Jump to content

Хөлбөмбөг

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Хөлбөмбөг
Улаан өмсгөлтэй тоглогч цагаан өмсгөлтэй багийн хамгаалалтыг давж, хаалга руу цохилт хийж байна.
Дээд түвшний захирах байгууллагаФИФА
Хоч(нууд)Football, soccer, footy/footie, "the beautiful game", "the world game"
Анх тоглогдсон19-р зууны дунд үе, Британи
Онцлог шинж
Шүргэлцдэг спорт эсэхТийм
Багийн гишүүнБаг бүрдээ 11 тоглогч
Холимог хүйсТийм, тусдаа тэмцээнтэй
АнгилалБагийн спорт, бөмбөгтэй спорт
Багаж хэрэгсэлХөлбөмбөгийн бөмбөг
Явагдах газарХөлбөмбөгийн талбай
Байдал
Олимп1900
Хөлбөмбөгийн хувьд фэнүүдийн гол зорилго нь тоглолтын үеэр багаа урамшуулах явдал юм.

Хөлбөмбөг (англи. football гэж foot «хөл» + ball «бөмбөг») - тус бүр талбай дээр арван нэгэн тоглогчтой хоёр баг нэг нэгнийхээ хаалганд гар оролцуулахгүйгээр (хөлөөрөө буюу толгойгоороо) бөмбөг оруулах зорилготой дэлхийд хамгийн өргөн тархсан багийн спорт юм. Орчин үед энэ спорт дэлхийн хамгийн олон үзэгчтэй, түгээмэл болоод байна. [1][2][3]

Энэ спортод тус бүр 11 хүнтэй 2 баг тэгш өнцөгт хэлбэртэй талбайд бөмбөг ашиглан тоглодог. Тоглоомын зорилго нь чухам энэ бөмбөгийг эсрэг багийнхаа хаалганд оруулах юм. Хөлбөмбөгт зөвхөн хаалгач л бөмбөгөнд гараараа хүрэх боломжтой байдаг ба бусад нь тоглогчид нь хөлөөрөө бөмбөгийг өшиглөж тоглоно. Мөн агаар дахь бөмбөгтэй толгой, цээжээ ашиглан тоглож болдог. Тоглолтын төгсгөлд хамгийн олон гоол оруулсан баг нь ялсанд тооцогдоно. Хэрвээ тоглолтын төгсгөлд 2 багийн оруулсан бөмбөгийн тоо адилхан бол тэнцсэн гэж үзнэ. Гэхдээ тэмцээнийн төрлөөс хамааран цаг сунгах, 11 метрийн торгуулийн цохилтоор ялагчаа тодруулах тохиолдол бий.

Орчин үеийн хөлбөмбөгийн дүрмийг анх Английн Хөлбөмбөгийн холбоо (The Football Association) 1863 онд The Laws of the Game буюу Тоглолтын дүрмүүд нэртэйгээр гаргасан. Энэ нь одоогийн хөлбөмбөгийн үндсэн дүрэм болж ирсэн байна. Хөлбөмбөгийн хамгийн том тэмцээнүүдийг Олон улсын хөлбөмбөгийн холбоо буюу FIFA (Fédération Internationale de Football Association) ерөнхийд нь зохион байгуулдаг. Тэдгээрийн хамгийн алдартай нь 4 жилд нэг удаа болдог дэлхийн аварга шалгаруулах тэмцээн юм. Энэ нь зуны олимпоос 2 дахин их үзэгчтэй дэлхийн хамгийн том шоу спорт юм.[4]

Хаалганы ойролцоо цохисон бөмбөгийг хаалгач хааж буй байдал

Хөлбөмбөгийн багийн хаалгачаас бусад тоглогчид бөмбөгөнд бөмбөгийг гараараа шидэж гарахаас бусад тохиолдолд гараараа хүрэх нь хориотой байдаг. Тоглолтын үед тоглогчид хурдан гүйх, багийнхаа хүнд бөмбөг дамжуулах, хаалга руу цохих зэрэг өөрсдийн ур чадвараа ашиглан эсрэг багийнхаа хаалгачийн хааж буй хаалганд гоол оруулахыг хичээн өрсөлдөнө. Эсрэг багийн тоглогчид нь үүнийг эсэргүүцэн бөмбөгийг өөрсдийн болгохоор хамгаалан тоглоно. Хөлбөмбөгийн тоглолтыг бөмбөг талбайгаас гарах, шүүгч тоглолтыг зогсоох, аль нэг багийн тоглогч ноцтой алдаа гаргах гэсэн 3 тохиолдолд л зогсооно.

