Володимир Зеленський
Володимир Зеленський | |
---|---|
Төрсөн | 1978 оны 1 сарын 25 Кривой Рог, Украин |
Үндэстэн | Украин |
Ажил | Украины ерөнхийлөгч |
Володимир Олександрович Зеленський (Орос: Владимир Александрович Зеленский, 1978 оны 1 сарын 25-нд төрсөн) нь Украин улсын ерөнхийлөгч бөгөөд театр, кино жүжигчин. Тэрээр 2019 оны 5 дугаар сарын 20-нд тангараг өргөж Украины Ерөнхийлөгч болсон. «Ард түмний үйлчлэгч» улс төрийн намыг үндэслэгч.
Намтар
[засварлах | кодоор засварлах]1978 оны 1 сарын 25-нд ЗХУ-ын Днепропетровск мужийн Кривой Рог хотод төрсөн.
Жүжигчин, найруулагч, продюсер Владимир Зеленский Украины хошин урлагийн жүжигчин, “Ард түмний үйлчлэгч” намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж 2019 онд Украйны Ерѳнхийлѳгч болж тангаргаа ѳргѳсѳн билээ.
Бага насаа Монголд өнгөрүүлсэн байна. Владимирын эцэг Александр Семёнович Зеленский нь математикч, программист мэргэжилтэй, техникийн ухааны доктор цолтой нэгэн бөгөөд Монголын Эрдэнэт УБҮ-д 20 гаруй жил ажилласан нэгэн аж. Эх Римма Владимировна Зеленская нь инженер мэргэжилтэй, мэргэжлээрээ 40 жил ажилласан гэж намтарт нь бичсэн байна. Өвөг эцэг Семён Иванович Зеленский (1924), украин үндэстэн 1941-1945 оны Эх орны дайнд оролцогч байсан.
1982-1986 онуудад Владимир эцэг, эхийнхээ хамт Монголд амьдарчээ. Тэрбээр Эрдэнэт хотын зөвлөлтийн дунд сургуулийн нэгдүгээр ангид элсэн А үсэг заалгасан аж. Дараа нь 1986 онд төрөлх Кривой Рог хот руугаа буцаж, 95 дугаар гимназийн англи хэлний гүнзгийрүүлсэн сургалттай ангийг дүүргэсэн байна. Багадаа сонгомол бөх, хүндийг өргөлтөөр хичээллэдэг, шуудангийн марк цуглуулдаг, сагсан бөмбөг, гар бөмбөг муугүй тоглож, дажгүй гэгч нь бүжиглэчихдэг сэргэлэн хүү байжээ. Бас бие даан гитар хөгжим сурч, сургуулийнхаа хамтлагт тоглодог байсан гэнэ.
16 настайдаа Израилд суралцах тэтгэлэг авсан ч эцэг нь “Намайг үхсэний дараа л тийшээ яваарай” гээд болиулсан хэмээн намтарт нь бичжээ. 1995 онд аравдугаар ангиа 2 хичээл дээр сайн дүнтэй, бусад хичээл дээрээ онцсайн үнэлгээтэй төгсөж, Киевийн Олон улсын харилцааны их сургуульд элсэн суралцжээ. Мѳн төрөлх Кривой Рогийнхоо эдийн засгийн дээд сургууль, Киевийн үндэсний эдийн засгийн их сургуулийг хууль эрх зүйн мэргэжлээр дүүргэсэн байна.
2019 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үе
[засварлах | кодоор засварлах]2018 оны 12 дугаар сард Владимир Зеленский Украйны сэтгүүлч Дмитрий Гордонтой хийсэн ярилцлагадаа өөрийн "Ард түмний үйлчлэгч" /Слуга народа/ намаа ирэх парламентын сонгуульд оролцох хүсэлтэй байгаагаа зарлав. 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр, шинэ он гарахаас хэдхэн минутын өмнө Владимир Зеленский "1 + 1" телевизийн сувгаар украинчуудад хандан уриалга гаргаж, Украины ерөнхийлөгчийн сонгуульд оролцохоо мэдэгдэж, энэ нь Ерөнхийлөгч Петро Порошенкогийн шинэ жилийн уламжлалт мэндчилгээг тус телевизээр нэвтрүүлэхийг нь хоцроосон. Зеленский хожим үйл явдлыг санаатай биш, техникийн алдаанаас болсон гэж тайлбарласан.
