Эргүнэ хунгийн домог

Эргүнэ гүнгийн домог (Эргүнэ гунгийн домог гэж бичигдэх нь бий) нь Нирун улс Түрэгүүдэд цохигдсоны дараах үеийн Монгол аймгуудын гарал үүсэл, нүүдлэлтийн тухай домог бөгөөд Монгол, Түрэгийн ард олны дунд яригдан, мөн Рашид Ад Дины Судрын чуулган-д тэмдэглэгдсэн байдаг. Монгол, Түрэгийн ард олны дунд яригдан үлдсэнийхээ хувьд энэхүү домгийг Түрэгийн домог гэж үздэг Турк голдуу судлаачид байдаг ч энэ нь маргаангүй Монголын ард түмний тухай домог юм.

"Судрын чуулган"-д тэмдэглэгдсэнээр[засварлах | кодоор засварлах]

"Барагцаалбал одоогоос хоёр мянган жилийн тэртээ эрт цагт Монгол хэмээн нэрийдэж агсан тэр аймаг бусад Түрэг аймагтай зөрчил тэмцээн болж, тэр нь дайн тулалдаанаар төгсжээ, Бусад аймаг нь монголчуудыг ялан дарж, хядахад нь хошоод эр эмээс илүүгүй хүн амьд үлдсэн хэмээн хүндэт итгэмжтэй хүмүүсийн ярьдаг өгүүлэл буй. Эдгээр хоёр өрх айл дайснаас зугатан нэвтрэн очиход бэрх бартаатай ганц нарийн жимээс өөр хаанаасаа ч орох замгүй уул хад, их ой хүрээлсэн хэцүү нутагт очжээ, Тэр нь уул хадны дундуур элбэг өвстэй эрүүл тал нутаг байжээ. Тэр нутгийн нэр нь Эргүнэ Хун (гүн, кун), үүнд: хун нь хэвгий уулс, эргүнэ нь эгц гэсэн утгатай, өөрөөр хэлбэл эгц нуруу болой. Тэр хоёр хүний нэр нь Нэгүс (нохос, нукуз), Хиан (киян) байжээ.

Тэр хоёр, тэдний удам олон жил тэр нутагтаа сууж, өнөржин үржжээ. Эл угсаатны угсаа гарвал нь Эргүнэ Хунд очсон тэр хоёр хүнээс эхэн авсан тусдаа овог болсон байна. Төрж олширсоор тэдний овог олон болжээ. Чингээд тэнгэр ивээсэн учир дөрвөн зуугаад жил болоход тэд нар олон салбар болоод, тоогоороо бусдаасаа давамгайлжээ.

Овог гэдэг нь тухайлсан яс омогт харъяалагддаг хүмүүс юм. Эдгээр овог нь дахин салаалдаг байв. Одоо үед монгол аймгуудад журам болсноор эдгээр салаанаас гарсан хүмүүс хоорондоо гол төлөв садан байдаг. Монгол-Дарлиганчууд бол тэд юм. Монгол гэдэг үг нь бол анхан Мунгол гэгдэж байсан. Өөрөөр хэлбэл "Форумандэ", "Сада дэл" (персээр) юм. Монголоор хиан (киян)нь уулнаас доош урсагч түргэн ширүүн хүчтэй "том урсгал" гэх утгатай. Хианчууд зоригтой, зүрхтэй маш эрэлхэг учир энэ үгээр тэднийг нэрлэсэн байна. Хиад нь хиан гэдгийн олон тоо юм. Энэ овгийнхоны үүсэлдээ ойрын нь эрт цагт хиад гэж нэрлэж байжээ.