Мэргэжлийн хөлбөмбөгийн тоглолтод цөөн тооны гоол ордог. Жишээлбэл 2005-2006 оны Английн хөлбөмбөгийн Премьер лигт нэг тоглолтод дунджаар 2.48 гоол орж байжээ. Хөлбөмбөгийн дүрмээр бол хаалгачаас бусад тоглогчдийн тоглох байрлалыг тогтоогоогүй байдаг боловч мэргэжлийн хөлбөмбөгт өөр өөрийн үүрэг бүхий байрлалд тоглодог хөлбөмбөгчид бий болсон байна. Эдгээрийг гоол оруулах үүрэг бүхий довтлогч, төвийн байрлалд тоглож, хамгаалалт довтолгоонд зэрэг оролцдог төвийн тоглогч, өрсөлдөгчдийнхөө гоол оруулахад саад хийн тоглодог хамгаалагч гэсэн үндсэн 3 төрөлд ангилдаг. Эдгээр ангилалууд нь цаашаа нарийвчлан задарч байрлалаар нь жигүүрийн хамгаалагч, төвийн хамгаалагч, цэвэрлэгч, төвийн тоглогч, жигүүрийн тоглогч, довтлох чиглэлийн төвийн тоглогч, хамгаалах чиглэлийн төвийн тоглогч гэх мэтээр ангилагдана. Эдгээр тоглогчдийн тооны харьцаанаас хамааран янз бүрийн комбинацаар тоглох боломжтой болно. Жишээ нь олон тооны довтлогчтой баг хурдан темптэй довтолсон тоглолт үзүүлдэг (гэхдээ хамгаалалт нь суларч эсрэг багийнхандаа гоол алдах магадлал мөн адил ихсэнэ) бол олон хамгаалагчтай багийн тоглолтын темп удаан эсрэг багийнхандаа гоол хийхэд хүндрэлтэй байдаг. Үүнийг хөлбөмбөгт формац буюу байрлал гэж нэрлэдэг. Энэ формацийг гаргах, тактикийг зохиох нь багийн ерөнхий дасгалжуулагч буюу менежерийн үүрэг юм.

Түүхийн бүх л үеийн турш хүн төрөлхтөн бөмбөгийг өшиглөн тоглосоор ирсэн. ФИФА-гаар бол шинжлэх ухаанаар батлагдсан хамгийн анхны бөмбөг өшиглөх тоглоомоор МЭӨ 2-3-р зуунд америкд тоглож байжээ. Мөн Ромын үед тоглож байсан Харпастум хэмээх тоглоом нь өнөөгийн хөлбөмбөгийн өвөг дээдэс байж болох талтай.

Орчин үеийн хөлбөмбөгийн эхлэл 19-р зуунд Английн сургууль бүрд өөрийн өөрийн дүрмээр тоглогдож байсан бөмбөг өшиглөх тоглоомыг нэгдсэн нэг дүрмэнд оруулснаар тавигджээ. 1863 оны 10 сарын 26-нд Лондоны Квин гудамжны Фриймэйсоны уушын газарт анхны хөлбөмбөгийн холбоо (The Football Association)-ны уулзалт болжээ. 10-12 сарын хооронд уг уушын газар 5 уулзалт хурал болж хамгийн анхны хөлбөмбөгийн дүрмийг гаргасан байна. Гэхдээ сүүлчийн уулзалтан дээр Блекхет болон бусад зарим багийн төлөөлөгч бөмбөгийг гараараа барьж гүйх, ингэж гүйж байхад нь бөмбөгийг хүчээр булааж авч болох гэсэн дүрмийг нь зөвшөөрөөгүйн улмаас энэ холбоог орхин гарчээ. Тэд сүүлд нь 1871 онд Регбигийн хөлбөмбөгийн холбоог үүсгэсэн байна. Дэлхийн хамгийн эртний хөлбөмбөгийн тэмцээн бол FA Cup буюу Английн хөлбөмбөгийн холбооны цомын тэмцээн юм. Энэ тэмцээнийг анх Чарльз Алкок санаачилжээ. Хамгийн анхны олон улсын хөлбөмбөгийн тоглолт 1872 онд Англи Шотландын багуудын хооронд болсон байна.

