Бутачийн Цог

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search
Бутачийн Цог
Төр. он 1912 он
Тө. газар Монгол улсын Төв аймгийн Сэргэлэн сум
Нас бар. 1989 оны 8 сарын 10
      (77 насалсан)
Үндэстэн Монгол үндэстэн
Иргэн Flag of Mongolia.svg Монгол
Ажил цэргийн зүтгэлтэн
Хүүхэд Хошууч Генерал Ц.Геннадий

Бутачийн Цог (1912 оны 5 дугаар сарын 25-нд өнөөгийн Ховд аймгийн Алтай суманд төрсөн — 1989 оны 8 дугаар сарын 10-нд Москва хотод нас барсан) -Монголын цэргийн зүтгэлтэн, БНМАУ-ын Батлан хамгаалахын орлогч сайд, Улсын баатар, Хурандаа Генерал.

Намтар[засварлах | edit source]

Б.Цог 1912 онд Ховд аймгийн Алтай суманд Боданчийн голын Улаан эрэг гэдэг газарт Ж.Маамдаа, Ш.Пунцаг нарын хоёр дахь хүү болон мэндэлжээ. Ламжав, Цог, Ядамжав, Кото, Морх, Норжмаа, Шинэхүү, Шомбон, Валъяа гэсэн есөн хүүхэдтэй өнөр өтгөн айлд төржээ.

1920-иод оны намар ууган хүү Ламжав, удаах хүү Цог нарыг аав Маамдаа дагуулан,  хүрээ рүү тэмээн жингээр хоёр сар явж, ном эрдэмтэй ламд шавь оруулаад нутаг буцжээ. 10-аад насандаа Манзуширын хийдэд шавилан сууж байхад нь Бутач гэж хүн үрчилж аваад Төв аймгийн Сэрэглэн суманд амьдрах болжээ. Зөвлөлт Холбоот Улсад 1928-1929 онд КУТВ-ын дэргэдэх түр курст суралцаж ирээд 1929 оноос Улсын хоршоо, “Монгол тээх” зэрэг газарт түүхий эдийн эрхлэгч, хоршооны дарга, хэлтсийн эрхлэгчээр ажиллаж байгаад 1931 онд цэргийн албанд татагдан 1932-1933 онд цэрэг, бага даргаар ажиллаж байгаад 1933 онд ЗХУ руу цэргийн дунд сургуульд явжээ.

1939 оны Халхын голын байлдаанд оролцсоны дараа тэрээр Цэргийн дээд командлалын шийдвэрээр 1939-1941 онд тавдугаар морьт дивизийн их бууны дивизоны дарга, 1941-1943 онд Хуягт бригадын даргаар томилогдон ажиллаж байжээ.

Халхын голын байлдаанд их бууны анги салбарыг командалж оролцсоны гадна 1945 онд Хитлерийн фашистуудыг дарах дайнд Беларусийн 3 дугаар фронтын бүрэлдэхүүнд танкийн бригад командлан Дорнод Пруссийн операцийг хэрэгжүүлэхэд, 1947, 1948 онд улсын баруун хил хязгаарт хасгийн болон гоминдааны дээрэмчдийг бут цохиход идэвхтэй оролцжээ.

Цэргийн Академи төгсөж ирээд 1946-1948 онд Жанжин штабын байлдааны бэлтгэл хэлтсийн даргын албан тушаалд томилогдон ажиллав.

1953-1956 онд ЗХУ-д Ворошиловын нэрэмжит Цэргийн ерөнхий дээд Академид сайн дүнтэй суралцаж төгсөөд 1956-1965 он хүртэл АЦХЭЯ-ны нэгдүгээр орлогч сайд бөгөөд Монголын Агаарын харилцааны газрын зохион байгуулагч хийв. 1965 оноос Батлан хамгаалах яамны нэгдүгээр орлогч сайд бөгөөд Ардын Армийн Жанжин штабын даргын үүрэгт ажлуудыг гүйцэтгэсэн. 1971 оноос эхлэн хатуу хучилттай хар замыг тавиулах ажлыг хавсран эрхэлж, Улаанбаатар, Дархан, Сэлэнгэ, Өвөрхангай, Сүхбаатар зэрэг олон арван дардан замын эхлэлийг тавьсан түүхтэй.

БНМАУ-ын Цэрэг ба нийгмийг аюулаас хамгаалах яам, БХЯ-нд газар, хэлтсийн дарга, орлогч сайд, нэгдүгээр орлогч сайд зэрэг хариуцлагатай албан тушаалд ажиллаж байгаад 1985 онд насны тэтгэвэртээ суугаад Москвад амьдарч байгаад 1989 онд нас баржээ.

Түүний 100 насны ойгоор 2012 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн Төв аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор БНМАУ-ын баатар, хурандаа генерал Б.Цогийн хөшөөг Зуунмод хотод сүндэрлүүлжээ.

Суралцсан байдал[засварлах | edit source]

  • ЗХУ-д 1933-1937 онд Сум хот дахь их бууны дунд сургуульд
  • 1943-1946 онд ЗХУ-ын Хуягт танкийн Академи
  • 1953-1956 онд Зэвсэгт хүчний Жанжин штабын академид суралцаж төгссөн.

Сонгуульт ажил[засварлах | edit source]

Ардын Их Хурлын депутатаар 5 удаа сонгогдож, МАХН-ын XIV-XVIII их хуралд төлөөлөгчөөр оролцож Намын Төв Хорооны орлогч гишүүн, жинхэнэ гишүүнээр сонгогдож байжээ.

Гавьяа Шагнал[засварлах | edit source]

БНМАУ-ын[засварлах | edit source]

  • Улсын баатар /1981 оны III сарын 13/
  • Сүхбаатарын одон 5 удаа
  • Цэргийн гавьяаны улаан тугийн одон 2 удаа
  • Цэргийн гавьяаны одон
  • “Алтан гадас” одон 4 удаа болон бусад медалиудаар

Гадны[засварлах | edit source]

  • ЗХУ-ын Лениний одон
  • ЗХУ-ын Эх орны дайны I зэргийн одон болон бусад медалиудаар
  • социалист зарим улсын одон, бусад медалиудаар шагнагджээ.