Хунтайж

Хунтайж (Монгол бичиг:ᠬᠤᠩ ᠲᠠᠶ᠋ᠢᠵᠢ[1]) бол XIII-XVIII зуунд монгол улсад хаан ширээг угсаа залгамжлагч хэрэглэж байсан цол юм.

Түүхэн өөрчлөлт[засварлах | кодоор засварлах]

Үгийн утга нь хятад хэлээр Хааны их хүү буюу Huangtaizi (皇太子; crown prince) юм. Түүхэнд Жоу улсын үеэс хэрэглэж эхэлсэн. Үүнийг нь хятадын үе үеийн төрт улсууд өвлөн авч хэрэглэсээр, Их Юань улсын үеэс монголчууд хэрэглэж эхэлсэн байдаг. Хубилай хааны үеэс хэрэглэхдээ зөвхөн хаан ширээг залгамжлах алтан ургийн хүнд олгож байсан. Өөр бусад хааны хүү хэрэглэх эрх мэдэлгүй тул тэднийг ханхүү гэж нэрлэж байсан. 

Юань улс мөхсөнөөс эхлээд тус цолыг XV зууны сүүл үеэс эхлээд хааны ургийн бусад хүчирхэг ханхүү, ван нар хэрэглэхийг эрмэлзэх болжээ. Гэвч Батмөнх даян хаан улсыг нэгтгэхдээ хан хөвүүддээ хунтайж цолыг давхардуулсангүй, гагцхүү өөрийн хатны ахмад хүүг төлөөлж түүний дүү Гэрсэнзийг Халхад эзнээр томилохдоо Хунтайж цол өгчээ. Халхад шинэ хунтайж очоод тэндэх отгуудаас Жалайр аймгийг өөртөө өмчлөн суусанд Гэрсэнз Жалайр хунтайж гэж нэрлэх болжээ. Даян хааны улсад Хаан, Жонон, Хунтайж гурван хэргэм ноёлж байсан тул Гэрсэнзийг угтаа монголын хунтайж гэж ойлгож тэмдэглэх учиртай юм. Монгол улс ийнхүү гагц Хунтайжтай байсаар 30 гаруй жилийн дараа 1550-өөд оноос Түмэдийн Алтан, өөртөө Хан цолыг зүүх болсоноор өөрчлөгджээ. Алтан өөртөө Хан болсон тул өөрийн Хунтайж цолыг гаргаж Монгол улс нь Гэрсэнзээс өөр нэгэн хунтайжтай болсон түүхтэй. Ингэсээр XVI зууны төгсгөлд Түмэн засагт хаанаас Өвөрлөгч ноёдод хунтайж цол олгож эхэлсэн ба хожим нийт Боржигин овгийнхон даяар хэрэглэдэг тусгай цол болтолоо хунтайж цол өөрчлөгджээ. Гэвч 1691 он хүртэл хунтайж цол нь монгол төрд нэр хүндтэй хэвээр хангийн дараах цол болж ирсэн. Хожим хошуу ноёдын гол залгамжлагчдийг ч Хунтайж гэдэг болов. Ийм учраас хүч нөлөө багатай хунтайж нарыг тайж гэж ялган нэрлэж, томоохон түмэн, отог захирсан хүчирхэг нэгэн нь хунтайж цолон дээр элдэв чимэг нэмж хэрэглэж болжээ.

1637 онд Дөрвөн Ойрадын их цэрэг Хөх нуурын газарт Цогт хунтайжийн цэргийг хядсан тул 5-р Далай лам, Чоросын ноёны Хотогчин баатард Эрдэнэбаатар хунтайж гэх цол шагнасан. Энэ үеэс Ойрадын ноёд тус цолыг хэрэглэж эхэлжээ. Хаангүй хунтайж гэж цол байхгүй атал ийм цол анх бий болж байжээ. Гэхдээ энэ цолыг Ойрадад чуулганы хан эсвэл улсын эзэн хэрэглэж байсан. Алтан ургийн бус монгол ноёдод Төвдөөс (гадаадаас) цол хэргэм олгосон сонирхолтой тохиолдол энэ юм. Цогтын дайны нөлөөгөөр, Ойрадын удирдагч анх Хунтайж цол авчирч, улмаар анх удаа Халхтай цааз байгуулсан нь Монгол дахь улс төрийн уламжилал өөрчлөгдөх нэг үндэс болжээ.

Эшлэл[засварлах | кодоор засварлах]

  1. [1]ᠰᠣᠪᠠᠳᠢ

Холбоотой өгүүлэл[засварлах | кодоор засварлах]