Жорж Буш
Жорж Уокер Буш George Walker Bush | |
Бүрэн эрхийн хугацаа: | 2001 оны 1 сарын 20 – 2009 оны 1 сарын 20 |
---|---|
Дэд ерөнхийлөгч: | Дик Чейни |
Төрсөн: | 1946 оны 7 сарын 6 Коннектикут муж улс |
Улс төрийн нам: | Бүгд Найрамдах Нам |
Эхнэр (нөхөр): | Лаура Буш |
Гарын үсэг |
Жорж Уокер Буш (Англи: George Walker Bush, 1946 оны 7 сарын 6 -) нь Америкийн Нэгдсэн Улсын 43 дахь ерөнхийлөгч ба 2 удаа сонгогдсон. Түүний эцэг нь АНУ-ын хуучин ерөнхийлөгч Жорж Хэрбэрт Уокер Буш байсан юм.
Намтар
[засварлах | кодоор засварлах]Бага нас
[засварлах | кодоор засварлах]Жорж Уокер Буш нь 1946 оны 7 сарын 6-ны өдөр Коннектикут муж улсын Нью-Хэйвэнд ерөнхийлөгч асан Жорж Хэрбэрт Уокер Бушийн том хүү болон төржээ. Тэрээр аавынхаа газрын тосны бизнес эрхэлдэг байсан Техас муж улсын Мидлэндэд өсч торнижээ. Түүний ах, эгч дүүс нь одоогийн Флорида муж улсын удирдагч Жэб болон Нил, Марвин, Дороти, Робин нар юм. Жорж Уокер Буш аавын адилаар Массачусеттс дахь нэр хүнд бүхий Филипс Андовер Академид суралцаад дараа нь Йел Их Сургуульд элсэн оржээ. 1968 онд Йелийг бакалаврын зэрэгтэй дүүргээд Техастаа буцаж ирэн "Texas Air National Guard" буюу Техасын үндэсний агаараас хамгаалахад орж байлдааны онгоц жолоодож суран дэслэгч цол авсан боловч Вьетнамд байлдахаар дуудагдаагүй байна.
1970-аад оны эхэн үе нь түүний амьдралын тогтвор суурьшил нилээд муутай үе байлаа. Тэрээр Техасын зүүн хэсэгт нүүж ирээд газар тариалангийн компанид удирдлагын дадлага хийх, АНУ-ын Алабама, Флорида муж улсууд дахь Сенатын сонгуулийн кампанит ажилд оролцох зэрэг тогтмол биш ажлууд хийж байлаа. 1972 онд тэрээр Харвард бизнесийн сургуульд орж 1975 онд M.B.A. зэрэг авчээ.
Тэрээр аавынхаа замаар явж газрын тосны бизнест хүчээ үзэхээр шийдсэн байна. Тэр Мидлэндэд буцаж ирээд бие даасан газрын тос болон хий олборлох компани байгуулан "Арбусто" гэж нэрлэсэн нь испаниар "Буш" гэсэн үг юм байна.
Тэр номын санч, багш байсан Лора Вэлчтэй 1977 онд гэрлэж 1981 онд хоёр ихэр охид Барбара, Женна нарыг төрүүлжээ.
Улс төрд орсон нь
[засварлах | кодоор засварлах]1978 онд бизнесийнхээ ид дундуур АНУ-ын Төлөөлөгчдийн Танхим буюу Конгрессын доод шатны хууль тогтоох байгууллагын сонгуульд оролцон урьдчилсан сонгуульд ялалт байгуулсан боловч Ардчилсан Намын сенатор Кэнт Хансад 6 хувийн саналаар ялагджээ.
1980-аад оны эхэн үеэр газрын тосны ханш унаснаас Буш өөрийн компанийг (Одоо Bush Exploration) "Spectrum 7" хэмээх газрын тосны хөрөнгө оруулагч компанитай нэгдэх саналыг хүлээн авч үүсэн гарсан корпорацийнхаа дарга болжээ.
