Вольфганг Амадей Моцарт

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Вольфганг Амадей Моцарт

Вольфганг Амадей Моцарт (герм. Wolfgang Amadeus Mozart) нь дэлхийн сонгодог урлагийн нөлөө бүхий томоохон уран бүтээлч, суут хөгжмийн зохиолч юм. Тэрээр 1756 оны 1-р сарын 27-нд Австрийн Зальцбург хотод төрсөн. Бага наснаасаа хийл болон төгөлдөр хуурыг гаргууд эзэмшиж улмаар 5 насандаа өөрийн уран бүтээлээ эхлэн туурвиж, Европын ихэс дээдсүүдийн өмнө тоглон тэдний гайхшралыг төрүүлж байжээ.

17 насандаа Зальцбургийн хун тайжийн ордны хөгжимчин болсон хэдий ч түүнд төдийлөн санаанд нь нийцдэггүй байж. Судлаачид энэ талаар хэлэхдээ хэрэв Моцарт энэ ажлаа хийгээд Зальцбургэд үлдсэн бол түүний уран бүтээл дэлхийд танигдахгүй, тэр чигтээ түүхэнд орхигдох байсан юм гэж цохон тэмдэглэсэн байдаг. Үнэхээр ч түүний уран бүтээл 1781 онд Вена хотод очсоноор илүү олонд танигдаж, нэр алдарт хүрч чаджээ. Харин олныг гайхшруулж чадсан нэрт хөгжмийн зохиолч маань санхүүгийн хувьд төдийлөн амжилтанд хүрээгүй юм.

Амьдралынхаа хугацаанд тэрээр 600 гаруй симфони, концерт, танхим, дуурийн болон найрал дуунууд (үйл явдалт хөгжим) бүтээжээ. Людвиг ван Бетховены эхэн үеийн уран бүтээлүүд Моцартын уран бүтээлээс сэдэв авсан байдаг. Түүний тухай нэрт хөгжмийн зохиолч Иозеф Хаядн хэлэхдээ "Ийм агуу авъяас билигтэн 100 жилд төрөхгүй буйзаа" гэжээ.

Түүний анхны бүтээл бол 4 настай байхдаа бичсэн Минуэт (бүжиг) байсан бол хамгийн сүүлийнх нь дуусгаагүй үлдээсэн Рекүэм байсан юм. Моцарт гайхамшигтай хөгжмийн зохиолч мөн сайн төгөлдөр хуурч байсан. Тэрээр 1791 оны 12-р сарын 5-нд 01:00 цагийн орчим өвчнөөр нас баржээ.

Амьдрал[засварлах | edit source]

Залуу нас болон гэр бүл[засварлах | edit source]

Моцартын гэр бүл. 1778 онд нас барсан ээжийнх нь хөрөг

Вольфганг Амадей Моцарт нь 1756 оны нэгдүгээр сарын 27-нд эцэг Леополд Моцарт (1719–1787), эх Анна Мария Моцарт (1720–1778)-ийн гэр бүлд 7 хүүхдийн (7 хүүхдийн 5 нь нялх үедээ нас барсан) отгон хүү болон мэндэлжээ. Түүний эгчийг Мария Анна Моцарт(1751–1829) буюу Наннэрл гэж дууддаг. Моцартыг төрсний дараах өдөр Зальцбург дэхь Сант Рубертийн сүмд адислажээ. Түүний нэрний латин хувилбар нь “Иоаннес Крисостомус Вольфгангус Теофилус Моцарт”, харин Моцарт өөрийгөө “Вольфганг Амадей Моцарт” гэдэг, ойр дотныхон нь “Вольфи” (Чонохон) гэж хочлон дууддаг байжээ.

Түүний аав Леополд Моцарт Германы Аугсбург хотын уугуул, хөгжмийн зохиолч, туршлагатай хөгжмийн багш байсан нь түүний хөгжмийн авъяасыг нээн илрүүлэх, хөгжмийн мэдлэг олох хамгийн том суурь болсон юм. Леополд 1743 онд Зальцбургийн эрх баригч ханхүү, хамба Леополд Антон вон Фирмианы ордны хөгжимчдийн 4 дэх хийлчнээр томлогдон ажилладаг болсон бөгөөд үүнээс хойш 4 жилийн дараа Анна Мариятай гэрлэжээ. Улмаар Леополд 1763 онд оркестр удирдаачаар томилогдон ажиллах болж, Моцартыг төрөх үеэр туурвисан түүний "Хийл сурах гарын авлага" ном нь түүнийг амжилтанд хүргэсэн байна.

Леополд Наннэрлийг 7 настайгаас нь эхлэн төгөлдөр хуурын хичээл заасан бөгөөд энэ үед 3 настай бяцхан хүү Моцарт эгчийнхээ хичээллэхийг ажигладаг байсныг Моцартыг нас барснаас хойш 1 жилийн дараа эгч Наннэрл түүний хэрхэн төгөлдөр хуур сурч байсныг дурдахдаа

Моцарт 3 настайдаа товчлууруудыг сонсголоороо өөрт таалагдсан өнгөөр дардаг байсан... Аав түүнийг 4 настайд нь зарим минүэт, зарим төгөлдөр хуурын аянуудыг заахад алдаагүй зөв тоглож байсан ... 5 насандаа тэр аавд өөрийн зохиосон аяа тоглож үзүүлэхэд аав түүнийг нь нотолсон юм...

