Тяньаньмэний талбай
Тяньаньмэний талбай (Хятад: 天安门广场, Тэнгэрийн амгалан хаалга) нь Бүгд Найрамдах Хятад Ард Улсын нийслэл Бээжин хотын төвд байрладаг. Анх 1651 онд төлөвлөн барьсан бөгөөд хэмжээгээрээ дэлхийн хамгийн том нийтийн талбай гэж үздэг.
Хориотой хотоос тусгаарласан хаалганы нэрээр нэрлэгдсэн уг талбай дээр 10 мянган хүний багтаамжтай Бүх Хятадын Ардын хурлын Ордон, Үндэсний Дуурийн Их театр болон Мао Зэдуны бунхан, Хятадын үндэсний музей болон Ардын баатруудын хөшөө дурсгалууд байрладаг байна. Үүнээс гадна тус талбай дээр БНХАУ-ыг зарлан Тунхагласан зэрэг тус улсын олон түүхэн үйл явдал болж байсан юм.
Талбайд болсон үйл явдлууд
[засварлах | кодоор засварлах]1976 оны 4-р сарын 4-5-ны өдрүүдэд ХКН-ын удирдагчдын нэг Жоу Эньлайг нас барсантай холбогдуулан жагсаал цуглаан талбай дээр болоход эрх баригчид хүчээр тараасан.
1989 оны 6-р сард тус улсын Засгийн газрын үйл ажиллагааг эсэргүүцэж иргэд энд жагсаал хийж, олон зуун энгийн иргэн амиа алдсан гэдгээр нь дэлхий нийт илүү сайн мэддэг болсон юм. Барууны орнууд Хятадад зэвсгийн хориг тавьж, барууны хэвлэл мэдээллийн хэрэгслээр энэ үйлдлийг "аллага хядлага" гэж тэмдэглэжээ. Амиа алдсан хүмүүсийн тоо хэдэн зуугаас хэдэн мянга хүртэл байна. Хятадын засгийн газар мэдээлэл өгөхдөө иргэд болон цэргүүдийг оролцуулаад 200-300 орчим хүн амь үрэгдсэн гэж мэдэгдэж байсан ч олон нийтийн дунд эргэлзээтэй мэдээлэл гэдэг. Хятадын Улаан загалмайн нийгэмлэг зэрэг бусад хүмүүнлэгийн байгууллагууд амиа алдагсдын тоо 2000-3000 хүрч магадгүй гэж мэдээлж байсан. Мөн олон мянган хүн шархадсан бөгөөд зарим эх сурвалжид 10,000 орчим хүн шархадсан байж магадгүй гэжээ.[1]
2001 оны 1-р сарын 23-нд тус талбай дээр Хятадын Засгийн газрыг эсэргүүцэж хэсэг иргэн өөрийгөө шатаасан үйл явдал мөн болсон юм.
“5 дугаар сарын 4-ний хөдөлгөөн” Хятадад 1917-1921 онд гарсан оюуны хувьсгал ба нийгэм-улс төрийн шинэчлэлийн хөдөлгөөн мөн энэ талбайтай холбоотой байдаг юм. Энэхүү хөдөлгөөн нь үндэсний тусгаар тогтнол, хувь хүний эрх чөлөөл, нийгэм, соёлыг сэргээхэд чиглэгдэж байжээ.
Талбайн умард хэсэгт байрлах Хятадын Төрийн далбааг нар мандах үед мандуулж нар жаргах үед буулгадаг ёслол үйлддэг.
Талбайн урт 880 метр, өргөн 500 метр бөгөөд нийт талбай 440 мянган м² ажээ.
- ↑ "Amnesty International". Amnesty International (англи хэлээр). Татаж авсан: 2024-08-15.