Андрей Громыко

Андрей Громыко

Андрей Андреевич Громыко (Оросоор Андре́й Андре́евич Громы́ко, 1909 оны 7 сарын 18 - 1989 оны 7 сарын 2) нь Зөвлөлт Холбоот Улсын дипломат, улс төрч юм. ЗХУ-ын Гадаад хэргийн сайдын албыг 28 жилийн турш хашсан. "Ноён үгүй" /Mr.No/ хочтой. Михаил Горбачёвын засаглалын үед Эдуард Шевардназед сайдын албан тушаалаа хүлээлгэн өгөөд, төрийн тэргүүнтэй дүйцэх тэргүүлэгчдийн даргын албан тушаал хашиж байв.

Намтар[засварлах | кодоор засварлах]

Андрей Громыко 1909 оны 7 сарын 6-нд Зөвлөлт Холбоот Улсын Социалист Бүгд Найрамдах Беларусь улсын Гомель мужид тариачны гэр бүлд төржээ.

1931 онд Зөвлөлт Холбоот Улсын Коммунист Намд элссэн байна. 1932 онд Минскийн Хөдөө Аж Ахуйн Их Сургуулийг дүүргээд Шинжлэх Ухааны Академийн эдийн засгийн хүрээлэнд ажиллаж эхэлжээ. 1939 онд ЗХУ-ын гадаад хэргийн асуудал эрхэлсэн коммисиариат буюу Гадаад хэргийн яаманд орсон байна. Тус яаманд Америкийн хэлтэст тасгийн дарга, хэлтсийн орлогч дарга, дарга,АНУ дахь Элчин сайдын яамнаа консулын алба хашиж байв. Дэлхийн хоёрдугаар дайны ид үе буюу 1943 онд АНУ дахь Элчин сайдаар томилогдож, 1945 оны Ялтын хэлэлцээр зэрэг олон улсын хурал чуулган, хэлэлцээрт оролцож, ялангуяа Америкийн Нэгдсэн Улстай харьцах харилцааг бэхжүүлэх бөгөөд хэвийн байлгахад ихээхэн хүчин чармайлт гаргажээ.

1946-1949 онд Нэгдсэн Үндэстний Байгууллагын Аюулгүйн Зөвлөлд ЗХУ-ын төлөөлөгчөөр ажиллаж, олон удаа татгалзах эрхээ /Вето/ ашиглаж байсан тул "Ноён үгүй" (орос. нет - Үгүй) хэмээх хочтой болжээ.

Хожим Гадаад хэргийн яамны төрийн нарийн бичгийн дарга, Их Британи улсад суугаа Элчин сайдын албыг хашиж байгаад Никита Хрущёвын засаглалын үед 1957 онд Гадаад хэргийн сайдаар томилогдсон байна. Ийнхүү 1985 он хүртэл, Хүйтэн дайны турш ЗХУ-ын гадаад харилцааны нүүр царай болж иржээ.

1956 онд ЗХУКН-ын Төв Хорооны гишүүн, 1973 оны 4 сард ЗХУКН-ын Улс төрийн товчооны гишүүн болсон байна.

Леонид Брежневийн засаглалын сүүлийн жилүүдэд тэрээр маш их нэр нөлөөтэй болж, 1983 оноос Сайд нарын Зөвлөлийн даргын нэгдүгээр орлогч даргын албыг хавсарч байв.

1988 оны намар УТТ-ны гишүүний албыг орхиж, 1989 оны 4 сард Намын Төв хорооны гишүүн байхаа болиод, мөн оны 7 сарын 2-нд 79 насандаа нас нөгчжээ.

Өмнөх
Дмитрий Шепилов
ЗХУ-ын Гадаад хэргийн сайд
1957 – 1985
Дараах
Эдуард Шевардназе
Өмнөх
Константин Черненко
ЗХУ-ын Дээд Зөвлөлийн тэргүүлэгчдийн дарга
1985 - 1988
Дараах
Михаил Горбачёв