Баруун хязгаарыг тохинуулахын төлөө байлдаанууд

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search


Баруун хязгаарын түүхэн нөхцөл[засварлах | edit source]

Хорьдугаар зууны эхэн үед Ар Монголын Баруун хязгаар Хаант Орос, Манж Чин улсын ашиг сонирхолын бүс нутаг болон хувирч, нэг талаас Хаант Орос Тагнын болон Ховдын хязгаарт эдийн засгийн нөлөөгөө тогтоохыг эрмэлзэж, нөгөө талаас Манж-хятадууд урьдын эзэгнэсэн байдлаа хэвээр хадгалахыг хүсч байлаа. Тагна Урианхайд Оросын худалдаа ноёрхож, цаашлан Ховдын хязгаарт байдал иймэрхүү хандлагатай болох үед Манжууд сая нэг сэхээ авч хэд хэдэн арга хэмжээ авсны нэг нь 1907 онд Алтайн өвөрт байрлалтай Шар сүмд амбан сайдын газар байгуулж, Ховдын хязгаараас нэг хэсэг газар, хүн ардыг таслан авч Алтайн хязгаар гэдгийг байгуулсан байна. 1911 онд байгуулсан Богд хаант Монгол улсад даяар монголчууд уван цуван харьяалагдахаа илэрхийлж байсан тэр үед 1912 оны зун Ховдын хязгаарын Дөрвөд 3, Хойд 2, Баяд 11, Захчин 2, Алтайн урианхай 7, Торгууд 2, Хошууд 1, Өөлд 1, Мянгад 1, бүгд 30 хошуу Ойрад монголчууд тулгар төрдөө дагаж орохоор өргөдөл гаргаж, өргөдлийг Богд Жавзундамбаас ёсоор болгож байжээ. Гурав тасраад байсан Баруун хязгаар гурван улсад хуваагдаж 1915 оны Хиагтын Монгол, Орос, Хятад гурван улсын хэлэлцээрээр баталгаажсан нь Ойрадууд нутаг хошуу салж нийлж, нааш цааш нүүдэллэх бас нэгэн зовлон эхэлжээ. Тагна Урианхайн хязгаар Оросын нөлөөнд орж, Алтайн хязгаар Дундад Иргэн улс(Хятад)-ын мэдэлд орж, Ховдын хязгаар Хаант Монгол улсын харьяанд үлджээ. Алтайн хязгаар буюу Алтайн өвөр Хар Эрчис, Хөх Эрчис голын сав газар Шар сүмийн хамтаар Хятадын мэдэлд орсон нь Алтайн урианхай, Торгууд, Хошууд нарыг хоёр газарт харьяалалтай болгож, Ховдын хязгаарын ойрадуудыг хуваагдан сарнихад хүргэж байв. Ховд хязгаар дахь Хаант Оросын идэвхтэй бодлого дэлхийн дайн, улмаар 1917 оны Октябрийн хувьсгалаас шалтгаалж эрч хүчгүй болсон байхад Хятадын худалдаа, эдийн засгийн нөлөө 1915 оноос улам хүчээ авчээ. Дундад Иргэн улс (Хятад)-аас Монголчуудын талаар явуулж байсан бодлогоо 1913 оноос нилээд идэвхжүүлж, ялангуяа Ховд хязгаарыг Оросын нөлөөнд оруулахгүй, мөн Хүрээний Засгийн газарт захируулахгүй байх талаар цэргийн болон дипломатын бодлого явуулсан юм. Цэргийн бодлого нь 1912, 1913 онд Алтайн нурууны Цагаан Түнгэний Улаанхайрхан гэдэг газар ихээхэн хэмжээний цэрэг байрлуулж, энэ орчим сэргийлэн сууж байсан Хатанбаатар Магсаржавын цэрэгтэй ширүүн тулалдааныг үе үе хийж үр дүнгүй байдалд хүрсэн байв.

