Шавийн Арвай

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search

Шавийн Арвай (1938 онд Дорноговь аймгийн Эрдэнэ суманд төрсөн) нь Монголын цэргийн зүтгэлтэн. Дэслэгч генерал, Монгол Улсын Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, мөн цэргийн шинжлэх ухааны доктор, профессор цолтой хүн юм.

Бага нас[засварлах | edit source]

Арвай 1938 онд Дорноговь аймгийн Эрдэнэ сумын нутаг, Богийн гашуун хэмээх газар Рэнцэнгийн хүү болон төржээ. Эцэг нь лам хүн байсан тул хэлмэгдэлд өртөн шоронд хоригдож байгаад 1947 онд суллагдсаныхаа дараа, хүүхдүүдээ эсэргүүний хүүхэд гэх гадуурхалд өртүүлэхгүйн тулд туурга тусгаарласнаар Арвай өвөөгөөрөө овоглох болсон учиртай. 1947 онд сумынхаа бага сургуульд элсэн ороод, дунд сургуулийн 7-р ангиа аймгийн төвд дүүргэж, 15 наснаасаа Зүүнбаянгийн нефтийн үйлдвэрт ажиллах болсон. Улмаар тусгай мэргэжлийн сургуульд суралцан сантехникч мэргэжил эзэмшин, үйлдвэртээ сантехникчээр ажиллаж байгаад 1954-1958 онд Улаан-Уулын төмөр замын өртөөнд ажиллаж байгаад сайн дураараа цэрэгт явжээ.

Цэргийн зүтгэлтэн[засварлах | edit source]

Ийнхүү 1958-1960 онд Сэлэнгийн байцаан өнгөрүүлэх боомтод хилийн цэрэгт алба хааж байхдаа ЗХУ болон БНМАУ-ын онц хилчин цол, тэмдгийг гардан авч, улмаар 1960-1963 онд Москва хотноо Хилийн цэргийн дунд сургуульд суралцан онц дүнтэй төгссөн.

Эх орондоо буцаж ирээд 1964-1967 онд НАХЯ-ны Хилийн хэлтэст туслах офицероор ажиллаж байгаад дахин ЗХУ уруу явж, 1967-1970 онд Фрунзийн нэрэмжит команд штабын академийг төгсөн, Замын-Үүд дэх хилийн 12 дугаар отрядад штабын дарга, отрядын даргаар ажиллаж, 1975-1976 онд Халх голын отрядыг байгуулан, 1976 онд Хилийн ба Дотоодын цэргийн хэргийг эрхлэх газрын нэгдүгээр орлогч даргаар ажиллажээ. 1976-1982 он хүртэл НАХЯ-ны нэгдүгээр орлогч сайд, Хилийн ба Дотоодын цэргийг удирдах ерөнхий газрын даргаар ажиллаж байв. 1982-1984 онд Москвад Зэвсэгт хүчний Жанжин штабын академид суралцан, цэргийн шинжлэх ухааны дэд эрдэмтний зэрэг хамгаалсан. 1984-1986 онд БХЯ-ны Зэвсэглэл техник хариуцсан орлогч сайд, 1986-1990 он хүртэл НАХЯ-ны орлогч сайд, Хилийн ба Дотоодын цэргийн Удирдах газрын даргаар ажиллаж байгаад 1990 оны дөрөвдүгээр сарын 20-ны өдөр бэлтгэлээр халагдаж, гавьяаныхаа амралтанд гарчээ. Энэ хугацаанд 1976 онд хошууч генерал, 1979 онд дэслэгч генерал цол хүртсэн.

Эрдэм шинжилгээний ажилтан[засварлах | edit source]

Тэтгэвэрт гарсныхаа дараа Арвай Батлан хамгаалахын их сургуулийн Хилийн цэргийн зөвлөхөөр ажиллаж байгаад 2011 оноос Хууль сахиулахын их сургуулийн эрдэм шинжилгээний төвийн дарга, эрдмийн зөвлөлийн болон магистрын зөвлөлийн гишүүн болжээ. Өдгөө Дотоод хэргийн их сургуулийн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн хил судлалын төвийн дарга, НҮБ-ын Мэдээлэлжүүлэлтийн олон улсын академийн академич, тэргүүлэгч гишүүнээр ажиллаж байна. Арвай 200 гаруй эрдэм шинжилгээний бүтээл туурвиснаас гадна "Цогтой гүний домогт хязгаар Эрдэнэ сум" хэмээх ном хэвлүүлжээ.

Сонгуульт ажил[засварлах | edit source]

Арвай Ардын Их Хурлын депутатаар 2 удаа сонгогдсон, МАХН-ын Төв Хорооны орлогч ба жинхэнэ гишүүн байв.

Гэр бүл[засварлах | edit source]

Түүний эхнэр Бадрахын Даваасүрэн Монгол Улсын гавьяат багш цолтой.

Эшлэл[засварлах | edit source]