Гоминдан

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search

Гоминдан нам (хятад уламж. 中國國民黨, хялбар. 中国国民党, пиньинь Zhōngguó Guómíndǎng, шууд утгаар: «Хятадын Үндэсний нам», англи-Kuomintang (KMT)) Бүгд Найрамдах Хятад Улсын /Тайвань/ консерватив улс төрийн нам.

Гоминдан намын сүлд

Орчин үед "Гоминдан нам" "Анхны ардын нам"-тай хамтран "Их цэнхэр эвсэл"-ийг байгуулж, Тайванийн удирдлаган дор Хятадыг нэгтгэхэд чиглэсэн бодлого баримталдаг байна. Харин "Ардчилсан дэвшилт нам"-ын тэргүүлдэг “Их ногоон эвсэл” Тайванийг “Бүгд найрамдах Тайвань” нэрийн дор их газрын хятадаас тусдаа тусгаар тогтносон улс болгон тунхаглахыг дэмжиж байдаг ажээ.

Хятадад Синьхайн хувьсгал гарсны дараахан Гоминдан нам байгуулагдаж, Чин улсын Засгийн газрыг түлхэн унагасан. Гоминданчууд коммунистуудыг тус улсад 1949 онд засгийн эрхийг авах хүртэл зэвсэгт тэмцэл өрнүүлж Иргэний дайн хийж байгаад Тайвань арал руу зугтахаас өөр замгүй болсон ажээ.

Түүх[засварлах | edit source]

Гоминданы үзэл сурталч, зохион байгуулагч нь 1894 онд Хавайн Хонолулу хотод "Хятадын сэргэн мандалтын нийгэмлэг"-ийг (уламж.хятад. 興中會, хялбар. 兴中会, пиньинь Xīngzhōnghuì ) үүсгэн байгуулсан Хятадын үндсэрхэг үзлийг дэмжигч доктор Сунь Ятсен байсан. 1905 онд Сунь Ятсен Токио дахь хаант засаглалын эсрэг байсан бусад нийгэмлэгүүдэд нэгдэж, Чин гүрнийг түлхэн унагаж, Бүгд найрамдах улс байгуулах зорилготой "Нэгдсэн холбоо"-г (Түмэнхой) байгуулжээ. Тус холбоо нь 1911 оны Шинхайн хувьсгалыг төлөвлөж, 1912 оны 1-р сарын 1-нд Бүгд Найрамдах Хятад Улсыг байгуулахад шууд оролцсон байна.

Гэвч Сун Ятсен цэргийн эрх мэдэлгүй байсан тул 2-р сарын 12-нд Хятадын сүүлчийн эзэн хааныг огцруулах ажлыг зохион байгуулсан цэргийн удирдагч Юан Шикайд Бүгд найрамдах улсын Ерөнхийлөгчийн албан тушаалыг түр өгөхөөс өөр аргагүй байжээ.

1912 оны 8-р сарын 25-нд Бээжин хотод Гоминдан нам анх байгуулагдаж, "Нэгдсэн холбоо" хэд хэдэн жижиг хувьсгалт намуудтай нэгдэн Үндэсний сонгуульд оролцохоор болжээ. Намын даргаар Сун Ятсен сонгогдож, түүний орлогчоор Хуан Син болжээ. Намын бас нэг нөлөө бүхий гишүүн бол парламентын үндсэн хуульт ардчиллыг дэмждэг язгууртнууд болон худалдаачдын намд асар их дэмжлэг үзүүлсэн хүн болох Сүн Жяожэн байв. Гоминдан намынхан Юан Шикайн засаглалын үед өөрсдийгөө тогтворжуулагч хүчин гэж үзэж, Үндсэн хуульт хаант засаглалыг дэмжигчид тэдний улс төрийн гол өрсөлдөгчид болж байжээ. 1912 оны 12-р сард болсон сонгуулиар Гоминдан нам Хятадын анхны Үндэсний ассемблейд дийлэнх олонх болсон байна.

Юан Шикай парламентыг үл тоомсорлож, 1913 онд парламентын дарга Сүн Жяожэнийг алах тушаал өгчээ. 1913 оны 7-р сард Сун Ятсен тэргүүтэй Гоминдан намынхан Юан Шикайн эсрэг муу төлөвлөгдсөн зэвсэгт бослого буюу "хоёрдугаар хувьсгал"-ыг зохион байгуулсан байна. Бослогыг дарж, 11-р сард ерөнхийлөгч Гоминдан намыг хуулиар хориглож, намын олон гишүүд Японоос улс төрийн орогнол хүсч цагаачилсан байна. 1914 оны эхээр парламент тарж, 1915 оны арванхоёрдугаар сард Юан Шикай өөрийгөө Хятадын хаанаар өргөмжилжээ.

