Jump to content

Монгол дахь Зөвлөлтийн интервенц

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
External images
«МОНГО́ЛЬСКАЯ ОПЕРА́ЦИЯ 1921» (СМИ: БИГЕНС.ru.)

Дайны өмнөх байдал

[засварлах | кодоор засварлах]

Барон Унгерн фон Штернбергээр хэний ч зөвшөөрөлгүйгээр хэдхэн зуун цэрэг дагуулаад хорин оны намар гэнэтхэн Монгол руу орж ирлээ. Зорилго нь Монгол нутгаас хятадын түрэмгийлэгчдийг хөөн гаргаж Богдыг эргүүлж хаан ширээнд нь залах. Ингээд хоёр мянга орчим цэрэгтэй болж аваад 1921 оны цагаан сарын өмнөхөн Хүрээ рүү довтлон гамингуудыг хөөн даржээ. Чойрын зүг зугтаасан генерал Го Сунлингийн цэргийг нэхэн хиаруулсан аж. Хиагт руу дутаасан генерал Чү Цисяний 5-6 мянган цэрэгтэй гол хүчийг нь ч нэхэн ядах юмгүй даран сөнөөв. Хүрээнд Богдыг хаан ширээнд эгүүлэн залах ажиллагааг сүр дуулиантай ёслон тэмдэглэлээ. Богд хаан ч манзшир хутагт Цэрэндоржоор толгойлуулсан шинэ засгийн газраа байгуулж таван яамаа сэргээсэн байв.[1]

Зөвлөлтийн хариу арга хэмжээ

[засварлах | кодоор засварлах]
Сүхбаатар Ленинтэй уулзаж,Оросын коммунист намын зурагт

