Урианхай
Урианхай нь хэл, соёл, угсаа гарал нэгтэй Монголын олон ястны нэг болохын дээр гарал үүслийн хувьд Монгол угсаатан дотроосоо одоогийн нэрээрээ тэмдэглэгдэж ирсэн хамгийн эртний гарал үүслийн түүхтэй ястны нэг юм. Зарим түүхэн сурвалжид уг аймгийн нэрийг Урианхан гэж тэмдэглэсэн байдаг бөгөөд дайн байлдааны тэргүүнд уриалан дайтдаг зоригт баатар эрстэй овог аймаг байсан тул Уриа аймаг гэх болсон бол сүүлд олон тулаанд байгуулсан ялалт, гавьяаг үнэлэн Хан өргөмжилж УРИАНХАН аймаг болсон гэдэг.
Түүх[засварлах | кодоор засварлах]
Урианхай угсаатны түүхийг Хүннү гүрний дараах үе, Сяньби улсын үеэс эхлэлтэй гэж үздэг. Урианхай нь 7-р зууны үеэс анхны Монгол аймгийг Хиад, Дарлиган аймгуудын хамтаар үүсгэн байгуулсан гэж үздэг бөгөөд энэ талаар Эргүнэ Хүний домогт тодорхой өгүүлсэн байдаг.
Алтайн Урианхай аймгийн эзэн захирагч Зэлмэ жанжин бол Их Монгол Улсын Чингис хааны хамгийн алдартай цэргийн жанжин байсан ба Монголын зонхилох том аймгийн нэг байв.
Урианхайчууд Алтайн нурууны 13 оргилын дагуу суурьшин амьдарч Монгол улсынхаа баруун хил хязгаарыг манан сахих үүрэгтэй, хагас цэрэгжсэн харуул аймаг байсан юм.
Сүүлд Монголын бутралын үед 500 гаруй жил Урианхайчууд нь тэр үеийн Алтайн Урианхай аймаг, Тагна уулын Урианхай айг, Тэлэнгэд аймгийн хамт (одоогийн Уулын Алтай БНУ болон Тува БНУ, Хакас БНУ, Алтайн хязгаар) Монголын Халхын Засагт Хааны харьяанд байж байгаад хожим Зүүнгар улсын харьяанд орсон Хотгойд аймгийн ноёны харьяат газар нутаг, хүн ард түмэн нь байв.
Монголын Хотгойдын ноён Шолой Уваш хунтайжийг оросууд Алтай хан, Алтан Хан гэх мэтээр сурвалж бичигт тэмдэглэсэн байдаг. Уваш хунтайжтай Оросууд анх гэрээ хэлэлцээр хийж, харилцан элч төлөөлөгчөө солилцсон байдаг. Тэр үед Шолой Уваш хунтайжийн оросуудад зарим газар нутаг түрээслэж болно гэх захидалыг үндэслэл болгон Оросууд Монголын нутагт эзэн суусан юм. Сүүлд Манж-Оросын Нэрчүгийн хилийн гэрээг хийхэд Шолой Уваш ханы дур мэдэн бичсэн тэр захидал шийдвэрлэх үндэс болсон юм.
Зүүнгарын Галдан Бошигт хаан Халхтай эв эдрэлцэн Засагт Хааны харьяат Хотгойдын Шолой Уваш хунтайжийг цэрэг хөдөлгөн дарсан ба Шолой Уваш хунтайж ихэнх харьяат ард иргэдээ аван өмнө зүг нүүж Манжид дагаар орсон юм. Энэ дайнаас болж хязгаар нутаг хүнгүй, эзэнгүй болсныг далимдуулан Оросууд Монгол нутагт түрэн орж ирж, Байгаль нуур хүртлэх өргөн уудам нутгийг өөрийн болгосон түүхтэй билээ. Зүүнгар улсын Цэвээнравдан хаан, Галданцэрэн, Даваач хааны үед Урианхайчууд Зүүнгарын улсад харьяалагдаж байв.
Манжийн колончлолын үед 200 гаруй жил Урианхайчууд нь Урианхайн Хязгаар гэдэг засаг захиргааны нэгжид харьяалагдан Манжаас томилсон Халхын Амбан захирагчид Алтайн Урианхай, Тагна уулын Урианхайн хошуудын хамтаар харьяалагдаж байсан.
