Өлзийхутаг хатан
Өлзийхутаг | |
---|---|
Юань улсын их хатан (1365-1368 он) | |
Төрсөн огноо | 1315 он |
Өнгөрсөн огноо | 1369 он (54 наслав) |
Хатан | Тогоонтөмөр хааны хатан |
Хүүхэд | Аюушридар хаан |
Эцэг | Ки Жа-о |
Өлзийхутаг[1] (1315–1369) — Юань улсын Тогоонтөмөр ухаант хааны гуравдугаар их хатан байв.
Намтар
[засварлах | кодоор засварлах]Тэрээр корё хүн бөгөөд жинхэнэ нэрийг нь Ки Ванжи гэдэг байв. 1315 онд Корё улсын Хэнжүд төрсөн бөгөөд корё тайган Түмэндэй хааны ордонд оруулсан байна. Угаас цэцэн сэргэлэн тул Тогоонтөмөр хааны хайр ивээлийг хүртэж сул хатан болсон аж. 1335 онд Данашир хатан цөлөгдсөний дараа Тогоонтөмөр хаан түүнийг их хатан болгох гэсэнд Баян чинсан тэргүүтэй монгол ноёдын эсэргүүцэлтэй тулгарсан тул монгол Баянхутагийг их хатан болгожээ. Өлзийхутаг хатны ах Ки Чоль Юань улсад зүтгэж Баянбух гэх монгол нэртэй болсон нэгэн байв. 1340 онд Баян зайлуулагдаж, 1341 онд Ки Ванжи их хатанд өргөмжлөгджээ.[2]
Өлзийхутаг хатан 1338 онд Тогоонтөмөр хааны ууган хүү Аюушридарыг төрүүлэв. Аюушриадар 1353 онд хунтайж болжээ. 1350-иад оны сүүлээс Өлзийхутаг хатан өөрийн шадар тайган Паг овогт, Хама чинсан нарын хамт Тогоонтөмөрийг сууринаас зайлуулж Ашушридарыг хаан болгохоор тэмцэх болсон хэдий ч бүтэлгүйтэж Хама алагдав. Ки овогт ахан дүүс Юань улсын их хатан дүүтэйгээрээ далимдуулж дээрэм тонуул их хийсэнд Корё улсын ван тэднийг бүгдийг нь хяджээ. Үүнд Ки хатан хилэгнэж Тогоонтөмөр хаанд айлтгаж Даштөмөр жанжнаар цэрэг удирдуулан илгээсэнд Ялу голын орчимд Кунминь вангийн цэрэгт ялагдсан байна.[2]
1364 онд Юань улсын Бортөмөр, Хөхтөмөр хэмээх хоёр жанжин хоорондоо сөргөлдөж, Бортөмөр нийслэлийг эзлэн Өлзийхутаг хатныг 100 өдөр гянданд хорьжээ. Аюушридар Хөхтөмөрийн хамт ирж Бортөмөрийг алаад эхээ суллав. 1365 онд Баянхутаг хатныг нас барахад Ки овогт улсын их хатан болсон аж.[2]
1368 онд Хятад оронд тариачдын бослого ялж Юань улс мөхөхөд Тогоонтөмөр хааны хамтаар Инчан хот руу зугтав. 1370 оны 5-р сард Тогоонтөмөр хаан нас барж, Мин улсын цэрэг 6-р сард хотыг эзлэхэд бэлэвсэн хатан Өлзийхутаг олзлогдон Наньжинд хүргэгдэж, тэнд насан эцэслэжээ.[2]
Нийтийн соёл урлагт дүрслэгдсэн нь
[засварлах | кодоор засварлах]Өмнөд Солонгосын MBC телевиз 2013 онд Юань улсын их хатан Өлзийхутагийн тухай 51 ангитай цуврал кино бүтээж олон нийтэд хүргэжээ. Тус киноны гол дүр буюу Өлзийхутаг хатны дүрд Өмнөд Солонгосын жүжигчин Ха Жи-вонь тоглосон байна.
Уг кино телевизээр цацагдаж эхлэхэд олон нийтийн зүгээс нэлээд шүүмжлэлтэй тулгарсан. Учир нь Өлзийхутаг хатны тухай өгүүлэх кино зохиол нь түүхэн үнэнээс зөрсөн гэх эсэргүүцэл гарч байв.
Хатан хаан Ки гэх уг кинонд Өлзийхутаг хатныг Корё улсын вантай хайр сэтгэлийн холбоотой байсан гэх зэргээр харуулжээ. Түүхэн эх сурвалжид дурдсанаар Өлзийхутаг хатан нь солонгос хүн боловч Корё улсыг Юань гүрний бүрэн эрхшээлд оруулах хэрэгтэй гэж үздэг байснаас төрсөн нутаг болох Корё улсдаа хамгийн их үзэн ядагдсан хүмүүсийн нэг байсан гэж үздэг.[3]Мөн Ки Чоль (Баянбух) зэрэг түүний гэр бүлийнхэн буюу Ки овогтнууд Юань болон Корё улсад авилгал, хээл хахуулийг цэцэглүүлж байсан нь төрийг мөхөөх нэг шалтгаан болсон гэж үздэг байна. Харин MBC телевиз уг кинонд түүнийг эерэг талаас нь харуулж, солонгосчуудад элэгтэй, ухаалаг хатан байсан мэтээр дүрслэн харуулахыг хичээжээ.
Эшлэл
[засварлах | кодоор засварлах]Өмнөх Баянхутаг |
Юань улсын их хатан 1365-1370 он |
Дараах Квон хатан (Билэгт хаан) |