2019 оны 1 дүгээр сарын 21-нд "Ард түмний үйлчлэгч" нам Владимир Зеленскийг Украины ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэв. Нэгдүгээр сарын сүүлчээр Зеленский сонгуулийн өмнөх санал асуулгаар хамгийн түрүүнд гарч ирэв. Хоёрдугаар сар гэхэд Зеленскийн рейтинг 25-30%, 3 дугаар сарын дундуур 34% хүртэл өссөн байна. 3 дугаар сарын 31-нд Ерөнхийлөгчийн сонгуулийн эхний шат явагдаж, хамгийн олон санал (30.24%) -ийг Владимир Зеленский авсан нь Ерөнхийлөгч Петро Порошенкогоос бараг хоёр дахин их байв.
Зеленский Порошенкотой хамт орсон сонгуулийн хоёр дахь шатанд Украины Төв комиссын эцсийн дүнгээр нийт сонгогчдын 73.22% (13.5 сая санал) -ын дүнгээр ялалт байгуулав. 5 дугаар сарын 3-нд Ерөнхийлөгчийн сонгуульд ялагчийн тухай мэдээллийг Дээд Рада "Украины дуу хоолой" сонин, Украины Сайд нарын танхимын "Засгийн газрын шуудан" сонинд нийтэлсэн байна.
Ерөнхийлөгчийн тангаргаа өргөсөн Зеленский шууд Парламентаа тараах шийдвэр гаргаж, Парламентын гишүүдийн халдашгүй байдлын хуулийг цуцалж, Ерөнхий прокурор, Батлан хамгаалахын сайд зэрэг нэлээд олон дарга нарыг огцруулах санал гаргасан. Тэрбээр: "Би урьд нь та бүхнийг инээлгэхийн төлөө явж ирсэн. Тэгэх хэрэгтэй гэж итгэдэг байсан. Харин одоо та бүхнийг уйлахгүй байлгахын төлөө бүхнийг хийнэ!" гэж ард түмэндээ хандаж хэлжээ.
Тоглосон кинонууд
[засварлах | кодоор засварлах]- 2004 — Өөрийн эрхгүй Казанова
- 2004 — Шадар гурван цэрэг — д’Артаньян
- 2006 — Цагдаагийн академи — Минаев
- 2007 — Шинэ жилийн кино, буюу Музэйд өнгөрүүлсэн Шөнө — Вася Васильков
- 2009 — Их хотод болсон дурлал — Игорь
- 2009 — Яг л казакууд шиг… — Остап / Фандорин
- 2010 — Их хотод болсон дурлал 2 — Игорь
- 2011 — Ийм нэгэн явдал. Өнөө үе — Анатолий Ефремович Новосельцев
- 2012 — Наполеоны эсрэг Ржевский — Наполеон
- 2012 — Анхны 8 болзоо — Никита Андреевич Соколов
- 2013 — Их хотод болсон дурлал 3 — Игорь
- 2014 — Шинэ 8 болзоо — Никита Андреевич Соколов
- 2015 — Ард түмний үйлчлэгч (сери) — Василий Петрович Голобородько, дунд сургуулийн түүхийн багш / Украины Ерөнхийлөгч
- 2016 — Хамгийн сайхан 8 болзоо — Никита Андреевич Соколов
- 2016 — Ард түмний үйлчлэгч 2 — Василий Петрович Голобородько, дунд сургуулийн түүхийн багш / Украины Ерөнхийлөгч
- 2017 — Ард түмний үйлчлэгч (сери) — Василий Петрович Голобородько, Украины Ерөнхийлөгч, Украины Ерөнхийлөгчид нэр дэвшигч
- 2018 — Би, чи тэр — Максим
- 2019 — Ард түмний үйлчлэгч (Олон ангит) — Василий Петрович Голобородько, Украины Ерөнхийлөгч.
Гэр бүл
[засварлах | кодоор засварлах]Дунд сургуульд зэргэлдээ ангид сурч байсан Елена Владимировна Кияшко гэж бүсгүйтэй 1996 онд ойр танилцаж 2003 оны 9 дүгээр сарын 6-нд гэрлэлтээ албан ёсоор батлуулжээ. Тэд анр хоёр хүүхэдтэй: охин Александра (2008), хүү Киррил (2013).