Улмаар хүү төгөлдөр хуураас гадна хийлийг ч чадварлаг эзэмшин тоглож, өөрийн хөгжмийг зохиож эхлэхэд Леополд гайхан биширч хүүгийнхээ авъяасыг хөгжүүлэхэд түлхүү анхааран ажиллаж, улмаар хөгжим зохиохоо больж зөвхөн хүүхдүүддээ хөгжмийн болоод хэл, эрдэм шинжилгээний мэдлэг олгоход илүү шамдан ажиллажээ. Моцарт анхны симфонио 8 насандаа зохиосон бөгөөд аавынх нь тусламж оролцоотой бүтсэн байх магадлалтай.

Аялан тоглолт[засварлах | edit source]

Иохан Кристиан Бах

1762 оноос эхлэн 3 жил хагасын хугацаанд үргэлжилсэн урт удаан аялан тоглолтоо Европын хотуудаар хийсэн бөгөөд гэр бүлийн аялан тоглолтМюнхенийн Баварын ордноос эхлэн, Вена болон Прагын хааны ордон, Хааг, Лондон зэрэг олон газруудаар явж тогложээ

Моцартыг Лондонд байхад хүмүүс тэрний үнэхээр гоц хүүхэд үү? Эсвэл одой хүн үү? гэж гайхдаг байсан гэдэг.

Аялан тоглолтынхоо үед Моцарт хэд хэдэн хөгжмийн зохиолчидтой танилцаж тэдний уран бүтээлээс сонирхон явсны нэг нь 1764, 1765 оны хооронд Лондонд III Жорж хаанд зориулж тоглохдоо алдарт хөгжмийн зохиолч Иоханн Себастиан Бахын хүү Иоханн Кристиан Бахтай танилцсан явдал байсан юм. Моцартын уран бүтээлд Иохан Кристиан Бах маш чухал нөлөө үзүүлсэн байдаг.

Морин тэрэгтэй урт замыг удаан хугацаагаар туулах, язгууртан дээдсүүдийн урилгыг хүлээх, гэрээсээ асар холдсон зэрэг нөхцөл байдлаас шалтгаалан тэд маш их ядарч 1764 оны зун Лондонд Леополд, 1765 оны намар Хаагт хоёр хүүхэд хоёулаа салхин цэцэг тусаад эдгэрсэн. Харин аав нь үүнийг бурхнаас түүнийг сайн явна гэдгийг хэлсэн дохио гэж бодож байлаа.

Зальцбург дэх гэртээ эргэн ирснээс хойш 1 жилийн дараа эхнэр охин хоёроо үлдээгээд 1769 оны арван хоёрдугаар сараас 1771 оны гуравдугаар сарыг хүртэл Леополд хүүгийн хамт Итали руу аялжээ. Энэ аяллаараа Леополд хүүгийнхээ байгалиас заяасан авъяасыг харуулахыг зорьжээ.

1777 онд тэр ээжтэйгээ аялалд явжээ. Манхеймд тэр Алёша Вебер гэдэг охинд дурласан юм. 16 настай, дуучин болох хүсэлтэй охин байв. Моцарт түүнийг Италид аваачиж алдартай болгохыг хүссэн боловч аав нь тэнэг юм хийхээ болихыг шаардсан захиа бичсээр болиулжээ. 1778 онд Моцарт ээжтэйгээ Парист амьдарч байсан ч ээж нь тэнд нас барсан юм.

Моцарт Венад[засварлах | edit source]

Моцарт багадаа жижиг дуурь бичиж байсан. Анх Идоменё дуурь нь Мюнхенд 1780 онд тоглогдсон юм. Дараа жил нь тэр Вена руу явжээ. Учир нь ажиллаж байсан хөгжмийн дэлгүүр нь түүнийг даргатайгаа маргалдсан тул хөөчихсөн ажээ.

1782 онд тэр Алёшагийн 3 дүүгийн нэг Констанз Вебертэй гэрлэжээ. Яагаад гэвэл Алёша хүнтэй суучихсан байсан юм. Тэд 7 хүүхэдтэй болсон ч 5 нь энджээ. Моцартын аав гэрлэлтийг хүлээн зөвшөөрсөнгүй. Констанз сайн эхнэр байсан ч Моцарт шиг мөнгийг яаж үрэхээ мэддэггүй байсан тул тэднийх ядуу байв. 1782 онд тэр олон дуурь бичсэний нэг “Сереглиог хулгайлсан нь” дуурийг эзэн хаан “Хэтэрхий олон ноттой байна” гэхэд Моцарт “Хэрэгтэй хэмжээгээр нь л бичсэн юм” гэж хариулжээ. Моцарт олон цуврал бичиж эхэлсэн ба тэр үедээ Жозеф Хайднтай танилцаж сайн найзууд болцгоосон юм. Тэд хамтдаа чавхдаст дөрвөл тоглодог байлаа. Нэг өдөр Хайдн, Леопольд Моцартд хандан: “Таны хүү миний мэдэх хамгийн агуу зохиолч. Түүнд зохиох тухай мэдэхгүй зүйл гэж алга.” гэж хэлж байжээ. Моцарт ч Хайднд чавхдаст дөрвөл бүтээлүүдээсээ бэлэглэж байсан юм.