Энэ угсаатан тэр уулс ойдын дунд үржээд нутаг нь хүрэлцэхгүй шахцалдах болсонд ямар сайн арга хялбар замаар энэ хэцүү хавцал уулын давчуу хөндийгөөс гарах тухай бие биестэйгээ эелджээ. Чингээд тэд байнга төмөр хайлуулдаг төмрийн хүдэртэй газрыг олсон байна. Тэд цөмөөрөө хамт цуглан ойд их түлээ зэхэж, бүхэл бүтэн тулмаар нүүрс бэлтгэж, 70 толгой үхэр, адуу нядлан ширийг нь туламлан өвчиж төмөрчний хөөрөг хийжээ. Нөгөө уулын хэцний хормойд түлээ нүүрсээ зэрэглээд 70 хөөргөөр тэр хэцийг хайлтал нь нэгэн зэрэг хөөрөгдөхөөр тэр газарт бэлтгэжээ. Тэгээд хэмжээлшгүй их төмөр авч уулын сүвийг нээжээ.

Тэд цөм хамт тэр давчуу хавцлаас нүүн талд гарчээ. Хианаас улбаатай гол салаа хөөрөгдсөн юм гэж ярилцдаг. Тэрчлэн Нузуз гэдэг нэрээр мэдэгдэж байгаа аймаг мөн тэдний салбарт харъяалагдах Урианхай аймаг бас хөөрөгдсөн байна. Бусад хэдэн аймаг хөөрөгдөхөд оролцсон гэж зүтгэдэг боловч дээр дурьдсан аймгууд тэднийг зөвшөөрдөггүй. Харин өчнөөн төчнөөн салбараас бүрдсэн Хонхират аймаг, тэрчлэн Эргүнэ гүнд эдгээр Нукуз, Хианаас үүссэн аймаг эелдэж ярилцалгүй бусад аймгийн голомтыг гишигчин бусдаасаа түрүүлэн гарсан гэж батлан хэлдэг. Хонхират нар бусадтайгаа зөвшилцөлгүйгээр түрүүлэн гарахдаа бусдынхаа гал голомтыг гишгэлсний улмаас мэдээжийн хөлний өвчтэй болсон гэдэгт тэдгээр аймаг итгэдэг. Тэр шалтгаанаар Хонхират аймаг зовох болжээ. Тэр нутаг хэцүү, гэхдээ бүр тийм биш, уулыг хайлуулсаны зорилго бол алдарших өөр арга олсон явдал юм гэж одоо үед энд суудаг Эргүнэ гүнг үзсэн хэсэг монгол батлан хэлдэг" (Рашид-ад дин, 1990:45).

Төстэй домгууд[засварлах | кодоор засварлах]

Эргүнэ гүнгийн домогтой сэдэв өгүүлэгдэхүүнээрээ адил бөгөөд зарим талаар шинэ нэмэгдэл мэдээ өгөн хоёр домгийг хожуу үеийн түүхч Хондемир, Абул-гази нар тэмдэглэсэн байна. Тэр хоёр домог нь "Судрын чуулган"-д байгаа аман түүхтэй үг үсгээрээ яг нийлсэн хуулга нь биш, гэвч бидний сонирхон буй домгийн нэгэн хувилбар гэж үзэж болох юм. Хондемирийн зохиол "Монголчуудын түүх"-д байгаа домгийг сийрүүлбэл: "Татарын хаан Сююнж-тай нийлсэн Мауря-эннягарын хаан Тур-д Огуз хааны зургаадугаар үеийн удам Илл хаан ялагдан дарагдаж, бүх монголын туургатнаас Илл хааны хүү Киян, түүний хатан, Кияны үеэл дүү Тэгүз, түүний гэргий дөрвүүлэн үлдсэн бөлгөө. Тэр дөрөв тулалдааны талбар дээр алагдагсадын дунд нуугдан, шөнө болоход зугатааж үүрээр нэгэн газраа хүрч очсон нь үлэмж олон хадан хавцалтай уулсаар хүрээлэгдсэн газар байжээ. Зам явагсад уулын оройд мацаж бараа харвал, тэр доор өвс ургамал төгөлдөр хөндий харагдахад тэд уулнаас тэнд өнөд суужээ. Энэхүү газрыг түрэгээр Эргүнэ-Гүн гэх буюу эгц цавчим газар гэж нэрийдэв. Он цаг өнгөрөх зуураа дурьдсан дөрвөн хүнээс олон тооны аймаг удамлан гарчээ. Каяны удмуудыг Киад, Тэгүзийн удмуудыг Дерлинга гэж нэрлэдэг байжээ. Хожим киад, дерлинга нар Эргүнэ-гүнд багталцахгүй болтол үржин олширсон тул тэр газрыг огоорч монгол газар орныг зорин тэр газар нутгийн эзэн /хан/-тай тулалдан ялалт байгуулжээ. Түүний дараа Монгол газрыг мэдэх бүрэн эрх нь Каяныунааны Эльдуз-д батжисан бөлгөө" (Х.Пэрлээ, 1969:44).

