Jump to content

Гаутама Будда

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
(Бурхан багш-с чиглүүлэгдэв)

Готам Будда (пали: Siddhattha Gotam Buddha; санскрит: Siddhartha Gautama Buddha गौतम बुद्ध) нь Буддын шашныг үндэслэгч багш юм. Тэрээр Лүмбинид Сакьяа овгийн хааны гэрт, эх Махамаяа хатны агь болон төржээ. Түүний төрсөн, нас барсан он тодорхой бус. Ихэнх түүхчид түүний амьдралыг МЭӨ 536 аас МЭӨ 483 хооронд байсан гэж үздэг.

Будда гэж Хиндү шашны санскрит хэлний "сэрсэн" буюу "ухаарсан" гэсэн утгатай үг болно. Буддын номлол ёсоор нэг эринд (пали: Карра-д) 5 будда ирэхээс эдүгээ бидний амьдран байгаа энэ цагийн будда нь Готам Будда бөгөөд дараачийн 5 дахь будда бол Майттэяа (пали нэр; санскрит: Maitreya) буюу манайхны хэлдэг Майдар бурхан юм. Эртний сударт бичсэнээр Майдар Будда ойролцоогоор 5 тэрбум гаруй жилийн дараа дэлхийд бууж ирэх юм. Одоогоор тэрбээр Tusita (палигаар) диваажинд залран буй юм. Готам Будда бол тэдгээр 5 буддагийн манай энэ цагийн дөрөв дэх нь будда бөгөөд түүнээс урьд Kakusandha , Koṇāgamana, Kassapa нэртэй гурван будда заларч ирж байсан гэдэг.

Буддагийн багын нэр нь Сидхаттха (самгардиар Сиддхартха), овог нь Готама (самгардиар Гаутама). Тэрээр Умард Энэтхэгт Христийн он тооллын өмнөх VI зууны үед амьдарч байжээ. Түүний эцэг Шуддходана нь сакья (сажа) олон омгийг нэгтгэсэн их гүрний (одоогийн Балба улс) хаан байв. Ээжийг нь хатан Маяа хэмээнэ. Тухайн үеийн ёс заншлын дагуу тэрээр бага залуу 16 насандаа Ясодара хэмээх үзэсгэлэнт, залуу авхайтай гэрлэсэн бөгөөд 29 настайдаа цорын ганц хүү болох Рахуллаагаа төрсний дараахан нь тэрээр амьдралын бодит байдал, хүн төрөлхтний зовлон зүдгүүрийг нүдээр харж, хорвоогийн энэ зовлон зүдүүрийг хэрхэн яаж даван туулах арга замыг олж нээхээр сэтгэл шулуудаж, энэ бодлоо биелүүлэхээр хаант улс, баян тансаг амьдралаа бүгдийг орхин одож, даяанч болжээ.

Ийнхүү даяанч болсон Готама Ганга мөрний хөндийгөөр 6 жилийн турш хэрэн явж, шашны нэрт зүтгэлтнүүд, багш нартай уулзан учирч, тэдний номлол сургаал, бясалгалыг судлан дагаж, даяанч нарын хүнд хэцүү, маш нарийн дэг журмыг хатуу сахиж байлаа. Гэсэн хэдий ч энэ бүхэн нь түүний хүсэн зорьсныг хангасангүй. Тиймээс тэрээр бүхий л хуучны уламжлалт шашин болоод тэдний арга барилыг орхин, зөвхөн өөрийн замаар явах болжээ. Ийн явж байгаад нэгэн орой Буддагаяад (одоогийн Энэтхэгийн Бихар мужийн Гаяагийн ойролцоо) Неранжана голын эрэг дээр модны ёроолд бясалгал үйлдэн сууж байгаад гэгээрэлд хүрсэн бөгөөд тэр цагаас хойш Будда ("Сэрж сэхээрсэн" буюу "Ялж төгс гэгээрсэн") хэмээн алдаршжээ. Энэ үед Готама 35 нас хүрсэн байв.

