Дуут сум
Энэ нийтлэл ямар ч эх сурвалжгүй байна. |
Дуут сум
ᠳᠠᠭᠤᠲᠤᠰᠤᠮᠤ | |
|---|---|
| Улс | |
| Аймаг | |
| Сумын төв | Босго |
| Газар нутаг | |
| • Нийт | 2,146 км2 (829 бээр2) |
| Хүн ам (2022) | |
| • Нийт | ▼ 1,865 |
| Цагийн бүс | UTC+7 (UTC + 7) |
| Вэб сайт | http://duut.kho.gov.mn/ |
Дуут сум нь Ховд аймгийн сум юм. Сумын төв нь 1942 онд "Босгын эх" гэдэг газар байгуулагдсан.
Тус сум нь 1927 он хүртэл Урианхайн баруун амбаны дархан гүний хошуу гэж нэрлэгдэж байв. Хошууны сүүлчийн засаг ноёноор Жамьяанжав гүн захирч байжээ. 1927 онд ардын засгийн газраас засаг захиргааны нэгжийн өөрчлөлт хийх үед хошууны Ардын Бүгд Нийтийн Хурлаас хошууны нэрийг “Түвшин нуурын хошуу” гэж нэрлэн анхны хошуу даргаар Жожоо ноёны хүү Жамьяанжав гүний ах Урианхайн их хүрээний да лам Чүлтэмийг сонгожээ.
Одоо Шивэр, Хөх бэлчир, Цагаанбургас, Босго гэсэн 4 багтай 509 өрхөд 1960 хүн ам амьдарч байна. Нийт хүн амын 90 хувь нь урианхай, үлдсэн хувийг халх, захчин бусад үндэстэн эзэлдэг. 217.7 мянган га газар нутагтай. Монгол алтайн нурууны хярыг даган байрлах ба газар нутаг нь өндөр уулсын хоорондын хөндийн дагуу байрладаг. Далайн түвшнээс дээш 2400 метр өндөрт оршин бөгөөд Монгол улсын суурин цэгүүдээс хамгийн өндөрт оршдог. Цаг агаарын эрс тэрс уур амьсгалтай.
Угсаатны түүх:
Алтайн урианхайчууд нь Ховд аймгийн Дуут суманд бөөнөөрөө оршин сууж Монгол Алтайн нурууны төв хэсгийн өндөр уулын бүс нутагт гол төлөв мал аж ахуй эрхлэн амьдардаг.
Урианхайчууд VII-VIII зууны үед Хянганы нуруу орчимд нутаглаж байсан гэж Хятадын сурвалжид тэмдэглэжээ.
Харин “Монголын нууц товчоо”-нд өгүүлж буйгаар Х зууны үед зарим нь Бурхан халдунд ирж нутаглаад ХII зууны үеийг үзжээ.Чингис хаан 1206 онд Их монгол улсыг байгуулж бүх иргэдийг мянганы тогтолцоонд оруулахад хэд хэдэн мянган болон зохион байгуулагджээ. XV-XVI зууны тэргүүн хагасын зүүн монголын зургаан түмний нэг нь урианхан түмэн байв. Тэр цагт зүүн монгол нь баруун, зүүн хоёр гарт хуваагдаж агсан бөгөөд урианхан түмэн нь халх, цахар түмэнтэй цуг зүүн жигүүрт багтаж байв.