Абуль-гази баатар хааны "Түрэгийн угийн бичиг байгаа домог", "Илл хаан, Монгулл хаанаас удамтай, Сиунг хаан татар хааны ургийн хүн. Энэ эзэд хоорондоо тасралтгүй дайн хийх бөгөөд Илл хаан ямагт ялан гардаг байжээ. Хожим Сиунг хаан Киргизийн хаантай нийлж, Илл хааныг тулж бүрмөсөн дарж, Могулл хааны гүрнийг доройтуулан унагаасан ажгуу. Илл хаан олон хүүтэй боловч Каян, түүний үеэл, Нагос тэдний хоёр гэргийгээс бусад нь цөм сайн тулалдаанд үрэгджээ. Амь гарсан хаан хүүд олзлогдсон боловч арван өдөр өнгөрөхөд зугатаах тохиол олдож, өрийн газар эгэж иржээ. Эндээ байхад тэдэнд аюултай хэмээн хэлэлцэж үлдсэн малаа аваад ууланд гарчээ. Уул уулыг дамжин явж, сүүлд нь нэгэн өндөр ууланд хүрч иржээ. Тэр өндөр уулыг гөрөөсний нарийн жимээр нэвтэрч, намуун зөөлөн элбэг өвч ногоотой хөндийг олжээ. Энэ газар тэдэнд аятайхан санагджээ. Энэ газар зүг бүрээсээ бэрхтэй уул хадаар хүрээлэгдсэн тул тэднийг мөрдөгдөхийн аюулгүй болгожээ. Тэд энэ газрыг Ирганя кон гэж нэрлэжээ. Иргана монголоор хөндий, кон нь бөх цав өндөрлөг гэсэн утгатай ажээ. Каян, Нагос хоёрын удам хойчис нь үржин олшроход Каян өөрийн удмынхныг Каяд, Нагос өөрийн удамтны нэг хэсгийн Нагослер /Нагос нар/, нөгөө хэсгийг Дурлаган гэнэ. Энэ аймгууд эндээ 400 гаруй он сууж, тэдний нутаг газар нь давчдахад домгоос мэдэж байсан уудам тал нутаг, дээдсийнхээ газарт буцахаар болжээ. Гэвч урьдын гөрөөсөн жим бүрмөсөн эдгэрсэн тул тэд уул хаднаас гарах аятайхан сэв олж чадсангүй. Нэгэн төмрийн дархан ууланд төмрийн өөдсөөр бүтсэн, онцын зузаан бус газрыг атган байжээ. Тэр ууланд мод, нүүрс ихийг авчирч шатаа гэж тэр дархан зэвлэн хэлжээ. Уул үнэнээр хэд хэдэн газраар сэт хайлж ачаатай тэмээ гарч байхаар сэв онгойжээ. Тэр сэвээр монголчууд Ирган Коноос гарчээ. Тэр цагт монголчуудыг Бертечень хаан захирч байжээ. Татар хааны удмын эзэд (хаад) монголчуудыг гарч ирсэнийг мэдмэгч зэр зэвсэг агссан боловч Бертечень хаан тэднийг бүрмөсөн даржээ. Энэ цаг нь Илл хаан ялагдаж могулл нэр сөнөснөөс хойш 450 жилийн дараа яг тохиолджээ" (Х.Пэрлээ, 1969:24).

