Их Британи

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
— «Нэгдсэн Вант Улс» гээд холбогдов —
Харайх: Удирдах, Хайлт
«Их Британи» үгээр энд холбогдлоо. Өөр зүйлийн хуудсыг «Их Британи (салаа утга)»-аас олж болно.
Их Британи Умард Ирландын
Нэгдсэн Вант Улс
United Kingdom of Great Britain and Northern Ireland
тусгаар тогтносон орон, бүрэн эрхт улс
Төрийн далбаа Хааны сүлд
Төрийн дууллын нэр:
англ. «God Save the Queen»
(Бурхан хатан ванг ивээг)

Европ дахь Их Британийн байрлал
Европ дахь Их Британийн байрлал
Нийслэл Лондон
Том хот Бирмингем
Албан хэл англи хэл
Зөвшөөрөгдсөн орон нутгийн хэл ирланд, шотланд, уэльс, корн
Ард түмэн 
(2001 он)
87% – цагаан арьстан
7% – Азиийн
6% – бусад
Төр засаг Хэмжээт эрхт
хаант засаг
 -  Хатан хаан II Элизабет (1952)
 -  Ерөнхий сайд Тереза Мэй (2016)
Улсын хурал англ. Parliament → Улсын хурал
 -  Дээд танхим Ноёдын танхим
 -  Доод танхим сНийтийн танхим
Түүх
 -  Англи-Шотланд нэгдэв. 1707 оны 5 сарын 1 
 -  Их Британи-Ирланд нэгдэв. 1801 оны 1 сарын 1 
 -  Ирланд салж тусгаар тогтнов. 1922 оны 4 сарын 12 
Нутаг дэвсгэр
 -  Бүх талбай 243,610 км2 (80)
 -  Гадаргын ус (%) 1.34
Хүн ам
 -  Тооцоо (2010) 62,262,000[1] (22)
 -  Тооллого (2001) 58,789,194[2] 
 -  Нягт сийрэг 255.6 хүн/км2 
ДНБ (ХАЧТ) 2011 оны тооцоо
 -  Нийт дүн $2.253 их наяд[3] (7)
 -  Нэг хүнд $35,974[3] (21)
ДНБ (Нэрлэсэн) 2011 оны тооцоо
 -  Нийт дүн $2.480 trillion[3] (6)
 -  Нэг хүнд $39,604[3] (22)
ОТББИ (2009) 41[4] 
ХХИ (2010) 0.849[5] (дээд) (26)
Мөнгөний нэгж Фунт (£) (GBP)
Цагийн бүс +0
Хэв огноо өдөр/сар/он (НТ)
Замын хөдөлгөөн зүүн
Домэйн нэр .uk
Утасны томьёо 44

Их Британи, албан ёсоор Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улс (товч. ИБУИНВУ; англ. The United Kingdom of Great Britain and Northern Ireland, United Kingdom, UK) нь баруун Европын арлын улс юм. Газар нутаг нь Их Британи арал, Ирланд арлын зүүн хойд хэсэг, бусад жижиг арлуудаас тогтоно. Умард Ирланд нь дангаараа өөр улстай газраар хиллэдэг. Энэ хилийг эс тооцвол Их Британи нь Атлантын далай, Умард тэнгис, Ла-Маншийн хоолой, Ирландын тэнгисээр хүрээлэгдэнэ. Хамгийн том арал болох Их Британи нь Ла-Маншийн хонгилын авто замаар Францтай холбогддог.