Харин өөртөө татах янз бүрийн арга мэхээр, Тухайлбал Дөрвөд, баядын нөлөө бүхий ноёдын Манжийн үед авч байсан цалин пүнлүүг нөхөж олгох, өөрийн үнэнч ноёдоор дамжуулан бусдыг ятгаж ухуулах, айлгаж сүрдүүлэх зэрэг арга мэх хэрэглэсэн боловч бас л үр дүнгээ өгсөнгүй. Ховдын хязгаарын Ойрад монголчууд Халх монголчуудын хамтаар тулгар улсаа сэргээн бэхжүүлэх, тусгаар тогтносон Монгол улсаа цогцлоон бадруулах нэгэн хүсэл эрмэлзэлтэй 1920-оод оныг угтсан юм. 1919 оноос Гадаад монголын бусад аймаг хошуудын нэгэн адил Хятадын гэмин, Оросын цагаан цэргийн түрэмгийлэлд өртсөөр 1921 он хүрэв. 1919 оноос Ховд хотод Хятадын төлөөний сайдыг хамгаалсан хятад цэргийн хороо байрлаж бүс нутгийг хяналтандаа байлгаж байв. Харин 1920-оод оноос Оросын цагаан намын цэрэг Орос, тувагийн нутгаас уван цуван ирж, дөрвөдийн хошуу тамгын газраас агт уналга, хоол хүнс албадан гаргуулж 1920 оны намар Ховд хотод буй хятадуудыг хөөн зайлуулж эзэн суужээ. Ийнхүү энэ Ховдын хязгаарын ард олон гадаадын зуйгуул дээрэмчдийн сүр дор хуваарьгүй алба гувчуур төлж, зүдэрч зовох нь өдрийн өнгө болж байжээ. Энэ байдлыг дэвшилт үзэлтэй Дөрвөдийн ноёд тэргүүлэн, Ховдын хязгаарын олон угсаатны доторх Дөрвөдийн тэргүүлэх байр суурь, жин нөлөөгөө тооцон, арга замууд сүвэгчилэн эхэлжээ.

Баруун Монголын Ардын Засгийн газар байгуулагдсан нь[засварлах | edit source]

1921 оны III сард Хиагтад Ардын Түр Засгийн Газар байгуулагдсан явдал Баруун хязгаарын нийгэм, улс төрийн цаашдын хөгжлийн хандлагад шинэ нөхцлийг авчирлаа. Хиагтын АТЗГазар нь юуны өмнө Монгол оронд орогнож байсан гадаадын цэргийг нутгаасаа хөөн гаргаж, Монгол улс даяар өөрийн хяналтыг тогтоох явдал байсан юм. Ийм учраас Монголын хязгаар нутгуудад шинэ Засгийн газрын бодлогыг танилцуулах зорилгоор Монголын баруун, зүүн, Тагна хязгааруудад элч төлөөлөгч явуулсан байна. Дөрвөдийн (Ховдын) хязгаарт ажиллах төрийн түшмэлээр Ц.Хасбаатар, Ц.Дамбадорж, Өлзийханд нарыг томилжээ. Тэд Зөвлөлт Орос улсын нутгаар нэг cap гаруй аялж, 1921 оны V сарын эхээр Хөшөө модонд иржээ. Хөшөө модноос тэд Улаан байшинт буюу одоогийн Баян-Өлгийн Цагааннуурын орчмоор Дөрвөдийн хязгаарт нэвтэрч юуны өмнө нутгийн ард иргэд болон нөлөө бүхий ноёд түшмэдтэй уулзаж, ухуулан таниулах ажлаа амжилттай эхэлсэн байна. Улаанбайшинтад байхдаа Харуулын занги, залан нараар зуучлуулан Дөрвөд Далай ханы дүү Цэвээн гүн, Төгсбуянтын хүрээний Да лам Молом нартай уулзаж хэлэлцээ хийжээ. Ц.Хасбаатар нартай ЗОУ-аас К.К.Байкаловын отрядад комиссараар томилогдсон Сибирийн алдарт партизан Широких Полянский Зөвлөлтийн улаан цэргийн офицер шар Намсрай буюу халимаг Никитин, КИМ-ийн Нацов нар цуг байсан юм.