Моцарт ба Праг[засварлах | edit source]

Гарын үсэг

Хэдэн жилийн дараа Венийн үзэгчид Моцартад тийм ч их дэмжлэг үзүүлсэнгүй тул түүний тоглолтыг таалдаг байсан Праг руу их явдаг болжээ. Фигарогийн хурим дуурь нь их алдартай байсан ба 1787 онд тэр Дон Жуан дуурийг анх тавьжээ.

Өвчин ба үхэл[засварлах | edit source]

Моцартын гэр(Одоо Моцартын музей)

Түүнийг үхэлд хүргэсэн өвчний тухай нэлээн хэдэн яриа байдаг ч яг аль нь үнэн болохыг хэн ч мэдэхгүй билээ. Тэр “Шидэт лимбэ” дуурь дээрээ ажиллаж байсан ба тэр нь орчин үед хамгийн алдартай бүтээлүүдийн нэг болсон юм. Бусад бүтээлүүд шиг нь италиар биш, германаар бичигдсэн байдаг ба Английн пантомиметэй төстэй болжээ. Мөн тэрээр "Гашуудлын дуулал" дээр давхар ажиллаж байсан нь нэгэн танихгүй хүний нууцаар хийж өгөхийг гуйсан хүсэлт байсан юм. 9-р сарын сүүлээр “Шидэт лимбэ” анх удаа тайзнаа тавигджээ. Харин Моцарт "Гашуудлын дуулал"-ыг дуусгахын тулд ажилласаар л байжээ. Магадгүй тэр өвчтэй байснаа ухаараад, тэгээд өөртөө зориулж "Гашуудлын дуулал"-аа бичсэн ч байж магадгүй юм. Гэвч тэр дуусгаж чадаагүй юм. Дараа нь Франц Хавьер Сысмаяр гэгч хүнээр төгсгөлийг нь хийийг гуйсан боловч жинхэнэ ая дээр нэмсэн эсэхийг мэдэхгүй юм. Гэвч ихэнх нь Моцартын бүтээл билээ. Моцартын булшийг хангалттай мөнгө байгаагүй тул чулуугүйгээр оршуулжээ.

Моцартын бүтээлүүд[засварлах | edit source]

Моцартын хөгжим Хайдных шиг сонгодог хэв маягаараа алдартай. Түүнийг хөгжимөө зохиож эхлэхэд Бароккийн үе дуусаж байсан үе байсан юм. Хөгжмийн тухай ойлголт өөрчлөгдөж байлаа. Моцарт дөнгөж алдартай болж эхлээд байсан хөгжмийн зэмсэг болох төгөлдөр хуураар тоглох ая зохиосон анхны агуу зохиолч байсан юм. Тэр бараг бүх л төрлийн хөгжмийг бичсэн юм: симфони, дуурь, соло концертууд, сүмийн хөгжим, ялангуяа чавхдаст хөгжмийн дөрвөл ба төгөлдөр хуурын сонатууд. Моцартыг бага байхад симфони гэдэг нь богино, хөгжилтэй, зүгээр л зугаа гаргах зүйл байсан бол Моцарт симфонийг хагас цаг шахам үргэлжилдэг, нарийн ажиллагаатай аялгуу болгож чадсан юм. Ялангуяа түүний сүүлийн 3 симфони гайхалтай бүтээл болсон. Моцарт заримдаа жаахан хүүхэд шиг зан гаргадаг байсан ч тэрээр хүмүүсийн зан төрхийг сайн ойлгодог байжээ. Тиймээс түүний дууриудын туслах дүрүүд нь хүртэл анхаарал татахуйц байдаг юм. Моцартын дууриуд нь түүний хамгийн гайхалтай бүтээлүүд нь юм. Lorenzo Da Ponte: Don Giovanni, Le Nozze di Figaro,Cosi fan tutte гэх гурван оперануудын дүрүүдийн хамтран дуулах, заримдаа гоцлох, үйл явдал бүрийг дүрүүдийн өөр өөр байр суурьнаас үзүүлдэг зэрэг нь алдартай болгосон билээ.

Эшлэл[засварлах | edit source]

1. ↑ "Моцартын намтар". 12-07-2009.

2. ↑ " Вольфганг Амадей Моцарт ". 12-07-2009.

3. ↑ "The Royal Society puts historic papers on line" (Англи хэлээр). BBC мэдээ. 2009 он 11 сар 30

4. Groves Dictionary of Music and Musicians, edited by Stanley Sadie; 1980; ISBN 1-56159-174-2

Гадаад холбоос[засварлах | edit source]

Викимедиа зургийн сан:
«Вольфганг Амадей Моцарт»