Jump to content

Едигей

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
(Эдигу-с чиглүүлэгдэв)
Едигей жанжны довтолгооны тухай Оросын түүхэн судрын зураг

Едигей (Эдигу, Эдигэй, Эдэгэ Мангит) (1352-1419) сүүлд Ногайн Орд гэж алдаршсан шинэ улсыг байгуулсан Цагаан Ордын эмир юм. Едигей нь Казах, Татар, Крымын татаруудын үндэсний баатар бөгөөд түүний байгуулсан гавъяа эдгээр үндэстний ардын үлгэр туульсад мөнхөрчээ.

Едигей нь Крымын Мангит (Мангуд) аймгийн хүн бөгөөд 1378 онд Алтан Ордын Тохтамыш ханд ялагдаж, алагдсан Монголын тайж Балтичакын хүү юм. Тэрбээр Тохтамыш эзнийхээ эсрэг зэвсэг хангинуулахаасаа өмнө нэгэн жанжных нь хувьд маш амжилттай дайтаж нэр алдар олсон байв. 1396 он гэхэд Едигей сүүлд Ногайн Орд гэгдэх болсон Ижил мөрнөөс Яйк мөрөн хүртэлх өргөн уудам нутгийн бүрэн эрхт удирдагч болсон байв.

1397 онд Едигей Төмөрхүтлүгтэй эвсэж, Алтан Ордын цэргийн жанжин, ерөнхий захирагчаар томилогдов. 1399 онд тэрбээр Ворскла гол дээр Тохтамыш, Литовын ван Витовт нарыг бут ниргэжээ. Ингэснээр тэр Зүчийн бүх газар нутгийг түүхэнд сүүлчийн удаа нэгтгэж чаджээ.

1406 онд Едигей өөрийн эртний дайсан Тохтамышийг Сибирьт мөшгөн очиж хороожээ. Дараа жил нь тэрбээр Ижил мөрний Булгарыг дайлав. 1408 онд Алтан Ордод хэдэн арван жилийн турш татвар төлөөгүй Оросыг татарчууд сүүлийн удаа довтлон сүйтгэжээ. Едигей Доод Новгород, Городец, Ростов, зэрэг олон хотыг галдан шатаав. Москва хотыг авч чадаагүй боловч мөн л шатааж орхисон.

Едигей хоёр жилийн дараа Алтан Ордын хаан ширээнээс бууж, Хорезмд орогнол эрэхэд хүрлээ. Гератын Шахрух түүнийг Сарай руу нь эргүүлж хөөсөн бөгөөд тэнд түүнийг 1419 онд Тохтамышийн хөвгүүд хороожээ. Ногайн Орд дахь Едигейн удам хоёр зуу орчим жилийн турш тогтнож, Едигейн удмын сүүлчийн хангууд Москва руу нүүж, Үнэн алдартны шашинд орон, Урусов, Юсупов хэмээх вангууд болсноор энэ угсааныхан дуусгавар болсон түүхтэй.

Нэмж үзэх өгүүлэл

[засварлах | кодоор засварлах]