Дөргөнэ

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
— «Турхан» гээд холбогдов —
Харайх: Удирдах, Хайлт

Дөргэнэ /Туракина/ хатныг Монгол сурвалж бичгүүдэд Наймажин, Наймалжин гэж бичсэн байдаг. Энэ нь найман аймгийн гэсэн гаралтай үг. Өгэдэй хааны энэ хатан нөхрийгөө нас барсны дараа 1242-1246 он хүртэл Их Монгол Улсын төр барьсан бөгөөд монгол эмэгтэйчүүдийн дотроос анх төр барьсан хүн юм.

Амьдрал[засварлах | edit source]

Дөргөнэ бол мэргэд аймгийн ноён Тогтох бэхийн ууган хүүгийн гэргий байжээ. Гэтэл Чингис хаан мэргэдийг байлдан дагуулахдаа түүнийг олзолж хөвгүүндээ өгснөөр хаан ширээ залгамжлах болсон Өгэдэйн зургадугаар хатан болсон ажээ. Дөргэнэ Өгэдэй хааны хатан болоод Гүюг, Годан, Хүчүх, Холчар, Хадаан хэмээх таван хөвүүн төрүүүлжээ. Төрөлхийн зоримог, шударга зантай, чадварлаг Дөргэнэ бусад хатдаасаа илүү хааныхаа хайр сэтгэлийг булааж чаджээ. Өгэдэй хаанчлалын сүлийн үед бор дарсанд орж төрийн хэргийг цалгардуулах болсон тул Дөргэнэ хатан төрийн хэргийг орлон эрхлэх болжээ.Тэрээр лалын худалдаачдыг дотночлон тэдэнд зүйл бүрээр тусалж дэмжиж байсан аж.Ялангуяа лал худалдаачин Абдул рахман хатанд онцгой дотночлогдож, 1240 онд эзлэгдсэн орнуудын олон мужаас гааль татвар хураагч түшмэл болон дэвшсэн байдаг. 1241 оны 12сарын 11-нд учир битүүлэг нас барсан Өгэдэй хааныг бусдад хорлогдсон ч байж магадгүй хэмээн үздэг. Өгэдэй хаан гэнэт нас барсан учир Чингис хааны адил ширээ залгамжлуулах хүнээ нэр заан албан ёсоор гэрээслээгүй ажээ. Дэргэдээсээ салгадгүй хайрт хатан Мөгэ хатандаа «чи төрийн хэрэг хамаар.Ширмүнийг дэмжиж хаан ширээ залгамжлуул» гэж нэг биш удаа захисан нв зарим ном дэвтэрт тэмдэглэгдсэн байдаг. Мөгэ хатан бол ухаалаг, зан ааш сайтай, Өгэдэйд ихэд үнэлэгддэг байсан байна. Гэвч харамсалтай нь Өгэдэйг таалал төгссөний дараа өвчнөөр удалгүй нас баржээ. Ширэмүн төрийн хэрэг жолоодоход балчир байлаа.

Хаан ширээний төлөөх тэмцэл[засварлах | edit source]

Өгэдэй хааныг тэнгэрт халимагц Монгол гүрний хаан ширээ булаацалдах тэмцэл хямрал эхэлсэн ажээ.Дөргэнэ хатан нөлөө бүхий хэсэг ноёд язгууртнуудийг зарлан цуглуулж Далан Даваа гэдэг газар хуралдаан хийж , шинэ хааныг өргөмжлөх асуудал хэлэцүүлжээ. Гэхдээ тэр чуулганаас хэнийг хаанаар өргөмжлөх тодорхой шийдвэр гаргалгүй Дөргэнэ хатанд төрийг хамааруулахаар тогтжээ. Ийм шийдвэр гаргахад Цагаадай гол үүрэг гүйцэтгэжээ. Тэр үед Цагаадай Чингис хааны хөвүүдээс амьд сэрүүн байсан ганц хүний хувьд эрх сүр их байв. Нөгөө талаар төрийн эрхийг гартаа авахын тулд Дөргэнэ хатан өөрөө ч зарим нэг арга мэхийг хэрэглэсэн байдаг. Энэ явдалд Өгэдэй хааны ах дүү, үр садан болон хуучин түшмэд, Чингисийн угсааны бусад ноёд сурвалжтан нарын олонхи ихэд дургүйцжээ. Хаан суулгахаар Өгэдэй хааны гэрээсэлсэн Ширэмүнийг амьд сэрүүн байхад эд нар дураар аашилж байна гэсэн яриа олны дунд ихэд дэлгэрч , нөгөө талаар нөлөө бүхий ноёд, түшмэдийн ихэнх нь шинэ хааныг өргөмжлөх эрмэлзэлтэй байсан учир Дөргэнэ арга буюу бусдын шахалтаар их хуралдайг хуралдуулах болов. Дөргэнэ хатан төрийн эрхийг барьж байсныхаа хувьд Ширэмүүнийг балчир гэдэг нэрийдлээр Гүюгийг их хаанд өргөмжлүүлжээ. Чингис хааны ахмад хөвүүн Зүчийн том хөвүүн Бат ба отгон хөвүүн Тулуйн угсааныхан Гүюгийг хаан суух явдлыг эсэргүүцэж харин Өгэдэй, Цагаадайн угсааныхан Гүюгийг хүрээлэн дагасан байна. Ийнхүү Өгэдэй хааны залгамжлагчийг сонгох үед чингис хааны алтан ургийхан хоёр хэсэг хагарчээ. Хэдий тийм боловч Гүюгийг хаан ширээ өргөмжлөх хуралдай Дөргэнэ хатны дэмжлэгээр хааны зуны ордонд 1246 оны зун эхлэв.Энэ их хурулдайгаар Гүюг их хаанаар өргөмжлөгдсөн нь Дөргэнэ хатны төрийн эрх барихыг эцэслэсэн боловч Дөргэнэ хатны нөлөө, эрх сүр нь бүрмөсөн буураагүй болой. Удалгүй Дөргэнэ хатан нас барсан ажээ. Нэгэн үед Монголын төрийг барьж нэр цуутай явсан Дөргэнэ хатны амьдрал буурангүй феодал ёсны улс төрийн тэмцлийн шуурганд ийн эцэслэсэн түүхтэй. Гэхдээ Дөргэнэ төр барих хугацаандаа хааны алтан ургийн дотоод зөрчил хямралыг дэглэн цэгцлэхийн төлөө хатуу ширүүнээс халшрахгүй тэмцсэн шантрашгүй зоригт хатан, хаант төрийн шадар зүтгэлтэн хэмээн тооцдог.