Богд Хаант Монгол Улсын цэргийн тагнуул
1911 онд Монголын нийгмийн янз бүрийн анги давхаргын дэвшилтэт хүчний тэмцлийн үр дүнд Манжийн ноёрхлыг түлхэн унагаснаар Үндэсний эрх чөлөөний хувьсгал ялж, Богд Хаант Монгол Улсыг тунхаглав. Энэ үеэс эхлэн Монголын удирдагчид тусгаар тогтнолоо бататгах, гадаад улсуудаар тусгаар тогтнолоо хүлээн зөвшөөрүүлэх, хөрш зэргэлдээх улс, орнууд Монгол Улсыг хэрхэн үзэж, ямар чиглэл бодлого баримталж буйг мэдэх зорилгоор мэдээ, мэдээлэл олох ажлыг явуулж байсан байна.
Алс Дорнодыг мэдэлдээ нэгэнт авсан Хаант Оросын газар нутгаа тэлэх цаашдын зорилго, Монголд цэрэг суулгах, засаг захиргааны өөрчлөлт хийх, хань үндэстнийг суурьшуулах Чин улсын “шинэчлэл”-ийн оролдлого, Монголд уул уурхайн концессболон төмөр зам барих эрх олж авах гэсэн их гүрнүүдийн ашиг сонирхол давхцан солбилцож байв. Эдгээр улс гүрнүүд өөрсдийн бодлого, сонирхлоо хэрэгжүүлэхийн тулд дипломат тагнуулын хийгээд бусад аргыг өргөн ашиглаж байлаа Олноо өргөгдсөн Монгол Улсад Богд хааны дэргэд байх шадар нэгэн болох шадар захирагч Балдангийн удирдлага доор тагнуулын байгууллага байгуулагдан ажиллаж байсан байна. Мөн “Гадаад яам”, “Дотоод яам”, “Цэргийн яам” болон хязгаарын сайдууд гадаад тагнуулын үйл ажиллагааг өөр өөрийн зорилгоор явуулж байжээ.