосон.
Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т “Монгол Улсын Баатар” цол хүртээв.
2023 он
Эрдэнэтийн-Овоо ордыг нээсний 60 жил, “Эрдэнэт үйлдвэрийг барьж байгуулах тухай” Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулагдсаны 50 жил, Эрдэнэт үйлдвэрийг байгуулж, анхны баяжмалаа үйлдвэрлэсний 45 жилийн ой боллоо.
Энэ түүхт ойн жил мэдлэгийн менежментийн тогтолцоог хэрэгжүүлэгч Азийн анхдагч загвар байгууллага болж, “Шилдэг татвар төлөгч”-өөр шалгаран, Үндэсний чанарын “Шилдэг аж ахуйн нэгж”-ээр анх удаа тодорч, төрийн өмчит компаниудаас “ТОП 10” жагсаалтыг манлайлан, гаалийн итгэмжлэгдсэн аж ахуйн нэгжийн гэрчилгээ гардаж, уурхайчдын “Эрдэнэсийн цом”-ын эзэн боллоо.
2024 он
41.0 сая тонн хүдэр олборлож, 38.0 сая тонн хүдэр боловсруулан түүхэн дээд амжилт тогтоолоо.
Томоохон үйл явдлын тойм
[засварлах | кодоор засварлах]Монгол Улсын эдийн засагт жинтэй хувь нэмэр оруулж байна
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нь 2024 оны үйл ажиллагааны үр дүнгээр Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 5.3 хувийг, нийт экспортын 7.4 хувийг, улсын нэгдсэн төсвийн орлогын 4.8 хувийг, валютын нөөцийн 24 хувийг бүрдүүлсэн нь улс орныхоо эдийн засгийн хөгжилд Эрдэнэт үйлдвэрийн оруулж буй хувь нэмрийг тод томруун илтгэн харуулж байна.
Хөгжлийн үндсэн чиглэлээ батлуулж, хэрэгжүүлэн ажиллаж байна
Монгол Улсын Засгийн газар Эрдэнэт үйлдвэрийн хөгжлийн асуудлыг 2019 оны 6 дугаар сард тусгайлан авч үзэж, 224 дүгээр тогтоолоор “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ыг 2031 он хүртэл хугацаанд хөгжүүлэх үндсэн чиглэлийг дэмжсэн бөгөөд Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар 2019 оны 6 дугаар сард уг үндсэн чиглэлийг баталсан.
Эрдэнэт үйлдвэрийн хөгжлийн үндсэн чиглэлд эрдэс баялгийн нөөцийг өсгөх цогц арга хэмжээ болон Ил уурхай, Баяжуулах үйлдвэр, Засвар механикийн заводын зэрэг үндсэн үйлдвэрлэлд өргөтгөл хийх, техник, тоног төхөөрөмжийг шинэчлэх, дэвшилтэт технологи нэвтрүүлэх замаар өртөг зардлыг бууруулах, хүчин чадал, үр ашиг, өгөөжийг нэмэгдүүлэх, өрсөлдөх чадвараа дээшлүүлэх урт хугацааны бодлого, зорилт, хэрэгжүүлэх төлөвлөлт тусгагдсаныг амжилттай хэрэгжүүлэн ажиллаж байна.
Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрүүд, Шинэ сэргэлтийн бодлого зэрэг Монгол улсын хөгжлийн бодлогын баримт бичгүүдэд Эрдэнэт үйлдвэрийн хөгжлийн асуудал, тухайлбал, Эрдэнэт үйлдвэрийг түшиглэн Үйлдвэрлэл, технологийн парк байгуулж, бүрэлдэхүүнд нь зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр болон бусад нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг хөгжүүлж байгуулах зэрэг томоохон бүтээн байгуулалт тусгагдсаныг хэрэгжүүлэн ажиллаж байна.
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нь “Эрдэнэс Монгол” нэгдлийн 2024-2028 оны дунд хугацааны стратеги төлөвлөгөөнд тодорхойлсон зорилго, стратегийн чиглэл, удирдамжийг үндэслэн 2024-2028 оны дунд хугацааны стратегийн төлөвлөгөөг 2024 оны 06 дугаар сард шинэчлэн боловсруулж, хэрэгжүүлэн ажиллаж байна.
