Jump to content

Чойжавын Түмэндэмбэрэл

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Чойжавын Түмэндэмбэрэл нь 1926 онд Хан тайшир уулын аймгийн Хан хөхий уулын хошуу одоогийн Увс аймгийн Өндөрхангай сумын нутагт тѳрсѳн.

1938-1944 онд бага, дунд сургууль, 1959-1962 онд ЗХУ-ын Москва хотод ЗХУКН-ын Төв Хорооны дэргэдэх намын дээд сургууль, 1969-1971 онд Москва хотод К.Е.Ворошиловын нэрэмжит ЗХУ-ын Зэвсэгт хүчний Жанжин штабын академид тус тус суралцаж төгсжээ.

Тэрээр 1946-1947 онд Олзлогдсон цэргийн хэрэг эрхлэх газарт зааварлагч, 1947-1948 онд МАХЦ-ийн Намын комиссын нарийн бичгийн дарга, 1948-1949 онд Улс төрийн газарт тоо бүртгэгч, 1949-1954 онд Улс төрийн газрын даргын нарийн бичгийн дарга, 1955 онд Ухуулагч сэтгүүлийн нарийн бичгийн дарга, лектор, 1956 онд Улс тѳрийн газрын суртал ухуулгын хэлтсийн дарга, 1959 онд Улаан од сонины хариуцлагатай эрхлэгч, 1962-1969 онд Улс төрийн газрын орлогч дарга, 1971-1973 онд МАА-ийн жанжин штабын 1 дүгээр орлогч бөгөөд оперативын хэлтсийн дарга, 1973-1975 онд Улсын иргэний хамгаалалтын газрын 1 дүгээр орлогч бѳгѳѳд тѳв штабын дарга, 1975-1985 онд БХЯ-ны 1 дүгээр орлогч сайд бөгөөд Улсын иргэний хамгаалалтын газрын даргаар ажиллаж байв.

Ч.Түмэндэмбэрэлд БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1971 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 220 дугаар тогтоолоор хошууч генерал, 1981 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 82 дугаар тоггоолоор дэслэгч генерал цол хүртээжээ.

Ч.Түмэндэмбэрэл МАХН-ын XIII, XV, XVII, XVIII их хуралд төлөөлөгчөөр сонгогдож байжээ.

Дэслэгч генерал Ч.Түмэндэмбэрэлийн улс орны батлан хамгаалах хүч чадал, иргэний хамгаалалтын байгууллагыг хөгжүүлж бэхжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь төр засаг өндрөөр үнэлж Сүхбаатарын одон, Байлдааны гавъяаны улаан тугийн одон, Байлдааны гавъяаны одон, Алтан гадас одон, бусад ойн медалиудаар шагнасны дээр ЗХУ-ын Улаан таван хошуу одон, БНБАУ, БНАГУ, БНПАУ, БНСЧСУ-ын медалиудаар шагнагджээ.