Дорж сэцэн жонон (Үзэмчин)
Дорж сэцэн жонон (?-1646) нь XVII зууны эхэн үеийн Монголын Үзэмчин аймгийн тэргүүн ноён. Боржигин овогтон. Цол нь Сэцэн жонон. Тэрбээр Боди алаг хааны гутгаар хөвгүүн Онгон дурал ноёны отгон хөвгүүн. 1620-иод онд Цахарын Лигдэн хааны улс төрийн бодлого үйл ажиллагаанд дургүйцсэн Хуучид, Үзэмчин, Сөнид, Авга аймгийн ноёд нутгаасаа дүрвэж, Ар Халхын зүүн гарын ноён Далай жонон Шолойн нутаг Хэрлэнбаян улаан, Гүн галуутайд нүүж ирсний дотор Дорж сэцэн жонон Үзэмчин аймгаа удирдаж иржээ. Улмаар Далай жонон Шолойд Махасамади гэгээн сэцэн хан хэмээх цол өргөмжилжээ. 1635 онд Сэцэн хан Шолой, Чин гүрэнд есөн цагааны алба өргөсний дараа, 1637 онд Дорж сэцэн жонон Үзэмчин аймгаа дагуулж, Чин гүрэнд дагаар оржээ. Ингээд өвөрлөгч ноёд Халхад удаан суух боломжгүй болсон учир хуучин нутагтаа нүүж очсон. 1641 онд засаг, хошой чин ван цолоор шагнуулж, баруун үзэмчин хошууг захируулжээ. Түүний жонон цолыг нь халж, сэцэн чимэгийг хэвээр үлдээж сэцэн чин ван хэмээх болжээ. 1646 онд Сөнидийн Тэнгис мэргэн жүн ван Халх руу зугтах үед өөд болсон.
Үр хойчис
[засварлах | кодоор засварлах]Дорж сэцэн жонон таван хөвгүүнтэй. Сэвдэн хан, Мэргэн цөөхүр ноён Чойсингэ, Ачит хунтайж, Чонху тайж, Чэгэн тайж эд болой. 1646 онд Дорж сэцэн чин ван өөд болсны дараа Ачит хунтайжийн хөвгүүн Цагаанбабай залгамжлан, засаг хошой чин ван болов. Цагаанбабай ван бээр Хулту тайж, чин ван Судани, Сумадай, Субуди, гүн Удари, Адари хэмээх зургаан хөвгүүнтэй. Хоёрдугаар хөвгүүн Судани нь цолыг залгамжлан чин вангийн суурийг залгамжлав.
Чин ван Судани нь Сэбдэндонров, гүн Лхаванжамц, гүн Дэлэгванчиг гурвуул бүлгээ.[1] Гүн Удари нь төвд сургуулийн тэргүүн амбан бөгөөд тэргүүн зэрэг тайж Гүмүжав бүлгээ. Ван Сэбдэндонровыг түүний хөвгүүн чин ван Равдан залгамжилжээ.
Эшлэл
[засварлах | кодоор засварлах]- ↑ Раашпунцаг. Болор эрих. УБ., 2006. Дэд боть. т.556