Кир Стармер
Сэр Кир Родни Стармер (англи. Sir Keir Rodney Starmer; 1962 оны 9-р сарын 2-нд Лондонд төрсөн ) — Их Британийн улс төрч, 2024 оны 7-р сарын 5-наас Их Британийн Ерөнхий сайдаар сонгогдон ажиллаж байна. 2020 оны 4-р сарын 4-нөөс Лейборист намын удирдагч. Эзэн хааны Прокурорын газрын дарга байсан бөгөөд 2020-2024 онд парламентын сөрөг хүчний удирдагч байсан.
Намтар
[засварлах | кодоор засварлах]1962 оны 9-р сарын 2-нд Лондон хотод багаж хэрэгсэл үйлдвэрлэдэг Родни Стармер, Жозефин Стармер нарын хүү болон мэндэлжээ. Кир Стармер нь Анна (1961 оны 6-р сард төрсөн) нэг эгчтэй бөгөөд Николас болон Кэтрин (1964 оны 3-р сард төрсөн) гэх эрэгтэй, эмэгтэй хоёр ихэр дүүтэй ажээ.
Тэрээр Лидсийн их сургуулийг бакалаврын зэрэгтэй онц төгсөж, Оксфордын их сургуулийн Сент Эдмундын танхимд хуулийн чиглэлээр суралцаж, Иргэний эрх зүйн чиглэлээр бакалаврын зэрэг авсан. 1987 онд Хуульчдын танхимд элссэн тэрээр хүний эрхийн чиглэлээр мэргэшсэн байна.
2002 онд Хатан хааны өмгөөлөгчөөр томилогдон ажилласан байна.
2008-2013 онд тэрээр Улсын Ерөнхий прокуророор прокурорын албыг удирдаж байсан.
2015 онд тэрээр Лондонгийн Холборн, Сент Панкрас гэх тойргоос 52,9 хувийн санал авч парламентын танхимд сонгогдсон.
2016 оны 10-р сарын 7-нд Хөдөлмөрийн намын дарга Жереми Корбин сүүдрийн кабинетаа өөрчилсөн бөгөөд Стармерыг Европын холбооноос гарах сүүдрийн сайдаар томилсон.
2020 оны 1-р сарын 4-нд Кир Стармер Лейборист намын удирдлагад өрсөлдөхөө мэдэгдэв. Өмнө нь тэрээр Их Британийг Европын холбоонд элсүүлэх асуудлаар хоёр дахь санал асуулга явуулахаар кампанит ажил хийж байсан ч шинэ нөхцөлд бодит байдлыг хүлээн зөвшөөрөх шаардлагатай гэж мэдэгдэв. Цаашид ч санхүү, төсвийн хатуу бодлогыг эсэргүүцэх шаардлагатайг мэдэгдсэн.
2020 оны 4-р сарын 4-нд Стармер Их Британийн Лейборист намын удирдлагын шууд сонгуулийн эхний шатанд ялалт байгуулж, санал өгөх эрхтэй 784,151 гишүүнээс 490,000 орчим нам, үйлдвэрчний эвлэлийн гишүүн оролцсон байна. Стармер намын даргын сонгуульд 56.2%, Ребекка Лонг-Бэйли 27.6%, Лиза Нанди 16.2% -ийн санал авчээ.
2023 оны 5-р сарын 4-нд болсон Английн дараагийн орон нутгийн сонгуульд Лейборист нам үнэмлэхүй ялалт байгуулж, 2002 оноос хойш анх удаа орон нутгийн зөвлөлд парламентын олонхын суудал авсан юм.
Ерөнхий сайд
[засварлах | кодоор засварлах]2024 оны 7-р сарын 4-нд болсон сонгуулийн үр дүнд Лейборист нам 14 жилийн хугацаанд анх удаа ялалт байгуулж, Нийтийн танхимд 412 суудал авчээ. 7-р сарын 5-ны өглөө Консерватив намын удирдагч Риши Сунак ялагдлаа хүлээн зөвшөөрч, үдээс хойш огцрохоо зарлаж, хаан III Чарльз Стармерыг засгийн газар байгуулахыг урьжээ. Лейбористууд 33.8%-ийн санал авсан нь 2019 оны сонгуульд ялагдсанаас ердөө 1.7%-иар илүү байсан ч Консервативын гамшигт үр дүнгийн ачаар лейбористууд Нийтийн танхим дахь төлөөллөө 214 суудлаар нэмэгдүүлсэн бол Консервативууд 252 суудал алдаж, ердөө 121 суудалтай үлджээ.
Гэр бүл
[засварлах | кодоор засварлах]Тэрээр 2000-аад онд танилцсан Виктория Александртай 2007 онд гэрлэжээ. Тэдний гэр бүлд нэр нь олон нийтэд ил гараагүй хүү Тоби, охин хоёр байдаг. Эхнэр Викториягийн эцэг польш-еврей гаралтай. Стармерууд 1.75 сая фунтын үнэтэй байшинд амьдардаг.