Jump to content

Базарын Цэдэн-Иш

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Базарын Цэдэн-Иш
Төрсөн
ХарьяалалМонгол үндэстэн, Буриад ястан
Иргэншил Монгол
Мэргэжилцэргийн зүтгэлтэн, хилчин

Базарын Цэдэн-Иш (1906-2009) - Монгол Улсын Хөдөлмөрийн Баатар, Гавьяат Хуульч, Дэслэгч Генерал, хилчин.

Генерал Базарын Цэдэн-Иш нь жинхэнэ ёсоороо 1906 онд Оросын Хаант Улсын Агын Буриадын Автономит тойрогт төржээ. Хөх Ишгэнтийн хилийн харуулын даргаас НАХЯ-ны орлогч сайд, Хязгаарын ба ДЦХЭГ-ын дарга хүртэл хилийн албанд 41 жил ажилласан ахмад хилчин ажээ.

1918 онд монголд нүүдэллэн ирж, 1923 онд Баяндун сумын харьяат болжээ. 1927 онд Хөх Ишгэнтэйн хилийн цагдаа, харуулын даргаар томилогдон ажилласан, тэр үеэс хилийн цэрэгт алба хаах эхлэл нь тавигдсан. Тэрбээр Баяндун сумын нарийн бичгийн дарга, Дашбалбар сумын дарга, Улз хошууны нягтлан бодогч зэрэг албыг 1927 оноос хашиж байгаад 1931 онд цэргийн албанд татагдаж Ардын Армийн холбооны тусгай хороонд бичээч, эх зохиогч, салааны захирагч, штабын даргын туслахын албыг гүйцэтгэжээ.

Тэрбээр Бүх Цэргийн Хилийн Цэргийн Штабт томилогдон, газрын даргын нарийн бичгийн дарга, 1938-1941 онд дотоодын Хамгаалахын Газрын төв сургуульд хичээл ангийн эрхлэгч, штабын дарга, 1941-1945 онд Н.В.Фрунзийн нэрэмжит Цэргийн Академид суралцан төгсөөд 1945-1950 онд Хязгаарын ба Дотоодын Цэргийн Хэрэг Эрхлэх Газрын тасаг хэлтэс, штабын даргаар ажиллажээ. МАХН-ын Төв Хорооны Улс Төрийн Товчооны 1950 оны 6 дугаар сарын 29-ны өдрийн хурлын 38/67 дугаар тогтоолоор Гадаад Яамны консулын хэлтсийн даргаар томилогдон, дипломат албанд шилжсэн байна. Цэдэн-Иш нь 1956 онд БНМАУ-аас БНХАУ-д суугаа ЭСЯ-ны элчин зөвлөхөөр томилогдон ажиллажээ 1958 онд Худалдааны Яамны сайдын 164 дүгээр тогтоолоор Гадаадын Жуулчдыг Үйлчлэх Газрын даргаар ажиллах хугацаандаа “Улаанбаатар зочид буудал”-ыг ашиглалтад оруулж байжээ.

1970-1976 онд НАХЯ-ны орлогч сайд, Хязгаарын ба Дотоодын Цэргийн Хэрэг Эрхлэх Газрын даргын алба хашиж байх хугацаандаа Монгол Зөвлөлтийн хилийн хэлэлцээрийг 1975 оны 7 дугаар сард Чита хотноо хийж хилийн шугамыг тодотгох асуудлыг хэлэлцжээ. Хоёр улсын хилийн дагуух 145 хэсэг газрын 695.65 км2 нутаг дэвсгэрийг Монголын талд, 109 хэсэг газрын 120.6 км2 газрыг Зөвлөлтийн саналаар тохиролцон 1976 онд хилийн гэрээ байгуулж батламжийг нь Москва хотноо солилцсон байна. Ингэж Монгол улс хил хязгаараа бїхэл бїтнээр баталгаажуулах стратегийн чухал ач холбогдолтой ажлыг Цэдэн-Иш гардан явуулсан нь түүний оруулсан гавьяа мөн.

БНМАУ-ын хилийн шугамыг тогтооход оруулсан үүрэг

[засварлах | кодоор засварлах]

1960 онд Монгол, Хятадын хил судлах экспертийн бүлгийн ахлагчаар, 1962 онд БНМАУ, БНХАУ-ын хоорондох улсын хилийн шугамыг тодотгон тогтоох асуудлаар хэлэлцээ хийх Монголын Засгийн газрын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд орж ажилласан байна. Ийнхүү 4676,8 км урт хилийн шугам тогтоох ажилд биечлэн идэвх зүтгэлтэй оролцож, түүнийг өөрийн улсад хамгийн ашигтайгаар тогтоон, улмаар НҮБ-д бүртгүүлэн, олон улсын хэмжээнд баталгаажуулахад гол үүрэг гүйцэтгэсэн байна. Мөн БНМАУ, ЗСБНХУ-ын хоорондын хилийн зарим хэсгийг тодотгон тогтоох асуудлаар хэлэлцээ хийх, Монгол, Зөвлөлтийн хамтарсан ажлын комиссын Монголын хэсгийн даргаар томилогдон ажиллаж хоёр улсын хоорондох улсын хилийг Алтай таван богдоос Асгатын давааны хяр хүртэл өрнөд хэсэг, Их Саяны нуруунаас Тарваган дахын овоо хүртэл дорнод хэсгийн хилийн шугамыг газар дээр нь тогтоон тэмдэглэх ажлыг 1977-1979 онд удирджээ. 1976 онд хилийн гэрээ байгуулахад чухал үүрэг гүйцэтгэжээ.

1957 оноос эхлэн Монгол Улсын хилийн түүхэн үүсэл, хөгжлийн судалгаанд тулгуурлан хилийн тухай илтгэл, нийтлэл, тайлбар 80 гаруйг бичсэний гадна “Монгол Улсын хил хязгаар бүрэлдэн тогтсон түүхээс” тэргүүн болон дэд дэвтэр зэрэг хэд хэдэн томоохон бүтээл туурвисан байна.

  • Монгол Улсын Хөдөлмөрийн Баатар /2006 II 27/ 100 насныхаа ойн босгон дээр дээрх алдар цолыг хүртсэн байна.
  • 1972 онд дэслэгч генерал цол.
  • БНМАУ-ын Гавьяат Хуульч /1979/
  • Сүхбаатарын одон 3 удаа.
  • Цэргийн гавьяаны одон
  • “Алтан гадас” одон зэрэг олон одон, медалиар шагнагджээ.
  • ОХУ-ын Буриад Улсын Хил хамгаалахын Гавьяат ажилтан /2006 II 27/