Ленин тэргүүтэй большевикууд “Монголд хувьсгалд хийх нь Хятадад хувьсгал хийх эхний шат, Хятадын хувьсгал нь дэлхийн хувьсгалын тал” нь гэж онцгой ач холбогдол өгч байжээ. Тэгээд бүүр 1919 оны сүүлчээр Москвагаас “тусгай төлөөлөгч, мэргэжлийн хувьсгалч” томилон Хүрээнд ирүүлэв. Нийслэл хүрээнд “Оросын хувьсгалчдын хороо” байгуулж, 20 гаран гишүүнтэй болсноо төв рүүгээ мэдэгджээ. Оросын хувьсгалт хороо буюу коминтерний салбар зөвлөл, Монгол дахь улс төрийн намуудаас Данзан тэргүүтэй түшмэдийн бүлэг, Бодоо тэргүүтэй сэхээтний бүлгийг шууд удирдлагаар хангаж байсан байна. “Ардын нам”-ыг яах аргагүй анхнаас нь орос технологийн дагуу байгуулж цаашлаад Эрхүүд байгуулагдсан коминтерний зөвлөлтэй холбоо тогтоож өгчээ. Улмаар хилийн цаана Ардын нам байгуулах, түр Засгийн газар байгуулах, Хиагт хотыг байлдан эзлэх, улмаар Нийслэл хүрээг эзлэх хүртэл бүхнийг оросын хувьсгалчдын технологиор явуулсан байдаг юм. Оросын Дотоод яамныхан болон хувьсгалт хорооны шууд удирдлагаар Хүрээний ба консулын “хоёр бүлгэм” нийлж хурал хийж, тамгатай болж, бичиг сачиг гаргасан түүхийг бид мэднэ. Түшмэдийн нам гэгдэж байсан Данзангийн бүлгийг Бодоогийнхон тийм ч сайнаар хүлээн аваагүй төдийгүй Бодоо, Данзан хоёрын хожмын зөрчлийн эх үүсвэр орос хувьсгалчийн зохион байгуулсан “Хүрээний ба консулын хоёр бүлгэмийг хүчээр нийлүүлсэн механик нэгдлээс гарсан байж болох юм. Хүрээний ба Консулын хоёр нам нийлэхэд аль алинд нь орос хүмүүс мэргэжлийн хувьсгалчид ажиллаж байсныг судлаачид нотолжээ. Гэвч тэр үеийн Оросын Дотоод яамныхан мэргэжлийн хувьсгалч нар хэдийд, хэдүүлээ, ямар зорилгоор орж ирсэн. Монголын хувьсгалчдыг шууд зохион байгуулалт удирдлагаар хангасны цаад бодлого юу байв гэдгийг судлаагүй. Хүрээнд 1919 оноос хойш үйл ажиллагаа явуулсан улаан Оросын мэргэжлийн хувьсгалчид МАН-ыг шууд зохион байгуулж, удирдлагаар ханган Москвагаас цэрэг гуйх бичиг үйлдүүлэн Ардын намынхныг дагуулаад хойшоо явсан гэж ойлгож болно. Оросын улаан намын холбоотон Хятадын ардын намын цэрэг Монголын нийслэл Хүрээг эзэлсэн цаг үе. Гамин цэргүүд Богд хаант Монгол Улс, тэр дундаа эх орон тусгаар тогтнолынхоо төлөө тэмцсэн монгол хувьсгалчдын хувьд хамгийн аюултай дайсан байсан. Харин коминтерний хувьд гамин цэрэг, түүний удирдлага улаан намын мөн нэг номерын холбоотон байсан юм. Тийм учраас гамингууд Богд хааныг шоронд хийж, Манлай баатар Дамдинсүрэн тэргүүтэй эх орончдыг тамлан шүүж байхад улаан талыг баримтлагч оросууд Нийслэл хүрээнд үйл ажиллагаагаа саадгүй явуулж байсан юм. Тэд Ардын намынхныг ивээлдээ аван хамгаалж, хил давуулж авч явсан байдаг. Хүрээг эзлээд байсан гамин цэргийн эрхтнүүд Монголын эрх баригчдыг Япон, Оросын цагаан намын цэрэг, Өвөрмонголын ноёдтой харилцаа тогтоох, хүрээнд Монгол цэрэг бослого гаргахаас болгоомжилно уу гэхээс улаан оростой Ардын намынхны холбоо тогтоох оролдлогыг хориглохгүй байсан. Тэгэхээр Ардын намын анхны долоог хятадууд сэжиглэн, Д.Сүхбаатар, Х.Чойбалсан нарын толгойг авчирч өгсөн хүнд арван мянган лан өгнө гэж зарлан явсан нь бас л кино түүх байсан юм шиг. Нийслэл хүрээнд Бароны цэрэгт бут цохиулаад хойшоо зугтаасан гамин цэргийн эрх баригчдыг Монголын хувьсгалын төлөөлөгчид тэр нэг өдөр хүлээн авч, уулзаж байсан юм. Эрхүү дэх Оросын консул О.Макстеник өөрийн байрандаа хүлээн авч хундага өргөсөн сонин түүх ч байдаг юм. 1920 он гэхэд Оросын большевик намынхан Хятадыг дэлхийн хувьсгалд татан оруулах төлөвлөгөө боловсруулан, аль хэдийнэ харилцаа тогтоож Монголын Хүрээг Хятадтай харилцах “Төв” болгосон байжээ. Тийм ч учраас Хятадын Гоминдоны нам, Монголын Ардын нам хоёр адилхан “Ардын нам” гэсэн утгатай үг байх нь дорно дахины ард түмний сэтгэл зүйд нийцнэ гэж коминтернийхэн тооцоолж байжээ.

Харин большевикууд Монгол руу цэрэг оруулах зөвшөөрлийг Бээжингээс гуйж, хятадуудад ямар ч хор хүргэхгүй, зөвхөн Унгернийг хөөж явуулна гэж амалж байлаа. Түүний зэрэгцээ улаан цэргийг Монгол руу урьж оруулахын тулд орогнолын Түр засгийн газар гэдгийг хүртэл байгуулж. Ингээд улаантнууд Хятад Монгол хоюуланд нь зориулсан жүжиг тоглолоо. Хятадыг хөөхгүй л юм бол улаантныг өөрийн нутаг руу оруулах хэрэг монголчуудад байхгүй. Харин амбан Чэнь И мань баронд цохиулаад хилийн Хиагт боомт дээр 1500 цэргийн хамт ирчихсэн улаантнаас тусламж гуйгаад сууж байлаа. Оросын хилийн Троицкосавск тосгонд большевикууд гамин цэргийг өөрийн нутагт оруулан Читээр дамжуулан нутаг буцаах хэлэлцээ хийнэ.