Профессор А.Очир урианхан хэмээх нэрийг урианхан нь уриа (н), хан гэсэн хоёр үгээс бүтсэн бөгөөд эхний уриа нь уриа дуудлагын уриа, хан нь эзэн гэсэн утгатай үг бололтой. Эл хоёр үг нийлээд уриан эзэн, уриан хан буюу онгодын эзэн гэсэн утга илтгэсэн байж мэднэ гэж үзсэн байна.[1]
Алтайн урианхайчуудын түүхээр дорвитой бүтээл хийсэн эрдэмтэн бол Ц.Гантулга юм. Тэрбээр урианхайчуудын гарал, үүслийн талаар тодорхой мэдээлэл авахад “Эргүнэ хунгийн домог”, “Монголын нууц товчоо” хоёр онцгой ач холбогдолтойг дурджээ. Эхний домгоос авч үзвэл лавтай 2000 жилийн асуудал яригдах юм. Тэгэхээр гарцаагүй язгуурын Монгол аймгийн тухай яриа гарна гэсэн үг.
Тэр үеийн аймгууд үргэлжийн дайн, дажинтай байсан бөгөөд нэгэн дайнаар хоёрхон хүн амьд үлдсэн нь эр, эм хос бүлгээ гэжээ. Тэд амь гарахын тулд хүн байтугай араатан хүршгүй газар зайлан одсон байна. Дүрслэн хэлбэл, нэгэн нарийхан жимийг эс тооцвол явахад нэн бэрх хад асга, ой модтой газар гэх.
Энэ нутгийг Эргүнэ Кун гэмой. Тэр хоёр хүнийг Нукуз, Киян хэмээнэ. Тэр хоёроос төрсөн үр сад нь дөрвөн зууны турш өсч үржээд олон овог болжээ. Тэдэнд нутаг ус нь давчдах болжээ. Ингээд тэндээс гарч ус ургамал, ан гөрөөс элбэгтэй газар бараадахаар шийджээ. Ингэхийн тулд далан толгой шар үхэр, адуу нядалж ширийг нь туламлан хөөрөг хийгээд нүүрс, тосоор дүүргэн их хэмжээний гал өрдөн төмрийн хүдэртэй хавсарган дэлбэлж их уулыг сэтлэн зам харгуй гаргасан байна. Тэр замаараа гаран салбар болон салж одоцгоожээ.
Тэгэхэд уриа дуудлагаар оройлон оролцож зам гаргасан Нукузын үр сад овог аймаг болохдоо урианхайчууд болжээ. “Судрын чуулган”-д өгүүлснээр бол эртний Монгол аймгуудыг дурдахдаа эхэнд нь нукуз, урианхай хэмээн өгүүлээд явсан нь бий. “Эргүнэ хунгийн домог” 2000 жилийн түүхтэй хэмээвээс Хүннүгийн үетэй холбогдох юм. Тэгэхээр урианхайчууд тэр үед ч бие даасан аймаг байсан нь таарч байгаа билээ. Рашид-ад-дин ч “Судрын чуулган”-даа зүгээр нэг дурдаагүй болов уу. Тэрхүү суут хүн тухайн үеийнхээ шилдэг баримт дээр тулгуурлан алдарт бүтээлээ туурвисан нь мэдээж билээ. “Монголын нууц товчоо”-нд чухам юу гэж өгүүлснийг одоо товчхон хүргэе. Тэнд урианхайчуудыг “Бурхан Халдуны эзэн, бурхан босгосон Шинчи баян урианхай” хэмээн өгүүлжээ. Хорь Түмэдийн нутгаас Хорилардай мэргэн удам төрлөө дагуулж Бурхан Халдуны эзэд болох Шинчи баян урианхайг түшихээр ирлээ гэсэн нь ч буй. Чингис хаан төрөхөд урианхай үндэстэн Жарчудай өвгөн булган өлгий бэлэг болгосон түүх ч буй.
13-р зуунд буюу Их Эзэн Чингис хааны үед Урианхай аймгаас Зэлмэ, Сүбэдэй зэрэг олон баатарлаг жанжин төрөн гарч байсан тухай Монголын нууц товчоонд өгүүлсэн байдаг. Чингис хааны есөн өрлөг жанжины нэг Зэлмэ нь Чингис хааны амийг гурвантаа аварч, цэргийн их жанжин Сүбэдэй нь Чингис хааны байлдан дагуулалтад онцгой үүрэг гүйцэтгэж байжээ. Дундад Ази, зүүн Европын улс орнуудыг Сүбэдэй жанжины удирдсан их цэрэг байлдан эзэлж байжээ.
