1907-1927 онд ОРОС/ЗХУ-ын МОНГОЛД явуулсан бодлого
Википедиагийн чанарын стандартад нийцүүлэхийн тулд энэ өгүүллийг хянан тохиолдуулах хэрэгтэй байна. Энэ талаар хэлэлцүүлгийн хуудас дээр юм уу энэ тэмдгийг илүү нарийвчилсан тэмдгээр солино уу. |
1907-1945 онд Монгол болон түүний эргэн тойрон дахь бүс нутгийг сонирхогч гурван гүрэн байсан нь Орос/ЗХУ, Хятад, Япон аж. Оросын хувьд 1907-1917 онд Японтой хийсэн дайнаар нөлөөллөө алдсан Манжууртай тэнцвэржүүлэх бүс нь Гадаад Монгол байлаа. Суларч буй Хятадад албан ёсоор (олон улсын утгаар) хамаарч буй Гадаад Монгол, Манжуур хоёрыг Японтой хувааж захирсан нь дайны уршгаар нөлөөллөө алдсан Дорнот Хятадын төмөр замын стратегийн бүс нутгийн алдангын нөхвөр, тухайн бүс нутагт хяналт тавих гарц нь байв. 1917 онд Октябрийн хувьсгал ялсан хийгээд хувьсгалын синдромоор хуучны нууц бичиг баримтыг дэлгэж тавьснаар бодлогын том алдаанд орж бүс нутгийг эзэмшигчийн хувьд итгэл алджээ. Зөвлөлтийн иргэний дайны үед Манжуур, Монгол аль алин нь улаан цэргийг эргэж цохих нөөц плацдарм болж байлаа. Ийм учраас цагаантныг энэ нөөц плацдармаас нь салгахын тулд залуу Зөвлөлт Орост Монгол хэрэгтэй байв.
Иргэний дайн дууссаны дараа дэлхий даяар түүний дотор Хятадад хувьсгал мандуулах коммунист мөрөөдөлдөө Монголыг ашиглах өөр хувилбар буй болсон юм. Зөвлөлтүүд Монголыг Хятадын нэг хэсэг гэдэг дээр эргэлзэж байгаагүй нь 1924 оны Бээжингийн гэрээ харуулна. Гэхдээ энэ орныг Өмнөт Хятадад буй Сунь Ятсений хувьсгалчдын хавсрага, умарт хэсэг дэхь түрлэг нь байлгаж улмаар нийт Хятадад хувьсгал хийлгэх гол түшиц бааз нь болгох сонирхолтой байлаа. Мөн Монгол нь Манжуурт ноёрхож байсан Японы гар хөл Жан Золингийн бүлгийг бусад хятадууд ялангуяа Сунь Ятсенийг дэмжигч бүлгүүд цохиход тусламж үзүүлж байх газар болж байв. Зөвлөлтүүд Бээжингийн төв засгийн газраас гадна Кантонд байгаа гоминданы засгийн газартай нягт хамтран ажиллаж, дипломат бодлого, дэлхийн хувьсгалын синдром хоёроо зэрэг явуулж байлаа. Энэ гурван зорилгыг давхар гүйцэтгэж байгаагаа АДБНУын ерөнхий сайд А.Красношеков, Цэргийн яамны сайд Н.Буров нар Москва мэдэгдэхдээ ”…Монгол дахь манай цэргийн ажиллагаа Зөвлөлт Оросын хүч чадлыг харуулж, ар талаа хамгаалах, Жан Золинтэй тэмцэх нэг арга болохоос гадна Хятад Монгол дахь Хувьсгалт давхрагыг бэлтгэх зорилготой…” гэж байв.
Маршал Фэй Юи Сей, Жан Золин нарын харилцаа муудан тулалдаанд бэлдэж эхлэх үед Зөвлөлтийн хувьд Монголын ач холбогдол улам нэмэгдсэн юм. Монголоор дамжуулан Фэнд зэвсэг нийлүүлэх, улмаар энэ ажиллагаа өргөн далайцтай болох аваас хатуу хучилттай зам, төмөр зам тавихаар төлөвлөгдөж байв. Дорнот Хятадын төмөр замын өмнөт хэсэг тэр чигээрээ Японы мэдэлд очсон, Умарт хэсэгт нь Жан Золин болон япончууд Зөвлөлтийн оролцоонд хязгаар тавьсан энэ үед праллель шугам тавих асуудал стратегийн чухал зорилт байлаа.