Мөн Монгол Ардын Намыг Өвөрмонголын ардын намаас ялгахын тулд “Гадаад Монголын Ардын нам” гэсэн тодотголтой байгуулахаар ярилцан, гадаад Монголын Ардын намын тангарагийн бичгийг гаргасан байдаг. Тэгэхээр Нийслэл хүрээнд “Ардын нам”-ыг анхнаас нь улаан Оросын Хүрээн дэх хувьсгалт бүлгэм өлгийдөн авч бойжуулан, Хятадад дэлхийн хувьсгал хийлгэхээр бэлтгэх гэж төлөөлөгчдийг нь Москва руу дагуулан морджээ. Зөвлөлт Сибирьт довтлохоор 1921 оны 5 сарын хорьдоор Хүрээнээс хөдөлсөн Унгерн, Резухиний захирсан бригадууд Монголын умард хилийн район, зөвлөлтийн нутагт Монгол ардын журамт цэрэг, АДБНУ-ын цэрэг, Улаан цэргийн V армийн ангиудтай удаа дараа байлдсан ч эцсийн зорилгод хүрч чадаагүй. Улаан цэрэгт шахагдсан Унгерн 8 сарын дундуур Монгол нутагт буцаж оров. 1921 оны Ардын хувьсгал цаг хугацааны хувьд гайхамшигтай, цахилгааны хурдаар хийгдсэн байдаг. Монголын хувьсгалчдын түрүүч Орос руу 1920 оны долодугаар сарын эхээр тусламж гуйхаар гараад л жил бололгүй 1921 оны долодугаар сарын эхэн гэхэд улаан армийг, зэр зэвсэг, цэргийн сургагчдын хамтаар эх орондоо дагуулан ирсэн байдаг. Ердөө ганцхан жилийн хугацаанд хойшоо явсан долоохон хувьсгалч аль ч улсын түүхэнд байгаагүй гэрлийн хурдаар хувьсгалыг эхлүүлсэн нь ийм учиртай.

Ердөө долоохон хүн Орос руу яваад Ленинтэй уулзаад, Коминтерний хуралд суугаад, цэргийн сургууль төгсөөд, хилийн цаана МАХН-ыг дахин байгуулаад, бүр түр Засгийн газар байгуулаад Алтанбулагт цэрэг татаад, Хиагтад үүрлэсэн 10 мянган гаминг бут цохиод үлгэрт л байж болмоор гайхамшигт хувьсгалын түүхэнд бид өнөө хүртэл үнэмшдэг. Улаан оросууд хүртэл цэрэг зэвсгийн хүчээр Монголыг эзлэн авсан гэмт хэрэгт орно гэж дэлхийгээс болгоомжлон, Оросууд ийм жүжиг тавьсан. Монголтой харьцалгүй завсарт нь буриадуудыг оруулж нарийн зохион байгуулсан юм. Улаан оросууд бүхнийг Оросын талын буриадуудаар дамжуулан хийж өөрсдөө ард нь нуугдаж байв. Үүгээрээ Москва Монголыг цэргийн хүчээр шууд эзлэн авч коммунист дэглэмээ тулган хүлээлгэсэн гэдгийг нотлох гэсэнгүй. Харин улаан орос, түүний дотоод яам Монголд мэргэжлийн хувьсгалч, алуурчдаа илгээсэн баримтыг олсноо бичих гэсэн юм. Оросууд Монголын нийслэл Хүрээг эзлэхэд том байлдаан болно гэж тооцоолон дэндүү их зэвсэг техник арми оруулсан байдаг. Нисэх онгоц хүртэл хоёрыг Монголын хувьсгалчдад өгснийг түүх гэрчилнэ. Зэвсгийн хүчээр том тулалдаанаар Монголыг эзлэн нийслэл Хүрээг авна. Коммунист Засгийн газар байгуулна. Засгийг авсны дараа хөрөнгөтнүүд, Чингисийн алтан ургийнхан, лам нарын устгал хийнэ гэж тооцоолсон. Улаан армийн түрүүчтэй цуг Оросын дотоод яамныхан болон зартай алуурчдын багийг явуулсан байв.