Зүүн монголын урианхай нарын зарим нь XVI зууны дунд үед Батмөнх даян хааны отгон хөвүүн Гэрсэнзийн захиргаанд оржээ. Энэ урианхан нар Гэрсэнзийн шууд удирдлаганд очоод, дараа нь түүний хатан долоон хүүдээ нутаг хуваахад урианхай отог нь отгон хүү Сами-буймын мэдэлд очжээ. Уг нь Хэнтий уул хавиар нутаглаж байсан урианхай нар Гэрсэнз Жалайр хун тайжийн харъяанд очсоныхоо дараа XVI зууны эхээр баруун тийшлэн, Хангайн ууланд очиж хэсэг сууснаа, удалгүй цаашлан, Алтайн ууланд хүрчээ. XVII зууны үед тэд Алтайн Бүсхайрхан уулын орчимд суурьшин, Халхын Засагт хан аймагт харъяалагдсан байна. 1680-аад оны Халх, Ойрадын хямралын үеэр энэ урианхайн нэг ноён Мада Зоригт өөрийн харъяат ардаа дагуулан Илийн Төмөрт нуурын орчимд очиж суужээ. Манжийн эрх баригчид Хөх нуурт очсон урианхай нарыг 1706 оноос эхлэн түр хугацаагаар Алтай, Эрчис, Бархөл, Өрөнгө газраар суулган Ойрадыг сэргийлүүлж байгаад 1750-иад оны сүүлчээр Халхад буцаан авчираад нэгэн хошуу болгон зохион байгуулаад, Засагт хан аймагт харъяалууулан суулгасан байна.
Манж Чин улсын дарангуйллын үед Алтайн урианхай нар засаг захиргааны зохион байгуулалтын хувьд зүүн, баруун хоёр гарт хуваагдан 7 хошуу, 29 сумаас бүрдэж байв. Зүүн гарт Зүүн амбаны, Мэйрэн зангийн хошуу, Цагаан соёны хошуу, Хар соёны хошуу багтаж байсан бол баруун гарт Баруун амбаны хошуу, Гомбо да-гийн хошуу, Шар да-гийн хошуу тус тус багтаж байжээ. Алтайн урианхайн долоон хошуунаас Зүүн, баруун амбаны, Мэйрэнгийн, Гомбода-гийн зэрэг дөрвөн хошуу нь алтайн урианхайчуудаар бүрдэж байжээ.
Монголчууд Манжийн эрхшээлээс гарсаны дараа аймаг хошуудыг засаг захиргааны шинэ зохион байгуулалтанд оруулахад, Алтайн урианхайчууд Дөрвөдийн Сайн заяат баруун гарын үнэн зоригт ханы аймагт харъяалагдах болсон байна.
Өвөг дээдсээс уламжилж ирсэн нүүдлийн соёл иргэншлийн баялаг өв сантай. Өндөр уулаар нутагтай жилийн дөрвөн улиралд байнга нүүдэллэн, мал сүргээ өсгөн үржүүлж ирсэн нүүдэлчин ард түмэн билээ.
Нүүдэлчдийн соёл иргэншлийн салшгүй өв болох байгаль дэлхийгээ шүтэх, уул овоо тахих, байгалиа хайрлах, зан заншил, билэг сургаалийн барагдашгүй сан хөмрөгтэй. Ахуйн хүрээнд хэвшсэн соёл нь зан үйлийн өргөн дэлгэр утгыг агуулсан, нийт Монголчуудын, тэр дундаа баруун Монголчуудын зан үйлийн соёлтой адил түгээмэл шинжтэй боловч урианхайчуудын үндэсний онцлог шинжийг хадгалснаараа өвөрмөц ялгаатай. Эзэн Чингисийн үеэс үүссэн үндэсний сурын харваа гэхэд л урианхай сурын харваа гэж бие даасан төрөл болон дэлгэрсэн байх жишээтэй.
Мэндлэх, хүндлэх, ёс нь малчин Монголчуудын нэгэн адил дөрвөн улиралд өөр өөр байдаг бол шинэлэх, битүүлэх, хуримлах, оршуулах, овоо тахих ёс, зан үйл нь арай өвөрмөц байдаг. Жишээлбэл: Овоо тахих, цагаан сарын шинийн нэгэнд “Баян” дээр өвчүү, дөрвөн өндөр шатаах зэрэг ёслолууд нь дөрвөн зүг, гурав гурваар нь цуварсан 12 сан, гол сантайгаа нийлээд 13 буюу Алтайн 13 сан тавьдаг нь өөр ястан үндэстэнд бараг байдаггүй өвөрмөц зан үйлийн нэг юм.
