Риши Сунак

2021 онд

Риши Сунак (англи. Rishi Sunak; 1980 оны 5-р сарын 12-нд Их Британийн Хэмпшир мужийн Саутхемптон (Southampton) хотод төрсөн) Их Британийн улс төрийн зүтгэлтэн. 2022 оны 10-р сарын 25-наас Их Британийн Ерөнхий сайд, мөн оны 10-р сарын 24-нөөс Их Британийн Консерватив намын дарга. Өмнө нь Сангийн төрийн нарийн бичгийн дарга (2019—2020), Сангийн сайд (2020—2022)-аар ажиллаж байв. Их Британийн анхны энэтхэг гаралтай Ерөнхий сайд юм.

Намтар[засварлах | кодоор засварлах]

Риши Сунак 1980 онд Саутхэмптон хотод улсын нийгмийн эрүүл мэндийн системд ажилладаг ерөнхий эмч Яшвир Сунак болон хувийн эмийн сантай, эм зүйч Уша Сунак нарын хүү болон мэндэлжээ. Сунакийн өвөг эцэг Панжабын хинди үндэстнүүд колоничлолын үед Энэтхэгээс Зүүн Африк руу дүрвэж Кени улсад ажиллаж байгаад 1960 онд гэр бүлээрээ Их Британи руу цагаачилжээ. Ришигийн эцэг, эх хоёр 1977 онд гэрлэсэн ажээ.

Риши Сунак айлын гурван хүүхдийн ууган нь юм. Түүний эрэгтэй дүү Санжай (1982 онд төрсөн) сэтгэл зүйч мэргэжилтэй бөгөөд эмэгтэй дүү Раахи Уильямс (1985 онд төрсөн) нь НҮБ-ын Онцгой байдлын үеийн боловсролын олон улсын санд стратеги, төлөвлөлт хариуцсан даргаар Нью-Йорк хотод ажилладаг.

Тэрээр нэр хүндтэй хувийн Винчестер коллежид (Winchester College) дунд боловсрол эзэмшээд Оксфордын их сургуулийн Линкольн коллежид философи, улс төр, эдийн засгийн чиглэлээр суралцаж 2001 онд дүүргэжээ. Сургуулиа төгсөөд 2001-2004 онд Goldman Sachs-д шинжээчээр ажиллаж, дараа нь Стэнфордын Их Сургуульд МВА зэрэг хамгаалсан байна.

Их Британи дахь жижиг бизнесийг дэмжихэд чиглэсэн 1 тэрбум долларын эргэлттэй томоохон хөрөнгө оруулалтын компанийг байгуулж байсан.

Тэрээр 2015 онд анх Английн Ричмонд (Йоркс) хотод Британийн парламентын сонгуульд оролцож 51,4 % -ийн санал авч ялалт байгуулжээ. 2018 оны 1-р сарын 9-нд Ерөнхий сайд Тереза ​​Мэй Засгийн газартаа өөрчлөлт хийхдээ, Риши Сунакийг анх удаа Засгийн газарт орон сууц, орон нутаг, орон нутгийн удирдлагын сайдын парламентын туслахаар томилсон байна.

2019 оны 7-р сарын 24-нд тэрээр Борис Жонсоны Засгийн газар байгуулагдахад Төрийн сангийн Тэргүүн нарийн бичгийн даргаар томилогдсон бөгөөд шаардлагатай тохиолдолд Засгийн газрын хуралдаанд оролцох эрхийг авч байжээ.

2019 оны арванхоёрдугаар сарын 12-нд тэрээр өөрийн парламентын сонгуулийн тойрогтоо 63,6% санал авч дахин ялалт байгуулжээ.

Риши Сунак, Володимир Зеленски нар Киев хотод уулзах үеэр.

2020 оны 2-р сарын 13-нд тэрээр Б.Жонсоны хоёр дахь Засгийн газарт Сангийн яамны сайдын албан тушаалд очсон.

2022 оны 7-р сарын 5-нд огцрох өргөдлөө өгч Б.Жонсоны Засгийн газраас гарчээ.

2022 оны 10-р сарын 24-нд Консерватив намын дарга болсон.

Маргааш нь буюу 10-р сарын 25-нд Сунак Букингемын ордонд Их Британийн хаан III Чарльзтай уулзахад түүнийг Ерөнхий сайдаар томилож Засгийн газраа бүрдүүлэх үүрэг өгчээ. Улмаар тэр Их Британийн хамгийн залуу бөгөөд ази гаралтай анхны Ерөнхий сайд болсон байна.

Үзэл бодол[засварлах | кодоор засварлах]

Сунак "Брексит"-ийг дэмжигч бөгөөд Их Британи Европын Холбооноос гарахын төлөө саналаа өгч байсан.

"Хэрэв би Ерөнхий сайд болох юм бол хүчин чармайлтаа хоёр дахин нэмэгдүүлж, Украиныг бүх талаар дэмжих бодлогоо улам бэхжүүлэх болно" гэж тэрээр 2022 оны зун мэдэгдэж байсан улс төрч юм.

Хувийн амьдрал[засварлах | кодоор засварлах]

Риши Сунак "Infosys" цахим компанийн үүсгэн байгуулагч Нараяна Муртигийн охин Акшата Муртитэй 2009 онд гэрлэсэн. Тэд Кришна, Анушка гэж хоёр охинтой.

2022 оны 5-р сард Сунак «The Sunday Times» сонины зарласнаар Их Британийн (гэр бүлийн хөрөнгө 730 сая фунт стерлинг) хамгийн баян хүмүүсийн 222-р жагссан байна.