Төвтөмөр заяат хаан
Төвтөмөр хаан ᠲᠥᠪᠲᠡᠮᠦᠷ ᠬᠠᠭᠠᠨ | |
---|---|
Юань улсын хаан | |
![]() Заяат хааны хөрөг | |
Хаанчлал |
1328.10.16–1329.04.03, 1329.09.08–1332.09.02 (4 жил, наймдугаар хаан) |
Төрсөн огноо | 1304 оны 2 сарын 16 |
Өнгөрсөн огноо |
1332 оны 9 сарын 2 (28 насалсан) |
Өнгөрсөн газар | Юань, Дайду |
Өмнөх | Аригиба хаан |
Удаах | Хүслэн хутагт хаан |
Хатан | Будшир хатан |
Эцэг | Хүлэг хаан |
Эх | Тангуд овгийн хатан |
Ургийн овог | боржигин |
Төрсөн нэр | монг. Төвтөмөр (ᠲᠥᠪᠲᠡᠮᠦᠷ) |
Өргөсөн нэр |
Заяат хаан (ᠵᠠᠶᠠᠭᠠᠲᠤ ᠬᠠᠭᠠᠨ) хят. 元文宗 (Юань Вэньзун) |
Оны цол | Тяньли, Жышүнь |
Төвтөмөр заяат хаан[1] (1304 он 2 сарын 16-ий өдөр- 1332 он 9 сарын 2-гийн өдөр) — Юань улсын наймдугаар хаан байв. 1328-1329, 1329-1332 онд төр барьсан.
Бага нас[засварлах | кодоор засварлах]
Төвтөмөр 1304 оны 2 сарын 16-нд Хайсан хүлэг хааны тангуд угсааны хатнаас мэндэлжээ. Хайсан хүлэг хаан, дүү Аюурбарбад буянт хаан нар хүүхдүүдээ ээлжлэн хаан болгохоор тохирсон боловч Буянт хаан тангаргаа зөрчин өөрийн хүү Шадбалд ор залгуулж, ахынхаа ахмад хүү Хүслэнг Юньнанийг захируулахаар, Төвтөмөрийг Хайнанийг захируулахаар хол одуулжээ. Есөнтөмөр хаан (1324-1328) Төвтөмөрийг нааш татан Жянькан хотыг захируулжээ.[2]
Хаан[засварлах | кодоор засварлах]
Хоёр хааны дайн[засварлах | кодоор засварлах]
1328 оны 8 сарын 15-нд Есөнтөмөр хаан Шандуд нас нөхцсөн тул 10-р сард Бабухан их хатан, Төвлөн засах яамны баруун этгээдийн чинсан Далааш, Ляо ван Тогтох, Лян ван Ванчин нар балчир Аригиба ханхүүг Шандуд хаан өргөмжилжээ.
Харин Үйл таслах яамны хэрэг мэдэгч Яньтөмөр, Раднаашир ван зэрэг жанжид Дайдуд 10 сарын 16-нд Хайсан хүлэг хааны хүү Төвтөмөрийг залж хаан өргөмжлөснөөр монголчууд 1260 оноос хойш дахин зэрэгцсэн хоёр хаантай болов.[2]
Шанду, Дайдугаараа талцан дайтав. Аригибаийн шадар Ванчин ван, Цавчаал боомтыг эзлэхэд Яньтөмөр цэрэглэн Ванчины цэргийг бут ниргэсэн ба Далааш түшмэл Артөмөр, Худтөмөр нарыг илгээвэл мөн дийлджээ. Аригиба хааны мэдлийн Ляодунгийн хойгийн хэдэн түмэн цэрэг Дайду руу дөтлөхөд Төвтөмөр хаан Тодтөмөрийг илгээж Жижоуд тулгаран ширүүн байлдаж, Ляодуны цэрэг Дайдугийн таван хаалгыг бүслэн очсон ч өмнөдөөс цэрэг татан хамгаалав. Артөмөр, Түмэндарь жанжид Төвтөмөр хааны цэрэгт дийлдэв.
11-р сард Ерүтөмөр, Бухтөмөр нар Шандуг бүсэлж мухардуулснаар Аригиба хаан, Далааш ноён нар хас эрдэнийн тамгыг өргөн барьж бууж өгчээ. [2]
Ханхүү[засварлах | кодоор засварлах]
Урьдын тангарагт Хайсан хүлэг хааны ахмад хүү хаан болно гэснээс Төвтөмөр хаан Алтайд суугаа эх өөр Хүслэн ахдаа хаан ор шилжүүлж, Яньтөмөр жанжнаар төрийн хас тамгыг хүргүүлсэн нь 1329 оны 4-р сарын хэрэг байв. Хүслэн хутагт хаан мөн ёсыг дагаж Төвтөмөр дүүгээ ор залгах ханхүү өргөмжилж Дайдуг хамааруулжээ.
