Jump to content

1990 оны Монголын ардчилсан хувьсгал

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Ардчилсан хувьсгал — 1989-1990 оны хооронд үргэлжилсэн цусгүй хувьсгал юм. Улс төрийн жагсаал цуглаан, өлсгөлөнгийн үр дүнд коммунист дэглэмтэй Бүгд Найрамдах Монгол Ард Улсын удирдлага бүрэн огцорч, ардчилсан Монгол Улсыг (1992 оноос) байгуулагдсан юм.

  • 1989 оны ардчилсан хувьсгал
  • 1990 оны ардчилсан хувьсгал
  • Монголын ардчилсан хувьсгал
  • Цагаан морин жилийн хувьсгал

Монголд 1911 онд Үндэсний хувьсгал ялж Монгол улс тусгаар тогтнолоо 200 гаруй жилийн дараа сэргээсэн бол 1921 онд Ардын хувьсгал ялж харц язгууртан бүгд эрх чөлөгөө эдлэх болжээ. Түүнээс хойш 1924 онд Үндсэн хуулиар зарлан тунхаглагдсан Бүгд Найрамдах Монгол Ард Улс Зөвлөлт Холбоот Улстай ойр дотно харьцаатай явж иржээ. БНМАУ дахь социалист байгуулалт 1980-аад оны дунд үе гэхэд мухардмал байдалд орсон гэдгээ бага багаар ухаарч эхэлсэн. Бусад социалист орнуудын хувьд ч нөхцөл байдал мөн адил байлаа. 1985 онд ЗХУ-ын шинэ "залуу" удирдагч Михаил Горбачёв өөрийн улсдаа «Өөрчлөн байгуулалт» хийж эхэлсэн ба Монголын удирдагч Юмжаагийн Цэдэнбалыг "эрүүл мэндээр" огцруулж Жамбын Батмөнх улс орныг удирдаж эхэлсэн юм.[1]

МАХН 1986 оноос төлөвлөлт, удирдлагыг боловсронгуй болгох зорилт дэвшүүлсэн боловч ЗХУ-ыг харж эмээж, хүлээсэн идэвхгүй байр суурь баримталж байлаа. Тиймээс сэхээтэн залуучуудын дунд 1989 оноос “Шинэ үе”, “Орчлон”, “Ертөнц” зэрэг нууц бүлгэмүүд байгуулагдаж, үйл ажиллагаа явуулах болов.

Өөрчлөн байгуулалт ЗХУ төдийгүй бүх Зүүн европын социалист орнуудад ардчилал, шинэчлэлийн хөдөлгөөн өрнүүлсэн бөгөөд 1989 онд Хятадад ардчилсан хөдөлгөөн өрнөөд цэргийн хүчээр дарагдаж, дорно Европын хуучин социалист Польш, Унгар, Зүүн Герман, Чехословак , Румын зэрэг улсад шил шилээ даран ардчилсан хувьсгал тэмцэл өрнөж амжилтанд хүрч эхэлсэн үе байв.

Монголын гадаад, дотоодод сурч байсан оюутан, залуус ардчилсан хувьсгалын гол хүчин байв. 1989 оны 11 дүгээр сарын 27-28-нд Залуу уран бүтээлчдийн Улсын II зөвлөгөөн болж Ц.Элбэгдорж, Дарь.Сүхбаатар, С.Амарсанаа нар Ардчилсан холбоо байгуулахыг анх санаачилж, улс төрийн нууц бүлгэмүүд нэгдэж улмаар Монголын Ардчилсан Холбоог (МоАХ) байгуулжээ.

1989 оны 12 дугаар сарын 10-нд Улаанбаатар хотын "Хүүхэд залуучуудын соёлын төв"-ийн гадаа талбайд анхны цуглаанаа хийж Монголд олон намын улс төрийн систем тогтоох, хүний эрхийг дээдлэх, бүх нийтийн сонгуулийг хугацаанаас нь өмнө 1990 оны эхний хагаст багтаан явуулах, улс төрийн хэлмэгдэгсдийг цагаатгах, хэвлэлийн эрх чөлөөг баталгаатай болгох зэрэг 13 зүйлийн шаардлага тавьснаар Монголд Ардчилсан хувьсгал эхэлсэн гэж үздэг.