Түүнчлэн Алтайн уулсын савдаг 18 настай, үзэсгэлэн гоо охин байдаг гэх ардын ам дамжсан домгоос ургуулан бодвол Алтайн уулсаа тахих, уул овоо цагаан сарын “баян” дээр айл болгон өвчүү шатаадаг нь гагцхүү тэр Алтайн уулын эзэн савдагт идээгээ өгч байгаа хэрэг юм. Учир нь урианхайчууд хэзээнээс нааш өвчүүг бэрийн идээ буюу эмэгтэй зочинд тусгайлан өгдөг хүндэтгэлийн идээ болгон хэрэглэж иржээ.
Газарзүй
[засварлах | кодоор засварлах]Дуут сумын нутгийн дийлэнх нь Монгол Алтайн нурууны сүрлэг өндөр уулсыг дамнан оршдог. Бүргэдтэй хайрхан, Жинст, Хонгор, Битүүт, Хөх хавцал, Маш, Улаан даваа зэрэг далайн төвшнөөс дээш 3500 метрээс өндөр өргөгдсөн, Алтайн нурууны сүрлэг оргилууд тус сумын нутагт олон бий. Мөн Битүүт, Цэнхэр, Балинтын түргэн урсгалт голууд, уулын сүрлэг хавцлуудыг тус сумын нутгаас олноор харах болно. Тус сумын нутагт эртний түүх дурсгал болох Түрэгийн үеийн хадны бичээс, чулуун хөшөө, байгалийн сонин тогтоцтой, чонын хэлбэртэй чулуу, мөөгөн хад, өөр хаана ч тохиолддоггүй бөөрөнхий чулууг харж болно. Цэнхэрийн гол болон Хойд голд байгалийн үзэсгэлэн хосолсон Ховд аймагт цөөн тааралдах төрөл бүрийн модон шугуйнуудтай. Хөхбөөрөг, Харлаг хад, Нэвт зэрэг дээр үеэс нааш нутгийн ард иргэдийн дээдэлж, хүртэж ирсэн олон төрлийн өвчин эмгэгийг анагаах увидастай рашаанууд тус сумын нутагт бий.
Соёлын биет бус өв
Тус сум нь ЮНЕСКО-д бүртгэлтэй тууль , цуур гэсэн соёлын биет бус өвийн голомт нутаг.
Хүмүүс
[засварлах | кодоор засварлах]- Т.Пүрэвжав - Монгол улсын гавьяат багш, анагаах ухааны доктор
- Д.Пүрэв - Монгол улсын гавьяат уурхайчин
- П.Наранцогт - Баруун Монголын алдарт цуурч
- Б.Авирмэд - Төрийн соёрхолт туульч
- С.Чойсүрэн - Алдарт туульч
- П.Чилхаажав - Урлагийн гавьяат зүтгэлтэн, бүжиг дэглээч
- Д.Баасанжав - Монгол улсын гавьяат эмч
- Г.Лхамсүрэн - Аж үйлдвэрийн гавьяат ажилтан
- Х.Оюун - Хэл шинжлэлийн ухааны доктор
- Д.Хүрэлжээ - Аж үйлдвэрийн гавьяат ажилтан
- М.Ганболд - Түүхийн ухааны доктор, Монгол улсын гавьяат багш
- Б.Сийлэгмаа - Монгол улсын гавьяат жүжигчин, дуучин
- У.Уранчимэг - Монгол улсын гавьяат жүжигчин
- Х.Эрдэнэбаатар - Болор цомын эзэн, яруу найрагч
- Э.Баатаржав - МУ-ын Соёлын гавьяат зүтгэлтэн
- М.Отгонбаяр - Болор цомын эзэн, яруу найрагч
- П.Долгорсүрэн - МУСТА, Жүжигчин
- Зундуйн Аюурзана - БНМАУ-ын Холбооны Яамны сайд