Өдгөө мэдэгдэж байгаагаар урианхан (урианхай) нэр зүүсэн хэдэн бүлэг байна. Урианхай хэмээх адил нэр зүүсэн тэдгээр угсаатны бүлгүүд нь нийтлэг нэг гаралтай юм уу, эсвэл нэр ижил боловч түүхэн гарал нь өөр аймагууд байсан уу гэдэг нь одоо болтол тодорхой болж чадаагүй байна. Үүнээс үүдээд урианхай нэр зүүгсэдийн түүх, угсаа-хамаарал, нутагшилт зэрэг нэлээд асуудал нь маргаантай байна. Одоо бидэнд мэдэгдэж байгаагаар урианхай хэмээх нэр манай тооллын Х зууны эхэн үеийн хэрэг явдалтай холбогдон түүхэнд тэмдэглэгдсэн бололтой.[2] Тэр цагаас хойш түүхийн янз бүрийн үед урианхай хэмээх нэрийг хятад дүрс үсгээр хэдэн янз тэмдэглэсээр иржээ. Ираны түүхч Рашид-ад-диний "Судрын чуулганд" Хэнтийн нурууны Урианхай, Ойн Урианхай нэр ижил боловч шууд холбоогүй, Ойн урианхай нь урц овоохойд суун ан агнан амьдардаг гэж бичсэн байдаг. Ойрадын Алтайн Урианхай, Хөвсгөлийн Халх Урианхай нар урианхай гэсэн нэрнээс өөрөөр өөрсдийгөө нэрлэдэггүй харин тувачуудыг тагна урианхай, тува, якутчуудыг саха урианхай, саха, якут гэсэн гурван янзын нэрээр нэрлэж байсан учир эрдэмтэд якут, тувачууд урианхай гэсэн нэрээр сүүлд нэрлэгдэх болсон гэж таамагладаг. Зарим якут хүмүүс одоо болтол урианхайтай өөрийн гарлыг холбон тайлбарладаг.
Оросын нэрт дорно дахиныг судлаач Н.В.Кюнер хятад сурвалжид Улянха хэмээх угсаатны нэр гардаг нь Урианхай аймгийн нэр мөн гэж үзсэн байна.[3] XVIII зууны үеийн хятад түүхэнд, XV зуунаас Хянганы нуруугаар нутагласан урианхай нарыг эртний Кумоси нарын удам хойчис гэж өгүүлсэн байна.[4] Кумоси нар IV зууны үед түүхэнд нэр нь гарсан том аймаг аж. Урианхай хэмээх угсаатны нэр Х зууны эхээр түүхэнд мэдэгдэх болсон. Тэд 902, 963 онд Хятан улсад алба барьж, хөтөч хүн, алаг гөрөөс зэргийг хүргэж байв. Монгол сурвалж мэдээгээр, Чингис хааны дээд өвөг Добу мэргэний үед урианхайн зарим нь бурхан халдунд нутаглаж байжээ.[5] XII зууны үед урианхай нарыг дотор нь ойн урианхай, тал хээрийн урианхай хэмээн ялгадаг байжээ. Ойн урианхадын нутгийн өмнөд тал нь Хэнтийн уул, хойд тал нь Баргужин төхөм хавиар суугч хори түмэд, барга нартай зах залгаж байжээ.[6] Талын буюу язгууртны монголчуудын доторхи урианхай нар хойд талаараа ойн урианхайтай хаяа нийлэн Хэнтийн уулсаар нутаглан сууж байжээ.[7] Элжигидэй ноён XIII зууны эхнээс Хянганы нуруу, Их цагаан хэрмийн араар нутаглаж байжээ.
14-р зуунд Урианхай Ляонин, Хэнтийд хуваагдан сууж байв. Одоогийн Хятадын Ляонин мужид нутаглаж байсан Урианхайн Нагачу ноён 1388 онд Хятадын Мин улсад бууж өгөхөд түүний харъяат урианхайчуудыг Доён, Тайнин, Фү-юй гэсэн 3 харуулд хуваан Хятадын хил хамгаалуулах болсон байна. Эл урианхай нар бол XIII зууны эхээр Чингис хааны алтан ургийн ноён Элжигидэйд очсон урианхай нар мөн бололтой гэж зарим судлаачид үзжээ. Хэдийгээр дээрх 3 харуулын Доён харуулд урианхай нар сууж, нөгөө хоёрт нь Үжээд, Онглигууд байсан боловч зарим бичиг зохиолд Урианхайн гурван харуул, Урианхайн гурван хязгаар гэхчлэн тэмдэглэсээр иржээ. Монгол улс 14-р зуунд Хятадтай дайтан алдсан нутгаа эргүүлэн авсны дараа Урианхай түмнийг сэргээн байгуулжээ. Урианхайчууд Даян хааны үед бослого гаргасан тул Батмөнх Даян хаан Урианхай түмнийг бүрмөсөн тарааж хүн ардыг нь бусад түмэнд хэсэг хэсгээр нь тараажээ.