Нэгдсэн Вант Улс нь Англи, Шотланд, Вэльс, Умард Ирланд гэсэн 4 улсаар бүрдсэн нэгдсэн улс юм. Энэ улс нь парламентийн системээр удирдуулдаг бөгөөд засгийн газар нь нийслэл Лондонд оршдог. Мөн Үндсэн Хуульт хаант улс бөгөөд төрийн тэргүүн нь Хатан хаан II Элизабет юм. Сувгийн арлууд болон Мэн арлаас тогтсон Титмийн газрууд (Crown Dependencies) нь албан ёсоор улсын эзэмшил боловч Нэгдсэн Вант Улсын хэсэг биш, харин түүнтэй холбоо үүсгэдэг. Нэгдсэн Вант Улс нь хуучин Британийн эзэнт гүрний хэсгүүд байсан, 14 гадаад харъяат газартай. Британийн эзэнт гүрэн нь дэлхийн хуурай газрын бараг дөрөвний нэгийг эзэлж, түүхэндэх хамгийн том эзэнт гүрэн байжээ. Энэ гүрнээс шууд шалтгаалж Канад, Австрали, Шинэ Зеланд, Энэтхэг, Пакистан, Өмнөд Африк, Сингапур, Шри Ланк, АНУ гэх мэт улсуудад Британи нь ихэд нөлөөлж, нөлөөлөл нь тэдгээрийн хэл, соёл урлаг зэрэгт ажиглагдана. Хатан хаан II Элизабет нь Үндэстнүүдийн Хамтын Нөхөрллийн (Commonwealth of Nations) тэргүүн хэвээр үлдсэн бөгөөд гишүүн орнуудын төрийн тэргүүн юм.

Нэгдсэн Вант Улс нь өндөр хөгжилтэй орон бөгөөд эдийн засаг нь дэлхийд зургаад (худалдан авах чадварын паритетаар тооцсон ҮНБ) эсвэл тавд (номиналь ҮНБ) орно. 19 ба 20-р зууны эхэн үед дэлхийн хамгийн хүчирхэг гүрэн байсан боловч дэлхийн хоёр дайн, 20-р зууны сүүл үед тохиолдсон эзэнт гүрнийх нь задрал зэргээс шалгаалж дэлхийн ажил хэрэгт тэргүүлэгч байр суурьтай оролцох явдал нь багасчээ. Гэлээ ч гэсэн эдийн засаг, соёл урлаг, цэрэг арми, улс төрийн нөлөө нь их бөгөөд цөмийн зэвсэгтэй орон юм. Нэгдсэн Вант Улсын цэрэг, хамгаалалтанд зарцуулах мөнгөний хэмжээ нь дэлхийд хоёрт эсвэл гуравт (тооцоолох аргаас шалтгаална) орно. НҮБ-ын аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн бөгөөд Европын холбоо, Их Найм, НАТО, Дэлхийн худалдааны байгууллага, Үндэстнүүдийн Хамтын Нөхөрлөл зэрэг байгууллагуудын гишүүн юм.

Газар зүй[засварлах | edit source]

Их Британи арлын физик газар зүйн зураг
Бен-Невис
Северн мөрний гүүр
Плимут. Бүрхэг өдөр

Их Британи 243,610 хавтгай дөрвөлжин километр газар нутагтай, дэлхийн 78-р том орон юм.

Байрлал[засварлах | edit source]

Хойд өргөргийн 49° — 61°, баруун уртгийн 9° зүүн уртрагийн 2° дотор Их Британи, Ирланд зэрэг арлууд (Британийн олтриг) дээр оршдог арлын орон ба газар зүйн байрлалаар Европ тив, Өрнө Европт хамаарна.

Их Британи арлын дорнод талаар Умард тэнгис, өмнөд талаар Ла-Маншийн хоолой, хоолойн цаана Франц улс байна. Хамгийн богино зайндаа 35 км бөгөөд усан доогуур хоёр улсыг холбосон авто зам бүхий хонгил тавигдсан. Арлын баруун өмнөд талаар Ирландын тэнгис, баруун хойд талаар Атлантын далай байна. Их Британийн эргийн урт — 11,073 км.

Их Британи улсын нутаг дэвсгэрийн 130427 км² нь Англи, 78772 км² нь Шотланд, 20778 км² нь Уэльс, 13843 км² нь Умар Ирланд орных байдаг. Их Британи арлыг тойроод 1000 гаран арал байна. Мөн үндсэн орноос хэдэн мянган километрийн алс Фолклендийн олтриг (Аргентинтай маргаантай), Өмнө Жорж-Өмнө Сэндвичийн арал, Бермуд, Гибралтар зэрэг далайн чанад нутаг байдаг.