Энэ уулзалтын үеэр дөрвөдийн Сайн заяатын баруун, зүүн хоёр гарын чуулган дарга хан, чин ван нарт АТЗГ-аас яаравчлан илгээсэн бичгийг гардуулж өгчээ. Уг бичигт МАН, АЗГ-ын бодлогыг тайлбарлаж, баруун хязгаарт буй цагаантан, гэмингээс газар орноо швэрлэх, амар тайван болгоход АТЗГ-ын төлөөлөгч Дамбадорж, Хасбаатар нарт туслахыг уриалсан байна. Уриалгыг Дөрвөдийн зүүн, баруун гарын ноёд нилээд хугацаатай хэлэлцэн, цагийн байдал үнэлэлт шинжилгээ өгч, эцэстээ дэмжиж, харьяат аймаг, хошуудаас цэрэг эр мөн агт морь, уналга, ачилга, шүүс гаргахаар болжээ. Юуны өмнө Зүүнгарын чуулган буюу Далай ханы хошуу, Арван баядын хошуунаас 300 эр цэргийг захирагч Тогтох, Дагдан нарын удирдлага дор цуглуулсан байна.

АТЗГ-ын төлөөний түшмэл Дамбадорж нараас хязгаар нутагт орогнож буй гэмин цагаантны байр байршил, тэдний хүчин чадал, нэмэгдэн ирэх цэргийн тухай судлахын хамт Ховдын хязгаарт АТЗГ-ын хяналтыг тогтоох ажлыг голлон анхаарч, баруун хязгаарын олон хошуудыг шинээр байгуулагдах Ардын эрхт Монгол улсад нэгтэх явдлыг чухалчилж байлаа. Ийм учир ухуулж таниулах, итгүүлж үнэмшүүлэх ажлыг өргөнөөр зохиожээ.

Эдгээр арга хэмжээний үр дүнд 1921 оны VII сарын 25-27 ны үед одоогийн Увс аймгийн Түргэн сумын Мөст хэмээх Төгсбуянтын хүрээний ойролцоо газар орон нутгийн дэвшилт үзэл бодолтой хүмүүс, гол нөлөө бүхий ноёдууд болон АТЗГ-ын төлөөлөгчдийн хамтын хүч дэмжлэгтэйгээр Ховд хязгаарын Их хурал хуралдсан байна. Мөст хэмээх газар нь байгалийн үзэсгэлэнт газар болох төдийгүй, хэзээнээс дөрвөдийн голлох ноёдын зуслангийн нутаг юм. Зуны цагт сэрүүхэн энэ газарт далай хан, Зоригт ханы орд өргөө ойрхон буудаг тул Сайн заяатын чуулганыг хуралдуулах боломжтой тул урьд өмнө нь голчлон энд чуулган чуулж иржээ. Улс төрийн түүхэн үйл явц яг энэ мөчид тохиосноор Мөст хэмээх газар Баруун монголчуудын сэтгэл зүрхэнд мөнхөрөх тавилантай байжээ. Хурлаас Баруун Монголын Ардын Засгийн Газрыг байгуулж, Баруун Монголын Ардын Засгийн газрын Тэргүүн даргад Бат-Ерөөлт, Үнэн сүсэгт Төгс хүлэг Дөрвөд Далай хан Түмэндэлгэржавыг, Засгийн газрын Дэд даргад Дөрвөдийн Үнэн Зоригт хан Содномжамцой нарыг томилжээ. Засгийн Газрыг гурван яамтай байхаар тогтож, Дотоод хэргийн яам - Тус яамны сайдаар Ховдын хэрэг шийтгэх яамны сайд гүн Аюурзаныг, орлогчоор Ц. Дамбадоржийг, Гадаад хэргийн яам - Тус яамны сайдаар Төгсбуянтын хүрээний Да лам Молом, түүний орлогчоор буриад Нацагийг, Цэргийн яам - Тус яамны сайд бөгөөд цэргийн жанжнаар Ц.Хасбаатар, дэд сайдаар баядын ван Самданг тус тус томилжээ.