Эрдэс баялгийн нөөцийг шинэчлэн тогтоов
Уул уурхайн компанийн оршин тогтнохын үндэс бол хүдрийн нөөц юм. Эрдэнэт үйлдвэр нь урт хугацаанд ажиллах баталгааны үндсэн суурь нөхцөл болсон эрдэс баялгийн нөөцийг өсгөх, шинэчлэн тогтоох ажлыг нэн тэргүүний зорилт болгон ажиллаж байна.
Эрдэнэтийн-Овоо ордын хүдрийн нөөцийг 5 удаа шинэчлэн тогтоож, баталгаажуулж байснаас хамгийн сүүлд 2024 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар олон улсын Жорк стандартаар шинэчлэн баталгаажуулсан нөөцөөр Эрдэнэт үйлдвэр нь одоогийн хүчин чадлаар тооцвол цаашид 55 жил ажиллах баталгаатай болсон.
Хүдрийн нөөцөө өсгөх шинэ боломжийг хайж, Эрдэнэтийн-Овоо стратегийн ордын бүсэд, тухайлбал, Орхон, Булган аймгийн нутагт байрлах 6 хэсэг талбайд ашигт малтмал эрэх, хайх тусгай зөвшөөрөл авсны дагуу 2023 оноос Оюутын ордод нарийвчилсан хайгуул, бусад хэсгүүдэд эрлийн ажлыг гүйцэтгэж байна. Эдгээр ажлын үр дүнд Эрдэнэт үйлдвэрийг илүү урт хугацаанд ажиллуулах боломж нэмэгдэх болно.
Хүдэр боловсруулах хүчин чадлыг 40 сая тоннд хүргэв
Эрдэнэтийн-Овоо ордын хүдрийн уурхай жилээс жилд гүнзгийрэхийн хэрээр хүдрийн нөөц багасч байгаагийн зэрэгцээ байгалийн өгөгдлөө дагаад уул-геологийн нөхцөл хүндэрч, металлын агуулга буурч, чулуулгийн хатуулаг өсч байгаа нь бүтээгдэхүүний үйлдвэрлэлд нөлөөлж, өртөг зардлыг нэмэгдүүлж, орлогыг бууруулж байна.
Иймд үйлдвэрлэлийн хүрсэн түвшинг бууруулахгүй байж, орлого, ашиг, улс, орон нутгийн төсвийн бүрдүүлэлт, нийгэм, эдийн засгийн амьдралд оруулж буй өгөөжийг хадгалах, нэмэгдүүлэх зорилгын үүднээс урт, дунд хугацааны бодлого, төлөвлөгөөний үндсэн дээр техник, технологийн шинэчлэлийг үе шаттайгаар хийж, хүчин чадлаа нэмэгдүүлж, хөгжүүлж ирсэн.
Тухайлбал, 1978-1983 онд жилдээ 16 сая тонн хүдэр боловсруулах анхны төслийн хүчин чадлыг бүрэн эзэмшсэн бол 1989 онд 20 сая тонн, 2000 онд 25 сая тонн, 2015 онд 32 сая тоннд хүргэсэн.
Эрдэнэт үйлдвэрийг 2031 он хүртэл хугацаанд хөгжүүлэх үндсэн чиглэлийн дагуу Баяжуулах үйлдвэрийн бүхий л дамжлага дээр өргөтгөл, шинэчлэл хийж, бүтээн байгуулалтын төслүүдийг, тухайлбал, Өөрөө нунтаглах хэсгийн 4 дүгээр шинэ шугам, түүний өргөтгөл, Нунтаглан баяжуулах хэсгийн хам баяжуулалтын секцүүдийн шинэчлэл зэргийг амжилттай хэрэгжүүлж байгаагийн үр дүнд 2022 онд 38 сая тонн, 2024 онд 40 сая тонн хүдэр боловсруулах хүчин чадлыг эзэмшээд байна.