Сун Ятсен 1914 онд Японд байхдаа Чан Кайши, Чен Чимэй нарын дэмжлэгтэйгээр Хятадын хувьсгалт намыг байгуулсан байна. Энэ үеэр хуучин нөхөд болох Хуан Син, Ван Жинвэй, Ху Ханмин, Чен Жионмин нар түүнтэй нэгдэхээс татгалзаж, түүний Юан Шикайн эсрэг дахин зэвсэгт бослого гаргахыг дэмжээгүй ажээ.

Сун Ятсен 1917 онд Хятадад буцаж ирээд Кантонд өөрийн Засгийн газрыг байгуулсан ч удалгүй хөөгдөж, Шанхай руу дүрвэхэд хүрчээ. 1919 оны 10-р сарын 10-нд тэрээр намаа сэргээсэн ч хуучин намыг зүгээр л "Гоминдан" гэж нэрлэдэг байсан тул одоо "Хятадын Гоминдан" гэж шинээ нэр өгсөн байна. 1921 онд Сун Ятсен болон түүний нам Гуанжоуд эрх мэдлээ эргүүлэн авчээ. 1923 онд гадаадад хүлээн зөвшөөрөгдөх оролдлого бүтэлгүйтсэний дараа Гоминдан намынхан Зөвлөлт Оростой хамтран ажиллахаар тохиролцсон байна.

Гоминдан намын анхны хурал

Энэ үеэс Зөвлөлтийн зөвлөхүүд үндсэрхэг үзэлтэй намынханд ухуулагч бэлтгэхэд тусалж, 1923 онд Сун Ятсен өөрийн итгэлт хүмүүсийн нэг болох Чан Кайшиг Москвад цэрэг, улс төрийн курст явуулжээ. 1924 онд Намынхаа анхдугаар их хурлаар үндэсний үзэл, ардчилал, хөгжил цэцэглэлт гэсэн "гурван ард түмний зарчим"-д суурилсан Сун Ятсений хөтөлбөрийг баталсан байна /тус хуралд коммунист болон бусад намынхан оролцсон байна/.

Анх гоминданчууд Америкийн "холбооны" үзэлтэй ойр, мужуудын тусгаар тогтнолыг хамгаалах зарчмуудыг баримталдаг байв. Гэсэн хэдий ч ЗХУ-тай ойртсоны дараа зорилго өөрчлөгдсөн. Одоо хамгийн тохиромжтой нь нэг үзэл баримтлалтай, нэг намын төвлөрсөн төр байв. Сун Ятсений дүрийг шүтлэх үзэл бий болсон.


1925 онд Сун Ятсенийг нас барсны дараа намын улс төрийн удирдлага зүүн жигүүрийн төлөөлөгч Ван Жинвэй, баруун жигүүрийн төлөөлөгч Ху Ханмин нарт шилжсэн. Гэсэн хэдий ч жинхэнэ бодит эрх мэдэл армийг мэдэж байсан Вампу-гийн цэргийн академийн даргын Чан Кайшигийн гарт байжээ.

Чан Кайшигийн үед Гоминданд урьд хожид байгаагүй авлига цэцэглэн хөгжсөн. Гоминданчууд улс төрийн асуудлыг шийдвэрлэхийн тулд эрүүгийн гэмт хэрэгтнүүдийг ашиглах хандлага гарсан. Тиймээс 1927 оны 4-р сард Ногоон бүлэглэлийн тэргүүн Ду Юйшэнгийн тусламжтайгаар үндсэрхэг үзэлтнүүд Шанхайн коммунистуудыг устгах ажиллагааг зохион байгуулж байжээ. Японтой хийсэн дайны үеэр Хятадын цэргүүдэд материаллаг тусламж үзүүлж байсан АНУ-тай үе үе зөрчилдөөн үүсч байв.

1926-1927 онд Чан Кайши "Умардын аяныг" удирдаж, милитаристуудын эрин үеийг төгсгөл болгож, Хятадыг Гоминданы эрхшээлд бүрэн нэгтгэв. Чан Кайши Үндэсний хувьсгалт армийн ерөнхий командлагч болжээ. ЗХУ-ын санхүүгийн болон боловсон хүчний дэмжлэгтэйгээр Чан Кайши есөн сарын дотор Хятадын өмнөд хэсгийг эзлэн авч чадсан байна.

