Кирибати

Бүгд Найрамдах Кирибати Улс
Kiribati
Flag of
Төрийн далбаа
Төрийн сүлд of
Төрийн сүлд
Уриа: Te Mauri, Te Raoi ao Te Tabomoa
(Эрүүл энх, Энхтайван, Хөгжил цэцэглэл)
Төрийн дуулал: Teirake Kaini Kiribati
LocationKiribati.png
НийслэлӨмнөд Тарава
Албан ёсны хэлАнгли, гильберт
Төр засагБүгд Найрамдах
Аноте Тонг
Байгуулагдсан
• Их Британиас тусгаар тогтносон
1979 оны 7 сарын 12
Газар нутаг
• Нийт
726 км2 (186)
• Усны эзлэх талбай (%)
0
Хүн ам
• Тооцоо
105,432 (197)
• 2005 тооллого
92,533
• Нягтаршил
137/км2 (73)
ХХИ0.515
бага
Мөнгөний нэгжКирибати доллар
Австрали доллар (AUD)
Цагийн бүсUTC+12, +13, +14
Утасны томьёо686
Домэйн нэр.ki

Кирибати (англ. Kiribati), албан ёсоор Бүгд Найрамдах Кирибати Улс, нь Номхон далайн төв хэсэгт орших арлын улс юм. Тус улс нь экватор орчмын 3,500,000 хавтгай дөрвөлжин километр талбайд тархсан 32 шүрэн арал болон нэг өргөгдсөн шүрэн арлаас тогтох бөгөөд зүүн талаар нь Олон улсын өдөр солигдох шугам өнгөрнө. Кирибати хэмээх нэр нь тус улсыг бүрдүүлэгч гол ольтриг болох Гильбертийн арлуудын нэр "Гильбертс"-ийг нутгийн хэлээр дуудсан дуудлага болно.

Нэршил[засварлах | кодоор засварлах]

Кирибати нь 1788 онд тус арлуудыг нээсэн Британийн ахмад Томас Гильбертийн нэрээр Гильбертийн арлууд хэмээн нэрлэгдэж байв. Уугуул оршин суугчдын гильберт хэлээр Тунгару гэж нэрлэдэг боловч шинэ улс байгуулахдаа "Кирибати" хэмээх нэрийг сонгон авчээ[1].

Түүх[засварлах | кодоор засварлах]

Үндсэн өгүүлэл: Кирибатийн түүх

Эртний түүх[засварлах | кодоор засварлах]

Өдгөө Кирибати хэмээгдэж буй бүс нутагт МЭӨ 3000 жилээс МЭ 1300 оныг хүртэл нэг ижил далайн орнуудын хэлээр ярилцагч микронезичүүд оршин сууж байсан[2]. Хожим Тонга, Самоа, Фижигээс нүүн суурьшигчид полинези, меланезийн соёлын элементүүдийг авчирчээ. Тэдгээр соёл нь холилдож, өвөрмөц онцлог бүхий соёлыг бий болгожээ[3].

Колоничлолын үе[засварлах | кодоор засварлах]

Тэдгээр арлуудыг Их Британи, Америкийн хөлөг онгоцууд 18-р зууны сүүл, 19-р зууны эхээр анх олж мэджээ. 1820 онд гол ольтригийг Оросын адмирал Адам фон Крузенштерн, Францын ахмад Луй Дюперрей нар, Австралиас Хятад орох замдаа 1788 онд ольтригийг нээсэн Британийн ахмад Томас Гильбертийн нэрээр Гильбертийн арлууд хэмээн нэрийдсэн аж[4].

Гильбертийн арлууд дээрх байлдааны ажиллагааны үеэрх Америкийн арми

19-р зууны эхээр барууны халим агнагчид, худалдаачид, боолын наймаачид арлуудаар аялан, галт зэвсэг, өвчин тахалтай уугуул оршин суугчдыг танилцуулсан байна[5]. 1837 оноос англичууд байнга оршин суух болжээ. 1892 онд Гильбертийн арлуудыг дэргэдэх Эллисийн арлуудын хамтаар Британийн Эзэнт Гүрний ивээлд оруулсан байна. Тэдгээрийг Фижид төвлөрөх Баруун Номхон Далайн Дээд Коммис удирддаг байв[4]. Хожим 1916 онд Гильберт ба Эллисийн арлууд нэрээр титмийн колони болгожээ. Колонийн захиргаанд 1919 онд Киритимати (Зул Сар Арал), мөн 1937 онд Финиксийн арлуудыг нэмж багтаасан байна.

Дэлхийн хоёрдугаар дайны үеэр Гильбертийн бүлэг арлын Тарава Атолл зэрэг арлуудыг Япончууд эзэлж байв. Тарава нь АНУ-ын флотын түүхэнд хамгийн цус урсгасан тулалдааны талбар болсон юм. 1943 оны 11 сард Америкчууд Таравад бууж, Кирибатигийн хуучин нийслэл Бетиогийн орчимд Таравагийн тулалдаан болжээ.

