Jump to content

Хайсан хүлэг хаан

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
(Хүлэг хаан-с чиглүүлэгдэв)
Хайсан хаан
ᠬᠠᠶᠢᠰᠠᠩ ᠬᠠᠭᠠᠨ
Юань улсын хаан

Хүлэг хааны эш хөрөг
Хаанчлал1307.05 – 1311.01.17
(4 жил, гуравдугаар хаан)
Хаан суусан1307.05 сард 27
насандаа Шандугийн
Их Амгалан харшид
Төрсөн огноо1281 оны 8 сарын 4 (1281-08-04)
Өнгөрсөн огноо1311 оны 1 сарын 17
      (29 насалсан)
Өнгөрсөн газарЮань, Дайду
ӨмнөхТөмөр өлзийт хаан
УдаахАюурбарбад буянт хаан
ХатанЖэнгэ хатан
Сүхшири хатан
Ихирэс хатан
Тангуд хатан
ХүүхэдХүслэн хутагт хаан
Тугтөмөр хаан
ЭцэгДармабала ван
ЭхТажи хатан
Ургийн овогБоржигин
Төрсөн нэрМонгол: Хайсан (ᠬᠠᠶᠢᠰᠠᠩ)
Сүмийн цолМонгол: Хүлэг хаан (ᠬᠥᠯᠥᠭ ᠬᠠᠭᠠ)
Хятад: 元武宗 (Юань Үзун)
Оны цолЖыда
Нэхэн өргөсөн цолРэньхуй шюаньшяо (仁惠宣孝皇帝)
«Өршөөл өглөг ачлалыг мандуулсан хаан»

Хайсан хүлэг хаан (ᠬᠠᠶᠢᠰᠠᠩ
ᠬᠥᠯᠥᠭ
ᠬᠠᠭᠠᠨ
; 1281 он 8-р сарын 4-ий өдөр- 1311 он 1-р сарын 27-ий өдөр) — Юань Улсын гуравдугаар хаан байв. 1307–1311 онд төр барьсан.

Төрсөн нэр — Хайсан, хятад галиг нэр — Хайшань (海山 Hǎishān). Нэхэн өргөмжилсөн монгол нэр — Хүлэг, сүмийн хятад нэр — Үзун (武宗 Wǔzōng). 1308–1311 оны хятад оны цол — Жида (至大 Zhìdà). 1304 авсан цол Хуайнин ван.

Боржигин овогт Хайсан 1281 оны цагаагчин могой жилийн 8-р сарын 4-нд төрсөн. Дармабалын (1264–1292) хүү, Чингимийн (1243-1285) ач, Хубилай хааны гуч юм. Дарамбалын хоёрдугаар хатан хонгирад аймгийн Тажаас мэндэлжээ.

Хайсаны багад Дарамбал эцэг нь Гуулин улсын Чэжү аралд цэрэг захиран сууж байсан. Энэ үед Дарамбал хүүдээ Ки Ванку хатныг буулгаж өгч байжээ. 1292 онд Дарамбалынх нийслэл Дайдуд буцан ирсэн. 1299 онд Төмөр Өлзийт хаан зарлиг буулгаж Хайсаныг «Хол дахиныг амаржуулах ван»-гаар өргөмжилж Хархорумыг хамгаалах жанжнаар томилжээ.[1]

1300 оны 8-р сард Хайсан цэрэг захирч Өгөөдэйн ач Хайдугийн цэрэгтэй Хөвлэй хэмээх газар тулгаран байлдаж ихэд дийлээд Алтайн нуруунд өвөлжжээ. Энэ завсар Алтайд нутагласан найман аймгийн эзэн бараалхаж бууж өгөв.

1301 оны 8-р сард Хайду хан цэргээ авч Тичлэх гэдэг газар Хайсаны цэрэгтэй тулгаран хуурмагаар ухарсанаа хоёр хоногийн дараа Хар хаданд ширүүн тулгаран Хайсаныг ялж дутаалгав. Хайсан түргэн ухарч Гамала авга вангаас тусламж авч Хайдуд эргэн цохилт өгч ухраав. Хайду шарх авч түүнээс нас нөхчиж дөчөөд жил үргэлжилсэн иргэний дайн үндсэндээ унтрав.

Өлзийт хаан Хайсаны гарамгай гавьяаг тодотгож Хуайнин ван хэмээн өргөмжлөөд алтан тамга хүртээв.

1306 онд Хайдугийн талын зарим ноёдыг дийлж Эрчис мөрнөө Миглэйтөмөрийг буулган авч, урвасан ван Есөнтуг, Ач, Буян, Тучим нарыг баривчлан дарж Алтайд өвөлжив.[1]

1305 онд Төмөр хааны ганц хүү Даш хунтайж таалал төгссөнд бие муу хаан өөрийн хүүг хүлээлгүй, алтан ургийн нэр алдар түгсэн Хайсаныг ханхүүгээр нэр заав.[баримт хэрэгтэй]

Төмөр өлзийт хааныг нас барсаны дараа 1307 оны 3-р сард ноёд ихэс Дайдуд цуглан хэлэлцэв. Булган бэлэвсэн хатан Ахутай чинсан, Мөнхтөмөр ван, Сайшаагч, Бадам, Баян, Хэрээд нарын түшмэд үгсэж Мангалагийн хүү Ананд ванг хаан болгохоор үгсэн хуйвалдав. Хөнаньд байсан, Хайсаны дүү Аюурбарбад эх Тажи хатны хамтаар ирж Хархасун чинсангийн удирдлага дахь нийслэлийг хамгаалах цэргийн хүчээр Булган хатан, Ананд нарыг баривчлан хорьсноор Хайсан ханхүү Хархорумаас дээд нийслэл Шандуд ирж Их амгалан харшид[2] 1307 оны 5-р сард хаан ширээнд заларчээ.[1]

