Дарьзавын Лосол

(Д.Лосол-с чиглүүлэгдэв)

Лосол, Дарьзавын(1885-1940) Монголын улстөрч. МАХН-ын Төв Шалган Байцаах Комиссын дарга, БНМАУ-ын Бага хурлын орлогч дарга байсан Дарьзавын Лосол ардын хувьсгалын анхны долоон удирдагчдын нэг боловч хожим “хувьсгалын эсэргүү” гэгч хилс хэргээр хэлмэгджээ.

Намтар[засварлах | кодоор засварлах]

1885 онд Цэцэн хан аймгийн дайчин бэйл Дашцэрэнгийн хошуу, одоогийн Хэнтий аймгийн Батноров сумын 1-р багийн нутаг Хужиртын толгой гэдэг газарт харц ард Дарьзавын хүү болон мэндэлжээ.

9 настай байхад нь Лосол хүүг эцэг эх нь лам болгохоор нутгийн жижиг хурлын газар шавь оруулан суулгажээ. Тэрээр 12 насандаа Монголын шарын шашны төв Гандан хийдэд ирж, 6 жил орчим шавилан сууж шашны эрдэм ном, төвөд хэлийг сурч судалжээ.

Шашны ном сургааль үзсэн залуу лам Лосол үзэж мэдэхийн хүслэнд хөтлөгдөн гадаад орноор аялан явахаар шийджээ. Тэгээд 1908 онд Манжуурын төмөр замаар аялан Хятадын зүүн муж, мөн Бээжин хот оржээ. Тэндээсээ Буриадаар дамжин улмаар Петроград, Москва хотод очсон байна. Ингэж явахдаа Орос Хятад хоёр гүрний дотор өрнөсөн хөрөнгөтний ардчилсан хувьсгалын явдлыг нүдээр үзсэн нь үзэл санаанд нь нөлөө болсон байна. Түүнийг хилийн чанадаас эх орондоо эргэж ирэхэд Монголын ард түмэн улс орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө тэмцэл ид өрнүүлж байсан бөгөөд, улмаар харийн түрэмгийлэгчдийн талхинаас ангижирч, Богд Хаант Монгол Улс байгуулагджээ.

1918 онд Монгол улсын тусгаар тогтнолд ахин заналхийлж өнгөлзсөн Хятадын хар цэргийн эсрэг домогт Манлай ван Дамдинсүрэнгийн хамт цэргийн ламаар явж эх орноо хамгаалах тулалдаанд удаа дараа оролцжээ. 1918 оны сүүлчээр Зүүн хүрээнд үүсэн бүрэлдэж эхэлсэн хувьсгалт нууц бүлгийг Д.Бодоо, С.Жамъян, Д.Чагдаржав нарын зэрэг нөхдийн хамт анх байгуулалцжээ. 1920-8-1 нд Д.Сүхбаатар, Д.Догсом нарын хамтаар ЗОУ-аас тусламж гуйх монголын хувьсгалчдын анхны төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд оржээ. 1921-3-1 нд хуралдсан МАХН-н анхдугаар их хуралд оролцож, гишүүнээр элсжээ. Тус их хурлаас Намын төв хороог 3 хүний бүрэлдэхүүнтэй сонгоход Д.Лосол, С.Данзан, Ц.Дамбадорж нарын хамт сонгогджээ.

1921 оны 3-р сард ардын түр засгийг анх байгуулахад Сангийн яамны худалдааны ба цэргийн бэлтгэлийн хэлтсийн эрхэлсэн түшмэлээр, дараа нь мөн яамны сайдаар томилогдсон байна. 1921-1922 оныг дуустал бүх цэргийн ламаар томилогдон ажиллаж байсан. 1922 оны 12-р сард Москва хотноо хуралдсан Алс Дорнодын хувьсгалт байгууллагуудын анхдугаар их хуралд Монголын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд багтан оролцсон.

1923 онд нэр төдий үлдсэн лам мяндгаа орхисноо албан ёсоор илэрхийлсэн байна.1923-1924 онд Бүх цэргийн эмнэлэгийн газрын эрхэлсэн түшмэл. 1924 оны намын 3-р их хурлаас МАХН-ын ТХ-ны орлогч гишүүнээр сонгогджээ. 1925-1928, 1934-1939 онд МАХН-ын Хянан байцаах төв комисын даргаар ажиллаж байв. 1928 онд Коминтерний 6-р их хуралд МАХН-ын төлөөлөгчөөр оролцсон.1928-1934 онд МҮЭ-ийн төв зөвлөлийн дарга, Улсын банкны орлогч дарга 1937-1939 онд БНМАУ-н Бага хурлын тэргүүлэгчдийн орлогч /дэд/ даргаар ажиллаж байв. 1939-7-12-нд гэнэт хөдөө явах томилолт авч /Дорнод аймгийн Хунт сумын ардуудыг хилийн дотогш нүүлгэх ажлаар/ онгоцонд суухад, уг онгоц нь явах зүгт нь биш огт өөр зүг нисэн оджээ. Тэр онгоцонд Монгол улсын ДДЯ-ны сайд Шагдаржав мөн нэгэн адил хувь заяа оногдон суусан байв.

Түүнийг Чита хот дахь ЗХУ-н ДХГ-ын салбарт аваачин олон сарын турш мөрдөн байцааж, тамлан яргалаж байлгасаар, улмаар Москва хот руу Монголын бусад нам төрийн удирдагчдын /Амар, Догсом, Лувсаншарав, Мэнд, Найдан, Довчин нарын зэрэг/ хамт аваачин мөрдөлтийг үргэлжлүүлэн явуулж, “хувьсгалын эсэргүү, Японы тагнуул” гэдэг хилс хэрэгт гүтгэгдэн хоригдсоор 1940 онд шоронд нас баржээ Түүний эл хэргийг 1962 онд БНМАУ-ын АИХ-ын дэргэдэх цагаатгах ажлыг эрхлэх комисс шалган үзээд цагаатгажээ. Лосолыг баригдахад 2 настай үлдсэн хүү Өлзийхишиг нь эхийн хайр ивээлээр өсч өндийн уран барилгач болжээ. Тэрээр Зайсан толгой дахь Зөвлөлтийн дайчдын хөшөөг хийлцсэн уран барилгачдын нэг юм.