Сун Ятсен

Япон ялагдсаны дараа коммунистууд ба Гоминданы хоорондох дайн дахин эрч хүчтэйгээр ширүүсэв. Коммунист арми хурдацтай хөгжиж байв: цэргээс халагдсаны дараа олон цэргүүд ажилгүй хоцорч, коммунистуудтай нийлэв. Үүнээс гадна тус улсад инфляци ноёрхож хүчээ авсан байна. 1948 оны 8-р сард Засгийн газар үүнийг хазаарлахыг оролдсоноор хувь хүмүүст алт, мөнгө, гадаад валют эзэмшихийг хориглов. Үнэт зүйлсийг хураан авч, хариуд нь хүн ам "алтан үнэт цаас" авсан бөгөөд 10 сарын дараа үнэ нь бүрэн унасан. Үр дүн нь нийтийг хамарсан дургүйцлийг төрүүлэв.

Чан Кайшигийн цэргүүд зөвхөн томоохон хотуудыг хамгаалж харин коммунист отрядууд хөдөө орон нутгаар байр сууриа бэхжүүлжээ. 1949 оны эцэс гэхэд коммунистууд эх газрын бараг бүх Хятадыг хяналтандаа байлгаж, Гоминдан намын удирдлага дэмжигчдийн хамт Тайвань руу нүүхээс өөр аргагүй болжээ. Үүний зэрэгцээ эрдэнэсийн сангийн нэлээд хэсгийг тэд эх газраас авч гарчээ. Хоёр сая орчим дүрвэгсэд, түүний дотор цэргийнхэн Тайвань руу зугтаасан байна.

Тайвань дахь Гоминданы нам[засварлах | edit source]

1960-аад онд Гоминданчууд Тайваньд газар тариалангийн шинэчлэл хийж, арлын эдийн засгийг хөгжүүлж, засгийн газрын доод түвшинд улс төрийн либералчлалыг эхлүүлсэн. Үүний үр дүнд "Тайваний эдийн засгийн гайхамшиг"-ийн үзэгдэл гарч ирэв. 1969 оноос хойш тэд Хууль тогтоох Юанийн (парламент) "нөхөн сонгууль" явуулж эхэлсэн - ахмад настан эсвэл нас барсан намын гишүүдийн оронд шинэ гишүүд сонгогдож байжээ. Гоминдан нам Тайванийг 1970-аад оны сүүлч хүртэл нэг намын авторитар тогтолцооны дор хянадаг байсан бөгөөд сүүлд шинэчлэлийг эхлүүлж, арав гаруй жил үргэлжилж, Тайванийг ардчилсан нийгэм болгон хувиргасан байна. Сөрөг хүчнийг албан ёсоор зөвшөөрөөгүй ч 1970-80-аад оны зааг дээр үйл ажиллагааг нь хориглоогүй “данвай” (“намаас гадуур”) бүлэглэлүүд гарч ирэв. 1980-аад оноос нэг намын тогтолцооны хүрээнд улс төрийн амьдралыг ямар нэгэн байдлаар ардчилах хувилбаруудыг боловсруулж эхэлсэн.

Чан Кайши

1986 онд тус арал дээр хоёр дахь улс төрийн нам болох "Ардчилсан дэвшлийн нам" (АН) гарч ирэв. Гоминдан нам дэлхийн хамгийн баян улс төрийн нам болсон. Нэгэн цагт түүний хөрөнгийг янз бүрийн эх сурвалжийн мэдээгээр 2.6-10 тэрбум доллараар үнэлдэг байсан.

Ардчилал хөгжив[засварлах | edit source]

1988 оны 1-р сард Чан Кайшигийн хүү залгамжлагч Зян Зинго нас барж дэд ерөнхийлөгчийн албыг хашиж байсан Ли Дэнхуэй БНХУ-ын дарга, Гоминданы намын дарга болов. 1992 оны арванхоёрдугаар сарын 21-нд сөрөг хүчний шахалтаар олон намын оролцоотой парламентын чөлөөт сонгууль болж Гоминдан нам 53%, АН 31% санал авчээ. 1996 онд Ерөнхийлөгчийн бүх нийтийн шууд сонгууль болсон. Ли Дэнхуэй 54 хувийн санал авч ерөнхийлөгчөөр сонгогдсон. Сонгогчдын 21 хувь нь АН-ын нэр дэвшигчид саналаа өгсөн байжээ. Улмаар тус нам 1989 он хүртэл Тайваньд дангаараа төрийн эрх барьж байсан. Сүүлд 2000 онд Гоминдан нам бус анхны Ерөхийлөгч сонгогдсон байна.