Ингэж тухай бүр техник, технологио шинэчилж, хүчин чадлаа нэмэгдүүлж, хөгжүүлж ирсэний үр дүнд өнөөдөр ямар ч хүнд цаг үе тохиолдсон өөрийгөө авч явах чадамжтай, өрсөлдөх өндөр чадвартай үйлдвэр болсон.
Техник, технологио шинэчилж, үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааг хангах, үр ашгийг дээшлүүлэхэд хөрөнгө оруулалтын бодлогоо чиглүүлэн ажиллаж байна
Төрийн өмчит үйлдвэрийн газрын статустай ажиллаж буй 2019-2024 онд хийсэн нийт хөрөнгө оруулалтын 70 гаруй хувийг үйлдвэрлэлийн тасралтгүй ажиллагааг хэвийн хангах техник, тоног төхөөрөмж, технологийн шинэчлэлтэд болон хөгжлийн төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд зориуллаа. Энэхүү хөрөнгө оруулалтын үр дүнд Эрдэнэт үйлдвэрийн техник, тоног төхөөрөмжийн дундаж элэгдэл 2019 онд 68 хувь байсан бол 2024 онд 52.5 хувь болсон бөгөөд сул зогсолт, төлөвлөгдөөгүй засвар, үйлчилгээний цаг хугацаа тогтмол буурч, үйлдвэрлэлийн найдвартай ажиллагаа дээшилсэн.
Энэ хугацаанд Ган бөөрөнцгийн цехийн болон Баяжуулах үйлдвэрийн өргөтгөл, шинэчлэл, Дулааны цахилгаан станцын өргөтгөл, Эмульсийн тэсрэх бодисын шинэ үйлдвэр, Ил уурхайн гадна цахилгаан хангамжийг сайжруулах төсөл, Сэлэнгэ-Эрдэнэтийн ус хангамжийн шинэ 3-р төв шугам, Эрдэнэт-Хялганатын 64 км хатуу хучилттай автозам зэрэг олон төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлсэн бөгөөд технологийн тээврийн парк шинэчлэлтийн хүрээнд 2024 онд KOMATSU HD1500-8 маркийн, 142 тонны даацтай, уулын ажлын бүтээл өндөртэй, ашиглалтын зардал багатай, өөрөө буулгагч 10 автомашин, мөн LIEBHERR R9350E маркийн 18 м3 шанаганы багтаамжтай, хөдөлгүүрийн 1200 кВт хүчин чадалтай 2 экскаватор тендерээр худалдан авч, тэдгээрийн угсралт, тохируулгын ажлыг гүйцэтгэж, ашиглалтад орууллаа.
Үүнээс гадна, Ил уурхайн хөрсний тээвэрт мөчлөгт урсгалт тээврийн технологи нэвтрүүлэх, Баяжуулах үйлдвэрийн хам баяжуулалтын 2, 3 дугаар секцийг болон хүдэр бэлтгэлийн I шугамыг шинэчлэх, хаягдал өтгөрүүлэх технологи нэвтрүүлэх, Хаягдлын шинэ сан барих, Засвар механикийн заводыг үндэсний машин үйлдвэрлэлийн суурь болгон хөгжүүлэх өргөтгөл, шинэчлэл зэрэг томоохон төслүүд амжилттай хэрэгжиж байна.
Монгол Улсад анхных болох Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэрийг байгуулахаар ажиллаж байна
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нь иж бүрэн дэд бүтэц /автозам, төмөр зам, ус хангамж, ариутгах татуургын систем, цахилгааны хангамж/ бүхий Үйлдвэрлэл, технологийн паркийг байгуулж байна.