Баруун хязгаарт үүссэн нөхцөл байдал[засварлах | edit source]

Ховд хязгаарын олон ноёд нэгдэн нийлж хязгаар нутгийнхаа хувь заяаны төлөө анхаарал тавих болсон явдал Монголын ард түмний үндэсний ухамсар сэргэж, гадаадын цэргийн эрхтнүүдийн дур зоргоороо эрээ цээргүй аашлан харгис түрэмгийлэл үйлдэж байгааг дээр дооргүй жигшин зэвүүцэж байсны нэг илрэл юм. Баруун Монголын Засгийн Газрын эн тэргүүнд хийж эхлэх асуудлууд гэвэл, Нэгдүгээрт, Цагаантны тэнэмэл цэргүүдийг тус хязгаараас хөөж гаргах, иймээс харьяат хошуудаас цэрэг татаж цэргийн отряд байгуулах, Хоёрдугаарт, Баруун Монголын Ардын түр Засгийн Газрын зорилго, чиглэлийг ухуулан таниулж өргөн олноос дэмжлэгийг хүлээх, Гуравдугаарт, Тус хязгаарт өрнөж буй улс төрийн үйл явцтай холбогдон Хүрээний Ардын Засгийн Газартай холбоо тогтоож ажиллах зэрэг болно. Баруун Монголын Засгийн Газраас 1921 оны VIII сарын 2-нд тус хязгаарын өргөн олонд хандаж тунхаг гаргасан байна. Тунхагт баруун Монголд хуучин засгийг халж, Ардын эрхт засаг төр тогтсоныг зардан мэдэгдээд, «...бидэнд хувьсгалын тугийг өргөн мандуулж босон тэмцсэн Халхын хөдөлмөрчид туслахаар ирлээ...» гэх зэргээр өгүүлж, шинээр өрнөх улс төрийн үйл явдалд идэвхтэй оролцохыг уриалсан байна. Баруун хязгаарт гадаадын капитал нэвтрэн орох явдал багасаж, бараа материалын гачигдал үүсэж, тэр хоосон орон зайг нөхөж чадаагүйгээс ард олны өргөн хэрэглээний бараа маш ихээр дутагдаж байлаа. Мөн цэрэг дайны хөлд аж ахуй хохирч, өргөн олны сэтгэл санаа тун тогтворгүй байсан юм. Ялангуяа ноёд, ван, гүнгүүдийн хувьд санхүүгийн ямар нэгэн дэмжлэгтүй хэцүү байжээ. 1920-оод оноос цагаантнууд Баруун хязгаарт нэвтрэн орсноос орон нутгийн байдал тун төвөгтэй болж байлаа.

Баруун хязгаарын төлөө тэмцэл, тулаан[засварлах | edit source]