Үүнийхээ дараа нь анхны сургаал номоо өөрийн таван даяанч нөхөддөө айлдсан ба түүнээс хойш Будда 45 жилийн турш янз бүрийн анги давхрагын хүмүүс, хаан хийгээд харц тариачин, бярман болоод тэнүүлчид, баян болоод ядуу гуйлагчид, ариун үйлстэн хийгээд тонуулч, дээрэмчин зэрэг эр, эм бүхий л хүмүүст өчүүхэн ч ялгавралан үзэлгүйгээр сургаал, номоо номлож явжээ. Тэрээр каст болон анги давхрагын ялгааг үл харгалзан үзэх бөлгөө. Буддагийн олж нээсэн сургаал, зам мөр нь үүнийг ухаарч, дагах гэсэн хэн бүхэнд нэгэн адил нээлттэй билээ. Будда 80 насандаа Кушинара тосгонд (одоогийн Уттар Прадеш мужийн хот) таалал төгсжээ.

Шашин үндэслэгчид дотроос зөвхөн Будда л өөрийгөө эгэл хүнээс огтхон ч ялгаж үзээгүй цор ганц багш мөн билээ. Тэрээр эгэл жирийн хүн мөнөөр үл барам өөрийгөө аливаа нэгэн гадны хүчин зүйлийн ивээл биелэл бус хэмээн үзнэ. Тэрээр өөрийн олж хүрсэн бүхнээ зөвхөн хүний чармайлт, хүний оюун ухааны үр ач хэмээн айлджээ. Ер нь хүн, зөвхөн хүн л Будда болж чадна. Хэрэвээ хичээнгүйлэн зориглож, чармайх юм бол хүн бүрт будда болох дотоод чадвар чадамж бий. Буддын сургаалд хүнийг эрхэм чухал дээд гэж үздэг. Хүн өөрийнхөө эзэн бөгөөд хувь тавилангаа шийдэхэд хүнд өөрөөс нь илүү дээд гадны хүчин зүйл гэж үгүй. Хүн өөрөө өөрийнхөө итгэл буюу аврагч мөн билээ. Өөр бусад хэн нэгэн итгэл, аврал болох билээ гэж Будда айлдсан байна. Тэрээр шавь нартаа сургамжлан өгүүлэхдээ: та нар өөрсдийнхөө аврагч байх ёстой, өөр хэнээс ч аврал бүү эр ( D II Colombo, 1929), p.62 (Mahaparinibbana- Sutta) гэжээ. Өөрийн хичээл зүтгэл, оюун ухаанаараа элдэв зовлон хүлээснээс өөрийгөө ангижруулах чадал хүний дотоодод, өөрт нь байдаг тул өөрийгөө хөгжүүлж, аливаа дарамтаас өөрийгөө чөлөөлөхийн тулд хувь хүн нэг бүр чармайлт гаргахыг сурган зааж, урамшуулан, хөгжөөж байв. Будда хэлэхдээ: " Сайн замыг л Татагата нар ( үнэнд хүрсэн буюу Үнэнийг олж нээсэн хүмүүс гэсэн утгатай Буддаг нэрлэсэн өөр үг) номлон заадаг. Сайн үйлд та нар өөрсдөө л шамдагтун гэжээ. Хэрвээ Буддаг "аврагч" гэж нэрлэх юм бол энэ нь Будда зөвхөн зовлонгоос чөлөөлөгдөх, Нирваанд хүрэх зам мөрийг нээж , заасанд л оршино гэсэн утгаар илэрхийлэгдэнэ. Харин бид бол тэр зам мөрийг өөрсдөө л дагаж явах учиртай билээ.

 Commons: Gautama Buddha – Викимедиа дуу дүрсний сан
  • Ч.Арьяасүрэн, Монгол ёс заншилын их тайлбар толь, 1-р боть, 2001, Улаанбаатар