Оросууд ар Монголын Ерөнхий сайдаар өөрийн хүнээ тавьж, бүх хяналтыг өөртөө авна гэж тооцсон. Гэвч Богд хаант Засгийн газар ямар ч эсэргүүцэл үзүүлэлгүй, харин ч найрсгаар хүлээн авч бууж өгсөн. Харин оросууд Ерөнхий сайдаар өөрийн бэлтгэсэн хүнээ тавьж чадаагүй. Гэхдээ Бодоо бол яах аргагүй Ардын намын анхны долоогийн нэг байсан. Монголчуудад Ерөнхий сайд гэж хүлээн зөвшөөрөгдөх ганц хүн нь Бодоо байлаа. Харин Улаан оросууд мэргэжлийн алуурчдаа Бодоогийн Засгийн газрын сайдуудын зөвлөхөөр тавьжээ. Ар Монгол дахь хувьсгалыг Москвагаас Чечерин удирдаж, Консул О.Макстников, А.Черпанов, Б.З.Шумяцкий нар голлон Хятад, гадаад Монголын асуудлыг хариуцаж байлаа. Э.Ринчино, Цэдэн-Иш, Жамболон, Баламсуу, Бадамжав, Ж.Цэвээн зэрэг Оросын буриадууд коминтернийг Монголтой холбож байсан түүхтэй. Москва дэлхийн хувьсгалын төлөө амь хайргүй тэмцдэг шалгарсан алуурчдаа Монгол руу илгээж байжээ. Монгол Улсад тууштай хувьсгалч, шалгарсан алан хядагч нараа илгээж байснаар нь Кремль Монголын хувьсгалд ямар ач холбогдол өгч байсныг хэмжиж болох мэт. Москва дотоод яамны анхны 36 зөвлөх сургагч нараа, Монголын хувьсгалд зориулагдах зэр зэвсэг Чита хотод ирсэн өдөр Монгол руу оруулсан байна. Зөвлөх, сургагч, мөрдөн байцаагч, төлөөлөгч нарыг Монгол Улсын Засгийн газраас биш коминтерн бодлого, шууд удирдлагаар хангана. Заримыг нь нэрийг дурдваас:

И.П.Сорокин: Зөвлөлтийн Дотоод яамны туршлагатай мөрдөн байцаагч. Бодоо, Чагдаржав зэрэг сайд нарыг мөрдөн байцааж байсан. Дараа нь Дотоод хэргийн ардын комиссарантын орлогчоор дэвшин ажилласан байдаг.

И.А.Сороковиков: 1920 оны тавдугаар сарын сүүлч, зургадугаар сарын эхээр Монголд ирсэн. Намын бүлгийг төлөөлөн Бодоо, Х.Чойбалсан, Дугаржав, Жигмэддорж нартай уулзсан. Зөвлөлт Орос руу төлөөлөгчөө явуул гэдэг үүргийг Монголын хувьсгалчдад өгч байсан. Сороковиков Монголын хувьсгалчидтай уулзахдаа Оросоос гадаад Монголын Ардын намд зэвсэг өгнө гэдгийг амласан боловч зэвсгийн тоог урьдчилан хэлээгүй байна. Харин Монголд оруулах улаан армийн цэрэг ба зэвсгийн тоог бүр Москва хүрч байж тодорхой болгожээ.