Оросын нутгаас шахагдан гарсан Кайгородов, Казаниев, генерал Бакич нарын цэрэг Ховд хязгаарыг хяналтандаа байлгаж ЗОУ-ыг довтлох бааз суурь болгохыг хичээсэн байна. Цагаантнуудаас Алтайн тэлэнгэд гаралтай, мөн Алтайчуудаар цэргээ бүрдүүлсэн Кайгородов Бөхмөрөний гол орчимд нутаглаж, нутгийн зарим ноёдоос дэмжлэг хүлээж байсан байна. Үүний учир бол тэрээр бусад цагаантнууд шиг ард иргэдийг дээрэмдэж байсангүй байна. Нөгөө талаар нутгийн эрх баригчидтай ойртон түншилж чадсан байна. Түүнд уналга ачлага дөрвөдийн зарим хошуудаас нийлүүлж байжээ. Харин 7-р сараас хойш Баруун хязгаарт байгуулагдсан Ц.Хасбаатар, Ц.Дамбадорж, К.К.Байкалов нарын цэргийн отрядыг орон нутгийн эрх баригчдаас идэвхтэй дэмжсэнээр тэд зарим талаар амжилтад хүрч байсан боловч 1921 оны намраас цагаантануудын давуу давуу хүчинд ялагдаж Толбо нуурын тулалдаанд бүслэгджээ. Баруун хязгарын цэрэг нь Бөхмөрөн, Намирын хүрээ, Цэнхэрийн гол зэрэг газруудад удаа дараа Кайгородов болон Казанцевын цэрэгтэй тулалджээ. Энэ цэрэгт Хөшөө модноос улаан цэргийн баг, отрядууд ирж тусалснаар 1922 оны 1-р cap гэхэд Баруун хязгаар гадаадын цэрэг, зэвсэгт дээрэмчдээс ангижирч чадсан юм. Баруун Монголын Засгийн Газрын цаашдын үйл ажиллагаа, хувь заяа хэрхсэн нь тун тодорхойгүй байдаг. Энэ засгийн газрын цэрэг Ц.Хасбаатар нарын удирдлага дор байлдаж, Толбо нуурын тулалдаанд оролцож 1921 оны сүүлч гэхэд оргож зугтаах, алагдаж шархдах зэргээр сарниж үгүй болжээ. Баруун Монголын засгийн газрын эн тэргүүний зорилтуудын нэг нь гадаадын цэргээс нутгаа чөлөөлөх явдал бөгөөд тэр нь харьяат хошуудаас гаргасан цэргийн отрядын байлдааны ажиллагаатай шууд холбоотой байсан юм. Гэтэл цэргийн отряд дээр дурдсанаар бутран сарнисан нь тус засгийн газар цаашид оршин тогтнох асуудлыг хүчтэй хөнджээ. АЗГ-аас Баруун Монголын АЗГ-ын цаашдын үйл ажиллагааг хүлээн зөвшөөрөөгүй бололтой. Зарим судлаачид Баруун Монголын засгийн газар байгуулагдсан явдлыг АТЗГ-аас явуулсан тактикийн бодлого гэж үздэг. Үүний нэг жишээ бол АТГЗ-аас Ховдын хязгаарт томилон явуулсан Ц.Хасбаатар нарын төлөөлөгчид тухайн үед орон нутгийн онцлог байдлыг сайтар ойлгосны эцэст хоорондоо сайн зөвлөлдөж, Баруун Монголын засгийн газрыг байгуулахыг дэмжсэн явдал юм. Мөн энэ үед Улиастайд Хатанбаатарын удирдсан цэрэг цагаантны эсрэг бослого гаргаж, Ванданов тэргүүтэй цагаантаны цэргийг бут цохисон байна. Улмаар Хатанбаатар цэргийн хамт Ховд Увс дах цагаантантай удаа дараа тулалдан Бакий тэргүүтэй цэргийг Улаангомд буулган авсан байна. Энэ тухай тус үйл явдалд биеэр магнайлан оролцсон Ц.Дамбадорж 1924 онд бичээд, 1928 онд хэвлүүлсэн "Толбо нуур" дуртгал, дурсамжийн номондоо Ардын засгийн элч төлөөлөгчид бүс нутгийн улс төрийн нөхцөл, цагаантны цэргийн идэвхжил, Нийслэл хүрээнээс тусламж ирэхгүй байгаа байдал зэрэгт дүн шинжилгээ хийж, "...Одоо бид хэл нэвтрэлцэхэд харилцан явалцах арга ба зам бүгдээр алдав. Бид даруйхан хөдөлж дийлэх, дийлэгдэхээ үзвэл зохино. Бас ч бидний итгэх түших ганц Дөрвөдийн олон бий. ...Урьд дөрвөд газар явах цаг миний сонссон нь эдний дөрвөд өөртөө эзэрхэхийг маш их хүснэ. Ховдын хязгаарын өөртөө эзэрхэх засаг яам байгуулая. ...Ийм явуулах нь хойч өдөр балар будлиан гарвал бидний хэдэн хүнд ямар болох..." зэргээр хэлэлцэж байжээ. 1921 оны XI сард АЗГ-аас өргөн мэдүүлсний дагуу Богд хааны зарлигаар Баруун Монголын АЗГ-ын тэргүүн Далай хан Түмэндэлгэржавыг Ховдод сууж Хэрэг шийтгэх сайдын албанд тохоон томилжээ. Эдгээр үйл явдлын дараа Баруун Монголын Ардын Засгийн газар өөрийн үйл ажиллагаагаа 1922 оны 2-р сарын 10-нд зогсоож тамга, бичиг баримтаа Ховдын сайдын яам, жанжны газар хүлээлгэн өгчээ.

Урлагийн бүтээлүүд[засварлах | edit source]

Түүнчлэн үзэх[засварлах | edit source]

Эшлэл[засварлах | edit source]

Гадаад холбоос[засварлах | edit source]