Газрын гадарга[засварлах | edit source]

Англи ерөнхийдөө нам доор газар байдаг бол Уэльс, Шотланд уулархаг газар юм. Английн баруун хойд талд Пенниний нуруу гэж бий. Шотландын уулархаг баруун хойд талыг Хайленд (Шотландын өндөрлөг), Лоуленд (нам доор газар) гэдэг. Шотландын өндөрлөгт арлын хамгийн өндөр цэг Бен Невис (1343 м) байна. Уэльсийг өмнөд, дундад, умард гэж гурав хуваах ба өмнөд хэсэг нь илүү уулархаг. Нам доор, эрэг газраар Глазго, Эдинбург, Кардифф зэрэг гол хотууд байна.

Усны зүй[засварлах | edit source]

Англиар Темза, Северн, Трент, Хамбер зэрэг гол урсдаг бол Шотландаар Тей, Уэльс Англи хоёрыг дамжин Северн, Уай, Умар Ирландаар Банн зэрэг гол урсана.

Уур амьсгал[засварлах | edit source]

Их Британийн өмнөд тал арай дулаан, баруун тал арай чийглэг. Баруун хойд нутгийн Шотландын өндөрлөгт жилд 3000 мм хур буудаг бол зүүн өмнөд нутгийн Кэмбриджид 500 м хур тунадастай. I сард өдөртөө 7°C, шөнөдөө 1°C, VII сард өдөртөө 21°C, шөнөдөө 12°C дулаан байна.

Хүн ам зүй[засварлах | edit source]

Он Хүн ам[6]
1801 16,300,000
1851 27,368,800
1900 41,154,600
1950 50,381,500
1970 55,632,200
1990 57,237,500
2013 64,105,654

Их Британи улсад 2013 онд 64,105,654 хүн амьдарч байна. Дэлхийд 21-р олон хүнтэй улс юм. Хүн амын өсөлт - 0.5 %.

Үүнээс 52 сая Англи, 6 сая Шотланд, 3 сая Уэльс, 2 сая Умар Ирландын оршин суугч юмсанжээ.

Ард түмэн[засварлах | edit source]

Их Британи олон угсаатан, төрхтний орон юм.

Хүн амын 87% цагаан арьстан юм. 2.3% Энэтхэг, 1.9% Пакистан, 0.7% Бангладеш , 0.7 хувь Хятад, 1.4 хувь бусад, бүгд 7 хувь нь Азиас гаралтай хүн байна. 3% Африк, Карибаас гаралтай хар арьстан, 2% холимог арьстан, 1% бусад ангийн хүн байна.

Хот суурин[засварлах | edit source]

2010 оны хүн амын тоогоор:

Түүх[засварлах | edit source]

Стоунхенж. НТӨ 2500 онд үүссэн гэгдэх дурсгалт газар

Эртний үе[засварлах | edit source]

Их Британид 30,000 жилийн тэртээ хүн суурьшижээ. Төмөр зэвсгийн үе, НТӨ I мянганд бритон, галл зэрэг кельт угсаатан оршин байв. НТӨ 55-54 онд Юлий Цезарийн аян дайнаар Ромтой холбогдож НТӨ 44 оноос Английн өмнөд, дорнод хэсэг, Уэльс, Шотландын нам доор хэсэг Ромын колони болсон. Ромын ноёрхол 409 онд унахад Умар Европоос англосакс гэсэн герман угсаатан ирж вант улс олныг үүсгэн суусан ба 600 оноос нэгдэж, христийн шашинд оржээ.

