Есөн цагааны алба

Халх Манжид дагаж орохоос өмнө Халхын хан нараас Манжийн хаадад найртай хөршийн ёсоор харилцахаа илэрхийлэн өргөж байсан бэлгээс үүдэлтэй.

1635 онд Сэцэн хан Шолой анх Манжийн Абахай хаанд 8 цагаан морь, 1 цагаан тэмээгээр бэлэг барьснаас эхлэлтэй гэж үзнэ. 1636 онд Чин улсын Дээд эрдэмт хаан есөн цагааны бэлгийг хуулиар алба болгон хувиргажээ. Тийнхүү Халхын ноёд, Жавзандамба хутагт нар жил бүр Манжийн хаанд заасан ёсоор 8 цагаан морь, 1 цагаан тэмээ барьдаг болсныг ёсны юм буюу 9 цагааны бэлэг гэдэг байв.

Манжийн хаан монгол ноёдыг өөрийн улсад үнэнчээр алба хааж буй эсэхийг тандан мэдэх, итгэлтэй түшмэг хэвээр байлгах зорилгоор ёсны юмыг бариулж байв.

Дээд эрдэмтийн хоёрдугаар он улаан хулгана жил /1636 он/ Манжийн төрөөс гаргасан “Монгол цааз”-ын бичигт "Есөн цагааны алба гэж үүрд хууль болгов гэжээ.. Ийнхүү Халхын Түшээт хан, Сэцэн хан, Илдэн ноён, Мэргэн ноён, Засагт хан, Ахай дайчин, Цэцэн жонон, Цэрэн ахай тайж энэ 8 засгаас жил бүр цагийн алба нэжгээд цагаан тэмээ, 8 шаргал морь ав” гэж заасан нь сайн дураар өгч байсан бэлгийг заавал өргөх алба болгожээ.

Хожим Хөхнуур, Зүүнгар улсыг эзлэн авсны дараа Манжийн эрхшээлд орсон бүх Монгол газрын ноёдыг Бээжинд ээлж дараагаар очиж, хааны амгаланг айлтгаж бэлэг сэлт барьж байх журам тогтоов. Тэр үеэс ёсны юм барихыг шинэлэхийн жасаа гэдэг болжээ. Шинэлэхээр ирсэн ноёдод Манжийн хуулийг таниулах, бэлэг сэлт, пүнлүүний мөнгө, шинэ оны цаг тооны бичиг зэргийг өгдөг байв. Анхандаа есөн цагааны албыг Жавзандамба хутагт, хан, засаг нар барьдаг байсан ба бусад гүн тайж нар тэмээ, морь, хонины зум зэргийг барих болгов.

Манжийн хаан жил бүр Халхын ноёдоос авчирсан ёсны юмыг хүлээн аваад түүнээс илүү зүйл өгдөг учир сүүлдээ ёсны юм өргөх нь үлэмж нэмэгдэв. Тиймээс Манжийн төрөөс энгийн тайж нарын алба өргөхийг зогсоожээ. Ёсны юмын дотор сүүлд үнэт үслэгийн зүйл нэмэгдэж оржээ. Хуулиар тогтоосон ёсны юмны зэрэгцээ сайн дураараа эд зүйлийг нэмж өргөж байсан нь өргөсөн зүйлээс нь илүү зүйлийг Манжийн хаанаас өгдөг байсантай холбоотой.

Есөн цагааны бэлэг хүргэх нь хошууны харьяат ардад хүндрэл, чирэгдэл учруулж байв. Ёсны юмыг Бээжинд хүргэхээр явах хүмүүсийн орон сууц, хүнс, уналга ачлагын зэрэг хэрэглэлийг ард олноос татварлан гаргуулж байсан зэргийг нэмж бодвол үлэмжхэн зардал гарч байсан нь илэрхий. Жишээ дурдвал 1795 онд Жавзандамба хутагтаас Манж хаанд цагаан морь 8, цагаан тэмээ 1, хар үнэгний арьс 1, шар хадаг 2, аюуш хадаг, алтан мандал 1, 15 лангийн мөнгөн мандал 1, тус бүр таван лангийн бурхан гурвыг барьж байснаас гадна, бурхны хөрөг, алтаар бичсэн судар, мөнгөн таваг, бумба, хүрд нижгээд, морь 100, атан тэмээ 100-г тус тус өргөж байсан байна.