Дээр өгүүлсэн гурван домогтой сэдэв өгүүлэгдэхүүнээрээ адил нэгэн домгийг Ерөө голын халхажсан хамниган угсаатаны хуучцуулаас А.Амар 1933 онд сурвалжлан олж тэмдэглэн үлдээжээ. Уг домогт: "Эрт нэгэн цагт хамниган үндэстэн бусдад хядагдан алагдаад ганц нэг айл хүмүүс, охид хүүхдээ энэхүү ууланд тавиад, буцаж гэр малаа авахаар явсан нь бас дайснаа алагдсан тул тэрхүү охид хүүхэд нь үхэлгүй хүмүүжиж, олон болсоор багталцахгүй болж эргэн тойрон дахь нэгэн төмөрт уурхайтай хадыг их түлээ овоолж галдан хайлгаж урсгаад гарсан хэмээдэг. Үүний учраас охид хүүхдүүд хэмээн нэрийдсэн уул одоо ч Хэнтийд байна гэжээ" /А.Амар, 1990/.

"Монголын нууц товчоо"-нд байдаг Чингис хааны язгуур Бөртэ чоно, Гоо маралын домог нь Рашид ад дины "Судрын чуулган"-ы Эргүнэ гүнгийн домгийн үргэлжлэл гэж үзэж болох юм. "Монголын нууц товчоо"-нд өгүүлэхдээ "Чингис хааны язгуур дээд тэнгэрээс заяат төрсөн Бөртэ чоно, гэргий Гуа маралын хамт тэнгис далайг гэтэлж ирээд Онон мөрний эх Бурхан халдун ууланд нутаглаж, Батцагаан гэдэг нэгэн хөвүүнийг төрүүлжээ" гэсэн байдаг.

Монгол домог болох баталгаа[засварлах | кодоор засварлах]

Эргүнэ хунгийн домгийн ижил төстэй хувилбар түрэг, хамниган нарын дунд байдаг ч хамниган, түрэгүүд энэ домгийг монголчуудаас зээлдсэн гэж үздэг. Хивийн хан Абулгази бахадур хан Эргүнэ хунгийн домгийг монгол домог хэмээн бичсэн байдаг ба Абулгази бахадур хан ч өөрөө монгол угсааны хүн билээ.

Хожим Эргүнэ хунгаас гарсан овог аймгууд нь Нирун, Дарлигин гэсэн 2 хэсэгт хуваагдсан ба эдгээр аймгууд нь бүгд монголчууд болох тул тэднийг монгол эсвэл түрэг гэж маргах шаардлагагүй тов тодорхой байгаа билээ.Рашид Ад-Дин өөрийн "Судрын чуулган" номондоо овог аймгуудын угсаа гарлыг заримдаа тодорхой бичилгүй зарим монгол аймгуудыг түрэг гэсэн байдаг ч үүнийг шууд үнэн гэх аргагүй учир нь тэрээр Төвдүүдийг хүртэл түрэг гэж бичжээ.

  • Нирун аймагууд: Баарин Чонос Хартахан Хадархан Уруд Тайчууд Сэжиүд Сухан Салжиуд Хатагин Ноёхон Мангуд Кунгият Жадаран Дуклад Дөрвөн Будаат Барлас Бэсүд
  • Дарлигин аймагууд: Арулад Баяуд Ихэрис Килингүт Кингит Кунжин Кунгилают Нукуз Нохос Олхонуд Ортаут Сүлдүсүн Урианхай Үшин Хонгирад Хонхотон Элдүркин Элжигин (Эл:энэ тегин:эзэн)