Монгол Улсад анхных болох Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэрийг барьж байгуулах ажил эхэлж байна. Зэсийн баяжмал хайлуулах технологийг эцэслэн сонгож, ТЭЗҮ-ийг батлуулсан бөгөөд үйлдвэрийг Эрдэнэтэд барьж байгуулах төр, засгийн шийдвэр гарсан. Хамгийн гол нь зэсийн баяжмалыг хайлуулах явцад гарах хүхэрт хийнээс элементийн хүхэр үйлдвэрлэх технологийн “үйлдвэрлэлийн туршилт”-ыг 2021 оноос БНХАУ-ын China ENFI Engineering компанитай хамтран гүйцэтгэж, хэдийгээр цар тахал зэрэг давагдашгүй хүчин зүйлийн улмаас ажил удааширсан боловч 2024 онд энэхүү туршилтын ажил эерэг үр дүнтэйгээр амжилттай дууслаа.
Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийг барьж байгуулах ажлыг холбогдох хуулийн хүрээнд олон улсын түвшинд тендер зарлаж зохион байгуулахаар ажиллаж байна.
Хиймэл оюунд суурилсан үнэлгээний системийг нэвтрүүлж байна
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нь засаглалыг сайжруулах зорилтын хүрээнд үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдлыг хангах зарчмыг тууштай баримтлан ажиллаж байна.
2024 оноос хиймэл оюунд суурилсан “TenderEval 1.0” системийг боловсруулж, худалдан авах ажиллагааны тендер шалгаруулалтын үнэлгээнд нэвтрүүлэх ажлыг эхлүүлсэн. Энэ нь Монгол Улсад анхных болж байгаа бөгөөд авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх, худалдан авах ажиллагааны зөрчил, дутагдлыг арилгах, тендер шалгаруулалтын зардлыг бууруулах зэргээр тодорхой үр дүнд хүрэх ирээдүйтэй арга хэмжээ болж байна.
Хиймэл оюунд суурилсан “TenderEval 1.0” системийг нэвтрүүлэхдээ байгууллагын нөөц төлөвлөлтийн ERP системийг хөгжүүлэх, нэвтрүүлэх болон сүлжээний шинэчилсэн дэд бүтцэд суурилсан шинэ “Дата төв”-ийг байгуулах ажлыг хамт хийж гүйцэтгэж байна.
Мөн Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт туссан Эрдэнэтийн хүдрийн талбайд хиймэл оюун ашиглан хэтийн төлөвтэй талбайг үнэлж, судлахаар ажиллаж байна.
Зэсийн баяжмалыг анх удаа биржээр арилжав
Засаглалыг сайжруулж, үйл ажиллагааны ил тод байдлыг хангах зорилтын хүрээнд хэрэгжүүлж буй нэг чухал арга хэмжээ бол Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль, Засгийн газар, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам (Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам)-ны шийдвэрийг үндэслэн зэсийн баяжмалыг анх удаа биржээр арилжаалах арга хэмжээг 2024 оны 04 дүгээр сараас Монголын хөрөнгийн биржтэй хамтран эхлүүлж, сар бүр тогтмол зохион байгуулж байгаа явдал юм.
Зэсийн баяжмалыг биржээр нээлттэй арилжаалах нь бүтээгдэхүүний борлуулалтын үйл явц авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж, байгалийн баялгийн үр өгөөж, экспортын орлогыг нэмэгдүүлэх чухал ач холбогдолтой юм.
Хүний нөөцийн олон улсын ISO 30400 багц стандартыг амжилттай хэрэгжүүлж, баталгаажууллаа
Хүний нөөцийн менежментийн тогтолцооны олон улсын ISO 30400 багц стандартыг амжилттай нэвтрүүлж, олон улсын аудитын багаас 2022 онд 70 оноо, 2023 онд 77 оноо авч байсан бол 2024 онд 80 онооны үнэлгээ авч, олон улсын ахисан түвшний гэрчилгээг үргэлжлүүлэн хадгалах эрхээ хамгааллаа.
Энэхүү стандартыг нэвтрүүлснээр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нь Монгол Улсын уул уурхайн салбарт, тэр дундаа төрийн өмчит үйлдвэрийн газар, төсөвт байгууллагын хувьд анхдагч болж, хүний нөөцийн менежментийн цоо шинэ тогтолцооны стандарттай болсон юм.
