Jump to content

Будшир хатан

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Будашири
Юань улсын их хатан
(1328—1329, 1329—1332)
Төрсөн огноо1305 он
Өнгөрсөн огноо1340 он (35 насалсан)
Өнгөрсөн газарЮань, Дунаньжоу
ХатанТугтөмөр хааны хатан

Будашир[1] (1305-1340; 35 насалсан) — Юань улсын Тугтөмөр хааны их хатан байв.

Будшир хатан 1305 онд төрсөн. Хонгирад аймгийн Дабула ван (Абула), Дармабал тайжийн охин Сангэлажи гүнж нарын охин[2] юм. Есөнтөмөр хааны зарлигаар 1324 онд Тугтөмөр вантай хуримлажээ.

1328 онд Тугтөмөр хаан болоход Будшир улсын их хатан болсон. 1329 оны эхэнд Тугтөмөрийн ах Хүслэн Хархорумын хойно хаан ширээнд суухад Тугтөмөр ханхүү хэмээгдсэн ч 8 сарын дараа ах Хүслэнгээ хорлож алаад дахин хаан болж байв.

Будшир хатан Хүслэн хааныг нас барсаны дараа түүний Маалайдай, Бабуша хоёр хатныг гүтгэн хороолгуулжээ.

1332 онд Заяат хаан хүү Алтан-Эрдэнийг ханхүү өргөмжилсөн ч мөн онд өвчнөөр нас нөгчсөн учраас нас барахдаа «Хүслэн ахын үр хөвгүүд болох Тогоонтөмөр, Ринчинбал хоёрын аль нэгийг хаанаар өргөмжлөөрэй» хэмээн гэрээслэсэн гэдэг.[3]

1332 онд Үйл таслах яамны хэрэг мэдэгч, дархан тайш Яньтөмөр Тугтөмөр хааныг алаад Будшир хатныг өөрийн хатнаа болгосон ба Янтөгс хүүг нь хаан болгох гэхэд Будшир бэлэвсэн хатан «Хаан суурь хүнд билээ. Миний өчүүхэн хөвүүн их төрийг засаж яахин чадах ажгуу. Миний бодлоор Хутагт хааны ахмад хүү Тогоонтөмөр Гуанши арал дээр буй. Тэр хүү одоо 13 настай. Түүнийг авч ирж хаан суулгавал зохино» хэмээн хүүгийнхээ амь насыг хамгаалжээ.

Тогоонтөмөрийг хол байх зуур 1332 оны 10-р сард 7 настай Ринчинбалыг хаанд өргөмжилсөнд 12-р сард Яньтөмөрт алуулав. 1333 онд Тогоонтөмөрийг урьд хааны гэрээс ёсоор хаан болгосон. Яньтөмөр зургаан сар хэрэг мэдээд нас барав.[3]

Тогоонтөмөр хаан өөрийг нь дэмжин хаан болгосонд талархан Будшир хатныг улсын хатан эх өргөмжлөв. Будшир хатан хэдэн жил төр барьсан.

1340 онд Тогоонтөмөр хаан Будшир хатан эхийн урьд үйлдсэн хэрэг явдлуудыг олж мэдээд, их хааны эсрэг хуйвалдаан хийхийг завдсан, мөн урьд өмнө нь хааны төрсөн эх Маалайдай хатныг цаазалсан гэх шалтгаанаар олон хүний хамтаар ял тохоож, Хөнань мужийн Дунаньжоу хэмээх газар цөлж, Янтөгс хүүг нь алжээ. Будшир хатанд нэхэн цол өргөмжлөөгүй.[3]

Сурвалж, тайлбар

[засварлах | кодоор засварлах]
  1. Будашир, Будашири, Бүдэшир. Хятад галиг нэр нь Будашили (卜答失里 Bodáshīlǐ).
  2. Солонгос эх сурвалжид түүнийг солонгос гаралтай, Дабула ван, Сангэлажи нарын өргөмөл охин гэж тэмдэглэдэг.
  3. 3.0 3.1 3.2 Ч.Содбилэг. «Монголын Их Юань улсын түүх». 262-р тал. Улаанбаатар. 2010 он.
Өмнөх
Бабухан
Юань улсын их хатан
1328–1329 он
Дараах
Бабуша
Өмнөх
Бабуша
Юань улсын их хатан
1329–1332 он
Дараах
Дарьтэмиш хатан