Константин Черненко

Константин Черненко

Константин Устинович Черненко (1911 оны 9-р сарын 24 (хуучин Юлийн тооллоор 9 сарын 11)-нд Оросын Хаант Улсын Енисей хязгаарын Минусин дүүргийн Большая Тесь тосгонд төрж, 1985 оны 3-р сарын 10-нд ЗХУ-ын Москва хотод нас барсан) ЗХУ-ын Коммунист намын болон Зөвлөлтийн төрийн зүтгэлтэн. 1984 оны 2-р сарын 13-наас 1985 оны 3-р сарын 10-ны өдөр хүртэл ЗХУ-ын Коммунист намын Ерөнхий нарийн бичгийн дарга, 1984 оны 4-р сарын 11-нээс 1985 оны 3-р сарын 10-ны өдөр хүртэл ЗХУ-ын Дээд Зөвлөлийн тэргүүлэгчдийн дарга буюу ЗХУ-ын Төрийн тэргүүн байжээ.

Намтар[засварлах | кодоор засварлах]

1911 онд Оросын Енисей мужийн тосгонд тариачин Устин Демидович (1874- 1945), Харитина Фёдоровна нарын 4 хүүхдийн хоёр дахь хүү болж төрсөн.

1929-1931 онуудад Новосёлын дүүргийн Бүх Оросын Хувьсгалт залуучуудын хорооны сурталчилгааны хэлтсийн даргаар ажиллав.

1931-1933 онд ЗСБНАКазУлсын Хоргос боомтын хилийн цэрэгт алба хаасан. Энэ үеэр Бүх Оросын Коммунист Намд элсэж, хилийн цэргийн отрядын намын үүрийн даргаар сонгогдон ажиллажээ.

1933-1941 онд Красноярскийн хязгаарын Новоселовский болон Уяр дүүргийн намын хорооны суртал ухуулга, ухуулгын хэлтсийн дарга, Красноярск мужийн Намын боловсролын ордны эрхлэгчээр ажиллаж байжээ. 1941-1943 онд тэрбээр Бүх Холбоотын Большевик Коммунист Намын Красноярск хязгаарын хорооны нарийн бичгийн дарга байв.

Тосгоны залуучуудын 3 жилийн сургууль төгсөөд 1945 онд ЗХУ-ын КН-ын дэргэдэх Намын зохион байгуулагч нарын дээд сургууль төгссөн. 1947 онд Денза хотын багшийн дээд сургуульд эчнээгээр сурч байгаад Кишинев хотын багшийн дээд сургуулийг 1953 онд түүхийн багш мэргэжлээр төгссөн байна.

1945-1948 онд Пенза мужийн Коммунист намын хорооны нарийн бичгийн дарга байв. 1948 оны 3-р сард Төв хорооны нарийн бичгийн дарга нарын газар Черненког Молдав руу шилжүүлэх шийдвэр гаргажээ. 1948 оноос Молдавын Коммунист намын Төв Хорооны суртал ухуулгын хэлтсийн дарга. Энэ үеэр 1950-иад оны эхээр Черненко тухайн үед Молдавын Коммунист намын Төв хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга байсан Леонид Брежневтэй танилцаж амьдралынхаа эцэс хүртэл нөхөрлөсөн байна. 1950-аад оноос эхлэн Черненкогийн албан тушаалын өсөлт Брежневтэй салшгүй холбоотой байж иржээ.

1956 оноос 1960 оны 5-р сар хүртэл ЗХУКН-ын Төв Хорооны Суртал ухуулгын хэлтсийн олон нийтийн сурталчилгааны секторын эрхлэгч.

1960-1965 онд ЗХУ-ын Дээд Зөвлөлийн Тэргүүлэгчдийн Хэрэг эрхлэх газрын даргаар (1960-1964 онд Л. И. Брежнев тэргүүлэгчдийн даргаар ажиллаж байсан).

1965-1982 онд ЗХУКН-ын Төв Хорооны Ерөнхий хэлтсийн даргаар ажилласан.

1976 оны 3-р сараас ЗХУКН-ын Төв Хорооны нарийн бичгийн дарга.

1977 оны 10-р сараас ЗХУКН-ын Улс төрийн товчооны гишүүн, 1978 оны 11-р сараас ЗХУКН-ын Төв Хорооны Улс төрийн товчооны гишүүн болжээ.

Ю.Андропов нас барж 1984 оны 2-р сарын 13-нд болсон ЗХУКН-ын Төв Хорооны бүгд хурлаар К.У.Черненког ЗХУ-ын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн даргаар санал нэгтэй сонгов. М.С.Горбачев ч мөн Константин Устиновичийг сонгоход саналаа өгсөн байна. 1984 оны 8-р сард амралтаараа Черненко утсан загасанд ноцтой хордож засаглалынхаа нэлээд хэсгийг Клиникийн төв эмнэлэгт өнгөрөөж, тэнд ЗХУКН-ын Төв Хорооны Улс төрийн товчоо заримдаа бүр хуралддаг байсан ажээ.

Черненкогийн үед Брежневийн дараах болон Маоизмын дараах үеийн хямралыг эргэн харж Хятадтай харилцах харилцаанд анхаарч эхэлсэн. К.Черненкогийн гадаад бодлогын томоохон ололт бол БНХАУ-тай харилцаагаа сайжруулж, 1984 оны 12-р сарын 28-нд ЗХУ болон БНХАУ-ын хооронд эдийн засаг, техникийн хамтын ажиллагааны хэлэлцээрт гарын үсэг зурсан байна.

1985 оны 3-р сарын 10-ны 19 цаг 20 минутын үед Константин Устинович Черненко элэг, уушгины зүрхний дутагдлын улмаас зүрхний шигдээсээр нас баржээ. Нэг жил хорин таван өдрийн засагалынхаа дараа тэрбээр Кремлийн хананд оршуулагдсан сүүлчийн ерөнхий нарийн бичгийн дарга болсон юм.

Константин Черненког оршуулах ёслол 3-р сарын 13-ны Лхагва гаргийн 13:00 цагт Улаан талбайд болсон. 1985 оны 3-р сарын 11, 12, 13-нд 3 хоног ЗСБНХУ даяар гашуудал зарлаж, оршуулах үеэр Москва, Холбооны Бүгд найрамдах улсын нийслэл, баатар хотууд, баатар цайз Брест болон бусад 10 томоохон хотод ЗХУ-ын нутаг дэвсгэр дэх бүх аж ахуйн нэгж, байгууллагуудын ажлыг таван минутын турш зогсоож байжээ.

Шагнал[засварлах | кодоор засварлах]

Черненко гурван удаа ЗХУ-ын хөдөлмөрийн баатар (1976, 1981, 1984) цол хүртсэн байна. Дөрвөн удаа Лениний одонгоор (1971, 1976, 1981, 1984), мөн 1982 онд "Лениний нэрэмжит төрийн шагнал"-аар шагнуулж байжээ.