Крым
Украин улсын I зэргийн 27 нутгийн нэг, харьяат орон
Бүгд Найрамдах Өөртөө
Засах Крым Улс Республика Крым
| ||||||||||||||||||||||||||||||||||||||||
![]() | ||||||||||||||||||||||||||||||||||||||||
![]() |
Крым) (орос: Крым, укр. Крим, кр.тат. Qırım, Къырым) - Украин улсын мэдлийн Крымын хойг дээр Хар тэнгисийн умард эрэгт оршиж Украины Херсон мужтай хиллэж, хөндлөн 360, гулд 180 километр тэлсэн "ромбо" хэлбэртэй 26 081 км² (улсдаа 13-р том) газар нутагтай. Зүүн хойгуураа Азовын тэнгис, баруун хойш Каркинитийн буланд тулна. Эх газартай 5–7 км өргөн холбогдож, Оросын Краснодарын хязгаараас 4–15 км-ээр зааглагддаг. 2014 оны 3 дугаар сараас ОХУ цэрэг оруулж эзэлсэн. Өмнө монголчуудыг эзлэхээс өмнө Таври́да (греч. Ταυρίδα) гэж нэрлэж байсан. Хар далайд гарц болдог байршилаараа стратегийн чухал ач холбогдолтой газар нутаг юм.
Түүх[засварлах | кодоор засварлах]
Крымд эрт дээр үед иран угсааны скиф, тавр, сармат омгийнхон оршин сууж байсан. Грек, Ромоос ч ирж хот хүрээ босгож байв. Дараагаар нь гот (250 он), хүннү (376 он), булгар (IV–VII зуун), хазар (VIII зуун), Киевийн русь (X-XI зуун), Визант (1016), кипчак-куман (1050), монголчуудын (1237) эзэмшилд байх үеэс Крым гэгдэх болжээ. XIII зуунд Генуя, Венецийн худалдаачид боомт барьж байрласан.
Крымын ханлиг[засварлах | кодоор засварлах]
Зүчийн улс мөхсөний дараа Монголын Алтан ургийн гаралтай I Хажи Герай Крымын ханлигийг (1441–1783) үндэслэв. Крымд эрт үеэс олон үндэстэн ээлжлэн нутаглаж байсан ба түрэгийн нүүдлийн дараа кипчак буюу команууд дараад нь кипчакийн удмын Крымын татарууд тус нутгийн үндсэн хүн ам болсон байна. Крымын татарууд дунд монгол гаралтай овог олон бий. Алтан ордны улсын залгамж гэдгээрээ Казань, Астраханийг хамгаалан Оростой байлдаж байсан. Шашин нэгт Осман ар талаас дэмждэг болохоор Москва, Польш-Литва Крымыг ялж эрхшээлдээ оруулж чаддаггүй байжээ. 1768–1774 оны Орос-Туркийн дайны үр дүнгээр Крым нутаг Османаас Хаант Орост шилжжээ. Оросууд Крымыг эзлэн авангуутаа олон тооны татаруудыг хядаж Сибирь рүү цөлжээ. 19-р зуунд Оросын хавчлагаас зугтан Болгар, Румын, Турк руу хэдэн мянгаараа дүрвэсэн Крымын татарууд замдаа олноороо амь үрэгдсэн байна.
Орос, Зөвлөлтийн үе[засварлах | кодоор засварлах]
Хар далайд гарцтай Крымын хойг Оросын хувьд маш чухал стратегийн ач холбогдолтой байдаг юм. Орос газар нутгаа тэлсээр Османтай шууд хиллэдэг болсон 1853–1856 онд энэ хоёрын ээлжит дайн Крымд болж байсан. 1917 оны Орос дахь Коммунист Хувьсгалын дараа Крымын татарууд тусгаар улс байгуулсан ч 1918 онд Зөвлөлтийн талд цохигдон унажээ. Крымд Оросын иргэний дайны үеэр цагаан, улаантны арми хоорондоо байлдаж байв. 1923 онд ЗСБНХУ байгуулагдахад ЗСБНХОУ-ын бүрэлдэхүүнд Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Өөртөө Засах Крым Улс (ЗСБНӨЗКрУ) үүсэн байгуулагдсан ажээ.
