Jump to content

Херберт фон Караян

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Херберт фон Караян
Херберт фон Караян 1938 онд
Төрсөн1908 оны 4 сарын 5 (1908-04-05)
Зальцбург, Австри-Унгарын эзэнт гүрэн
Нас барсан16 July 1989(1989-07-16) (81 насалсан)
МэргэжилУдирдаач
Идэвхтэй1929–1989
Signature

Херберт фон Караян (Герман: Herbert von Karajan 1908 оны 4-р сарын 5 - 1989 оны 7-р сарын 16) нь Австрийн удирдаач юм. 1989 онд нас барах хүртлээ Берлиний Филармонийн ерөнхий удирдаачаар 34 жилийн турш ажилласан бөгөөд Нацист дэглэмийн үед Зальцбургийн наадамд оролцсоноор уран бүтээлийн гараагаа эхлүүлж, Венийн Филармони, Берлиний Филармони, Дэлхийн Хоёрдугаар дайны үед Берлиний Улсын Дуурийн театрт ажиллаж байсан. 200 сая хувь хөгжмийн бүтээл борлуулснаар бүх цаг үеийн хамгийн их борлуулалттай сонгодог хөгжмийн уран бүтээлчээр зүй ёсоор тооцогддог.

Херберт фон Караяны эцэг Эрнст, эх Марта нарын зураг

Караяны өвөг дээдэс Османы эзэн гүрний нутагт амьдарч ирсэн грек-македон гаралтай хүмүүс бөгөөд 1767 онд Вена хотод ирж улмаар Хемниц хотод суурьшжээ.[1][2] Херберт фон Караян 1908 онд Австри-Унгарын эзэнт гүрний Зальцбург хотод Эрнст фон Караян, Марта фон Караян нарын хоёр дахь хүү болон мэндэлсэн. Багаасаа төгөлдөр хуур хөгжимд авьяастай байсан бөгөөд 1916-1926 оны хооронд Моцартеум хөгжмийн консерваторид суралцаж төгссөн. Түүний хөгжмийн зохиомжийн багшаар ажиллаж байсан Бернхард Паумгартнер түүнийг анх удирдаач болох замд нь хөтөлж өгсөн байна. Улмаар 1926 онд Венийн Академийн төгөлдөр хуурийн ангид суралцжээ.

Уран бүтээлийн замнал

[засварлах | кодоор засварлах]

1929 онд Зальцбург хотын театрт Ричард Штраусын "Саломеи" дууриар ажлын гараагаа эхлүүлж, 1929-1934 онд Германы Ульм хотын театрт капельмейстерээр ажиллажээ.Удирдаачаар бие даан ажилласан анхны бүтээл нь 1933 онд тоглосон "Фауст" дуурь юм. 1935 онд уран бүтээлчийн хувьд ид оргилдоо хүрч Бухарест, Брюссель, Стокхольм, Амстердам, Парис хотуудын театрт зочин удирдаачаар ажиллажээ. 1938 оноос Берлиний Филармонид удирдаачаар ажиллаж эхэлсэн нь түүнийг нэр алдарт хүргэж өнөө үеийн хамгийн шилдэг удирдаач хэмээн зарим судлаачид бичиж байв. Тухайн жилдээ сонгодог хөгжмийн алдартай студи болох "Дойче Граммофон"-той гэрээ хийж Моцартын "Увдист лимбэ" дуурийн хөгжмийг бичүүлжээ.

Херберт фон Караян 1941 онд

Нацист буюу Германы Үндэсний Социалист намын гишүүнээр элсэж байсан нь хожим түүний талаар олон янзын маргаан дэгдэхэд хүргэж байсан. 1946 онд Нацист Герман ялагдсаны дараа Зөвлөлт Холбоот улсын нөлөөгөө тогтоосон газруудад түүнийг тоглолтод оролцохыг хориглож байжээ. 1947 оноос эргэн уран бүтээлдээ идэвхтэй орсон ч Нацист намын гишүүн байсан шалтгаанаар 1955 онд АНУ дахь аялан тоглолтын үеэр Детройт хотод хийх концертыг хориглож, Филадельфийн Филармонийн удирдаач Южин Орманди түүнтэй гар барихаас татгалзаж, Нью Йорк хотын Карнеги танхимд тоглох концертын өмнө эсэргүүцлийн жагсаал зохион байгуулагдав. Гэвч үүнээс үл хамааран түүний удирдсан хөгжмийн концертууд өндөр үнэлэлт авч байлаа.

1956 онд Берлиний Филармонийн ерөнхий удирдаачаар сонгогдож, нас барах хүртлээ 1957-1964 онд Венийн Улсын Дуурийн театрын уран сайхны удирдагчаар тус тус ажиллажээ.