Урианхайн бусад хэсэг нь Хэнтийн нуруунд байсан ба тэд 16-р зууны эхээр Хангайн нуруу руу нүүн очсон ч удалгүй цаашлан Алтайн нуруунд очин одоогийн Алтайн Урианхай болжээ. Харин Хөвсгөлийн уулс руу нүүсэн хэсэг нь Хөвсгөлийн Урианхай болсон байна. Алтайн Урианхайн зарим нь Ойрад Монголчуудтай хамт Или, Тарвагатайн нуруу руу нүүсэн байна. Зүүнгарын хаант улсын үед Галдан Бошигт хааны удирдлаган дор дайн тулаанд оролцож явжээ.

Энэ олон жилийн нүүдэл, суудлын үеэр Урианхай аймаг нь нутагшин суурьшсан газар усныхаа нэрээр Хэнтийн Урианхай, Тагны Урианхай, Алтайн Урианхай гэж нэрлэгдэн иржээ. Одоогоор Хэнтийн нуруунд нутаглаж байсан Урианхайчууд Говь-Алтай аймгийн 5-6 сумдаар тархан нутаглаж, Халх ястны Урианхай овог гэж нэрлэгдэн аж төрж байна. Харин Хөвсгөлийн Урианхайчууд Хөвсгөл аймгийн нутгаар, Алтайн Урианхайчууд Алтайн нуруу даган нутаглаж байна.
Эдгээр Монголын Урианхайчуудаас гадна ОХУ-ын Бүгд Найрамдах Тува Улсад буй Тувачуудыг мөн Тагнын Урианхай гэж нэрлэж ирсэн байна. Эдгээр нь Түрэг хэл, соёлтой угсаатан бөгөөд XIV-XV зууны үед Урианхайчууд Хөвсгөл нуурын нутаг руу нүүж нутагласан үеэс эхлэн Хөвсгөлтэй зэргэлдээ орших Тагнын нурууны Тува иргэд Урианхайн нэрийг авч Тагнын Урианхай гэж нэрлэгдэх болсон юм. Тэдний уугуул нэр нь Тува болно.
Одоо Урианхайг Монгол Урианхай (Алтайн Урианхай, Хөвсгөлийн Урианхай), Тагна Урианхай гэсэн хоёр үндсэн бүлэгт хуваадаг. Алтайн Урианхай, Хөвсгөлийн Урианхай нь хэл аялгуугаараа ялгардаг бол Бурхан Халдунд үлдсэн цөөн урианхайчууд хэл, соёлоор халхаас ялгагддаггүй. Хөвсгөлийн Урианхайн аялга Халх, Алтайн Урианхайнх Ойрад аялганд орно. Алтайн Урианхай, Хөвсгөлийн Урианхайчуудын овгууд нь бүхэлдээ монгол байдаг. Харин Тувачуудын дунд монгол, түрэг овог холилдон оржээ.
Чингисийн жанжин Зэлмийн нэртэй Зэлмэ урианхай овог Монголд байгаа нь урианхайчуудын түүх гарлыг тов тодорхой илэрхийлж буй хэрэг юм. Өвөр Монголын Түмэд зүүн хошуу, Харчин хошууны захирагч ноёд нь Зэлмэ Урианхайн угсаа байдаг, Манж Чин улсын үед Урианхайчуудыг Тавнан гэж нэрлэдэг байжээ. Одоо Өвөр монголын Улаанхад хотын Харчин хошуу, Ляонин мужийн Фушиний Монгол үндэстний өөртөө засах хошуу буюу Монголжин хошуу зэрэг газруудад Зэлмийн удамт Урианхай овогтнууд амьдардаг юм. 20-р зууны эхээр Харчин Түмэд оронд хятадууд монголчуудын газар нутгийг булааж монголчуудыг ихээр алж хядсанаас болж урианхайчууд Хянган давааны энгэр уруу хорчинуудын нутаг уруу нүүсэн байдаг.