1990 оны 2 дугаар сарын 18-нд Монгол улсын 16 аймаг 3 хотоос 611 төлөөлөгч, 200 зочин цуглаж МоАХ-ны анхдугаар Их хурал болж Монголын Ардчилсан нам байгуулагдсан ба хурлын ажилллагааг телевиз радиогоор орон даяар шууд дамжуулсан юм. Их хурлаас БНМАУ-ын МАХН-ын Улс төрийн Товчоо, Сайд нарын зөвлөлийг огцруулж, Ардын их хурлыг тараах шаардлага тавьсан.[2]

Ховд хотод болсон анхны болон 1989 оны 12 дугаар сарын 10, 12-р сарын 17, 1990 оны 1-р сарын 14, 2-р сарын 11-нд болсон удаа дараагийн цуглаануудын дараа 1990 оны 1-р сарын 21-нд нийслэлийн төв Сүхбаатарын талбайд цуглаан болсон. Цуглаан дээр МоАХ-ны Ерөнхий зохицуулагч Санжаасүрэнгийн Зориг "МАХН нийгмийн удирдан чиглүүлэгч мөн" гэсэн томъёоллыг Үндсэн хуулиас хасахыг дахин шаардав. Үг хэлсэн хүмүүс хэвлэлийн эрх чөлөөг шаардаж, МАХН-ын хэмжээгүй эрхийг эсэргүүцэж байлаа.

1990 оны 3 дугаар сарын 4-нд ардчиллын төлөөх дөрвөн холбоо Монголын Ардчилсан Холбоо, Ардчилсан Социалист Холбоо, Шинэ Дэвшлийн Холбоо, Монголын Оюутны Холбоо нэгдэж БНМАУ-ын АИХ-ын тэргүүлэгчдэд хандан МоАХ-ны тавьсан шаардлагуудад даруй хариу өгөх болон намын үйл ажиллагааг төрөөс тусгаарлахыг шаардсан юм. Энэ цуглаанд 100 мянга гаруй хүн оролцсон гэсэн тооцоо байдаг.

Эрх баригч МАХН, төрийн удирдлагын зүгээс хариу өгөөгүй учир 3 хоногийн дараа 1990 оны 3 дугаар сарын 7-нд МоАХ-ны ЕЗЗ-ийн 10 гишүүн нийслэлийн төв талбайд улс төрийн өлсгөлөн зарласан байна. Өлсгөлөнд оролцогчдын тоо нэмэгдсээр 3 дугаар сарын 9-ний өдөр 33 хүрсэн юм. Өлсгөлөн зарлах тэмцэлд Ш.Нина гэх цор ганц эмэгтэй оролцсон байна.

Цахиагийн Элбэгдорж, ардчилсан хувьсгалын анхдагч, тус улсын ирээдүйн ерөнхийлөгч (2009-2017).

1989 оны 12-р сарын 4-д Эрдэнэт хотод анхны тайван жагсаал болсон бөгөөд «Эрдэнэтээс Оросын цэргийн ангийг гаргах, Тосон Заамарын алтны уурхайг ашиглахгүй байх, Эрдэнэт үйлдвэрийг үндэсний үйлдвэр болгох, баригдаж байгаа Эсгий, эсгий гутлын үйлдвэрийг барихгүй байх, Мод дамжуулах үйлдвэрийг нэн даруй хаах» гэсэн шаардлагыг НТХ-ны 5-р бүгд хуралд явуулж хэлэлцүүлж байв.