1986 оны газрын тосны үнийн огцом уналтаас Spectrum 7-г Harken Energy-д зарах тохиролцоонд хүрчээ. Дараа нь тэр өөрийн хувьцаагаа зарж тодорхой хэмжээний ашиг олжээ. 1986 оны 7 сард 40 насныхаа ойн дараахан, тэрээр мэргэжлийн болон хувийн амьдралынхаа бага зэрэг адармаатай эргэлтийн үед очжээ. Тэр архи бүрмөсөн уухаа больж эхнэрийнхээ шүтдэг Методист шашныг улам бүр шүтэх болжээ. Тэр мэдэгдэхүйц нухацтай болсон нь түүний аавын 1988 оны ерөнхийлөгчийн сонгуульд оролцох болсон шийдвэртэй салшгүй холбоотой юм. Үндэсний улс төрийн бодлого өөрчлөгдөн аав нь сонгуульд нэр дэвших болсоноор 1987 онд Бушын гэр бүлийнхэн Вашингтон хотод аавынх нь амжилттай болсон сонгуулийг нь дэмжихээр нүүн очжээ. Хэдийгээр бага Буш компанит ажилд албан ёсны оролцогчийн албан тушаалгүй байсан ч аавынхаа хамгийн их итгэлийг олсон хамгийн гол харилцдаг хүн байсан байна. Тэр энэ үеэр уран илтгэгчийн авьяасаа илрүүлж Христийн консервитевуудтай гол холбоо болж байлаа.
1989 онд болсон сонгуулийн дараа удалгүй бага Буш Техастаа буцаж нүүж очихдоо Далласт очин тэндээ бүлэг чинээлэг хөрөнгө оруулагчдыг цуглуулан Техас Рэйнжерс (Texas Rangers) хэмээх мэргэжлийн бейсболын багийг худалдан авчээ. Тэрээр өөрөө ч энэ бүлэгтээ багтаж байсан байна. Багийн удирдлагын гишүүний хувьд өөрийн талбай дээр тоглох тоглолт болгонд ирэх болсоноор гэр бүлийн нэр хүндээс гадна нэр хүнд нь Техаст нилээн өссөн байна. Мөн тэрээр үүгээрээ багагүй ашиг олсон нь тэр анх $606,000-н хөрөнгө оруулалт хийгээд дараа нь зарахдаа $15 саяыг олсоноос харагдаж байна.
Техас муж улсын амбан захирагч
[засварлах | кодоор засварлах]Энэ амжилтаас гадна тэр 1994 онд Техас муж улсын амбан захирагчаар Ардчилсан Намын Анн Ридардсийг 350,000 саналын давуутайгаар ялсан нь гэр бүлийнхэн болон бүх л хүнийг гайхшруулжээ. Тэр гайхмаар тайван байдлыг сонгуулийнхаа компанит ажилд харуулан, сонгуулийн мөрийн хөтөлбөрт сургуулиудын орон нутгын хяналтыг сайжруулах, шинэчлэлт хийхийг амласанаар гарч иржээ. 1995 оны анхны улиралдаа Буш ихэнх зорилгодоо хүрчээ. Энэ зорилтуудад нь захиргааны хариуцлагын шинэчлэл буюу зарга мэдүүлэгчдийн заргалдах эрхийг хязгаарлах гэсэн Техасын том компаниудын сонирхолд нийцсэн зүйл оржээ. Түүний олонд нийцтэй бусдыг өөртөө татах чадвар нь түүнийг анхны жилийн эцэс гэхэд л АНУ-ын хамгийн алдартай том мужийн захирагч болгон тухайн үед удирдаж байсан Ардчилсан намынхан ч түүнийг хамтран ажиллах боломжтой хүн хэмээн авч үзэж байжээ.
1997 онд Буш хөрөнгийн татварыг жилд 3 сая доллараар багасгасан болон бусад татварыг хөнгөлсөн татварын шинэчлэлтийг дэмжиж байлаа. Энэ нь консервативуудыг ч, либералуудыг ч баярлуулаагүй улс төрийн эрсдэл байсан юм. Эцэст нь түүний төлөвлөгөөнөөс 1 сая доллараар татварыг бууруулж, тэр энэ алдаанаасаа бараг нэр хүндээ алдалгүй цэвэрхэн үлдэж чадсан юм. 1998 оны 11 сард Буш Техас мужийн анхны 2 удаа дараалан сонгогдож 4 жил тасралтгүй ажиллаж байгаа амбан захирагч болжээ. Энэ ялалтаа 65% - 35%-ийн харьцаатайгаар ялан, Бүгд Найрамдах Намын түүхэнд хар, латин америк гаралтай үндэсний цөөнхүүдээс хамгийн их олон санал авсан байлаа. Түүний Техас дахь амжилт ялангуяа үндэсний цөөнхүүдээс авсан дэмжлэг нь Бүгд Найрамдах Намынхны анхаарлыг татаж Ардчилсан Намаас дараагийн ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Ал Гоорын эсрэг үндэсний хэмжээнд нэр дэвшүүлж болох сонголт гэж үзсэн байна.