Дундад зуун[засварлах | edit source]

Нормандын Уильям. 1066 он

9-р зуунд Дани, Норвегийн викинг улс довтлон ихэнх газрыг эзэлсэн. Вессексийн Альфред ван эзлэгдэлгүй үлдэж чадсан ба газар нутгаа нэгтгэж 956 онд Английн вант улс мэндэлжээ. Кнуд гэж сайн ван байсны дараа 1066 онд Нормандын Уильям гүн Английн II Харольдыг дийлж Английг эзэрхэснээр язгууртны хүрээнд франц соёл нэвтэрсэн ба алсдаа англи соёлд уусчээ.

Кельт угсааныхан шахагдан Шотланд, Уэльст суусан бөгөөд английн вангууд Уэльсыг эзлэвч Шотландыг эзэлж авч чаддаггүй байв.

Английн вангийн удам өнөөгийн Францын баруун хэсэгт ноёрхож байсан бөгөөд 1202 оноос хойш Англи-Францын олон дайн болсны дотроос хамгийн алдартай нь Зуун жилийн дайн (1337–1453) байсан.

Сэргэн мандалт[засварлах | edit source]

Европын сэргэн мандалтын үед уламжлалт католик, шинэ протестант хоёрын тэмцэл болж байв. 1542 онд Уэльс Английн харьяанд бүрэн орсон ба Ирланд Английн толгойлсон хувийн холбоонд нэгдсэн байдаг. Энэ үеэс Умар Ирландад Англи, Шотландын хүмүүс ихээр шилжин суусан. 1603 онд Шотландын VI Жеймсийн толгойлсон хувийн холбоонд Англи, Шотланд, Ирланд орсон ба Эдинбургт байснаа Лондонд шилжин суужээ. 17-р зуунд холбоот гурван улс хэд хэдэн дайнд хамтаар орж байв. Мөн үед Англи тэнгис далайд гарч Умар Америкт колони үүсгэжээ.

Нэгдсэн улс[засварлах | edit source]

Их Британийн хөлөг онгоц

1707 онд Англи, Шотланд албан ёсоор нэгдэж нэгэн вант улс болов. 18-р зуунд хэмжээт эрх хаант засаг, парламентат ёс хөгжиж, анхны ерөнхий сайд (1721–1742) нь Роберт Вальполе байжээ. Их Британид иргэний дайн болж, Америк дахь колони тусгаар тогтнолын төлөө дайтаж 1783 онд АНУ тусгаар тогтносноор Их Британийн колонийн сонирхол Энэтхэгт чиглэсэн. Их Британи далайн тээврийн худалдаа, боолын наймаанд тэргүүлж байв.

1801 онд Их Британи, Ирланд хоёр нэгдэж нэгэн вант улс болов. 19-р зуунд Их Британи эрчимтэй аж үйлдвэржиж, чөлөөт худалдаа цэцэглэжээ. Төрийн хэрэгт сэхээтнээс гадна дунд ангийнхан зүтгэх болж, газар тариалан фермэрт шилжиж, хотод ажилчин анги бий болсон. Францын Напелеон дайнд ялагдсаны дараа Их Британи дэлхийн хамгийн хүчирхэг гүрэн байж, дэлхий даяарын улс төрийн хэрэгт нөлөөлж байв. Канад, Австрали, Шинэ Зеланд өөртөө засах их эрх олж, аажимдаа тусгаар тогтножээ.

Колонийн задрал[засварлах | edit source]

Британийн эзэнт гүрэн

Дэлхийн нэгдүгээр дайнд Их Британи нь Франц, Орос, Америктай эвсэж Германтай байлдаж байв. Дайны дараа Үндэстний лигийн зөвшөөрлөөр Герман, Османы колонийг эзэн мэдэж байв. Британийн эзэнт гүрэн дэлхийн хуурай газрын 1/5-ыг хамаарч байв. Ирландын үндсэрхэг үзэл сэргэж 1910 оноос хойш тэмцсээр 1922 онд тусгаар тогтносон бол Умар Ирландын ард түмэн Их Британид үлдэхээр шийдсэн.