Я.Г.Блюмкин: Зөвлөлтийн тагнуулчдын албыг үндэслэгчдийн нэг. Пролетарийн хувьсгалын нэрт алан хядагч, Троцкийн хувийн нарийн бичгийн дарга бөгөөд хувийн хамгаалалтын албаны дарга байсан. Ардын дайсантай эвлэршгүй тэмцэгч, Держенскийн “эрх дүү” гэгддэг. 1918 оны долдугаар сарын 6-нд Германы элчин сайд гүн Мирбахыг өргөөнд нь буудан хороосон амжилтаар дэвшсэн. Колчакийн амийг хороох ажиллагааг зохион байгуулсан. Унгерний эсрэг тэмцсэн улаан армийн 61 дүгээр бригадын командлагч, Оросын яруу найрагчидтай холбоотой байсан. Сергей Есининий аллагад сэжиглэгддэг. Ререхтэй хамт Монголд ламын дүрээр анх ирж байсан. 1922 онд Далай лам, Банчин богд хоёрыг эвлэрүүлэх ажиллагааг удирдсан, 1926-1927 онд Монголын аюулаас хамгаалахын ерөнхий сургагчаар ажиллаж байгаад зөвшөөрөлгүй буцсан. Троцкийн хамсаатан гэгдэж буудуулсан. Монголд Штенкин жанжны амийг хороосон.

Г.Г.Ягода: Я.Свердловын ойрын садан. Оросын аюулаас хамгаалахын нэрт мөрдөн байцаагч, шалгарсан алан хядагч, Зөвлөлтийн Дотоод яамны дэд сайд байсан. Улс төрийн хэрэгтнүүдэд цаазын ял хэрэглэх хуулийг хэрэгжүүлдэг. Зиновьев, Каменев нарын ялыг гүйцэтгэсэн. Эрхүүгийн цэргийн сургуулийн захирал бөгөөд Монголын аюулаас хамгаалах байгууллагыг хариуцсан ерөнхий сургагч. Ардын дайсантай эвлэршгүй тэмцэгч.

К.К.Батурин: Оросын аюулаас хамгаалахын ахлах мөрдөн байцаагч, сургагч. Монгол дахь улаан армийг хариуцсан ардын комиссарантын төлөөлөгч, Д.Сүхбаатарын гурван зөвлөхийн нэг. 1921-1922 онд Монголын цэргийн яамны тагнуулын газрын анхны даргаар даргаар ажиллаж улмаар дэвшин Москвад ардын комиссарантын газар очсон. Тууштай алан хядагч. Ардын дайсантай эвлэршгүй тэмцэгч.

Харти Кнуков: Халимагийн тусгай хорооны залхаан цээрлүүлэх үүрэг гүйцэтгэгч. Дотоод яамны мөрдөн байцаагч, Дамбийжаагийн аллагыг гүйцэтгэсэн. Яруу найрагч, ардын дайсантай эвлэршгүй тэмцэгч, тууштай алан хядагч.

И.М.Майский: Оросын Гадаад яамны дэд сайд, онцгой комиссын тусгай үүрэг гүйцэтгэгч. Хятад, Монголыг судлаач, ардын комиссарын орлогч, Эрхүүгийн цэргийн сургуулийн сургагч багш. Монголд хүн амын тооллого явуулах ажлын хэсгийг ахалж байсан. Эрдэмтэн, Монгол цэргийн жанжин Д.Сүхбаатар, Х.Чойбалсан нарын багш.

Л.М.Карахан: Оросын Дотоод яамны онцгой комиссын орлогч, Коминтерний гуравдугаар интернационалийн их хурлын тэргүүлэгч, Держенский нарын их ойрын хүн. Дундад Азид онцгой үүрэг гарамгай гүйцэтгэсний учир Москвад дэвшин ажилласан. 1921 онд АДБНУ, Монголд, 1922-1923 онд ЗХУ-ын Гадаад яамны Ази, дорнод хэлтсийн дарга, 1923-1925 онд Хятадад элчин сайд байхдаа Монголын асуудлыг хариуцаж байсан. Монголын хувьсгалчдад Москвагаас зэр зэвсэг олж өгөх ажилд их үүрэг гүйцэтгэсэн. Буриад монголчууд “Хар хаан” гэж хүндлэн дууддаг байсан нэгэн.