Хайсаныг хаан өргөмжлөхөд уламжлалт монгол ёсыг баримтлан цагаан эсгий дээр суулгаж, олон бөө удган бууж, долоон цагаан гүү, 7000 цагаан хонины сүү газар цацаж өнө мөнхийн үржил шимийг бэлэгдэж, бүтэн долоо хоногийн турш 40 адуу, 4000 хонь алж найрын зуушинд хэрэглэжээ.[3]

Төр барих үеийн үйл явдал

[засварлах | кодоор засварлах]

Төрийн бүтэц дэх өөрчлөлт

[засварлах | кодоор засварлах]

Хайсан хүлэг хаан юун түрүүнд Аюурбарбад дүүгээ хунтайжаар өргөмжилж алтан тамга хүртээв. Ингэхдээ Хайсан хаан тэнгэрт халивал Аюурбарбад хаан болно. Аюурбарбад тэнгэрт халихад Хайсаны ахмад хүү Хүслэн, түүнийг нас барахад Аюурбарбадын хүү Шадбал нь хаан болно гэж харилцан найр тавих тангараг өргөжээ.

Дархайг Төвлөн засах яамны баруун этгээдийн чинсан (сайд), Дашбухаг зүүн этгээдийн чинсан гэх мэтээр олон ноёдыг шинэ албанд томилов. 1308 онд дахин Тэмүдэрийг Төвлөн засах яамны баруун этгээдийн чинсангаар, Яриганыг зүүн этгээдийн чинсангаар томилжээ.

Хайсан хүлэг хаан төрийн дээд тушаалын ноёд түшмэдийг ойр ойрхон хугацаан сольж байснаас төрийн ажилд доголдол гарав.

Хархорум төвтэй уугуул Монгол орныг хүнд газар хэмээн Хархасуныг Давааны арын мужийн зүүн гарын чинсан болгоод, баруун гарын чинсан Ючичарын хамтаар монгол орны хэргийг захируулсан.

Үр бүтээлтэй ажиллууснаар зөвхөн 1307 онд л 20 илүү түмэн таар будаа хурааж нөөцөлсөн нь амжилт байв.[1] Гэвч Хархасун сайд 1308 онд нас барснаар энэ байдал удаан үргэлжилж чадаагүй нь харамсалтай.

Хайсан хүлэг хааны үед ган гачиг, зуд олон удаа тохиолдож өлсгөлөн дэлгэрч, төр засаг гамшигт нэрвэгдсэн ардад амуу будаа тарааж, алба гувчуураас чөлөөлж байв. Улсын сан хоосорч байхад ноёд язгууртны найр наадам ихсэж, олон мянган лангаар шан хүртээх явдал бүр дэлгэрч байсан.

Шан хишиг дэндүү их хүртээж байгаад санаа зовсон Төвлөн засах яамны түшмэл хаанд бараалхаж айлтгал өргөж байв. Бас нэгэн бичгийн түшмэлийн хэлснээр «Хубилай хааны үед үг хэлсэн түшмэл ялгүй байв. Одоо харин түшмэл санал хэлэхэд үгийн утгыг тунгаахгүйгээр цаазлагдах болжээ» гэсэн байна.[1]

Шашин соёлын асуудал

[засварлах | кодоор засварлах]

Хайсан хүлэг буддын шашинд их тус хийв. Бичгийн их хүн Чойжи-Одсэр төвөд хэлнээс шашны ном зохиолыг олноор нь монгол хэлнээ хөрвүүлж, уйгуржин монгол бичгийг шинэчлэн засварлаж боловсронгуй болгожээ. Хаан бичиг эрдмийг эрхэмлэж, судар ном бүтээх ажлыг хөхүүлэн дэмждэг байв.

Таалал төгссөн нь

[засварлах | кодоор засварлах]

Хайсан хүлэг хаан 1311 оны 1-р сарын 27-нд 30 насандаа гэнэт таалал төгсчээ. Аюурбарбад хунтайж хаан орыг залгав. 4-р сард сайд түшмэд хаанд нэхэн нэр өгөхийг гуйсанд «Өршөөл өглөг ачлалыг мандуулсан хаан» (Рэньхуй шюаньшяо) хэмээн нэхэн өргөмжилж, «Хүлэг» хаан (Үзун) хэмээн нэхэн цоллов.[1]

Жэнгэ хатан (баруун талд)
  1. 1.0 1.1 1.2 1.3 1.4 1.5 Ч.Содбилэг. «Монголын Их Юань улсын түүх». Улаанбаатар. 2010 он. 157-р тал.
  2. Их амгалан харш - хятадаар Дааньгун
  3. Монгол улсын түүх. Дээд боть. 2004 он. 206-р талд өгүүлэхдээ: Д.Оссон. Монголын түүх. II боть. 359-р тал.
  4. Д.Идэр "Их Юань улсын хатад" УБ., 2016. 47 дахь тал. ISBN 99973-3-591-0
  5. Д.Идэр. Их Юань Улсын Хатад. УБ., 2016. т.42-43
Өмнөх
Төмөр өлзийт
Их Юань Улсын Их Хаан
1307–1311 он
Дараах
Аюурбарбад буянт