Менежментийн тогтолцооны олон улсын стандартуудыг амжилттай нэвтрүүлж байна
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т өнөөгийн байдлаар хүний нөөцийн менежментийн тогтолцооны MNS ISO 30400 багц стандартаас гадна чанарын менежментийн тогтолцооны ISO 9001:2015 болон хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын менежментийн тогтолцооны ISO 45001:2018 стандартууд хэрэгжиж байна.
Байгаль орчны менежментийн тогтолцооны ISO 14000 стандартыг 2007 онд Монгол улсад анх удаа нэвтрүүлж байсан бол энэ удаа байгаль орчны менежментийн тогтолцооны ISO 14001:2015 (MNS ISO 14001:2016) стандартыг үйлдвэрийн газрын хөгжлийн стратеги, бодлоготой уялдуулан хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Мөн уул уурхайн салбарт анх удаа Эрдэнэт үйлдвэр эрчим хүчний менежментийн тогтолцооны ISO 50001 стандартыг үйлдвэрлэлд нэвтрүүлж байна.
Нийгмийн хамгааллын олон талт үйлчилгээ үзүүлж байна
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нь нийгмийн хариуцлагын хүрээнд нийгмийн цехүүдээр дамжуулан ажилтан нарын ажлын байрны ая тухтай нөхцөлийг бүрдүүлэх, эрүүл мэндийг хамгаалах, спорт, урлаг, соёлын хүмүүжил олгох, ахуйн нөхцөл, амьдралын түвшин /орон сууц гэх мэт/-г дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэх, амралт, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, ахмадуудаа халамжлах, ажилтан нар, ахмадууд, үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас хөдөлмөрийн чадвар алдалтын хувь тогтоолгосон ажилтнуудад тусламж, дэмжлэг үзүүлэх зэргээр ажилтан нарынхаа нийгмийн баталгааг хангахад чиглэсэн нийгмийн хамгааллын олон талт үйлчилгээ үзүүлж байна.
Эрдэнэт үйлдвэр нь энэ төрлийн зардалд жилд дунджаар нийт зардлын 6-7 хувийг зориулж байгаа нь нийгмийн хариуцлагын хувьд бусад үйлдвэрүүдэд жишиг болохуйц өндөр үзүүлэлт юм.
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжин ажиллаж байна
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ анхлан нэгдэж, 2031 он дуустал хугацаанд нийтдээ 100 сая мод тарьж, ургуулах амлалт авсан бөгөөд “100 сая мод” хөтөлбөрийг батлан, хэрэгжүүлж байна.
Тус хөтөлбөрийн хүрээнд ойн салбарын үйлдвэрлэлийг шинжлэх ухаантай хослуулж, үр хадгалах, үрийн нөөц, генофондыг үүсгэх зорилгоор Монгол Улсдаа анхных болж байгаа Ойн генетик нөөцийн төв, Хөрсний инноваци, биотехнологийн төвийг байгуулсан.
Мөн жилдээ 12 сая тарьц гаргах хүчин чадалтай, бүрэн автомат систем бүхий хүлэмжтэй Мод үржүүлгийн цогцолборыг байгуулахаар ажиллаж байна. Энэ хүрээнд Хангайн бүсэд мод үржүүлгийн газар байгуулах ТЭЗҮ-ийг боловсруулан, батлуулж, Автомат хүлэмж бүхий мод үржүүлгийн газар байгуулах ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах олон улсын тендерийг зарлаад байна.
Техникийн нөхөн сэргээлтийн ажлыг амжилттай хийлээ
Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан зорилтыг хэрэгжүүлж, Байгаль орчин, аялал жуулчлалын яамтай хамтран баталсан “Эвдэрсэн газрын нөхөн сэргээлтийн хөтөлбөр”-ийн дагуу Сэлэнгэ аймгийн Ерөө сумын найман байршлын 2007.4 га талбайд техникийн нөхөн сэргээлт хийх ажлыг 2023-2024 онд амжилттай зохион байгуулж, Байгаль орчин, аялал жуулчлалын яам болон Сэлэнгэ аймагт хүлээлгэн өглөө.