Дэлхийн хоёрдугаар дайны үед Их Британийг Уинстон Черчилль удирдаж, Германы эсрэг байлдсан. 1944 онд Нормандад Америктай нийлж десант буулгаж дайны ялалтанд хувь нэмэрлэж байсан ба Атлантын далайд Германтай, Умар Африкт Италитай, Бирмд Японтой байлдаж байсан.

Колониуд тусгаар тогнож эхэлсэн ба 1947 онд Энэтхэг (Пакистан, Бангладеш салсан) тусгаар тогтножээ. Тусгаар тогтносон улсууд Их Британийн хамтын нөхөрлөлд багтдаг бөгөөд зарим бага улсын нэр төдий төрийн тэргүүн нь Их Британийн хатан ван II Элизабет байсаар байна.

1947 оноос хойш[засварлах | edit source]

Дайны дараа НҮБ-ыг байгуулалцав. 1952 онд цөмийн зэвсэгтэй болсон. 1955 оны Израиль-Египетийн дайн Суэцийн хямралд Израилийг өмөөрч дайтаж байв. Англи хэл олон улсын ойлголцлын нэгдүгээр хэл болсон байдаг. Их Британийг чиглэсэн тив дамнасан нүүдэл их явагдсанаас Их Британи цагаан, шар, хар олон арьстны орон болсон. 1954 оны Лондон-Парисын хурал, Өрнө Европын нэгдлээр эхэлсэн Европын интеграцичлал 1973 онд чөлөөт худалдаа, эдийн засгийн холбоо, 1992 онд Европын холбоо болон өөрчлөгдсөн байна.

1970 оноос эдийн засгийн хөгжил удааширсанд 1980 онд ерөнхий сайд Маргарет Тетчер улсын үйлдвэрийг хувьчлаж, хөрөнгийн зах зээлийг шинэтгэжээ. 1984 онд Умард тэнгисийн ёроолоос газрын тос олборлох болсон.

Их Британи НҮБ, НАТО, Европын холбоонд гол байр суурьтай байсаар байна. Афганистан, Иракийн дайнд оролцсон. 2008 оны санхүүгийн хямралд өртсөн. 2014 онд Шотландын тусгаар тогтнох эсэх санал асуулгад 55% "хэрэггүй" гэсэн хариу гарчээ.

Төр засаг[засварлах | edit source]

Их Британи бол төрийн хэмжээт эрхт хаант засагт хэлбэртэй, төрийн нэгдмэл байгууламжтай бүрэн эрхт улс юм.

II Элизабет хатан ван

Хаант ёс[засварлах | edit source]

Улсын ван буюу хатан ван нь төрийн тэргүүн гэхийн зэрэгцээ эв нэгдлийн бэлгэ тэмдэг юм. Хаант ёс мянгаад жил үргэлжлэхдээ ганцхан удаа түр хугацаагаар тасалдаж байжээ. 1649-1660 оны хооронд бүгд найрамдах улс байсан. Их Британийн ван мөн Их Британийн хамтын нөхөрлөлийн нэр бүхий 15 орны билэг тэмдгийн төрийн тэргүүн тул түүний төлөөлсөн амбан захирагч тухайн орныг удирддаг. Ван нь ерөнхий сайд, сайд, шүүгч, зэвсэгт хүчний том тушаалтан, амбан захирагч, элчин сайд, сүмийн хамба нарыг томилдог.

Хаан гэмт хэрэгтэнд өршөөл үзүүлдэг бөгөөд хүмүүст цол хэргэм, одон тэмдэг шагнана. Олон улсын харилцааны хувьд хаан дайн зарлах, энхийг тогтоох, гадаад улсын хүлээн зөвшөөрөх, гэрээ батлах, нутаг дэвсгэрийн асуудлыг шийдэх эрхтэй. Хааны төрсөн өдрийг Английн үндэсний баяр болгон тэмдэглэдэг. Одоо үед II Элизавет хатан ван төр толгойлж байна. Тэр 1895-1952 онд хаан байсан VI Георгийн ууган охин билээ. 1926 онд төрсөн Элизавет 1952 онд 26 настайдаа хаан ширээнд заларсанаас өдгөө 60-иад жилийг үджээ.

