Jump to content

Скиф

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Дундад Зүүн Иран хэлүүдээр ярилцагч овог аймгуудын тархалт. НТӨ I зуун.
Скиф нумаар харваж буй скифүүд. Керчь (хуучнаар Пантикапей), Украин, НТӨ IV зуун.

Скиф (гре. Σκύθαι) буюу Понтын Скифүүд нь НТӨ IX-VIII зууны үед Төв Азиас одоогийн Украин, Өмнөд Оросын нутаг дэвсгэр болох Понтын тал нутаг руу нүүж ирсэн эртний Зүүн Ираны морьтон нүүдэлчин ард түмэн бөгөөд НТӨ III зуун хүртэл тэнд амьдарч байжээ.

Морин дээр чадварлаг дайтаж тулалддаг скифүүд НТӨ VIII зуунд Евразийн баруун хэсгийн тал нутагт ноёрхож байсан агафирс, киммеричүүдийг шахан зайлуулсан. НТӨ VII зуунд скифүүд Кавказын нурууг давж киммеричүүдтэй хамтран Баруун Ази руу байнга довтолж байв.

НТӨ VI зуунд скифүүд мидийчүүдэд хөөгдөн Баруун Азиас гарсан аж. Тэд Понтын тал руу буцаж ирсэн бөгөөд хожим НТӨ III-II зуунд сарматуудад эзлэгджээ. НТ III зуун гэхэд скифүүдийн сүүлчийн үлдэгдэл готуудад эзлэгдсэн байсан ба Дундад зууны эхэн үед скифүүд Понтын тал нутагт дараа дараагаар нүүж ирсэн янз бүрийн ард түмнүүдэд уусаж шингэсэн ажгуу.

Скифүүд үгүй болсны дараа эрт, дундад, түрүү орчин үеийн зохиогчид тэдний нэрийг өөрсөдтэй нь холбоогүй тал нутгийн янз бүрийн ард түмнүүдийг нэрлэхэд ашигласан байдаг.