1989 оны 12-р сарын 7-нд Ховдын Багшийн дээд сургуулийн хэсэг багш, оюутнууд аймгийн төвийн Ард Аюушийн талбайд улс төрийн цуглаан хийж МАХН-ын Төв Хорооны УТТ, Засгийн газрыг бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрохыг шаардсан өргөх бичгийг аймгийн намын хорооны бүгд хурлын үеэр Улаанбаатарт хүргүүлэхээр гардуулж байв. Энэ нь Монголд болсон улс төрийн шаардлага тавьсан иргэдийн анхны цуглаан байсан юм.

Улаанбаатарын анхны цуглаанд 300 хүн ирж Хонх хамтлаг «Хонхны дуу»-гаа дуулсан нь улмаар ардчилсан хувьсгалын сүлд дуу болсон юм.

1990 оны 2-р сарын 18-нд Төрийн хяналтаас хараат бус анхны хэвлэл «Шинэ толь» сонин гарч эхэлсэн.

Монголд анх удаа улс төрийн өлсгөлөн зарласны дараа 1990 оны 3 сарын 8-нд радио, телевизээр шууд цацсан яриа хэлэлцээнд нэг талаас МоАХ-ны Ерөнхий зохицуулагч Санжаасүрэнгийн Зориг, мөн идэвхтэй тэмцэгч Элбэгдорж, Дорлигжав, Ганболд, Баабар, Бат-Үүл, Гончигдорж, Баасан нар, өлсгөлөн зарлагчдын төлөөллийн хамт нөгөө талаас БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн дарга Думаагийн Содном, орлогч дарга Дашийн Бямбасүрэн нар оролцсон юм.

Ийнхүү 8-9-нд үргэлжилсэн яриа хэлэлцээний үр дүнд талууд зөвшилцөлд хүрч нам төрийн тэргүүн Жамбын Батмөнх МАХН-ын Төв Хорооны Улс Төрийн Товчоо бүрэн бүрэлдэхүүнээр огцрох болсныг мэдэгдсэнээр улс төрийн өлсгөлөн зогссон юм.

3 дугаар сарын 10-нд улс төрийн нам, холбоод хамтарсан мэдэгдэл гаргаж эх орон, улс үндэстнийхээ эв нэгдэл, эрх ашгийг эрхэмлэн дээдэлж тэгш эрхтэй байх, бие биенээ харилцан хүндэтгэх, дотоод хэрэгт үл оролцох, нэг нэгнийхээ эсрэг хүч үл хэрэглэх зарчим баримтлах бөгөөд улс төрийн тулгамдсан асуудлаар харилцан зөвлөлдөж тохиролцоонд хүрэхийг эрмэлзэхээ зарлан тунхаглав.

1990 оны 7 дугаар сард Монголын анхны ардчилсан сонгууль болж, Монгол Улсад ардчилал тогтжээ. Үүний үр дүнд 1992 онд Монгол улсын шинэ Үндсэн хуулийг баталжээ. Монгол улсад ардчилал, хүний эрх жинхэнэ утгаараа хэрэгжиж Монгол улс ардчилсан улс болсон түүхтэй. Нийгэм зах зээлийн тогтолцоонд шилжиж Монгол улс дэвшилтэд үзэлтэй дэлхий нийттэй хөл нийлүүлэн алхах боломж нээгдлээ. Монголд зах зээлийн эдийн засгийн үндсэн зарчим болох хувийн хэвшлийг чөлөөтэй болгож, хувийн өмчтэй болох, хүний эрх чөлөөний үндэс болох шашин шүтэх, гадаадад зорчих зэрэг эрхүүдийг хуульчлан баталснаар монгол хүн эрх чөлөөгөө олсон байна. Анхны чөлөөт сонгууль улс даяар болж анхны парламент, анхны ерөнхийлөгч өө сонгож анхны ардчилсан Засгийн газар байгуулагдсан түүхтэй юм.

  1. Kaplonski, Christopher (2004). Truth, History, and Politics in Mongolia: The Memory of Heroes. Psychology Press. pp. 51, 56, 60, 64–65, 67, 80–82. ISBN 1134396732.
  2. Монголд ардчилал эхэлсэн түүх