Улсын хурал[засварлах | edit source]

Улсын хууль тогтоох дээд байгууллага нь Их Британи улсын хурал (Parliament of the United Kingdom) байна. Хоёр танхимтай.

Вестминстерийн ордон

19-р зуунаас Нийтийн танхим ардчилагдсан байна. 1832 оны Их Шинэчлэлтийн Төсөл нь дунд ангийханд сонгогдох эрхийг олгож, 1867, 1884 оны тогтоолоор ажилчин ангийхан сонгогдох боломжтой болов. 1885 онд тэгш сонгуулийн тойргийг болгосон. 1911 оны парламентийн шийдвэр нь Язгууртны танхимын эрхийг хасжээ. 1918 онд анх 30 настай эмэгтэй хүн сонгогдож 1928 онд 26 настай эмэгтэй сонгогдож байв. 1969 оноос сонгогдох эрхийн доод насыг 18 болгож багасгасан. 1707 оны Англи-Шотландын холбоо нь Парламентад 16 Шотланд язгууртан, 45 төлөөлөгчийг оруулжээ. 1800 онд Ирландтай холбоо байгуулснаар 32 язгууртан, 100 төлөөлөгчийг нэмж оруулсан хэдий ч 1922 онд Ирландын тусгаар улс бий болсноор тэд гарсан.

Язгууртны танхим[засварлах | edit source]

Язгууртны танхим (House of Lords) нь Английн сүмийн хамба, язгууртнаас бүрддэг. Хатан вангийн томилсон 1200 гишүүнтэй. Нэгэн цагт Нийтийн танхимтай адил эрхтэй байсан, одоо оролцоо хумигдмал. Язгууртнууд хуулинд нэмэлт тусгал, заавар оруулах, боловсронгуй болгох эрхтэй. Шүүх тогтолцооны дээд байгууллага болдог.

Нийтийн танхим[засварлах | edit source]

Дэвид Кэмерон

Нийтийн танхим (House of Commons) нь 659 гишүүнтэй байх ба тэнцвэртэй тойргоос 18 нас хүрсэн иргэд сонгодог. 5 жилээр сонгогдож, улс төрийн шаардлагын улмаас ерөнхий сайдын санал болгосноор сонгуулийг зохион байгуулж болно. Хэрвээ засгийн газар, төлөөлөгчдийн танхимд олонх болсон намаас бүрдвэл эсвэл төлөөлөгчдийн танхимаар итгэл хүлээлгэхгүй гэж үзвэл огцорно. Дахин сонгууль гурван долоо хоногийн дотор явагдах ёстой.

Өнөө үед төлөөлөгчдийн танхим ихээхэн үүрэгтэй. Ямарч шинэ хууль, өөрчлөлт, хориг, татвар ноогдуулалт үүгээр дамжина. Орон нутгийн бүх удирдлага парламентийн шийдвэрээр хөдөлдөг. Засгийн газрын гишүүд, ерөнхий сайд нар нь аль нэг танхимын гишүүн байх бөгөөд төлөөлөгчдийн танхимд үүрэг хүлээж байдаг.

Засгийн газар[засварлах | edit source]

Төрийн шийдвэрийг хэрэгжүүлэх байгууллага нь Их Британи улсын засгийн газар (Cabinet of the United Kingdom) байна. Засгийн газрын тэргүүн нь ерөнхий сайд юм. Одоогийн ерөнхий сайд Дэвид Кэмерон 2010 онд Консерватив намаас сонгогджээ.

Орон нутаг[засварлах | edit source]

Нутгийн хуваарь

Их Британи улс нэр бүхий дөрвөн оронд хуваагддаг. Орон бүрийн нутгийн хуваарь өөр өөр байдаг.