Ерөнхийлөгчийн сонгууль
[засварлах | кодоор засварлах]1999 оны 7 сард Буш Америкийн Нэгдсэн Улсын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээ албан ёсоор зарлаж, өөрийгөө "энэрэнгүй консерватив" гэсэн байна. Тэр кампанит ажилдаа Бүгд Найрамдах Намын оролцоог нэмэгдүүлэх, нэр хүндээ алдсан Цагаан ордны нэр хүндийг дээшлүүлэх мөн боловсролыг сайжруулах, засгийн газрын оролцоог багасгах, үндэсний баялаг, татварын бодлогыг шинэчлэхээ амласан байна.
Шүүмжлэгчид түүний улс төрийн бага дадлага туршлага болон зөвхөн хөрөнгөтнүүд, том бизнесүүдийн ашиг сонирхолд анхаардагийг шүүмжилж байхад, дэмжигчид нь түүнийг жинхэнэ дундаж Америк хүн Вашингтоны заваан улс төрийн тогооноос гарч ирээгүй гэж үздэг байна. Бушийн энэрэнгүй консерватив үзэлд нь итгэдэггүй либералчууд түүний алах ялыг дэмжсэн, абортыг эсрэг тэмцсэн, гомочуудыг хамгаалсан хуулийг эсэргүүцсэн зэргийг нь сөхөн тавьдаг. Түүний зарим алдаанууд болох хэн дэлхийн удирдагчид вэ? гэсэн сурвалжлагчийн асуултанд хариулж чадаагүй, Боб Жөүнс их сургуулийн католик шашины эсрэг төв дээр сурталчилгааны компанит ажлынхаа нэг гол зочлолтыг хийсэн зэргийг эс тооцвол тэрээр өөрийн намаас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр түүнтэй өрсөлдсөн сенатч Жон МакКэйнийг 3 сарын "Супер мягмар гариг"-т Нью Йорк, Калифорни зэрэг олон муж улсад ялан ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх эрхтэй болсон байна. Түүний амжилтыг МакКэйн албан ёсоор хүлээн зөвшөөрчээ.
2000 оны долоодугаар сард Буш ерөнхийлөгчийн сонгуульд хамтран нэр дэвшиж дэд ерөнхийлөгчийн төлөө өрсөлдөх хүнээр Вайоминг мужийн конгрессийн гишүүн, Бушийн аавын батлан хамгаалахын сайд байсан, газрын тосны бизнес эрхэлдэг Дик Чейниг зарлажээ. Буш, Чейни 2-ыг 2000 оны 8 сарын 2-ны өдрийн Бүгд Найрамдах Намын Их Хурал дээр албан ёсоор нэр дэвшсэнийг зарласан байна. Тэдний Аль Гор болон түүнтэй хамтран дэд ерөнхийлөгчид нэр дэвшигч Коннектикут муж улсын сенатор Жозеф Либерман нарын эсрэг хийсэн өрсөлдөөн нь хамгийн бага зөрөөтэй, маргаантай ерөнхийлөгчийн сонгуулиудын нэг байлаа.
2000 оны 11 сарын 7-ны сонгуулийн шөнө Флорида муж улсын 25 сонгуулийн санал л бүх юмыг шийдвэрлэх болсон байсан. Өчүүхэн бага хэмжээний сонгуулийн саналын зөрүүтэйгээр Буш олон нийтийн санал илүү авсан Ал Гоорыг ялж мэдээнүүдээр цацагдан Ал Гоор ялагдлаа хүлээн зөвшөөрөхөд хүрсэн байна. Хэдэн цагийн дараа Ал Гоор Флорида дахь эцсийн санал тоололтын дүн маш ойрхон гарснаас үүдэн дахин тоололт хийж эхлэхэд өмнөх үр дүнг хүлээн зөвшөөрснөө больсноо мэдэгдсэн байна. Америкийн Нэгдсэн Улсын хуулийн дээд шатны байгууллагад хүрсэн 5 долоо хоногийн хууль зүйн маргааны эцэст дээд шүүх 5:4 -н харьцаатайгаар хүлээн зөвшөөрч Флорида дахь дахин тоололтыг болиулж Бушийг 537 хүний саналаар ялсныг зарласан юм. 12 сарын 13 ны өдөр энэ шийдвэрийн дараа Ал Гоор кампанит ажлаа зогсоож Бушийн ялалтанд баяр хүргэн хоёул орон даяараа энэ бага ялгаат сонгуулийн талаарх маргаанаа орхихыг уриалсан байна. Буш ерөнхийлөгч болонгуутаа нэг намын удирдагч биш нэгдмэл нэг улсын удирдагч байхаа онцгойлон хэлжээ.