Харин 1904 онд Парис хотноо ФИФА буюу Олон Улсын Хөлбөмбөгийн Холбоо байгуулагдсан байна. Хөлбөмбөгийн хамрах хүрээ өргөжсөний улмаас 1913 онд Олон улсын хөлбөмбөгийн удирдах зөвлөлийг байгуулжээ. Анхны зөвлөлд энэ холбооны 4 гишүүн улс бүрээс нэг, Их Британы 4 улс (Англи, Шотланд, Уэльс, Ирланд)-аас тус бүр нэг гишүүн оржээ.

Өнөөдөр хөлбөмбөгийн холбоо нь Нэгдсэн Үндэстний Байгууллагаас олон гишүүн орнуудтай болж, дэлхийн хамгийн том спортын холбоо гэж тооцогддог. Сая сая чөлөөт цагаараа, эсвэл мэргэжлийн дагуу хөлбөмбөг тоглохоор талбай руу явж байхад олон тэрбум хүмүүс түүнийг сонирхон үздэг болжээ. ФИФА-гаас гаргасан тооцоогоор бол 2001 онд дэлхийн 200 гаруй орны 240 сая хүн байнга хөлбөмбөг тоглодог байна. Хөлбөмбөгийн хялбар дүрэм, янз бүрийн нэмэлт төхөөрөмж шаардлагагүй зэрэг нь хөлбөмбөгийг ингэж өргөн дэлгэр тархахад нөлөөлсөн нь дамжиггүй.

Дэлхийн өнцөг булан бүрт хөлбөмбөг нь энгийн нэгэн фен, ямар нэгэн олон нийтийн байгууллага, эсвэл бүр бүхэл бүтэн улс орны урам зориг, утга учир нь болж чадсан. ESPN–ээс Кот-д'Ивуарт иргэний дайн гарахаас хөлбөмбөгийн баг нь сэргийлсэн гэж үздэг байна. Тэр бүү хэл 1969 онд Сальвадор болон Хондурасын хооронд хөлбөмбөгөөс болж дайн дэгдэж байсан түүхтэй. 1990 оны 3 сард Динамо Загреб, Ред Стар Белград багийн тоглолт нь 1990-өөд оны Югославийн дайны эхлэлийг тавьсан гэж үздэг.

"Хөлбөмбөгийн дайн" гэж Сальвадор, Хондурас хоёр улсын хооронд 1969 оны 7 дугаар сарын 14-20-ний өдрүүдэд болсон дайныг хэлдэг. Хилийн зурвасын маргаан, худалдааны тэгш бус харилцаа зэрэг маргаантай байсан хоёр улсын хөлбөмбөгийн шигшээ багууд тоглож Гондурасын баг Сальвадорын багт хожигдож уг 6 хоногийн дайн дэгдсэн ажээ.

Хөлбөмбөгийн албан ёсны дүрмээр бол баг хамгийн ихдээ 11, багадаа 7 хүнтэй байдаг. Тэдний нэг нь заавал хаалгач байх ёстой. Хаалгач нь бөмбөгөнд зөвхөн өөрийн багийн хаалганы өмнө байх торгуулийн бүсэд л гараараа хүрэх эрхтэй байна. Дээр дурдсанаар бусад тоглогчид бөмбөгөнд зөвхөн хөлөөрөө хүрэх эрхтэй ба хаана тоглох нь хамаагүй байдаг.

Тоглогчид адил өнгөтэй шорт, фудволка өмснө.Харин оймс, гутал,хөлийн хамгаалалтыг нь өөр өөр компани хийсэн байж болно. Бусад тоглогчидоо гэмтэл учруулах тоглолтыг болон хувцас хэрэглэл өмсөхийг хатуу хориглодог. Хаалгачийн хувьд багийн бусад тоглогчидоосоо илт ялгарахуйц хувцас өмсөх ёстой байдаг.