Д/д Орон Нутгийн хуваарь Газар нутаг
км²[7]
Хүн ам
(2011 он)[8]
1 Англи 9 муж, 6 хот хошуу, 28 хошуу,
55 нэгж нутаг, Их Лондон, Силли арал
130,395 53,012,450
2 Шотланд 32 зөвлөлт нутаг 78,772 5,295,403
3 Уэльс 9 хошуу, 3 хот, 3 хот хошуу 20,779 3,063,456
4 Умар Ирланд 5 хошуу, 11 тойрог 13,843 1,810,863
Их Британи олон зүйлийн нэгжийн нутаг 243,789 63,182,178

Үүнээс гадна далайн чанад нутаг байна. Гибралтар, Фолкленд (маргаантай), Кайман, Бермуд зэрэг 14 нутаг бий.

Эдийн засаг[засварлах | edit source]

Лондон хот - санхүүгийн төв
Аэробус А350 нисэх онгоцны хөдөлгүүр, далавчийг Их Британид хийдэг.
Их Британи Умард тэнгисийн ёроолоос газрын тос олборлодог

Их Британи зах зээлийн эдийн засагтай, дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээгээр дэлхийд 5-р байрт, Европт Германы дараа 2-р байрт байгаа орон юм. Үйлчилгээний салбарт ДНБ-ийн 73% бүтээгддэг. Лондон хт бол дэлхийн санхүүгийн томоохон төв юм. Мөнгөний нэгж - фунт стерлинг.

Их Британид жилд 27 сая жуулчин зочилдог бөгөөд энэ тоогоороо дэлхийн аялал жуулчлалын 6-р орлоготой орон гэнэ.

Аж үйлдвэрийн хувьсгалын үед Их Британид нэхмэлийн үйлдвэрлэл, түүний дараа хөлөг онгоц үйлдвэрлэл, нүүрсний уурхай, төмөр боловсруулах салбар эхэлж хөгжсөн. 19-р зуунд Их Британийн худалдаачид, банк дэлхийд тэргүүлж байсан бол дэлхийн хоёрдугаар дайны дараанаас хүнд аж үйлдвэрийн жин буурч, өдгөө аж үйлдвэр ДНБ-ийн 17%-ийг эзэлж байна.

Автомашины үйлдвэрлэлд 800,000 хүн ажилладаг. 52 тэрбум фунт стерлингийн бараа үйлдвэрлэгдэж, 26 тэрбум нь экспортлогджээ.

Нисэх онгоц үйлдвэрлэнэ. Эндэхийн Аэробус загварын нисэх онгоцууд дэлхий даяар үйлчилж байна.

Эм үйлдвэрлэдэг.

2006 оны байдлаар ИБУИНВУ нь дэлхийд эрчим хүч үйлдвэрлэлээр 15-р байрт байсан. Газрын тос, шатдаг хийн BP, Shell, BG зэрэг томоохон компани ажилладаг. Цахилгааны 40 хувийг шатдаг хийнээс, 30 хувийг нүүрснээс, 19 хувийг цөмийн эрчим хүчээс, 4.2 хувийг ус, салхи, хогноос гаргаж авдаг.

Франц Швейцар Нидерланд Америк Герман
Франц Америк Нидерланд Хятад Герман

Зам тээвэр[засварлах | edit source]

Хитроу нисэх буудал

Авто замын сүлжээ өндөр хөгжсөн. 46904 км урт улсын чанартай зам, 3497 км хурдны зам, 344000 км цардмал замтай. 2009 оны байдлаар 34 сая автомашин хөдөлгөөнд оролцож байсан.

Их Британи аралд 16300 км төмөр зам, Умар Ирландад 304 км төмөр зам тавигдсан. Жилд давхардсан тоогоор 1.6 тэрбум хүн галт тэргээр зорчдог.

2010 оны жишээгээр Их Британийн нисэх буудлуудаар 211 сая хүн зорчин өнгөрсөн. Лондоны Хитроу, Гэтвик, Стэнстэд гэсэн нисэх буудлууд голлодог. Хитроу нисэх буудал нийслэлээс баруун зүгт 24 км зайтай байдаг.

Лавлах бичиг[засварлах | edit source]

Гадаад холбоос[засварлах | edit source]