Jump to content

Улаан кхмерууд

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Улаан кхмерүүд (кхмер: ខ្មែរក្រហម, Kmae Krɑhɑm, Khmer Kror-Horm, франц. Khmer Rouge) - Камбожийн Коммунист нам дахь үндсэрхэг Хятадыг дэмжигч хөдөө аж ахуйг баримтлагч хөдөлгөөний албан бус нэр юм. Улаан кхмерчуудын дийлэнх нь кхмер үндэстэн байсан. Тэдний үзэл суртал нь маоизм, барууны болон орчин үеийн бүх зүйлийг үгүйсгэх, вьетнамын эсрэг кхмерийн хэт үндсэрхэг үзэлд суурилж байсан. Улаан кхмерууд 1975-1979 онд Камбожийн төрийн эрхэнд байсан юм.

Энэхүү урсгал нь 1968 онд Кампучийн Коммунист намд Зөвлөлтийг дэмжигч жигүүрийн эсрэг Хятадыг дэмжигч жигүүр хэлбэрээр гарч ирсэн бөгөөд Хойд Вьетнам, Өмнөд Вьетнам, АНУ идэвхтэй хөндлөнгөөс оролцсон Камбож дахь иргэний дайнд оролцогч нэг тал байв. Тэд 30 мянга орчим хүнтэй байсан. Эхэндээ энэ хөдөлгөөний гишүүд нь Франц, Камбожид сурч байсан радикал кхмерүүд байв. Уг хөдөлгөөнд эцэг эхээ алдсан, хотын иргэдийг “америкчуудтай хамтран зүтгэгчид” хэмээн үзэн ядсан 12-15 насны өсвөр насныхан голчлон бүрдүүлсэн байв.

Төрийн эрхийг авсан

[засварлах | кодоор засварлах]

Улаан кхмеруудын арми 1960-аад оны сүүлээр Хойд Вьетнамын арми, Вьетнам Конг, Патет Лао, Хятадын Коммунист Нам (ХКН)-ын дэмжлэгтэйгээр Камбожийн зүүн нутгийн ойд бүрэлдэн байгуулагдсан юм.

Улаан кхмерууд анх хунтайж Сианукийн эсрэг тэмцэж байсан ч 1970 онд Америкийн талыг баримтлагч Кхмерийн Бүгд Найрамдах Улсыг үндэслэгч Лон Нол төрийн эргэлт хийж түүнийг түлхэн унагасны дараа Хтадын Коммунист Намын зааврын дагуу байр сууриа өөрчилж, Сианукийг дэмжсэн юм.

1975 оны 4-р сарын 17-нд (Хойд Вьетнамын цэргүүд Сайгон руу орохоос хоёр долоо хоногийн өмнө) Улаан кхмеруудын партизанууд тус улсын нийслэл Пномпенийг эзлэн авч хяналтаа тогтоов. Үүнээс өмнө Лон Нолын дүү болон түүний олзлогдсон нөхдийг Пномфен цэнгэлдэх хүрээлэнд буудан хороосон байна. Эрх баригч дэглэмийг (Бүгд Найрамдах Кхмер) түлхэн унагасан бөгөөд Лон Нол өөрөө хойд зүгт зугтжээ. Жилийн туршид хунтайж Нородом Сианукыг төрийн тэргүүнээр албан ёсоор, Пенн Натыг ерөнхий сайдаар тооцож байсан ч хоёулаа гэрийн хорионд байсан тул бодит байдал дээр эрх мэдэл коммунист-маоист улаан кхмеруудад шилжсэн байжээ.

1976 оны 4-р сарын 14-нд Ардчилсан Кампучийн Ардын Төлөөлөгчдийн Зөвлөлийн анхдугаар чуулганаар Киеу Самфаныг төрийн тэргүүлэгчдийн дарга болон тус улсын ерөнхийлөгчөөр, Пол Потыг ерөнхий сайдаар, түүний гурван орлогч Иенг Сарыг (Гадаад харилцааны асуудал эрхэлсэн), Ван Вет (үндэсний эдийн засгийг хариуцсан), Сон Сен (үндэсний батлан ​​хамгаалах асуудал эрхэлсэн), Нуон Чеа нар Ардын төлөөлөгчдийн зөвлөлийн байнгын хорооны даргаар сонгогдов.

1978 оны 12-р сарын эцэс гэхэд Улаан Кхмерүүд улсынхаа газар нутгийн 99 % орчим хяналтандаа оруулж чаджээ. Сөрөг хүчин (Лон Нол) хойд зүгт ширэнгэн ой руу хөөгдөж, Вьетнамыг дэмжигч сөрөг хүчин жижиг, тархай бутархай байв.

Камбож улсыг Ардчилсан Кампучи гэж нэрлэв. Улаан кхмерууд засгийн эрхэнд гарсан жилээс он цагийн тооллыг эхлүүсэн гэж зарласан юм.

Хэлмэгдүүлэлт болон хомроглон устгах үйл ажиллагаа

[засварлах | кодоор засварлах]

Геноцидийг зохион байгуулагчид нь Пол Пот, Иенг Сари, Нуон Чеа болон бусад Кампучийн Коммунист намын (ХКН) удирдагчид байсан юм. Үүнд улс төрийн хэлмэгдүүлэлт, албадан нүүлгэх, хүмүүсийг үй олноор нь устгах явдал орж байгаа юм. Эдгээр гэмт хэргийн сэдэл нь Марксизм ба Маоизмын үзэл суртлын удирдамжийн дагуу Камбожийн нийгэмд эрс өөрчлөлт хийх зорилготой гэж тайлбарлаж байв. Геноцидийн хохирогчид нь Камбожийн дийлэнх нь сэхээтнүүд (ВВС-ийн судалгаагаар хүмүүс нүдний шил зүүж, гадаад хэлээр ярьдаг байсан ч баривчлагдаж байсан), үндэсний цөөнх, шашны зүтгэлтнүүд байжээ.

Пол Потын санаагаар улс оронд "гэрэлт ирээдүйг" бүтээхийн тулд "нэг сая үнэнч хүн" хэрэгтэй байжээ. Үлдсэн 6 сая гаруй оршин суугчдад "чадваргүй" гэсэн шалтгаанаар дахин боловсрол олгох, бие махбодийг устгах зэрэг хатуу хязгаарлалтад өртсөн юм.

Хэлмэгдүүлэлтийн үр дүнд янз бүрийн тооцоогоор 2-3 сая хүн амь үрэгдсэн гэсэн тооцоо байдаг. Нарийн тооллого хийгдээгүйн улмаас нарийн тоог хэлэх боломжгүй юм. Амиа алдсан хүмүүсийн тоог нийт хүн амтай нь харьцуулбал Улаан Кхмерийн дэглэм нь хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн харгис дэглэмүүдийн нэг гэж үздэг юм.

Бүгд Найрамдах Кампуч улсын засгийн газар болон Ардын хувьсгалт шүүхийн дээрх албан ёсны тооцоонд улаан кхмеруудын гэмт хэргийн улмаас 2.75 сая хүн амиа алдсан гэдэг байна.