Анхны долоо
1921 оны Ардын хувьсгалын анхны долоо буюу Догсомын Бодоо, Солийн Данзан, Дамдины Сүхбаатар, Дамбын Чагдаржав, Дансранбилэгийн Догсом, Хорлоогийн Чойбалсан, Дарьзавын Лосол нар нь 1919 онд байгуулагдсан Консулын ба Зүүн хүрээний нууц бүлгэмүүдийн гишүүд байсан ба 1920 оны 7-р сард Зөвлөлт Орос Улс руу зэвсэгийн тусламж хүсэхээр эдгээр долоон хүн ээлж дараалан явцгааж байжээ. Ардын хувьсгал ялсны дараа Ардын засгийн газрын бүрэлдэхүүнд орж ажиллацгаасан байна. 1923 онд нас барсан Д.Сүхбаатар, төр засгийн эрх мэдлийг гартаа авсан Х.Чойбалсан нараас бусад нь улс төрийн хилс хэрэгт хэлмэгджээ.
Бүрдэл
[засварлах | кодоор засварлах]1919 онд Оросын консулын сургуулийн багш Догсомын Бодоо Консулын дэнжийн нууц бүлгэмийг, гаалийн хорооны түшмэл Солийн Данзан Зүүн хүрээний нууц бүлгэмийг үүсгэн байгуулжээ. Консулын бүлгэмд Хорлоогийн Чойбалсан, Дамбын Чагдаржав, Сангийн яамны түшмэл Жамьян, лам Дарьзавын Лосол зэрэг хүмүүс байсан бол Зүүн хүрээний нууц бүлгэмд Цэргийн яамны түшмэл Дансранбилэгийн Догсом, Магсаржав хурцын Дугаржав, Дамдины Сүхбаатар зэрэг хүмүүс байжээ. 1920 оны 6-р сарын 25-нд уг хоёр бүлгэм нэгдэж, Монгол Ардын Намыг байгуулсан юм. 1920 оны эхээр уг бүлгэм Хятадын дарангуйллыг буруушаасан ухуулах хуудсууд тараах, Их Хүрээн дэх гамин цэргийн хүч, байрлалыг судлах, Богд хаан болон бусад томоохон ноёд язгууртнуудын үзэл бодлыг тандах зэрэг ажлуудыг хийж байжээ.