Тарас Шевченко
Тарас Шевченко (украин. Тара́с Григо́рович Шевче́нко; 1814 оны 2-р сарын 25-нд Оросын хаант улсын Киев мужийн Звенигород тойргийн Моринцы тосгонд төрсөн— 1861 оны 2-р сарын 26-нд Санкт-Петербург хотод нас барсан) — украины яруу найрагч, зохиолч, гүн ухаантан, зураач, график, угсаатан судлаач, нийгмийн зүтгэлтэн, ардчилагч, хамжлагт эрхийн эсрэг тэмцэгч. Тэрээр Украины үндэсний баатар бөгөөд бэлгэ тэмдэг болсон хүн юм.
Шевченкогийн яруу найраг, ялангуяа "Кобзарь" цуврал нь Украины уран зохиолын өв гэж үздэг бөгөөд украин уран зохиолын хэлний үндэс суурь гэж тооцогддог байна. Тэрээр Украины үндэсний хөдөлгөөний идэвхтэн, улс төрийн нууц "Кирилл ба Мефодий ахан дүүс" бүлгэмийн гишүүн байсан.
Намтар
[засварлах | кодоор засварлах]Тарас Шевченко 1814 оны 3-р сарын 9-нд Киев мужийн Звенигород тойргийн Моринцы тосгонд төрсөн. Тэрээр эгч Екатерина (1804- 1848 ) болон ах Никита (1811 -1870) нарын дараа хамжилга Григорий Иванович Шевченко, Екатерина Акимова Бойко нарын гурав дахь хүүхэд нь болж 1814 онд төрсөн байна. 1816 онд Шевченкогийн гэр бүл Григорий байсан Кириловка (одоо Шевченково) тосгон руу нүүжээ. Тарас бага насаа энэ тосгонд өнгөрөөсөн. 1816 онд түүний эмэгтэй дүү Ярина, 1819 онд эмэгтэй дүү Мария, 1821 онд эрэгтэй дүү Иосиф нар мэндэлжээ.
Тэдний эзэн В.В.Энгельхардт хунтайж Г.А.Потемкиний ач хүүгийн хувьд Бага Оросын эзэмшил нутгийн нэлээд хэсгийг өвлөн авчээ. Тарасын эх хамжлага биш боловч хамжлага Григорий Шевченкотой маш их хайрын үндсэн дээр гэрлэсэн байна.
1823 оны 8-р сарын 20-нд эх Екатерина нь хүнд хөдөлмөр, ядуурлын улмаас нас барж, 1823 оны 10-р сарын 7-нд эцэг нь гурван хүүхэдтэй бэлэвсэн эхнэр Оксана Терещенкотой дахин гэрлэжээ. Хойд эх нь дагавар хүүхдүүддээ, тэр дундаа бяцхан Тарастай хатуу харьцдаг байсан гэдэг.
1824 оны 6-р сарын 22-нд Григорий Ивановичийн хоёр дахь гэрлэлтээс Тарасын нэг эцэгт эмэгтэй дүү Мария мэндэлжээ. Тарасын эцэг сүйх тэрэгний дархан байхад эцгийн хамт Звенигород, Уман, Елисаветград хотуудад очиж байжээ.
Түүнийг 9 настай байхад буюу 1825 оны 3-р сарын 21-нд эцэг Григорий Шевченко хүнд хөдөлмөр эрхэлсэнээс болж нас барж бүтэн өнчин хоцорсон байна. Удалгүй хойд эх нь гурван хүүхдийн хамт Моринцы руу буцаж нүүж ирсэн. Тарас Киевээс ирсэн ламтан П.Ф.Богорскийн гэрийн зарц болж тэдний усыг зөөж, сургуулиа халааж, нас барагсдын ерөөл уншиж, хичээлээ үргэлжлүүлдэг байжээ. Тэр үед Шевченко Украины уран зохиолын зарим бүтээлүүдтэй танилцсан байна. Тарас Богорскийн дарамтыг тэвчиж чадаагүй тул тэднийхээс оргон зугтсан байна. Уран зураг зурах дуртай тэрээр хэд хоног ажилчнаар ажиллаж, Дикон Ефраимаас зураг зурахыг “сурсан”. Түүнд мөн Звенигород дүүргийн Тарасовка тосгоны багш-зураачид байсан. 1827 онд тэрээр Кирилловкад олон нийтийн хонь хариулж байхдаа Оксана Коваленкотой танилцаж, сүүлд зохиолдоо нэг бус удаа түүнийг дурдсан байдаг. "Гэллэнмаа Марьяна" (укр. Марьяна-монашка) найраглалын оршил хэсгийг түүнд зориулсан байна.
Ламтан багшийн сургуульд Шевченко уншиж, бичиж сурч, зураачдаас анхан шатны зургийн техниктэй болжээ. Амьдралынхаа арван зургаа дахь жил буюу 1829 онд тэрээр шинэ газрын эзэн П.В.Энгельхардтын зарц нарын нэг болсон - эхлээд тогооч, дараа нь "зарц хүү" болжээ.
П.Энгельхардт 1828 онд өөрийн зарц хүүгийн авьяас чадварыг мэддэг болжээ. Эзэний эхнэр София Энгельхардтын ачаар 1829-1830 онд Тарас Вильнад зураач Ж.Рустем, Варшавт бага Ф.Лампи нараас суралцжээ. Шевченко 1829 оны намраас 1831 оны 2-р сар хүртэл Вилнад байв. 1831 оны эхээр Санкт-Петербургт нүүж ирсэн Энгельхардт түүнийг 1832 онд "Гильдийн мастер" Василий Ширяевын уран зургийн урлалд суралцахаар илгээжээ. Ширяевын туслахын хувьд Шевченко Санкт-Петербургийн Большой театрын уран зургийн ажилд оролцсон. Ширяевын гэрт 1837 онд Тарас Григорьевич "Учир нь" хэмээх анхны шүлгээ бичсэн байна.
1840-1846 он бол яруу найрагчийн амьдралын хамгийн сайхан үе байв. Энэ үед түүний яруу найргийн авьяас илүү тодорч цэцэглэн хөгжиж байв.
1840 онд түүний шүлгийн жижиг түүвэр "Кобзар" нэрээр хэвлэгджээ. 1842 онд түүний хамгийн том яруу найргийн бүтээл болох "Хайдамаки" хэвлэгджээ. 1843 онд Шевченко чөлөөт ("ангилалгүй") зураачийн зэрэг авсан. Мөн тэр жил Украиныг тойрон аялж байхдаа тэрээр Бага Оросын нутгийн амбан захирагч Николай Репины охин Варваратай танилцсан байна. Сүүлд Шевченкогийн цөллөгийн үеэр түүнд хамгийн халуун сэтгэлийг мэдэрсэн сайхан сэтгэлтэй, ухаалаг эмэгтэй Варвара байжээ. 1840-өөд оны эхний хагаст "Перебендя", "Тополя", "Катерина", "Наймичка", "Хусточка", "Кавказ" - яруу найргийн томоохон бүтээлүүд хэвлэгджээ.