"Урианхай"-тай холбоотой овог аймгуудад[засварлах | кодоор засварлах]
Алтайн Урианхай[засварлах | кодоор засварлах]
Манж Чин улсын үед Алтайн урианхайчуудыг засаг захиргааны нэгжээр баруун, зуун гарт хуваасан байдаг. Тэр нь дотроо долоон хошуу, 27 сумтай байжээ. Алтайн нуурын Урианхай өмнө нь түүний нэг хэсэг байсан боловч 1860 оны Бээжингийн гэрээгээр Алтайг Оросын эзэнт гүрэнд шилжүүлсэн.
Зүүн амбаны хошуу:
Алтайн урианхайн гол хошуу бөгөөд Сагсайн сүмд төвлөрч байсан гэдэг. Ах, Түмт, Сан, Урианхай, Гонзгой, Оорцог гэсэн зургаан сумтай байжээ.
Мээрэнгийн хошуу:
Ах, Шаазгай, Ятуун, Онгуда гэсэн дөрвөн сумтай. Алтанцөгц нуураар төвлөрөн сууж байв. Сүүлчийн ноён нь Цагаанбилиг гэдэг хүн байжээ.
Цагаан соёны хошуу:
Бургуут, Сарыглар хоёр сумтай. Цагаан соён, Тэлэнгэд, Саглагар, Хувлаар гэх мончоогуудын хошуу нутаг юм. Цэнгэлхайрхан, Цагаан голоор нутагтай гэжээ.
Сэндэн гүний хошуу:
Оршин суудаг овгоороо нэрлэгдсэн эл хошуу хоёр сумтай гэх. Харганатын голоор нутагладаг байжээ. Энд дурдагдсан дөрвөн хошуу нь Зүүнгарын монголчууд болно. Дор дурдагдах гурван хошуу Баруун гарынхан авай.
Баруун бээсийн хошуу:
Ах, Цэрвээ, Мянгад, Сан, Оорцог сумтай. Булган голоор нутагтай гэв.
Саруул гүний хошуу:
Саруул гүний хүрээнд төвлөрсөн, Толбо нуураар нутагтай байжээ. Ах, дунд, хойд сумтай гэх.
Шар даагийн хошуу:
Ховд гол, Шинжаанаар нутагтай, дөрвөн сумтай, мончоог хошуу билээ.
Тагны Урианхай[засварлах | кодоор засварлах]
Манж Чин улсын үед Тагны урианхайчуудыг засаг захиргааны нэгжээр баруун, зуун гарт хуваасан байдаг. Тэр нь дотроо таван хошуу ба 46 сумтай байжээ.
5 хошуу: Тагны урианхай хошуу, Тож урианхай хошуу, Хөвсгөл нуурын урианхай хошуу, Хэмчиг урианхай хошуу, Салажик урианхай хошуу
46 сум: Манжийн ноёрхолын үед 1691-1923 он хүртэл Өвөр Ширхтэн урианхай нь Засагт хан аймгийн Эрдэнэ дүүрэгч хошуунд захирагдаж байсан бол хөвсгөл нуурын бусад урианхай нь 1805-1911 он хүртэл Улиастайн манж амбанд захирагдаж байсан юм. Өвөр Ширхтэн урианхайг Эрдэнэ дүүрэгч вангийн хошууны ноёны томилсон зайсангууд захирч байжээ. Хөвсгөлийн нуурийн урианхайг захирч байх Бүгдийн дарга /Үхэрида/ гэдэг албан тушаалыг Улиастай дахь манж амбан 1805 онд анх бий болгож, өөрөө томилдог байсан бөгөөд 1805-1923 он хүртэл 8 хүн энэ албыг хашсан байна. Монгол улс тусгаар тогтнолоо олсон 1911 оноос хөвсгөл нуурын Урианхай нь Богд хаант Монгол улсын дотоод хэргийг Бүгд Захиран Шийтгэх яамны мэдэлд очиж Бүгдийн дарга /Үхэрида/-г угсаа залгамжлан захирагч болгосон байна. Энэ үеэс Урианхайн 4 сум ангийн үсээр алба тушаах үүрэгтэй болжээ.
Тайлбар[засварлах | кодоор засварлах]
Ном зүй[засварлах | кодоор засварлах]
- А.Очир, Ц.Баасандорж. “Ойрад хуримын ёсон”