1920-иод онд татарууд янз бүрийн хэлмэгдүүлэлтэнд өртөж байсан ба 1921 оны Крымын өлсгөлөнгөөр 100 000 орчим татар хүмүүс нас баржээ. 1928-1929 оны хамтралжуулалтын үед олон мянган татарчууд алагдан цөлөгдөж дараад нь 1931-1933 оны өлсгөлөнгөөр татарчууд олноороо үхсэн байдаг. Ийнхүү 1917-1933 онд Крымын татарчуудын тал нь амь үрэгдэх буюу цөлөгджээ. Энэ үед халимаг, крымын татарууд Зөвлөлтийн үндэстнүүд дундаас хамгийн их хэлмэгдэж хэдэн мянгаараа үрэгджээ. Крымын татарууд удаа дараагийн хэлмэгдүүлэлт, гадагшаа дүрвэсэн нүүдэл, цөллөгийн улмаас тоо нь эрс цөөрч Крымд шилжин нүүж ирсэн оросуудын тооноос давахааргүй болжээ. 2001 оны байдлаар Крымд 300 000 татар, сая гаруй оросууд, 500 000 гаруй украинчууд байсан бөгөөд Туркд 150 000-6 000 000 Крымын татар гаралтай хүн байж магадгүй гэж үздэг.
Дэлхийн хоёрдугаар дайнд Крым ихээхэн хохирол амсчээ. 1942 онд Германд бүрэн эзлэгдэж 1944 онд Зөвлөлт буцаан чөлөөлж авсан. Германтай нийлж буруудсан крымын татаруудыг тэр даруй Узбекистан, Сибирь лүү цөлж нутгийг Крым муж гэж өөрчилж орос, украины нутаг болов. 1954 онд сондгой ганц мужийг ЗСБНХОУ-аас ЗСБНУкрУ-ын харьяанд шилжүүлэн цэгцлэв.[1] Крым хар далайн эргийн рашаан амралтын газрыг их хөгжүүлсэн.[2]
Украины Крым[засварлах | кодоор засварлах]
ЗХУ 1991 онд задран бутарч Украин улс тусгаар тогтноход Крым Украины бүрэлдэхүүнд үлдэж 1991 онд автономит эрх авч, 1994 оноос өнөөгийн Бүгд Найрамдах Өөртөө Засах Крым Улс (БНӨЗКУ, украинаар Автономна Республіка Крим) болжээ. Харин Крымд байсан ЗХУ-ын Хар тэнгисийн флотыг Орос Украин Гэрээгээр хувааж авсан. Крымын татарууд цөллөгөөс эргэн ирцгээж хүн амын бүтэц буцаж хөдөлгөөнд орсон. Украины хамгийн их тусгай эрхтэй бие даасан нутаг нь Крым байсан. Түүнээс 2014 онд Орос улс цэрэгээ оруулж, иргэдийн дунд ОХУ-тай нэгдэх тухай санал асуулга зохион байгуулж өөрийн газар нутагт нэгтгэсэнээс олон улсын маргааны гол сэдэв болоод байгаа.
Нийгэм[засварлах | кодоор засварлах]

Ард түмэн[засварлах | кодоор засварлах]
Яс үндэс | 1858 он | 1897 он | 1939 он | 1959 он | 1989 он | 2001 оны тооллого | |
---|---|---|---|---|---|---|---|
тоо | хувь | ||||||
Орос үндэстэн | ▲ 6,6% | ▲ 33,11% | ▲ 49,6% | ▲ 71,4% | ▼ 67,1% | 1 180 441 | ▼ 58,32% |
Украин үндэстэн | ▲ 7,0% | ▲ 11,84% | ▲ 13,7% | ▲ 22,3% | ▲ 25,8% | 492 227 | ▼ 24,32% |
Крымын татар | ▼ 77,8% | ▼ 35,55% | ▼ 19,4% | ▼ 0% | ▲ 1,6% | 243 433 | ▲ 12,03% |
Нийлбэр | 343 500 | 546 700 | 1 123 800 | 1 201 500 | 2 430 500 | 2 024 056 | 100% |
Крымийн хойг дахь хот суурингууд.[засварлах | кодоор засварлах]
- Симферополь — ▲ 337,3 мянган хүнтэй (2013)
- Керчь — ▼ 144,7 мянга (2013)
- Евпатори — ▲ 106,9 мянга (2013)
- Ялта — ▲ 78,1 мянга (2013)
- Феодоси — ▲ 69,5 мянга (2013)
- Жанкой — ▼ 35,8 мянга (2013)
- Красноперекопск — ▼ 29,7 мянга (2013)
- Алушта — ▬ 28,4 мянга (2013)
- Бахчисарай — ▲ 26,5 мянга (2013)
- Саки — ▼ 23,5 мянга (2013)
Зүүлт, тайлбар[засварлах | кодоор засварлах]
- ↑ "The Gift of Crimea".
- ↑ "History".blacksea-crimea.com.