Америкийн Нэгдсэн Улсын ерөнхийлөгч
[засварлах | кодоор засварлах]Ингэснээр тэрээр 2001 оны 1 сарын 20-нд албан түшаалаа хүлээн авчээ. Албан тушаалаа хүлээн авснаас хойш Бушийн удирдлага сурталчилгааан дээрээ амласан татварын хөнгөлөлтөө хэрэгжүүлж, эдийн засгийн тэсрэлт, том корпорацийн хэмжээний ялзрал, хээл хахуульд хязгаар тавьж чадсан улс төрийн амжилттай байна. 9 сарын 11-ний алан хядлагын дараа Буш терроризмын эсрэг дайн зарлан АНУ-ын гадаад бодлогод түүхэнд шийдэмгий бие даасан алхам хийжээ.
2002 онд 4 жил завсарласны дараа НҮБ Ирак дахь зэвсгийн шалгалтаа хэрэв шалгагч нарт ямар нэгэн саад учруулвал ноцтойгоор авч үзэх болно хэмээн анхааруулан эхэлжээ. Энэ шийдвэр гарснаас хойш удалгүй дипломатууд хэрэв Ирак шаардлагыг биелүүлэхгүй бол хүч хэрэглэх нь зөв үү буруу юу гэдэг дээр маргалдаж эхэлжээ. 2003 оны 3 сард хэдэн сарын маргааны эцэст АНУ, Британи хоёр НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн дэмжлэггүйгээр Иракд дайн эхэлжээ. 4 долоо хоногийн дараа холбоотны хүчин Багдадыг бүслэн эзэлжээ. Мөн Саддам Хуссэйний төрсөн хот Тикрит бага зэрэг эсэргүүцсэний эцэст бууж өгсөнөөр Пентагон Ирак дахь том мөргөлдөөнүүд дууслаа гэж мэдэгджээ.
2005 оны 11 дүгээр сард Ерөнхийлөгч Ж.Буш, тэргүүн хатагтай Лора Бушийн хамт Монгол Улсад албан ёсоор айлчилсан анхны Америкийн Нэгдсэн Улсын ерөнхийлөгч юм.
Хоёр дахь сонгууль
[засварлах | кодоор засварлах]2004 онд Буш нь сенатч Жон Керриг илт давуу ялан дахин ерөнхийлөгчөөр сонгогдсон юм. Сонгуулийн кампанит ажил нь нилээд хурц ширүүн өрсөлдөөнтэй байсан ч энэ ялалт нь Бушийн 2000 оны ялалтаас хамаагүй илүү тууштай, амархан ялсан ялалт байлаа.
Мөн үзэх
[засварлах | кодоор засварлах]Цахим холбоос
[засварлах | кодоор засварлах]Өмнөх Анн Ричардс |
Техас муж улсын амбан захирагч 1995 – 2000 |
Дараах Рик Перри |
Өмнөх Билл Клинтон |
Америкийн Нэгдсэн Улсын ерөнхийлөгч 2001 - 2009 |
Дараах Барак Обама |
Өмнөх Жак Ширак Франц |
Их Наймын дарга 2004 |
Дараах Тони Блэйр Нэгдсэн Вант Улс |
- АНУ-ын ерөнхийлөгч
- Техасын амбан захирагч
- Бүгд Найрамдах Намын гишүүн (АНУ)
- 20-р зууны улс төрч
- 21-р зууны улс төрч
- Бэйсболын Дээд Лигийн баг эзэмшигч
- Өөрийн намтар
- 2001 оны 9 сарын 11-ний халдлагууд
- Румыны Од шагналтан (колланэ)
- Гурван Одод одон шагналтан (их загалмай одонгийн гинжтэй)
- Их Витаутасын одон шагналтан (их загалмай)
- Марийн орны загалмай одон шагналтан (1-р зэрэг)
- Харвардын их сургуулийн төгсөгч
- Иелийн их сургуулийн төгсөгч
- Охайо Улсын Их Сургуулийн хүндэт доктор
- Жорж Уокер Буш
- Америкчууд
- 1946 онд төрсөн