Хамгийн өрсөлдөөнтэй тоглолт бүхий лигүүд, олон улсын тэмцээнд зөвшөөрөгдөх сэлгээний тоо нь 3 байдаг. Сэлгээ хийх үндсэн шалтгаан нь гэмтэх, ядрах, үр ашиггүй болох, тактикийн, заримдаа цаг гүйлгэх зэрэг юм. Стандарт олон улсын насанд хүрэгчлийн тоглолтод сэлгээгээр тоглолтоос гарсан тоглогч тэр тоглолтод буцаж орох боломжгүй байдаг.

Тоглолтыг шүүгч зохион байгуулж явуулах ба түүний ямар ч шийдвэр эцсийнх байна. Тэр зөвхөн хөлбөмбөгийн холбооны өмнө л хариуцлага хүлээнэ. Ихэнхдээ ерөнхий шүүгч нь хоёр туслахтай байдаг. Зарим том тэмцээнүүд дээр 4 хүртэл тооны туслах шүүгтэй байдаг, мөн 2017 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд анх удаа камерын шүүгч буюу бичлэгийн шүүгчийг ашигласан байна. Олон улсын хөлбөмбөгийн дүрмээр бол талбайн өргөний хэмжээ нь 64-75 метр, урт нь 110-120 метр байдаг. Энэ талбайн хоёр талд тэгш өнцөгт хэлбэртэй хоёр хаалга байна. Хаалганы өргөн нь 7.3 метр, өндөр нь 2.44 метр байна. Хаалгыг торлосон байх ёстой гэж хөлбөмбөгийн дүрмэнд заагаагүй байдаг. Хаалганы өмнө 16.5 метр хэмжээтэй торгуулийн бүс байна. Стандарт тоглолт нь хоёр үеэс бүрдэж хэсэг тус бүр 45 минут тоглоно. Тоглолтын үеэр тоглолтын цаг зогсолтгүй үргэлжилэх буюу "бохир" цагаар тоголдо байна. Шүүгч алдагдсан цагийг өөийн үзэмжээр нөхөж цаг сунгах эрхтэй байна. Мөн шүүгч тоглолт дууссаныг зарлаж шүгэл үлээснээр тоглолт дуусна.Тоглолт тэнцээгээр дууссан үед шигшээ тоглолт бол тус бүр 15 минут бүхий 2 үе сунгаж тоглоно. Ингэж тоглоод ч тэнцэж байвал торгуулийн 5,5 цохилтыг хоёр баг ээлжлэн хийж хэн олон бөмбөг оруулсан нь хожино.Тоглогч хөлбөмбөгийн дүрмээр хориглогдсон бөмбөгөнд гараар хүрэх, өрсөлдөгчөө түлхэх, унагаах гэх мэт үйлдэл хийх бүрд торгууль тооцно. Алдаа хийсэн байрлалаас нь хамааран шууд чөлөөт цохилт, шууд бус чөлөөд цохилт, торгуулийн цохилт зэргийг онооно. Мөн шүүгч нь алдаа хийсэн тоглогчид сануулах шар карт, тоглолтоос гаргах улаан карт өгөх эрхтэй байна. Хэрвээ тоглогч нэг тоглолтод хоёрдох шар картаа авбал түүнийг улаан карт авсан гэж тооцно. Шүүгч нь мөн тоглолтод оролцоогүй байгаа боловч бүдүүлэг алдаа гаргасан багийн бусад тоглогч, багийн дасгалжуулагч нарт карт өгөх эрхтэй байдаг.Мөн шүүгч өөрийн үзэмжээр нөгөө баг нь алдаа хийсэн ч гэсэн хэрвээ бөмбөг ашигтай байрлалд байвал тоглолтыг үргэлжлүүлэхээр зааж болно. Хөлбөмбөгийн хамгийн нарийн дүрэм бол offside буюу отон тоглолтын дүрэм юм. Энэ дүрэм нь багийн довтлон тоглогчийн эсрэг багийнхаа хаалганы хажууд бөмбөг хүлээгээд зогсохоос сэргийлдэг.

Монгол дахь хөлбөмбөг.