Хүслэн хаан Давааны арын орноос Шанду руу чиглэн алгуур нүүн ирсэн ба 7-р сард Орхон гол, 8-р сард Хөдөө арал, 9-р сард Онгоцот гэдэг газар хүрч дүү Төвтөмөртэй уулзан их найр болсон бөгөөд найрын гуравдугаар өдөр идээнд хордон зуурдаар нас нөхцжээ.[2]
Дахин хаан суусан нь[засварлах | кодоор засварлах]
Төвтөмөр хаан 1329 оны 9 сарын 8-нд Их амгалан харшид хаан ширээнд дахин залрав.
Улсын засгийн газрын зүүн гарын сайдаар Баян, баруун гарын сайдаар Доржийг томилж, Улсын засгийн газрын хэрэг эрхлэх дөрвөн сайдаар Чинча, Арслан, Жао Шиянь нарыг, Үйл таслах газрын түшмэлээр Тэгштөмөр, Төмөрбух, Чалибух, Төмөртогтох нарыг, Зарга шийтгэх түшмэлээр тангуд Ринчинбал нарыг тус тус томилов.[2]
Улс төрийн цэвэрлэгээ[засварлах | кодоор засварлах]
Хаан улс төрийн сөргөлдөгч хүчнийг дарав. Тухайлбал Тэмүдэрийн хөвүүд нарыг хороож, өмнөх балчир хаан Аригиба, түүний эх Бабухан нарыг цөллөгт явуулахад удалгүй таалал төгссөн. Есөнтөмөр, Аригиба хаан нарт нэхэн цол өргөмжлөхийг хориглосон түүхтэй. Дараа нь Хүслэн ахын талд ажиллалж байсан сайд нарыг баривчлан шийтгэв. Төвтөмөр хааны хатан Будшир, Яньтөмөр сайд нар хамжилцаж өмнөх хааны хатан Бабушаг хүүгээ хаан болгох гэсэн хэмээн хилс ял тулган хороосон.
Төвтөмөрийн үед Ляоянгийн монгол, солонгос, хятад цэрэг, Юньнаний ардууд бослого дэгдээснийг Яньтөмөр, Раднаашир жанжид нухчин дарав.[2]
Бичиг соёл[засварлах | кодоор засварлах]
Заяат хааны үед хятад хэлнээс күнзийн номыг монгол хэлнээ хөрвүүлж, бөө мөргөлийн тухай бичсэн номыг уйгур хэлнээс хөрвүүлж байсан. «Юань улсын нэрт түшмэдийн хэргийн товчоо» ном бүтээгдэж, Хосбилэг «Идээ ундааны жинхэнэ товчоо» номоо бичиж дуусгажээ.
Хаан буддын шашныг ихэд сүсэглэн хөрш орнуудаас олон номыг авчран монгол хэлнээ хөрвүүлэх зарлиг буулган гүйцэтгүүлж байв.[2]
Таалал төгссөн нь[засварлах | кодоор засварлах]
Хаан 1332 оны 9 сарын 2-нд 28 насандаа таалал төгсөв. Яньтөмөр хорлосон мэт байдаг. Алтан-Эрдэнэ хүүгээ ханхүү болгосон ч мөн тэр жил өнгөрчээ. Будшир хатандаа «Хүслэн ахын үр хөвүүд болох Тогоонтөмөр, Ринчинбал хоёрын аль нэгийг хаан өргөмжлөөрэй» хэмээн гэрээслэсэн гэдэг.
Ринчинбал хаан болоод Төвтөмөр хааныг Заяат хаан (Вэньзун) хэмээн нэхэн цоллож, «Гэгээн богд язгуурын элбэрэлт хаан» (Шэньминьюаньшяо) хэмээн нэхэн нэр өргөмжилжээ. Хожим Тогоонтөмөр хаан эцэг эхийн өш санаж Өвгөсийн сүм дэх харшийг нь устгаж, онгоныг нь нураасан.[2]
Гэр бүл[засварлах | кодоор засварлах]
- Эцэг — Боржигин Хайсан хүлэг хаан
- Эх — Тангуд овгийн хатан
Хатан[засварлах | кодоор засварлах]
- Будшир хатан — хонгирад овогтон.
Хан хөвгүүд[засварлах | кодоор засварлах]
- Алтандарь хунтайж
- Элтөгс хунтайж
- Тайванна тайж
Сурвалж, тайлбар[засварлах | кодоор засварлах]
Өмнөх Аригиба |
Их Юань Улсын Их Хаан 1328-1329 он |
Дараах Хүслэн хутагт |
Өмнөх Хүслэн хутагт |
Их Юань Улсын Их Хаан 1329-1332 он |
Дараах Ринчинбал эрдэнэцогт |