Файл:860 chtitefamillekarajan.jpg
Караяны гэр бүл Австрид, 1968

1935 оны Шинэ жилийн баярт зориулан Иохан Штраусын "Сарьсан багваахай" операттаг тайзнаа тавих үеэр дуурийн дуучин Элмитэй анх танилцаж улмаар 1938 онд гэрлэсэн. Тэд гэрлэлтээ 1942 онд буюу 5 жилийн цуцлуулжээ. 1942 онд Дэлхийн хоёрдугаар дайны үеэр 2 дахь эхнэр болох еврей гаралтай Анна Мариатай хуримаа хийсэн ч 1958 онд гэрлэлтээ цуцлуулав. 1958 оны 10 сард Францын загвар өмсөгч Элиетте Муретэй танилцаж хуримаа хийжээ. Херберт, Элиетте нар хоёр охинтой.

Херберт фон Караян амьдралынхаа сүүлийн жилүүдэд зүрхний өвчин болон нурууны асуудлаас болж эрүүл мэнд нь доройтож 1989 оны 4 сарын 24-нд ерөнхий удирдаачийн ажлаа хүлээлгэн өгч үүнээс 3 сарын дараа Аниф хот дахь гэртээ 81 настайдаа нас баржээ. Түүнийг нас барсны дараа эхнэр Элиетте нь уран бүтээлийн өвийг нь үргэлжлүүлэх зорилгоор Вена, Зальцбург хотуудад "Херберт фон Караян Институт"-ийг байгуулжээ.

Херберт фон Караян католик шашны уламжлалаар өсөж хүмүүжсэн боловч дунд насандаа Зэн Буддизмын Германд дэлгэрсэн гуйвсан урсгалыг нэгэн үе ихэд сонирхон судалж байжээ. Гэвч 1985 онд Ватикан улсад Ромын Пап II Иохан Паулын удирдсан Гэгээн Петр, Паулын баярын их мөргөлийн үйл ажиллагаанд зориулж Моцартын хөгжмийг удирдан тоглуулсан бөгөөд гэр бүлийн хамт мөргөлд оролцож, шашны итгэлээ бататгаж, улмаар католик сүсэгтний ёсоор оршуулах зөвшөөрөл хүссэн байна.

Уран бүтээлийн залгамж

[засварлах | кодоор засварлах]

Караяны удирдсан тоглолтууд ихэвчлэн соёлын гол арга хэмжээнд тооцогддог байв. 1982 онд АНУ-д хийсэн аялан тоглолтод Зубин Мета, Сэйжи Озава, Франк Синатра зэрэг хөгжмийн алдартнууд хамтран тоглож байсан. Караяны пянз, CD хэлбэрээр бичүүлсэн хөгжмийн бүтээлийн тоо 800 гаруй байдаг бөгөөд үүгээрээ орчин цагийн удирдаачдаас хол давсан байна. "Дойче Граммофон" дуу бичлэгийн студитэй хамтран гаргасан цомгууд нь олон зуун сая хувь борлогдсон байдаг. Удирдаачаар ажиллахаас гадна багшилж байсан бөгөөд хамгийн алдартай шавь нарын нэг бол Озава Сэйжи юм.

Херберт фон Караян 1960 онд Бүгд Найрамдах Итали Улсын Гавьяаны одонг хүртсэн. 1961 онд Австрийн Шинжлэх ухаан, урлагийн медалиар шагнагдсан.

Холбооны Бүгд Найрамдах Герман улсын Гавьяаны их загалмай одонг мөн түүнд олгожээ.

1977 онд Эрнст фон Сименсийн нэрэмжит хөгжмийн шагналыг хүртсэн.

1978 оны 6 сард Их Британийн Оксфордын их сургуулиас түүнд "Хүндэт доктор" цол хүртээсэн.

ЮНЕСКО-гийн Олон улсын хөгжмийн шагнал, "Пикассо медаль"-иар шагнагдсан.

Түүний удирдан тоглуулсан бүтэээлүүд Грэммийн шагналд 40 гаруй удаа нэр дэвшиж, 3 удаа энэхүү нэр хүндтэй шагналыг хүртэж байсан.

Херберт фон Караян нь Зальцбург, Берлин, Вена хотуудын хүндэт иргэнээр өргөмжлөгджээ.

  1. Крамер, Альфред У. (2009). XX зууны хөгжимчид ба хөгжмийн зохиолчид. Vol. 3. Салем хэвлэлийн газар. p. 758. ISBN 9781587655159. Херберт Риттер фон Караян нь дунджаас дээш амьдралтай грек-македон удмын Эрнст, Марта фон Караян нарын гэр бүлд төрсөн.
  2. Робинсон, Паул; Суртис, Брюс (1976). Караян. Макдоналд энд Жейнс. p. 6. Херберт фон Караян нь 1908 оны 4 сарын 5-нд Зальцбург хотод төрсөн. Австрид төрсөн боловч гэр бүл нь грек гаралтай, овгийн Караянис гэдэг нь "Хар Иохан" гэсэн утгатай. Хербертийг төрөхөөс 4 үеийн өмнө Грекээс Германы Хемниц хотод цагаачилж ирсэн.