Кирибатийн зарим арлууд, ялангуяа бусдаасаа зайтай орших Лайны арлуудад 1960-аад оны сүүлчээр АНУ, Их Британи улсууд устөрөгчийн бөмбөг зэрэг цөмийн зэвсгийн туршилт хийж байлаа.

Тусгаар тогтнолоос өнөөг хүртэл[засварлах | кодоор засварлах]

Гильберт ба Эллисийн арлууд 1971 онд өөртөө засан тохинох эрхтэй болсон бөгөөд 1975 онд 2 салж, өөртөө засах захиргаа нь Их Британийн засгийн газраас хүлээн зөвшөөрөгдсөн байна. 1978 онд Эллисийн арлууд нь Тувалу улс болж тусгаар тогтносон. Тун удалгүй, 1979 оны 7 сарын 12-нд тусгаар тогтносон Кирибати улс мэндэлжээ. Тусгаар тогтносныхоо дараа гарын үсэг зурж, 1983 онд баталгаажсан Таравагийн гэрээгээр АНУ нь хүн оршин суудаггүй Финиксийн арлууд, Лайны арлуудын хэсгийг Кирибатийн нутаг дэвсгэр хэмээн хүлээн зөвшөөрсөн байна.

Тус улсад хүн амын төвлөрөл нийгмийн асуудал болоод буй. 1988 онд 4,700 иргэнээ гол арлаас хүн ам цөөтэй арлууд уруу нүүлгэн шилжүүлжээ. Тебуроро Тито 1994 онд ерөнхийлөгчөөр сонгогдсон байна. Олон Улсын Өдөр Солигдох Шугам тус улсын нутгийг 2 хуваадаг байсныг 1995 онд болиулсан бөгөөд тэр нь ерөнхийлөгч Титогийн сонгуулийн амлалтуудын нэг нь байв. Ингэснээр тус улсад ажил хэрэг явуулахад дөхөмтэй болсноос гадна дэлхий дээр шинэ өдрийг хамгийн түрүүнд угтдаг орон болжээ. Тэд гурав дахь мянганы эхний өдрийн үүр цайхыг хамгийн түрүүнд харах арга хэмжээ зохиож, жуулчдыг татаж байсан.

Тито 1998 онд дахин ерөнхийлөгчөөр сонгогдсон бөгөөд тус улс 1999 онд НҮБ-д гишүүнээр элссэн байна.

Ерөнхийлөгч Тито 2003 оны сонгуулиар дахин сонгогдсон ч мөн оны 3 сард Улсын Зөвлөлөөс ерөнхийлөгчид итгэл үл үзүүлэх санал өгч, албан тушаалаас нь огцруулан, сөрөг хүчний лидер Аноте Тонг 7 сард болсон сонгуулиар ялж ерөнхийлөгч болжээ. Тэрээр 2007 онд дахин сонгогдоод байна.

2008 оны зун Кирибатийн албаны хүмүүс Австрали, Шинэ Зеланд улсуудад хандаж, тус улсын иргэдийг байнга оршин суугчийн эрхтэй болгож өгөх хүсэлт гаргажээ. Учир нь дэлхийн уур амьсгалын өөрчлөлтөд нэрвэгдэж, хамгийн түрүүнд газар нутаггүй болох улсаар эрдэмтэд Кирибатиг нэрлэж байгаа юм[6]. 2008 оны 6 сард ерөнхийлөгч Аноте Тонг тус улсыг "эргэж буцах боломжгүй цэг"-т хүрснийг цохон тэмдэглээд: "Эх орон чинь байхгүй болох өдрийг бодоход өр өвдөвч, бид энэ талаар бодож төлөвлөж эхлэхээс өөр сонголт байхгүй." гэж нэмж хэлжээ[7][8][9][10][11].

Эшлэл[засварлах | кодоор засварлах]

  1. Reilly Ridgell. Pacific Nations and Territories: The Islands of Micronesia, Melanesia, and Polynesia. 3rd Edition. Honolulu: Bess Press, 1995. p. 95
  2. "Cinderellas of the Empire", Barrie Macdonald, IPS, University of the South Pacific, 2001, p. 1
  3. I-Kiribati Ministry of Finance and Economic Development: "History"
  4. 4.0 4.1 "BBC Timeline:Kiribati". BBC. 15 May 2008. Retrieved 2008-07-29.
  5. see reference note n°3
  6. Kiribati News | World | Page 1
  7. "Leader of disappearing island nation says climate change an issue of survival, not economics", International Herald Tribune, June 5, 2008
  8. "Kiribati leader warns the world that it may already be too late", TV3, June 5, 2008
  9. "Kiribati's President: 'Our Lives Are At Stake': For the Islands of Kiribati, Global Warming Poses Immediate Dangers", Australian Broadcasting Corporation, April 2, 2007
  10. "Paradise lost: climate change forces South Sea islanders to seek sanctuary abroad", The Independent, June 6, 2008
  11. "Tiny atoll in Pacific cries out for help", The Times of India, June 6, 2008