[засварлах | кодоор засварлах]

Монголын хөлбөмбөгийн холбоо (товч. МХБХ, англ. Mongolian Football Federation)– Монгол улсад хөлбөмбөгийн спортыг хөгжүүлэх, сурталчлан дэлгэрүүлэх үндсэн зорилго бүхий олон нийтийн байгууллага. Монголын хөлбөмбөгийн хөгжлийн бодлого төлөвлөгөөг боловсруулах, үндэсний хэмжээнд хөлбөмбөгийн төрөл бүрийн тэмцээн зохион байгуулж явуулах, улсын шигшээ багийг бүрдүүлэх, бэлтгэл сургуулилтыг нь хангах, материаллаг бааз бүрдүүлэх, сургалт зохион байгуулах, клубүүдийг дэмжих зэрэг олон талт үйл ажиллагаа эрхэлдэг. Анх 1959 оны 10 дугаар сарын нэгэнд үүсгэн байгуулагдсан. Улмаар 1997 онд шинээр зохион байгуулагдсан бөгөөд мөн ондоо Азийн хөлбөмбөгийн холбоо (AFF), 1998 онд Олон улсын хөлбөмбөгийн холбоонд (FIFA) гишүүнээр элсчээ. Мөн Зүүн Азийн хөлбөмбөгийн холбоонд (EAFF) 2002 онд элссэн. 2016 оны долдугаар сарын 14-ний байдлаарх ОУХБХ-ны чансаагаар Монголын хөлбөмбөгийн холбоо 202 дугаарт байна. ОУХБХ-нд элссэнээс хойших дундаж чансаа нь 186 (2016 оны байдлаар) байна.

1959 онд МХБХ байгуулагдахад анхны даргаар нь хөлбөмбөгийн ууган тамирчин, багш-дасгалжуулагч Н.Лувсандорж томилогджээ. Тэрбээр ЗХУ-аас уригдан ирсэн багш П.Севастьяновын хамтаар анхны шигшээ багийг байгуулалцаж, Монгол дахь хөлбөмбөгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан төдийгүй бокс зэрэг бусад олон спортын тулгын чулууг тавихад идэвхийлэн хувь нэмрээ оруулжээ.

 Commons: Хөлбөмбөг – Викимедиа дуу дүрсний сан
  1. Guttman, Allen. "The Diffusion of Sports and the Problem of Cultural Imperialism". In Eric Dunning, Joseph A. Maguire, Robert E. Pearton (ed.). The Sports Process: A Comparative and Developmental Approach. Champaign: Human Kinetics. p. 129. ISBN 0880116242. Татаж авсан: 2008-01-26. the game is complex enough not to be invented independently by many preliterate cultures and yet simple enough to become the world's most popular team sport {{cite book}}: Unknown parameter |chapterurl= ignored (|chapter-url= suggested) (help)CS1 maint: multiple names: editors list (link)
  2. Dunning, Eric. "The development of soccer as a world game". Sport Matters: Sociological Studies of Sport, Violence and Civilisation. London: Routledge. p. 103. ISBN 0415064139. Татаж авсан: 2008-01-26. During the twentieth century, soccer emerged as the world's most popular team sport {{cite book}}: Unknown parameter |chapterurl= ignored (|chapter-url= suggested) (help)
  3. Frederick O. Mueller, Robert C. Cantu, Steven P. Van Camp. "Team Sports". Catastrophic Injuries in High School and College Sports. Champaign: Human Kinetics. p. 57. ISBN 0873226747. Татаж авсан: 2008-01-26. Soccer is the most popular sport in the world and is an industry worth over US$400 billion world wide. 80% of this is generated in Europe, though its popularity is growing in the United States. It has been estimated that there were 22 million soccer players in the world in the early 1980s, and that number is increasing. In the United States soccer is now a major sport at both the high school and college levels {{cite book}}: Cite has empty unknown parameters: |origdate= and |coauthors= (help); Unknown parameter |chapterurl= ignored (|chapter-url= suggested) (help)CS1 maint: multiple names: authors list (link)
  4. "2002 FIFA World Cup TV Coverage". FIFA official website. 2006-12-05. Архивласан огноо 2006-12-30. Татаж авсан: 2008-01-06. (webarchive)