Б.З.Шумяцкий: Сибирийн цөллөгт “Гулаг олтриг”-ийн шоронгийн жирийн хуягаас эхлэн дэвшсэн хүн. Тууштай хувьсгалч. Ардын дайсантай эвлэршгүй тэмцэгч, Эрхүүгийн коминтерний штабын дарга. Зөвлөлт Орос улсын V армийн цэргийн зөвлөлийн гишүүн, Зөвлөлт Орос улсын гадаад хэргийн ардын комиссарантын Сибирь ба Монголыг хариуцсан бүрэн эрхт төлөөлөгч, Коминтерний алс дорнодын нарийн бичгийн дарга нарын удирдагч, Монголын хувьсгалыг зохион байгуулагчийн ажил хийж явжээ. Бодоог Ерөнхий сайдынх нь ажлаас халсныг ч, дахин баривчилсныг ч, Бодоо, Чагдаржав нарыг онц хэрцгийгээр байцаан буудан алсныг ч гардан зохион байгуулагч удирдагч нь Шумяцкий, гүйцэтгэсэн нь Д.Сүхбаатар байжээ.

Энэ мэтчилэн Монголд ажиллаж байсан коминтерний төлөөлөгчид, алан хядагчид, мэргэжлийн хувьсгалчид, дипломатууд зөвлөхүүд, сургагч нарыг тоочоод барахгүй.

-К.А.Найман цэргийн тагнуул.

-Л.М.Летте шадар сайдын зөвлөх

-Э.Ринчино намын даргын зөвлөх

-П.И.Летвенцив мөрдөн байцаагч

-В.А.Хува. Д.Сүхбаатарын зөвлөх

-Н.М.Люборский Ерөнхий сайдын зөвлөх

-Н.И.Преобратенский мөрдөн байцаагч

-В.Г.Писаров мөрдөн байцаагч

-А.М.Ленский сургагч гээд Монголын дотоод хэрэгт оролцсон Оросын тагнуулчид юм.

Улаан армийн ангиуд монголд. 1936 он

Монголд Зөвлөлтийн цэрэг орж ирж байрласан, буцсан, эргэж орж ирсэн, бүрмөсөн буцсан үйл явц бол 70 гаран жилийн урт түүхийг илтгэнэ. Тухайн цагтаа коммунист Монголын удирдагч байсан Юмжаагийн Цэдэнбалын тэмдэглэснээр, анх Лениний даалгавраар Зөвлөлтийн 5 дугаар арми 1921 онд орж ирсэн ба Нейманы командалсан Кубанийн 5 дугаар дивиз Баруун хойд Монголд байлдаж явжээ.

Мөн партизан Щетинкиний отряд Хүрээг чөлөөлөх байлдаанд оролцож, тэндээс Рокоссовскийн морин бригад салж Шаамарт байрлаж үүрэг гүйцэтгэж байжээ. Улаан армийн ангиуд Монголд Цагаан гвардийн отрядуудыг сөнөөж дууссаны дараа 1925 онд Югзэрийн хийдийн дээд лам нарын бослогыг даралцсаны дараа нутагтаа буцжээ.[2]

Бароныг Сундуй гүн гэгч урвагч баривчлан улаантнуудад тушаажээ. Барьж өгсөн хүнтэйгээ хамт улааны шоронд хоригдсон гэдэг. Намар нь Унгернийг Новониколаевскт цаазлахад Богд хааны зарлигаар чөлөөлөгч бароныг хүндэтгэн Монголын бүх хийд нэгэн зэрэг хойдохыг нь уншсан гэдэг. Үүнээс хойш түүх эргэсэн. Бароны цэрэгт хүчин зүтгэж эх орноо харийн түрэмгийлэгчдээс чөлөөлөн амь хайргүй явсан эрэлхэг хөвүүд буруудлаа. Тэдний хэдэн үеийн үр удам нь бароны цэрэгт явсан аав, ах, өвөөтэй хэргээр олон жил хэлмэгдэж, олонхи нь 37 онд буудуулсан юм.

  1. "МОНГОЛ ДЭЭЛТЭЙ БУУДУУЛСАН ДАА". Эх хувилбараас архивласан: 2019-09-20. Татаж авсан: 2019-09-20.
  2. Монгол дахь Зөвлөлтийн цэрэг: Түүхэн баримт ба эрэгцүүлэл[permanent dead link]